Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2020/00069

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2020/00069

 

 

 

Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00529/И

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Ч.*******гийн давж заалдсан гомдлоор Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.*******, Ч.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23.753.959,79 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 646 хоног хугацаа хэтэрч, 12.631.281.31 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн зөрчил үүссэн байна. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээл төлөгдөхгүй, гэрээ зөрчигдсөн хэвээр байна. Иймд Ч.*******, Ч.******* нартай байгуулсан орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19.369.592.67 төгрөг, зээлийн хүү 4.311.045.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.321.36 төгрөг, нийт 23.735.959.79 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа: ...Миний бие 2012 оны 05 сарын 01-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулан 37,080.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зориулалттайгаар авсан. Тухайн авсан зээлээ сар бүр хуваарийн дагуу төлж ирсэн ба сүүлийн саруудад ажил бизнесийн үйл ажиллагаа маань халдварт өвчин болоод хорио цээрээс шалтгаалан зогссоны улмаас зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Миний хувьд авсан зээлээ төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэлд дурдсан 23.735.959 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулах боломжгүй юм. Учир нь: нэхэмжлэлд шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар 12,631,281 төгрөг төлөгдөөгүй гэсэн атлаа үндсэн зээл 19,396,592 төгрөг, зээлийн 4,311,045 төгрөг гэдэг нь ойлгомжгүй байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ч.*******, Ч.******* нараас 23.735.959.67 төгрөг гаргуулан Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ч.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206030252 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/3 байр 3-1 тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас 276.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Голомт банкны нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 23.735.959 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 11-ний өдрийн 562 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна.

1рт: Анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэргийн оролцогч болох миний өмгөөлөгчийг шүүх хуралдаан оролцуулаагүй байна. Учир нь миний зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ба өөрийн өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулна гэж хэлсэн болно. Гэтэл өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдсэн байна.

2рт: Миний бие нь Голомт банкнаас 2012 оны 05-р сарын 01-ний өдөр зээл авсан ба сар бүрд нь төлөлтөө хийгээд л яваад байсан юм. Гэтэл covid -19 өвчний улмаас хил хааснаар бизнесийн үйл ажиллагаа маань зогсож санхүүгийн хүнд байдалд орж зээлээ тухайн бүр төлж чадахгүйд хүрсэн. Иймд Голомт банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүү 2.300.000 төгрөгийг хасаж өгч шийдвэрлэж өгнө үү. Уг нь өмгөөлөгч маань шүүх хуралдаанд орсон бол энэ талаар тайлбар хийх байсан юм.

3рт: Надад шуудангаар 2020 оны 09-р сарын 11-ний өдрийн шийдвэр нийт 3 хуудастай 5 нүүртэй байсан ба яг хэдэн төгрөг гаргасан эсэх нь тодорхойгүй утгатай шийдвэр ирсэн. Үүнийг сайн бас ойлгохгүй байна./ Шийдвэрийг эх хувиар хавсаргав/

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлын хувьд нэгдүгээрт өмгөөлөгчийг минь оролцуулаагүй тул гомдолтой байна гэсэн байгаа. ... Шүүх хуралдаанд огт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх нь учир дутагдалтай. Миний утас холбогдож, би ярихдаа очиж байна гэдгээ ч хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд мэтгэлцэх зарчим, 6.4 дүгээр зүйлд шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх түүнийгээ шинжлэн судлах тэгш эрхтэйгээр оролцоно гэж заасан. Хамгийн гол асуудал бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан оролцогчдын эрх, үүрэг байна. Гэтэл энэ эрхийг минь хангалгүй анхан шатны шүүх хуралдааныг явуулсан. Дараагийн асуудлын хувьд миний үйлчлүүлэгчид явуулсан шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчид өгсөн шийдвэр дээр тогтоох хэсэг нь байхгүй. Энэ хэрэг яаж шийдвэрлэгдсэн болох нь мэдэгдэхгүй. Хэргээс харж үзвэл тогтоох хэсэг нь байдаг. Гэхдээ үүнийг хэзээ оруулсан болохыг мэдэхгүй байна. Үүнийг засаж оруулах боломжтой зүйл. Шүүх хуралдаанаас гарсан тогтоох хэсгийг миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нь сонсоогүй. Тиймээс хуульд заасан үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй учир өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******, Ч.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23.753.959,79 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ч.******* эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан ..хууль ёсны бөгөөд үндсэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч нарт хүргүүлсэн шүүхийн шийдвэрээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тодорхой тусгагдаагүй байх тул шийдвэрийн талаар хариуцагч тодорхой ойлголт авах боломжгүй байдал бий болсон байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай шийдвэрийг хариуцагч нарт 09 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байх ба энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт бүхэлдээ 2 дахь заалт хагаслаж бичигдээгүй шийдвэр байсан болох нь хариуцагчийн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн шийдвэрийн хуулбараар нотлогдожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д ....Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно. гэж заасан байна

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт тухайн хэргийг шийдвэрлэхэд баримталсан хуулийн зүйл, заалт, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэх нь тусгагдаагүй, мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах нь ойлгомжгүй байдлаар бичигдсэн нь шийдвэрийн агуулга бүрэн гүйцэд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хэргийн шийдэл болон хариуцагчийн давж заалдах гомдолд шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГTop of Form

Bottom of Form