Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00035

 

Х ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Х наас М ХХК-д холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр хүүгийн хамт 32,736,000 төгрөг, алданги 16,368,000 төгрөг, нийт 49,104,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сангаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БЗ-2013/70 дугаар барьцаат зээлийн гэрээгээр жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд шалгарсан М ХХК-д 30,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй, барьцаатайгаар зээлдүүлж, С.Б ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх 1-р гудамжны, 8 тоот, 160 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгөөс огт төлбөр хийгээгүй. Хариуцагчийн тайлбараар нэг ч удаа мөнгө нэхэмжилж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Жил болгоны намар тариалангийн бүс нутгуудаар хуваагдаж дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүдтэйгээ холбогдож 45 хоногоор тойроод өр төлбөрөө нэхэмжилж явдаг. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын 16 дугаар тогтоол, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-134 дүгээр тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах санг нэгтгэж Х болон өөрчлөгдөн байгуулагдсан. Өөрчлөгдөн байгуулагдаж явсаар 2020 оноос үйл ажиллагаа жигдэрч нэхэмжлэл гаргасан учир өөрчлөгдөн байгуулагдах явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс Жимс жимсгэнийн аж ахуйн нэгж байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд шалгаран 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БЗ-2013/70 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээл авсан нь үнэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй. Бидний зүгээс тухайн газартаа үйл ажиллагаа явуулах гэж оролдсон боловч Сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх цуцлагдаж үйл ажиллагаа зогсон, төсөл хэрэгжих боломжгүй болж гэрээний үүргээ биелүүлэх чадваргүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн талаар манай компаниас нэг ч удаа шаардаж, нэхэмжилж байгаагүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан байдаг. 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан БЗ-2013/70 дугаартай гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан ба үүнээс 3 жилийн шаардах эрхийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримт байхгүй, нэхэмжлэгч тал 9 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардсан үйл баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БЗ-2013/70 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гэрээг байгуулж байсан. Миний зүгээс хариуцагч М ХХК-ийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа бөгөөд үндсэн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хугацаа дууссан учир барьцааны зүйлтэй холбогдох үүрэг ч мөн дуусгавар болох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Х ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Манайх өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан байж байгаад Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хөдөө аж ахуйн яамны тушаалаар Жижиг дунд үйлдвэрлэлийн зарим хэсэг, Мал хамгаалах сантай нэгдэж Х болж, өөрчлөн байгуулагдсан. 2019 оноос хөрөнгө, өглөг, авлагаа шилжүүлэх явц болж, тус хугацаанд эрх зүйн статус тодорхой болоогүй байсан тул аливаа байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бусад шүүхийн практикаас үзвэл дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүй байгаа. Тус нэхэмжилж буй мөнгө нь ард түмний мөнгө учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр мөнгийг завших боломж олгохгүй байгаасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд холбогдох баримтыг шүүхэд гарган өгч, маргааны хүрээнд тодорхой асуулт асууж, хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх тодруулсан. Засгийн газрын тогтоолоор байгууллагын нэр өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа ч эрх зүйн статусыг тодорхойгүй үлдээсэн зүйл байхгүй. Төрийн мөнгө тул төр мөнгөө авах ёстой, шүүхийн практикт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй зэрэг тайлбар гаргаж байгаа нь бүдүүлэг үйлдэл гэж харж байна. Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллага, иргэн, аж ахуй нэгж бүгд тэгш эрхтэй, хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой. 2013 онд зээл олгосон атлаа 10 орчим жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Тус хугацаанд ямар нэг байдлаар мэдэгдэж байгаагүй, энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Х , хариуцагч М ХХК-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан БЗ-2013/70 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 49,104,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргажээ.

3.Хэрэгт Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч М ХХК нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БЗ-2013/70 дугаартай Барьцаат зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан, тус гэрээгээр М ХХК нь чацарганы төгөл төслийн хүрээнд 30,000,000 төгрөгийг, жилийн 2.4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлжээ. Зээлийн барьцаанд гуравдагч этгээд С.Б ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 1-р гудамжны 8 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2203024253 дугаартай, 160 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалж, гэрээг мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.Талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагджээ.

4.а.Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Х -ыг байгуулж, тус тогтоолоор болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-иас Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2013 онд байгуулсан дээрх БЗ-2013/70 тоот зээлийн гэрээний үүргийг шаардах эрх бүхий этгээд байна.

4.б.Хариуцагч зээлийг хүлээн авсан, гэрээний хугацаанд зээл, хүүг буцаан төлөөгүй талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон гэж маргасан. Нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг 2020 оны дунд үе хүртэлх хугацаанд хүлээн авах ажил үргэлжилсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлажээ.

Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар эрх зөрчигдсөн үе болох 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.5.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэрэгжүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Х нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрхийг Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүлээн авч, эд хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хугацаа үргэлжлүүлэн тоологдоно. Дээрхи нөхцөл байдал нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлд хамаарахгүй. Иймд Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоол болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж дүгнэхгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Зээлийн гэрээний хариу төлбөр нь зээлийн хүү тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээр нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхээ алдана.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг болох алданги, барьцааны үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна. Иймд алданги болон барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

5.Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан боловч зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь түүний өмч юм. Мөнгөн хөрөнгөө өмчлөх эрх нь нэхэмжлэгчийн туйлын эрхэд хамаарах бөгөөд өмчлөлийн зүйлээ буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй. Зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор өмчлөх эрх хариуцагчийн эзэмшилд байх үндэслэл үгүй болох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч М ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х нд олгож, нэхэмжлэлээс 19,104,000 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03319 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х -нд олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,104,000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х -ны давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ