Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0409/з |
Дугаар | 221/МА2017/0033 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0033
“Арвин хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Ё.Энх-Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Арвин хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 тоот актаар тогтоосон 818,181,80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 2,727,272.70 төгрөг болгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал давж заалдах гомдолдоо: ““Арвин хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа нарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 230013753 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 828 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна
“Арвин хүдэр” ХХК нь “Жөбүүнээ” ХХК-иас цахилгаан үүсгүүр буюу дизель генератор бодитой худалдан авсаар байтал хариуцагчид таамаг тавьж үндэслэл, нотолгоогүй буруутгаж акт тавьсныг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн.
Тус компани нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа дотоодын зах зээлээс бараа материал, түүхий эд худалдан авах бүрдээ худалдагч, борлуулагч аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан болон анхан шатны санхүүгийн баримтыг хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлж авдаг.
Татварын албанаас аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгож, НӨАТ-ын падаан тараахдаа падаан нэг бүрийг аль компани, хуулийн этгээдэд олгосноо бүртгэн баталгаажуулж өөрийн цахим мэдээллийн сандаа /mta.mn/ дурын сонирхогч этгээд харж болохоор байршуулсан байдаг.
Тухайн үед “Жөбүүнээ” ХХК-ийг Татварын албаны www.mta.mn цахим хаягаар нэр регистрийн дугаараар шивж, шалгаж үзэхэд татварын албанд бүртгэлтэй, НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байсан. Мөн маргаан бүхий “Жөбүүнээ” ХХК-ийн 8844356 тоот падааныг www.mta.mn /e-tailan/ цахим онлайн хаягаар тайлан шивэхэд ямар нэгэн алдаа зааж буцаагаагүй, падаан нь тухайн аж ахуйн нэгжийнх болох нь харагдаж хүлээн авдаг. Тийм ч учраас тухайн улирлын НӨАТ-ын тайланг татварын улсын байцаагч нар хүлээн авч баталгаажуулсан. Бодитой худалдан авалт хийсэн өөрөөр хэлбэл татварын алба өөрөө хэвлэн тараасан НӨАТ-ын падаан дээр худалдагч тал тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан ба тухайн борлуулалтыг “Жөбүүнээ” ХХК өөрөө дараа сарын НӨАТ-ын тайландаа тусгаж тайлагнасан байдаг. Энэ байдал шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байх явцад шүүх дүүргийн татварын албанаас”Жөбүүнээ” ХХК-ийн НӨАТ-ын тайланг нотлох баримтаар гаргуулан авахад “Жөбүүнээ” ХХК нь тухайн борлуулалтыг цахим тайлангийн системд шивж илгээсэн нь тогтоогддог.
Өөрөөр хэлбэл тухайн гүйлгээг худалдан авагч, борлуулагч аль аль нь НӨАТ-ын тайлангаараа дамжуулан харьяалах татварын албандаа тус тус тайлагнасан байдаг. Энэ талаар хариуцагч нар “хэдийгээр 2 тал тайлагнасан боловч “Жөбүүнээ” ХХК дараа нь хуурамч нөт бичдэг компани болсон” гэж таамаг тавьж, үндэслэлгүй төлбөр ногдуулж акт үйлдсэн.
Мөн шүүх тухайн улиралд дүүргийн санхүүгийн албанд өгсөн “Жөбүүнээ” ХХК-ийн блансыг нотлох баримт болгон гаргуулан авсан. Тухайн блансаар “Жөбүүнээ” ХХК нь НӨАТ-ын өглөгтэй тайлан гаргаж ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нарын манай компанид актаар ногдуулсан 2.7 сая төгрөгийн нөхөн татварыг “Жөбүүнээ” ХХК нь татварын албанд ч, дүүргийн санхүүгийн хэлтэст ч тус тус тайлагнаж хариуцахаа мэдүүлсэн байдаг.
“Жөбүүнээ” ХХК нь тухайн 2011 онд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад жилийн дараагаас хуурамч нөт борлуулдаг компани болсон нь эрүүгийн хавтаст хэргээс авсан баримтаар тогтоогддог. Энд “Жөбүүнээ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нар улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. “Жөбүүнээ” ХХК-ийн тайлагнасан болон тайлагнаагүй нөхөн татвар буюу хууль зөрчсөнөөс бий болсон төлбөрийг улсад учруулсан хохирол гэж ойлгож байгаа. Гэтэл татварын улсын байцаагч нар энэ талаар шалгаж тогтоолгүй манай компанийг шууд буруутай мэт үзэж үндэслэлгүй акт тогтоосон хариуцагч нарын үйлдэл, эс үйлдлийг шүүх анхаарч шийдвэрлэж чадсангүй.
Иймд Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Арвин хүдэр” ХХК-аас “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа нарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаартай төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа нар “Арвин хүдэр” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги, нийт 4.909.090 төгрөгийн төлбөр ногдуулсан, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийг Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 тоот актыг хэвээр үлдээсэн байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7 дугаар зүйлийн 7.4-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт хэрэглэнэ” гээд падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар заажээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.
“Арвин хүдэр” ХХК нь “Жөбүүнээ” ХХК-аас 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан гэж санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт тусгасан боловч “Жөбүүнээ” ХХК нь “Арвин хүдэр” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч "Алтайн хүдэр" ХХК-ийн дээрх дизель генераторыг худалдан борлуулах зорилгогүй өөрийн үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан бараа материал бус үндсэн хөрөнгөдөө бүртгэсэн байгааг дурдах нь зүйтэй
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР