Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2021/00007

 

 

******* ******* Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00529/И

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч Ч.******* нарын давж заалдсан гомдлоор ******* ******* Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.*******, Ч.******* нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.753.959,79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлэгдэгч Ч.******* болон Ч.******* нар нь 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ******* ******* Сэлэнгэ салбарт орон сууцны зээлийн болон ипотекийн зээлийн гэрээ байгуулж 37,880,000 төгрөгийн зээлийг орон сууцын зориулалтаар зээлж авсан. Энэ нь 120 сарын хугацаагаар зээлж авсан. ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 10 дугаар сард шийдвэр гарсан. Тухайн шийдвэр нь давж заалдах шатны шүүхээр орж хүчингүй болсон. Шүүхээр явах хугацаанд зээлийн гэрээ нь зогсоогүй бөгөөд хүү бодогдож байсан. 6 сарын хугацаанд хүүг бодогдсон. 2020 оны 12 дугаар сарны 21-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлсэн байна. 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт дүн 1,389,387,21 төгрөг болсон байна. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 25,125,346,08 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгөхийг хүссэн байна... гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бол хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй төлж чадахгүй гэж хэлсэн. Хариуцагч Ч.******* нь өөрийн хүсэлтээр шүүхэд хандахыг зөвшөөрсөн энэ нь шүүхэд шилжсэн тохиолдолд зээлийн хүү болон алданги зэргийг зогсоно гэсэн бодсон. Хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлуулахаар хариуцагчийн хүсэлт байдаг. Ковид-19 цар тахалын улмаас хүн болгон ажил хөдөлмөрийн хувьд зогсонги байдалд орж үйл ажиллагаа нь зогссон тул эн үед нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа хуулийн үндэслэлгүй юм. Тухайн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ч.*******, Ч.******* нараас 23.735.959.67 төгрөг гаргуулан ******* ******* Сэлэнгэ салбарт олгож, үлдэх 1,389,387,21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ч.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* хороолол ******* байр ******* тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас 276.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* ******* нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 23.735.959 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 25-ны өдрийн 148/шш202/00045 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие нь ******* банкнаас 2012 оны 05-р сарын 01-ний өдөр зээл авсан ба сар бүрд нь төлөлтөө хийгээд л яваад байсан юм. Гэтэл Сovid-19 өвчний улмаас хил хааснаар бизнесийн үйл ажиллагаа маань зогсож санхүүгийн хүнд байдалд орж зээлээ тухайн бүр төлж чадахгүйд хүрсэн.

Иймд ******* банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүү 2.300.000 төгрөгийг хасаж өгч шийдвэрлэж өгнө үү. Иймд 2021 оны 01-р сарын 25-ны өдрийн шийдвэрийг хянаж хуулийн дагуу шийдэж боломжтой бол зээлийн хүү болох 2.300.000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хасаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* ******* Сэлэнгэ салбар нь 2020 оны 06-р сард Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2020 оны 09-р сарын 11-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон тул дахин хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцан ирсэн. Энэ хооронд 6 сар буюу хагас жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд зээлийн гэрээ цуцлагдаагүй тул хүү тооцогдсоор байсан. Иймд тус хэрэг шийдвэрлэгдэх үеийн байдлаар буюу анхан шатны шүүхэд дахин хянагдаж байх үеийн байдлаар нэхэмжлэгч болох ******* ******* Сэлэнгэ салбарын зүгээс 6 сарын хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн шүүхийн шийдвэрт ...Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд үйлдэл хийхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч нь төлөөлөгч томилохдоо нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна... хэмээн огт үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

1-рт: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие биш ******* ******* Сэлэнгэ салбарын захирал Д.Оюун-Эрдэнэ гаргаж гарын үсэг ******* тамга даран баталгаажуулсан.

2-рт: ******* ******* Сэлэнгэ салбараас надад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах... эрхийг мөн олгосон. Хэрэгт дээрх баримтууд авагдсан байтал шинжлэн судлалгүйгээр дээрх дүгнэлтийг гаргав уу эсвэл шинжлэн судалсан хэр нь мушгин гуйвуулж дээрх үндэслэлгүй дүгнэлтийг гаргав уу? ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч ******* ******* Сэлэнгэ салбараас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 1,389,387.21 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* Сэлэнгэ салбар нь хариуцагч Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 19.369.592,67 төгрөг, зээлийн хүү 4.311.045,76 төгрөг нэмэгдүүлсэн хүү 55.321,36 төгрөг нийт 23.735.959,79 төгрөг гаргуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 1.273.617,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.770,16 төгрөг нийт 1.389.387,21 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 19.369.592,67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Ковид-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан эрхэлж буй үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсноор төлөх боломжгүй болсон мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогссон тул төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг заримыг нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч нар тус тус давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч нар давж заалдах гомдлын үндэслэлээ ...Ковид-19 өвчний улмаас хил хааснаар бизнесийн үйл ажиллагаа маань зогсож санхүүгийн хүнд байдалд орсноор зээлээ төлж чадаагүй... гэсэн тайлбар хийж дээрхи хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн зээлийн хүүг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хууль буруу хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: ******* ******* Сэлэнгэ салбар нь хариуцагч Ч.*******, Ч.******* нартай 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 37.080.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай Орон сууцны зээлийн гэрээ, дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч Ч.*******гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* хороолол ******* байр ******* тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан Ипотекийн гэрээг тус тус байгуулжээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Тус гэрээгээр /зээлдэгч/ хариуцагч Ч.*******, Ч.******* нар нь зээлийг хүүгийн хамт тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, хэрэглэсэн хугацааны зээл болон хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байна.

Талууд зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байх нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох талаар гэрээгээр тохиролцсон байх ба хариуцагч нар нь зээлийг тодорхой хугацаагаар төлж байгаад 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш гэрээний дагуу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах буюу 2020 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төлөлт огт хийхгүйгээр гэрээний үүргээ зөрчжээ.

Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан зохицуулалтад нийцсэн,  энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талууд гэрээний 2.4-т зээлийн хүүг хэрхэн тооцох, 2.6 дахь заалтдаа нэмэгдүүлсэн хүү тооцох талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан зохицуулалтай нийцсэн тул зээлийн гэрээгээр оногдуулсан хүү болон гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээгээр тохиролцсон нэмэгдэл хүүг тооцон гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч тал нийтийг хамарсан цар тахал, өвчин, хорио цээртэй холбоотой төлбөрийн чадвар буурч, бизнес зогссон гэж тайлбарласан хэдий ч энэ талаар гэрээний нөгөө талтай зээл эргэн төлөх хугацааг хойшлуулах,  зээлийг зогсоох талаар ямар нэгэн тохиролцоо хийж байгаагүй байх ба гэрээний талуудын гэрээгээр тохиролцох асуудлыг шүүх шийдвэрлэх нь гэрээний чөлөөт байдлын  болон хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд нийцэхгүй, хариуцагчийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломгүй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь тухайн хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 1.389.387,21 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчээс олгосон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

******* ******* гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 5536 дугаартай тушаалаар Сэлэнгэ салбарын захиралд тухайн байгууллагыг шүүхэд төлөөлөх бүх эрхийг нэг жилийн хугацаагаар олгосны дагуу ******* ******* Сэлэнгэ салбарын захирал Д.Оюун-Эрдэнэ 2020 оны 12 сарын 16-ны өдөр шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх тул түүнийг шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус заасан.

Дээрхи хуулийн зохицуулалтаар гэрээний талуудын хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хязгаарлагдахгүй тул хариуцагчаас гэрээний үүргийн дагуу төлөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ******* банк, Ч.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ипотекийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас үндсэн зээлийн төлбөрт 19,369,593 төгрөг, 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 12-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 5.584.662,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.091,16 төгрөг бүгд нийт 25.125.346,78 төгрөгийг гаргуулан ******* ******* Сэлэнгэ салбарт олгох зүйтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа төлөөгүй бол Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар ипотекийн гэрээний дагуу барьцаалсан Ч.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* хороолол ******* байр ******* тоот хаягт байршилтай 30,3 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг орхигдуулж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* банк, Ч.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ипотекийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас үндсэн зээлийн төлбөрт 19.369.593 төгрөг, зээлийн хүү 5.584.662,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.091,16 төгрөг нийт 25.125.346,78 төгрөгийг гаргуулан ******* ******* Сэлэнгэ салбарт олгосугай. гэж

 

3 дахь заалтыг:

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ч.******* нараас 313.810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай. гэж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.180 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 Г.ДАВААРЕНЧИН