Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2021/00172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Х  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Н ,

Хариуцагч: С. С нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 93.686.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Хашчимэг, өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч С.С , Ж.Н , өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалсайханы Найдандорж болон түүний ээж С.С нар нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн Ө.Х надаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Надаас энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч миний итгэлийг олж авсан. Би энэ 2 хүнд итгээд өмнө нь авсан зээл болон хүүгийн үлдэгдэлтэй байсан ч түүн дээр нь нэмээд зээл гарган өгч байсан юм. Ингээд нийт зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг болж 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг Ө.Х , Ж.Н , С.С нар хийж нотариатаар батлуулсан юм. Үүнээс 10.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 40.000.000 төгрөг болсон. Мөн Ж.Н , С.С нар 5.500.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн. Ингээд үлдэгдэл 45.500.000 төгрөг болсон юм.Ж.Н , С.С нар 2020 оны 04 дүгээр сараас хойш хүү болон үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Дараа нь Ж.Н  2020 оны 06-р сарын 12-ны өдөр Ө.Х надтай уулзаж зээлийн гэрээгээ сунгасан.

Энэ гэрээнд 2020 оны 4,5,6 дугаар сарын хүү 12.550.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ний дотор төлнө. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-н алданги төлнө. Үндсэн зээлийн 45.500.000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 10 %-н хүүтэйгээр төлнө. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5%-н алданги төлөхөөр тохиролцож гэрээг Ж.Н  өөрийн гараар бичиж, түүнийг нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээг нотариатчаар батлуулах үед ээж С.С тай утсаар ярьсан бөгөөд тэрээр би хөдөө ажлаар явж байна, Найдандоржтой тохироод гэрээгээ хийчих, би татгалзахгүй гэж хэлсэн юм. Энэ үед миний хажууд Ө.Хашчимэг байсан. Ж.Н  2020 оны 06-р сарын 12-ны өдөр энэ гэрээг хийж, надад хадгалуулсан байсан приус 30 автомашинаа аваад явсан юм.

Иймд Ж.Н , С.С нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 4 5.500 000 \дөчин таван сая таван зуун мянга\-н төгрөг, үндсэн зээлийн хүү, 26.200.000 \хорин зургаан сая хоёр зуун мянга\-н төгрөг, алданги 21.986.900 \хорин нэгэн сая есөн зуун наян зургаан мянга есөн зуун\-н төгрөг буюу нийт 93.686.900 \Ерэн гурван сая зургаан зуун наян зургаан мянга есөн зуу \-н төгрөг гаргуулж өгнө үү.

1. Үндсэн зээл: 45.500.000 \2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 09-р сарын 28-н хүртэлх хүүгийн төлбөр 13.650.000/. 2020 оны 09-р сарын 28- насс 2020 оны 12-р сарын 17-ны хүртэлх 78 хоногын алданги \45.500.000x0.5%= 227.500 төгрөг. 227.500 х78хоног= 17.745.000 төгрөг.

2. 2020 оны 4,5,6-р сарын хүүгийн төлбөр 12.550.000 төгрөг. 12.550.000x0.2% алданги= 1 өдрийн алданги 25.100 төгрөг.

2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 12-р сарын 17-ныг хүртэл 169 хоног. 169х 25100 =4241900 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хашчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 45.500.000 төгрөг, зээлийн хүү 13.650.000 төгрөг, 78 хоногийн хүүгийн алданги 17.745.000 төгрөгүүдийн нийлбэр нийт 76.895.000 төгрөг төлөхийг зөвшөөрвөл эвлэрэх саналтай байна. 2018 оноос эхлэн Ж.Н , С.С нар нь хүүтэй мөнгө зээлж авч байсан. Зээлийн хүү болон үндсэн зээлээ цаг хугацаандаа төлдөг байсан тул үргэлжлүүлээд зээл өгдөг байсан. Сүүлийн 5,6 дугаар саруудын зээлийн хүүгээ өгөөгүй боловч нэг суманд ажиллаж амьдарч байгаа тул 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулаад их хэмжээний мөнгийг зээлсэн боловч зээлээ төлөхгүй байсан учир манай зүгээс хохиролд орсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхий 93.686.900 төгрөг гаргуулах, мөн өмгөөллийн хөлс 4.000.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байгаа. Хариуцагч нь дансаар 115.420.000 төгрөгийн зээл авсан гэж байгаа боловч манайхаас дансаар гарсан зээл 133.820.000 төгрөг, бэлнээр 20.000.00 төгрөг, 10.000.00 төгрөг, 300000 төгрөг авсан бөгөөд нийт 166.120.000 төгрөг зээлж авсан байдаг. Хариуцагч С.С нь зээл авахдаа приүс-30 маркийн машинаа хашаанд байршуулсан боловч зээлийн хүү 4.000.000 төгрөг авчирч өгөөд машинаа авч байсан. Хариуцагч талаас 139.200.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлөлт юм. Гэрээ байгуулахдаа хоёр тал харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан, дарамт шахалтаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2018, 2019 оны зээлүүд энэ нэхэмжлэлд хамааралгүй, сүүлийн байгуулсан гэрээн дээр үндэслэн нэхэмжилж байгаа. Хариуцагч тал бол өмнөх зээлээ төлж дуусаагүй үлдэгдэлтэй байхад дахин дээрээс нэмж зээл авч байсан. 50.000.000 төгрөг бол үндсэн зээлийн үлдэгдэл байгаа, хүү огт тооцоогүй. Үүний дараа хариуцагч талаас 10.000.000 төгрөг эгүүлэн төлөөд, дахин 5.500.000 төгрөгний зээл авсан байдаг юм. Бид гэр бүлээрээ Өлзийт суманд лобмартын үйл ажиллагаа явуулдаг, энэ эх үүсвэрээсээ зээл олгож байсан. 2018 оноос хойш олгосон зээлийн гэрээ, баримтууд бүгд байгаа. Бид нэхэмжлэл гаргахдаа ломбард гэдэг утгаар биш иргэний журмаар мөнгө зээлсэн гэсэн утгаар иргэд хоорондын гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргахдаа Ө.Х ы нэрээр гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ ломбардыг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хуулийн этгээдийн эрхтэй эсэх, хэн төлөөлөх зэргийг би мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нартай 2018 оноос хойш тухай бүр гэрээ байгуулж зээл олгож байсан нь үнэн. Тухай гэрээнүүд бол маргаж байгаа зүйл биш учир шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч нарт зээл олгосон дансны хуулгуудаа бүгдийн хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас өгч байгаа дансны хуулгууд бол тодорхой хэмжээгээр зээл төлөгдөж байсныг харуулж байна. Мөн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ж.Н  гардуулсан боловч хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ бөгөөд тус гэрээнд талуудын хүсэлт зоригийг илэрхийлсэн, тооцоо нийлсэн албан ёсоор нотариатаар баталгаажуулсан гэрээ байгаа юм. Энэ гэрээг Ж.Н  нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн өөрийн гараар бичиж байгуулсан, хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас зээл олгосон болон зээл төлсөн талаарх бүх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтаар 40.000.000 төгрөгийн зөрүү гараад хариуцагч тал эгүүлэн төлөгдөөгүй нь нотлогдоод байгаа юм. Талуудын хороонд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 181 дүгээр зүйл, 182 дугаар зүйлд тус тус заасан харилцаа болох нь тогтоогдож байна. Тус хуулинд заасан харилцаагаар хариуцагч тал эд хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй тул үндсэн зээл 45.500.000 төгрөг, зээлийн хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага бүхий 93.686.900 төгрөг хариуцагч талаас гаргуулахаа дэмжиж байна. Энэ гэрээг бол иргэд хоорондоо байгуулсан байдаг. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар зээлийн алданги 21.986.900 төгрөг байгаа, үүний 17.450.000 төгрөгийн алданги бол гэрээ сунгахаас өмнөх анз алданги байгаа юм. Гэрээ сунгаснаас хойш 4.241.900 төгрөгийн анз, алданги тооцсон..нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Хариуцагч С.С , Ж.Н  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэг: 2018 оны 05 сарын 26-2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 115.420.000 төгрөгийг дансаар авч 156.599.000 төгрөг болгон төлсөн. Илүү төлсөн дүн 41.179.000 төгрөг. Үүнээс дансаар буюу бэлэн бус шилжүүлгээр төлсөн 109.800.000, бэлнээр 47.298.500 төлсөн.

Хоёр: 2019 оныг 2 тусд нь задалж харуулъяа, яагаад гэвэл нэхэмжлээд байгаа 45.500.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг тодруулбал: 2019 оны 06 сарын 16-нд 20 сая төгрөгийг авсан. 2019 оны 01 сарын 15-нд 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 20.000.000 төгрөг байгаа гэж Ө.Хашбилэг надад ам тооцоо хэлж байсан. Мөнгө гэж хэлсэн үед шаардуулахгүй төлөөд байгаарай гэж хэлсэн. Хүү гэж тодорхой яриагүй. Энэ үед нарийн тооцоо хийгээгүй учир 30.000.000 төгрөгөөс хэд нь төлөгдсөнийг сайн мэдэхгүй байсан. Гэтэл дансны хуулгаас төлсөн мөнгийг тооцоход 2019 оны 01 сарын 03-наас 2019 оны 06 сарын 15 хүртэл 30 сая төгрөг бусад мөнгө нийлээд бүгд 54.750.000 төгрөг авч 47.346.500 төгрөгийг төлж /-7223500/ төгрөг дутуу тооцоо гарч байна. Энэ нь нэг ёсондоо 30 сая төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл юм.

2019 оны 06 сарын 16-нд 20.000.000 төгрөгийг авсан өдрөөс 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл 38.100.000 төгрөгийг төлсөн. Үүний 18.700.000 төгрөг нь дансаар, 19.400.000 төгрөг нь бэлэн мөнгөөр төлөгдөж. Нийт 18.100.000 төгрөг илүү төлөгдсөн байна.

2019 оны 09 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 26.800.000 төгрөгийг дансаар авч 40.200.000 төгрөг төлснийг 27.900.000 төгрөгийг дансаар төлсөн. 12.300.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, нийт 13.400.000 төгрөгийг илүү төлсөн.

2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл 12.500.000 төгрөгийг дансаар авч 48.200.000 төгрөг төлснөөс 28.700.000 төгрөгийг дансаар бэлэн бусаар, 19.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нийт 35.700.000 төгрөг илүү төлсөн.

Гурав: Эдгээр тооцооллыг нийт дүнгээр нь авч 2018 оны 05 сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 127.920.000 төгрөг авч 204.799.000 төгрөг төлсөн. Үүний 138.500.000 төгрөгийг дансаар , 66.798.500 төгрөгийг бэлнээр төлсөн нь нийт 76.798.500 төгрөгийг үндсэн зээл дээр нэмэгдүүлэн төлсөн байгаа нь Ө.Х , Хашбилэг нарт учруулсан хохирол байхгүй харин ч нийтдээ 76.879.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна.

Дөрөв: Авсан мөнгийг хэлсэн ёсоор шаардсан тухай бүрд хэлсэн хэмжээгээр төлж байсан. Гэтэл 2020 оны 02 сарын 06-нд 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр нөхөн гэрээ хийснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Тав: Ө.Х нь бэлэн мөнгөөр авсан мөнгөндөө хүлээн авсан тухай баримт бүртгэл хөдөлдөггүй, мөн төлсөн мөнгөний тооцоонд огт оруулаагүй байгаа нь санаатай зүйл юм аа.

Зургаа: Бид 2020 оны 02 сарын 06-ны өдрөөс өмнө хүү төлөх нь тодорхой бус хуваарь тооцоолол байхгүй учир тэдний шаардсанаар төлж байсан.

Долоо: Бид дээрх мөнгийг төлөхдөө өөрсдийн бүх орлогоо мөн дээр нь хүмүүсээс мөнгө зээлж төлж байсаар эцэстээ төлбөрийн чадваргүй болоод зогсохгүй их хэмжээний мөнгөний өрөнд орж шүүхийн шийдвэр гарч Ж.Н ийн өмчлөлд байсан Прадо 120 суудлын жип автомашинаа 20.000.000 төгрөгт хураалгасан. Мөн одоо нилээн их хэмжээний өглөг шүүхийн шийдвэр гарсан байгаа нь зээлдэгчийн эрхийг маш дордуулсан гэж болно байхаа. Дээрх байдал нь бид үндсэн зээл гэх 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөгийг төлөхөөр хүлээн төлөх үндэслэлгүй болно. Иймд илүү төлсөн 76.879.000 төгрөгийг буцаан олгоно уу..гэжээ.

Хариуцагч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2.700.000 төгрөг, 1.820.000 төгрөг эхлэн авч 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 127.920.000 төгрөг зээл авсан бөгөөд эргүүлж 204.799.000 төгрөг болгон төлсөн байдаг. Эдгээрийг сар жилээр тусгайлан тооцвол 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 115420 төгрөгийг дансаар авч, эгүүлэн 156.599.000 төгрөг төлсөн. Үүнээс 109.800.000 төгрөг бэлнээр, 47.298.500 төгрөг дансаар тус тус төлсөн. Ө.Х ы нэхэмжилж байгаа 45.500.000 төгрөг нь дараах тооцооллоор төлөгдсөн байгаа. Зээлсэн мөнгөө тухай бүр хэлсэн хэмжээгээр төлсөн нь зээлийн илүү төлсөн бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 10 хувийн хүүтэй нөхөн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөгүүдийн үлдэгдэл 40.500.000 төгрөг байсан.

Мөн Ө.Х нь бэлнээр авсан мөнгөндөө баримт үйлддэггүй, төлсөн мөнгөний тооцоондоо оруулаагүй байгаа нь санаатай үйлдэл юм. Бид 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө зээлж байгаа мөнгөний хүүгийн талаар ярилцаж байгаагүй, шаардсан төлбөрийг тухай бүр төлж байсан. Бид зээлээ төлөхдөө өөрсдийн бүх орлого, хүнээс мөнгө зээлж өгч байсан бөгөөд эцэстээ төлбөрийн чадваргүй болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, илүү төлсөн дүн 79.879.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Энэ бүх мөнгийг бид өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагаа болох дулаан үйлдвэрлэлийн буюу уурын зуухны санхүүжилтэнд хэрэглэж олсон орлогоос төлбөрийг тухай бүртөлж байсан. Энэ уурын зуух нь Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хөрөнгө юм. Гэрэ эхийхдээ хувь хүний нэрээр хийж байсан тул хуулийн этгээд буюу хоршоо, уурын зуух энэ асуудалд хамааралгүй, Найдандорж бид хоёр хариуцахаар бол хариуцах ёстой юм. Хашчулуун, Хашчимэг нар нь Өлзийт суманд ломбардын үйл ажиллагаа явуулдаг тул бид мөнгө зээлдэг байсан. Хамгийн сүүлд хийсэн 50 сая төгрөгийн хэлцэл хийснээс хойш 16 сая төгрөг төлсөн нь үнэн. Яагаад гэвэл бид өмнөх тооцоогоо нарийн хийгээгүй байсан тул ийм хэмжээний үлдэгдэлтэй гэж бодож байсан. Гэрээ, хэлцэл хийхдээ олуулаа ирээд орилж хашигчиж байгаад хийдэг байсан. Нэхэмжэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Х нь зээлийн гэрээний үүрэг бүхий 93.686.900 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2018 оноос хойш нэхэмжлэгч талаас 10 хувийн хүүтэй тооцож ихээхэн хэмжээний мөнгө зээлж авсан байна. Зээлийн гэрээг бичгээр хийж байгаагүй, харилцан итгэлцлийн үндсэн дээр зээл авдаг байсан талаар тайлбарладаг. 2018 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Н  204.799.000 төгрөг нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд илүү төлсөн дүн 79.879.000 төгрөг болсон байна. Энэ гэрээнээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг бол хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байдаг ч, зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцож хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх хуулийн шаардлага байхад 2018 оноос хойш зээл авсан гэрээнүүд нь хуулийн шаардлага хангаагүй байж, хүнээс их хэмжээний мөнгө хүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Мөн 2020 оны 6 дугаар сард 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч талууд өмнөх тооцоогоо нийлээгүй гэрээ хийгдсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь гэрээ хийхээс өмнө 40.000.000 төгрөгийн зээлийг төлөөд дуусчихсан, 5.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь С.С гийн шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн дансны хуулгуудаар нотлогдож байгаа юм. Зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй байгуулсан нь зээлдэгчийн талын эрх үүргийг дордуулсан нь хуулиар тогтоогдох юм бол шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж болдог хуулийн зохицуулалтай. С.С , Ж.Н  нар нь их хэмжээний зээлийг төлснөөр бизнесийн үйл ажиллагаа дордсон, банкны зээл авсан зэргээр төлбөрийн чадваргүй болсон нь нотлогдож байгаа юм. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгээс анз тооцож болохгүй талаар тусгасан байхад нэхэмжлэгч тал зээлийн үлдэгдэл 45.500.000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл гэж анз тооцоод байгаа нь хууль зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Өнөөдөр ковид-19 цар тахал өвчинтэй байх үеэр банк болон банк бус санхүүгийн байгууллагууд зээл төлөх хугацааг тодорхой сараар хойшлуулсаар байхад нэхэмжлэгч тал хариуцагч нарын эрх ашгийг дордуулсан үйл ажиллагаа байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 8 дахь хэсгүүдэд тус тус зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй заалттай байгаа нь дээд хязгаарыг тогтоож хуулиар тогтоож өгсөн байна.

Иймээс хариуцагч талаас илүү төлсөн 79.879.000 төгрөгийг буцаан гаргуулах саналтай байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч Ж.Н , С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 93.686.900 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид нь 2018 оны 5 сараас иргэд хоорондын зээлийн гэрээг тодорхой нөхцөлөөр байгуулж, бичгээр болон аман хэлбэрээр, хүү тооцон гэрээний харилцаа үүсгэж, харилцан үүрэг хүлээж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэлээр тогтоогдсон байна.

Улмаар нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг 2020 оны 02 сарын 06-ны өдрөөр зээлдэгч нартай тооцоо нийлж, төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх тухай төлбөр барагдуулах хэлцэл нэртэйгээр хийж, уг хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 40.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 27-ны өдөр дахин зээлдэгч нарт зээлүүлсэн 5.500.000 төгрөг нийт 45.500.000 төгрөгийг хүү, алдангийн хамт нийт 93.686.900 төгрөгийг 2020 оны 06 сарын 12-ны өдөр бичгээр байгуулсан гэрээг үндэслэн шаардаж байна..гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Үйл баримтаар зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцооны маргаантай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний хүү, төлбөр гаргуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэх 2020 оны 06 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үндсэн шинж болох зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..гэсэн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх уг гэрээг нотлох баримтаар үнэлэх, энэ гэрээнд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох боломжгүй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч Ө.Х , хариуцагч Ж.Н , С.С нарын 2020 оны 02 сарын 06-ны өдөр 358 дугаар тойргийн нотариатч дээр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэлээр хариуцагч нар нь нэхэмжлэгч Ө.Х д зээлийн гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг 2020 оны 04 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэдгээ илэрхийлж, үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Уг хэлцлийн 1 дэх заалтанд Ө.Х нь 2018 оноос өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр зээл авч байсан бөгөөд уг зээлийн хүүг төлж, үндсэн төлбөрүүд нь өнөөдрийн байдлаар 50 сая төгрөг болсон бөгөөд уг харилцааг энэ хэлцлээр зохицуулна.. гэж хүсэл зоригоо харилцан илэрхийлжээ.

Энэ хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэвэл хариуцагч нар нь өмнөх зээлийн гэрээний хүү, төлбөрийг дахин шалгахгүйгээр энэ хэлцэл хийснээс хойш төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зохигчдын дунд үүссэн 2018 оноос хойших зээлийн гэрээний харилцаа, төлбөр төлөлтийн байдал зэргийг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно..гэж хэлцэл байгуулах нөхцөл, журмыг тодорхой заасан байна.

Хэдийгээр хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 02 сарын 06-ны өдөр байгуулсан төлбөр багдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус, анх байгуулахдаа хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, дарамтлан замаар байгуулсан, гарын үсэг зурахдаа үр дагаврыг тооцоогүй гэх боловч үйл баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байх тул хэлцлийг хуульд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох, хүчингүй болгох, нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин уг хэлцэл нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал, 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох нөхцөлүүд зэрэг Иргэний хуульд заасан эрх, үүрэг үүсгэсэн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй буюу зээлийн гэрээ гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..гэсэн бол 282 дугаар зүйлд Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.., Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..гэж зээлийн гэрээний шинжийг тодорхой хуульчилжээ.

Хэргийн нөхцөлөөр талууд дээрх хэлцлийг байгуулахдаа өөр хоорондоо 50 сая төгрөг зээлж, зээлдүүлсэн буюу мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй бөгөөд хэлцлийг гэрээ гэж үзэх боломжгүй тул дээрх төлбөрт хүү болон, алданги тооцох боломжгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул анз буюу алданги тооцох үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2020 оны 02 сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийн үр дагаврыг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш хариуцагч нар нь 10.000.000 төгрөг төлж, дахин 5.500.000 төгрөг зээлсэн гэх бөгөөд хариуцагч нар үгүйсгээгүй байна.

Төлбөр төлсөн байдлыг баримтаар шалгахад хариуцагч Ж.Н ийн ХААН банкин дахь 5103046873 дугаар харилцах дансны хуулгаар нэхэмжлэгч Ө.Х ы 5244111650 дугаар дансанд 2020 оны 02 сарын 14-ний өдөр 5 сая, 2020 оны 3 сарын 20-ны өдөр 7 сая, 2020 оны 03 сарын 30-ны өдөр 2 сая, 2020 оны 04 сарын 07-ны өдөр 2 сая нийт 16.000.000 төгрөг төлөгдсөн бол нэхэмжлэгч Ө.Х ы 5244111650 дугаар дансанд дээрх төлбөрүүд тухайн цаг хугацаанд орсон болох нь Ө.Х ы дансны хуулгаар тустус тогтоогдож байна.

Улмаар 2020 оны 04 сарын 27-ны өдөр Ө.Х нь Ж.Н ийн 5103046873 дансанд 5.500.000 төгрөг шилжүүлсэн /зээлсэн/ болох нь дансны хуулгаар тогтоогджээ.

Иймд төлбөр барагдуулах хэлцлээр тогтоосон 50.000.000 төгрөгөөс хариуцагч Ж.Н ийн дансаар төлсөн 16.000.000 төгрөгийг хасаж, дахин зээлсэн 5.500.000 төгрөгийг нийт үлдэгдэлд нэмж тооцон эцсийн үлдэгдэл болох 39.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Ө.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54.186.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626385 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 355450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н , С.С нараас зээлийн гэрээний төлбөр 39.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54.186.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626385 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н , С.С нараас улсын тэмдэгтийн хураамж 355450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Х д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ