Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00039

 

ХААДСгийн ажлын

 албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00035 дугаар магадлалтай,

ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ХААДСгийн ажлын алба-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХААДСгийн алба-ны нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00035 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “М” ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албанд олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,104,000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албаны давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018.12.25-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар эрх зөрчигдсөн үе болох 2018.12.25-ны өдөр шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн буюу 2021.12.25-ны өдрийн дотор хэрэгжүүлэх байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь 2022.07.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ”, “ ... анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ” гэж дүгнэсэн боловч зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор өмчлөх эрх хариуцагчийн эзэмшилд байх үндэслэл үгүй болох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь дотроо зөрчилтэй байх бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт заасан зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт хамаарах харилцааг Иргэний хуулийн 492.1.1-т заасан өөр бүлгийн харилцаанд хамааруулан хэрэглэж байгаа нь цаашид хууль хэрэглээний буруу прецедэнт тогтоохоор байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударга ёс, тэгш байдлыг ханган явуулах, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой байтал ХААДСгийн ажлын албанд давуу эрхийг бий болгож хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдож байхад төрийн мөнгө тул төр мөнгө авах ёстой гэсэн үүднээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хариуцагч М ХХК-ийн хуульд заасан эрх ашгийг зөрчиж, хуульд нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ноцтой алдаа гаргаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009.11.30-ны өдрийн 05 дугаар зөвлөмжөөр “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаар”-ын талаар тайлбарласан байна. Тус зөвлөмжийн 2.1-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай, эсхүл алдаагүй гэж үзэх эрхтэй боловч энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй байх ёстой. Шүүхийн алдааг зөвхөн эрх бүхий этгээд илрүүлж, залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзэхийн тулд энэ байдлыг нотлох шаардлагатай юм. Давж заалдах шатны шүүх алдааг залруулахын тулд биш харин илрүүлэхийн тулд нотлох үүрэгтэй болно” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай, эсхүл алдаагүй гэдгийг үндэслэлтэйгээр дүгнэх ёстой байтал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дугаар шийдвэр нь алдаагүй, хууль нийцжээ гэсэн дүгнэлт гаргаж, үндэслэлээ тайлбарласан хирнээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна гэж өмнөх дүгнэлтийг үгүйсгэн тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь өөрөө үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж түүнийхээ үндэслэлийг нотлоогүй, хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд гаргаж “Төрийн байгууллагад ашигтайгаар хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Монгол Улсын Үндсэн Хуульд заасан шударга ёс, хууль дээдлэх ажиллагааны зарчмыг зөрчиж, илт үндэслэлгүйгээр шийдвэрлэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “ ... ХААДСгийн ажлын алба нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрхийг Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүлээн авч, эд хөрөнгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдын тушаалаар шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар “М" ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг хугацаа үргэлжлүүлэн тоологдоно. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлд хамаарахгүй. Иймд Засгийн газрын 2020.04.24-ний өдрийн 134 дугаар тушаал гарснаар хөөн хэлэлцэх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон тасалдсан гэж дүгнэхгүй юм", “... Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Зээлийн гэрээний хариу төлбөр нь зээлийн хүү тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээр нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхээ алдана" гэж тус тус тайлбарласан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг магадлалынхаа үндэслэл болгож байгаа нь М ХХК нь 30,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх ойлголтыг төрүүлж байгаа. Энэ нь бодит байдал. Уг харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргадаггүй, анхан болон давж заалдах шатны шүүх ч хүчин төгөлдөр зээлийн гэрээ болохыг дүгнэсэн. Гэсэн мөртлөө зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрийг Иргэний хуулийн 492.1.1-т заасан өөр бүлгийн харилцаанд хамааруулан хэрэглэж байгаа нь цаашид хууль хэрэглээний буруу прецедэнт тогтоохоор байна.

Нэгэнт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу шаардлага гаргах эрхээ алдсан, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл, нөхцөл байдал бий болсон гэж анхан шатны шүүхээс дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн түүнийхээ үндэслэлийг тайлбарласан дүгнэлт нь Давж заалдах шатны шүүхийн магадлал доторх бусад хэсгүүдтэй зөрчилдсөн, хэрэгт хамааралгүй өөр харилцаа руу оруулж, хуулийг зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албанд илт давуу байдал бий болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.02.16-ны өдрийн 001ШХТ2023/000149 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1.-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “2013.12.23-ны өдөр БЗ-2013/70 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд шалгарсан “М” ХХК-д дэмжлэг үзүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэйгээр, барьцаатайгаар зээлдүүлсэн. Иргэн С.Батсүхийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх 1-р гудамжны, 8 тоот, 160 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгөөс огт төлбөр хийгээгүй тул нэхэмжлэл гаргаж байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Аливаа хуулийн этгээд, хувь хүн хуулийн өмнө эрх тэгш байна. Хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримт байхгүй, ... нэхэмжлэгч тал 9 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардсан үйл баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013.12.23-наас 5 жил буюу 2018.12.25-ны өдөр дуусахаар гэрээнд заажээ. ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан ба нэхэмжлэгч нь 2018.12.25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсноор гурван жилийн хугацаанд шаардлага гаргах учиртай. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “...алданги болон барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. ...Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан боловч зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь түүний өмч юм. Мөнгөн хөрөнгөө өмчлөх эрх нь нэхэмжлэгчийн туйлын эрхэд хамаарах бөгөөд өмчлөлийн зүйлээ буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй. Зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор өмчлөх эрх хариуцагчийн эзэмшилд байх үндэслэл үгүй болох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11. Талууд 2013.12.23-ны өдөр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас “М” ХХК-ийн хооронд БЗ-2013/70 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй зээлж авсан, гэрээний үүргийн баталгаа болгож ......... бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтын тухайд маргаагүй. Талуудын хооронд үүссэн зээлийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон С.Бнарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах харилцааг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний шаардлага гаргах эрх дуусгавар болсон хэдий ч зээлийн хөрөнгийг нэхэмжлэгчийн өмч гэж тайлбарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхийг тодорхойлж хариуцагчаас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай хуулийг хэрэглэсэн боловч нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний холбогдох зүйл, заалттай уялдуулан тайлбарлаж чадаагүй бол давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

13. Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дүгээр тушаалаар ХААДСгийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, авлага, өр төлбөр, бараа материалыг ХААДСд балансаас балансад шилжүүлэн, өөрчлөн байгуулжээ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар зээлдэгч “М” ХХК-аас гэрээний үүргийг шаардах зээлдэгчийн эрх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаалуулагчид холбогдуулан ипотекийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн шаардлага ХААДСгийн ажлын албанд шилжсэн тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх боловч тус шаардлага гаргах эрхийг 2021.12.26-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу болжээ. Талууд гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 5 жилд тохируулан гэрээнд тусгасан байх боловч зээлийн гэрээний 2.4-т “Гэрээний үүргийн биелэлтийг таван жилийн дараа дүгнэж, төслийн хэрэгжилтийн үнэлгээ, зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд гэрээний эрх, үүрэг болон барьцааг дуусгавар болгоно” гэж зааснаас үзвэл зээлийн гэрээний ерөнхий хугацааг “зээлийг эргэн төлж дуусах хүртэл” гэх үйл явдлаар тодорхойлжээ. Энэ ч үүднээс талууд зээлийн эргэн төлөлтийн байдлыг таван жилийн дараа эргэн дүгнэхээр заасан байх ба энэ нь гэрээг дуусгавар болгох хугацаа гэж үзэхээргүй байна. Гэрээнд тохирсон төлбөрийн график нь тухайн хуваарьт өдөр тогтоосон мөнгөн төлбөрт хүү тооцох, тухайн өдөр төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон шинжтэйгээс бус зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж үзэхгүй.

Тухайн таван жилд төлбөр төлөгдөхгүй нөхцөл үүсэх бол уг байдлыг дахин дүгнэх, улмаар гэрээний хугацаа зээлдэгч төлбөрөө төлөх хүртэл үргэлжилж болох агуулгатай байна. Иймд тус заалтын утга агуулгаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацааг таван жилээр бус, “зээлээ эргэн төлөх хүртэл” гэсэн үйл явдлаар тогтоосон гэж дүгнэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар шаардах эрх үүсэх үеийг тодорхойлов.

Зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг ийнхүү тайлбарлахад уг гэрээний зорилго, зээл олгосон харьцангуй хөнгөлөлттэй нөхцөл, гэрээний санхүүжилт буюу эх үүсвэр зэрэг хүчин зүйлс нөлөөлж байх ба гэрээний талууд дээрх агуулгаар хугацаа тохирч, шаардах эрх үүсэх мөчийг тогтоосон нь талуудын тэгш байдлыг зөрчөөгүй, шударга зохицуулалт гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй. 

15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хангасныг хариуцагч эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гаргаагүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг дээр дурдсан үндэслэлээр хангаж, зохих өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй гэж үзэв. 

 16. Нэхэмжлэгч ХААДС хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх үндсэн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу дуусгавар болно гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Хэдийгээр хоёр шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь үндэстэй байх боловч ийнхүү хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай гэж үзэв.

Тодруулбал, нэхэмжлэгч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа барьцаалуулагч бус этгээд болох зээлдэгч “М” ХХК-д холбогдуулан гаргасан нь буруу байх ба энэ шаардлагын холбогдох этгээд буюу хариуцагч нь хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан барьцаалуулагч байх, хэрэв барьцааны зүйлийн өмчлөх эрх ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өөрчлөгдсөн бол шинэ өмчлөгч байхыг шаардана. Учир нь барьцааны шаардлагыг хэрэгжүүлснээс бий болох эдийн засаг, эрх зүйн үр дагавар барьцааны зүйлийн өмчлөгчид үүсэх тул тус этгээдийг хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэтгэлцэх боломжоор хангах, түүнчлэн материаллаг эрх зүйн үүднээс барьцаалуулагчийн хэрэгжүүлэх боломжтой эрх, үүргийг эдлэх, татгалзал, зөвшөөрлийг гаргах боломжийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч барьцааны шаардлагыг барьцаалуулагч, эсхүл барьцааны зүйлийн өмчлөгч бус зээлдэгч “М” ХХК-д холбогдуулан гаргасан, барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн өмчлөгч С.Батсүхийг тус хэрэг маргаанд хариуцагчаар тодорхойлоогүй байх тул хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасантай нийцнэ.

 17. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00035 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,104,000 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “М” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.26-ны өдөр төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД