Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2021/00045

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг Сүхбаатарын талбай, www.golomtbank.com хаягтай Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг Бор гүвээ 1-29 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Чинбатын ******* /МЮ66050361/

Хариуцагч:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин 91-11 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Чинбатын ******* /МЮ-77092470/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,125,346,88 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Зээлдэгч Ч.*******, Ч.******* нар нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай ЭГ4320002655 тоот орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 37.080.000 \Гучин долоон сая наян мянган\ төгрөгийг сарын 01 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1\3 байр 3-1 тоотод байрлах Ү-2206030252 улсын бүртгэлийн дугаар бүхий 30.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авч, дээрх үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээ байгуулсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 646 хоног хугацаа хэтэрч, 12.631.281.31 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн зөрчил үүссэн байна.

Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээл төлөгдөхгүй, гэрээ зөрчигдсөн хэвээр байна.

Иймд Ч.*******, Ч.******* нартай байгуулсан орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19.369.592.67 төгрөг, зээлийн хүү 4.311.045.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.321.36 төгрөг, нийт 23.735.959.79 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар /2020 оны 6 сарын 10-ны өдрөөр тооцоологдсон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,хэргийг дахин шийдвэрлэгдэхээр ажиллагаа хийгдэж байгаа ту

л шүүхэд шилжүүлснээс өнөөдрийг хүртэл 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжлэх шаардлага үүсэж байна. Иймд хариуцагч *******, ******* нараас 2020 оны 6 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү 1,273,617,,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115770,16 төгрөг, нийт 1,389,387,21 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж гаргуулж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Ч.******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:

...Миний бие Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие 2012 оны 05 сарын 01-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулан 37,080.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зориулалттайгаар авсан. Тухайн авсан зээлээ сар бүр хуваарийн дагуу төлж ирсэн ба сүүлийн саруудад ажил бизнесийн үйл ажиллагаа маань халдварт өвчин болоод хорио цээрээс шалтгаалан зогссоны улмаас зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Миний хувьд авсан зээлээ төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэлд дурдсан 23.735.959 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулах боломжгүй юм.

Учир нь: нэхэмжлэлд шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 12,631,281 төгрөг төлөгдөөгүй гэсэн атлаа үндсэн зээл 19,396,592 төгрөг, зээлийн 4,311,045 төгрөг гэдэг нь ойлгомжгүй байна.

Иймд миний бие нь тус банканд төлсөн баримтуудаа үзэж шалгасны дараагаар мөн тайлбар өгөх болно! гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний үйлчлүүлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бол хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй төлж чадахгүй гэж хэлсэн. Хариуцагч Ч.******* нь өөрийн хүсэлтээр шүүхэд хандсан. Тухайн үеийн ойлголт нь шүүхэд шилжсэн тохиолдолд зээлийн хүү болон алданги зэргийг зогсоно гэсэн бодолтойгоор шүүхэд хандсан. Хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлуулхаар хариуцагчийн хүсэлт байдаг. Банкид хүсэлт гаргасанаас хойших мөнгийг бол манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн ковид-19 улмаас хүн болгон ажил хөдөлмөрийн хувьд зогсонги байдалд орсон. Энэ үед нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа явдал үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,735,959 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,389,387,21 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл:

Шүүх Голомт банкны Сэлэнгэ салбарын Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан 23.735.959.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, харин нэмэгдүүлсэн шаардлагын хувийг 2020 оны 12 сарын 31-ны өдөр тус тус хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

Мөн 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг түүний 85256026 дугаарын утсаар 2020 оны 08 сарын 26-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад тус тус товлосон шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгч Г.Амартүвшинг оролцуулах талаарх утсаар мэдэгдсэн тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэг.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Голомт банкны Сэлэнгэ салбар нь Ч.*******, Ч.******* нартай 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 37.080.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээр тохирч, зээлдэгч Ч.*******гийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, зээл олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсэж, улмаар хариуцагч нь хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч Голомт банкны өмнө хүлээсэн байна. /хх-6-17 тал/

Түүнчлэн зээлийн гэрээний 3.1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, харин ... нэхэмжлэлд шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 12.631.281 төгрөг төлөгдөөгүй гэсэн атлаа үндсэн зээл 19,396,592 төгрөг, зээлийн 4.311.045 төгрөг гэдэг нь ойлгомжгүй байна... гэж маргасан байна. /хх-56 тал/

Хариуцагчийн тайлбар, мөн хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Голомт банк, Ч.*******д 2019 оны 09 дүгээр сарын 14-ны дотор зээл, хүү нийт 21,703,509,80 төгрөгийг төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд зээлдэгч 2020 оны 5 сарын 22-ны өдөр ... тус банкнаас вива сити хороололд банкны зээлээр орон сууц худалдан авсан. Өвчний улмаас төлөлт хийж чадалгүй хугацаа алдсан тул уг асуудлыг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй... гэх өргөдлийг Голомт банканд гаргасан байна. /хх-22, 25 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 4.4-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцож 23,735,960,12 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч Ч.*******, Ч.******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 19,369,593 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк, Ч.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ипотекийн гэрээ цуцалж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19,369,593 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.714.898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211.339.47 төгрөг, нийт 23.735.960,12 төгрөгийг гаргуулан Голомт банканд олгох зүйтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Ч.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206030252 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.

Хоёр. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Хариуцагч Ч.*******, Ч.******* нараас нэмж нэхэмжилсэн 2020 оны 6 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү 1,273,617,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.770,16 төгрөг, нийт 1,389,387,21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь засгийн газраас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоон үйл ажиллагаанд хязгаарлалт хийсний улмаас тэдний орлого нь тасалдаж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэх тайлбар гаргасан ба энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан хариуцагчийн Голомт банкинд гаргасан өргөдлөөр нотлогдож байна./хх-22 тал/

2. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ4320002655 тоот гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан ... байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдээс тогтоосон хорио цээрийн дэглэм... гэх мэтчилэн тусгасан байна./хх-ийн 9 тал/

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ ... давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг дахин шийдвэрлэгдэхээр ажиллагаа хийгдэж байгаа тул шүүхэд шилжүүлснээс өнөөдрийг хүртэл 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү 1,273,617,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,770,16 төгрөг, нийт 1,389,387,21 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж байна ... гэж тайлбарласан боловч гэрээнд энэ талаар тусгагдаагүй байна.

4. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд үйлдэл хийхээр заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь төлөөлөгч томилохдоо нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Ч.*******, Ч.******* нарт холбогдох 1,389,387,21 төгрөг гаргуулах Голомт банкны нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ч.*******, Ч.******* нараас 23.735.959.67 төгрөг гаргуулан Голомт банкны Сэлэнгэ салбарт олгож, үлдэх 1,389,387,21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ч.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206030252 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас 276.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банканд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ