Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2020/00898/И |
Дугаар | 001/ХТ2023/00062 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2023/00062
Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00213 дугаар магадлалтай,
Б-гийн нэхэмжлэлтэй
“С” ХХК, О, Д нарт холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч О, Д, тэдгээрийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д, О нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б нь хариуцагч хариуцагч “С” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д, О нараас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д, О нараас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00213 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч хариуцагч “С” ХХК” гэснийг “...хариуцагч “С” ХХК” гэж өөрчлөн,
2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д, О нараас 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хянавал хэсгийнхээ 56 талд “Гэрч М, гэрч Ц.Ц нарын хэзээний үйл баримтын талаар гэрчлээд байгаа нь тодорхойгүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн “Эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх,үүргийн талаар Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө доголдолтой, ажиллахгүй байсан нь тогтоогдсон учир хийн компрессорын хуйлруулагчийг биет байдлын доголдолтой гэж дүгнэв” хэмээн хариуцагч нарын гомдлыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь тухайн гэрчүүд нь эд хөрөнгийг худалдах худалдан авах,эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл хийгдэх үед байгаагүй тул хуйлруулагч нь биет байдлын доголдолтой байсан эсэхийг нотолж чадахгүй этгээдүүд бөгөөд цаг хугацааны хувьд сүүлд үүссэн нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэж үзэж байна. Хариуцагч нар тухайн эд ангийг үндсэн тоног төхөөрөмжөөс нь салгаад өөрсдийн олж ирсэн тоног төхөөрөмжид суурилуулан ажиллуулсан байх ба тухайн үед хугарсан гэмтэл байгаагүй учраас ажиллуулж үзсэн байдаг. Мөн түүнчлэн 30 аад минут ажилласан байдаг. Унтраах үед тарр гэж дуугарсан гэх тайлбар мэдүүлгээс үзэхэд тохиолдлын байдлаар гэмтэл учруулсан байх үндэслэлтэй нотолгоог анхаарч үзэлгүй шүүх буруу дүгнэлт хийн шууд биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэхээ нотлохыг шаардаж дүгнэсэн нь буруу юм.
Нэхэмжлэгч нь өөрт байгаа хөрөнгийг эвдэрсэн гэдгийг мэдсээр байж 15 сая төгрөгөөр худалдахаар ярилцсан байх боломжгүй бөгөөд тухайн эд хөрөнгийг үзүүлж харуулан мэргэжлийн хүмүүсийн мэдэлд шилжүүлж өгч явуулсан үйл явдал нь тухайн эд хөрөнгийг цаашид ашиглах боломжтой худалдаж авч байгаа хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой гэдэгт итгэлтэй байсныг илэрхийлнэ. Дээрх байдлаас өөрөөр ямар байдлаар нотолгоо шаардлагатай байх вэ. Хэрвээ биет байдлын доголдолтой байсан бол даруй мэдэгдэх боломжтой. Хариуцагч тал өөрсдөө эвдсэн учраас нэхэмжлэгчид буцаан олгож чадахгүй байдалд орсноос өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг эзэнд нь буцааж өгөөгүй 6 жил гаран болсон. Энэ нөхцөл байдлыг шүүх зайлшгүй дүгнэлт хийж,үнэлэх ёстой байсан. Нэгэнт шүүхэд маргаан эхэлсэн хойно хуульч нараар заалгаж өөртөө давуу байдал үүсгэх худал мэдүүлэг тайлбарыг гаргадаг болсон. Үүнээс өмнө хариуцагч нарын зүгээс шүүхэд огт маргаан гаргаагүй болохыг анхаарч үзсэнгүй.
Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч тал тухайн шилжүүлж авсан эд хөрөнгийг өмнө нь гэмтэлтэй байсан гэж дүгнээгүй бөгөөд хариуцагч хуйлруулагчийг болон бусад эд ангийг бүхэлд нь салгаж задалсны улмаас асааж ажиллуулах дүгнэлт гаргах боломжгүй тухай дүгнэлт хийснийг анхаарч үзвэл сүүлд тохиолдлын байдлаар шалгах явцдаа гэмтээж эвдсэн байж болохыг үгүйсгэхгүй нотолгоо юм. Хариуцагч нар нь өрөмдлөгийн мэргэжлийн хүмүүс тул худалдаж авсан эд хөрөнгийг анх хариуцагч тал эрхийн доголдолгүй болохыг мэдэж байсан, эвдрэлтэй эсэхийг мэдэх боломжтой байсан ба хариуцагч нь энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, хуульд заасан эрхээ эдлээгүй болохыг түүнчлэн энэ харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх энэ талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэж,хэргийг буруу шийдвэрлэн нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг ноцтой хохироосонд гомдолтой байна.
Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн ...хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг 15,000,000 төгрөгөөр хариуцагч нарт худалдахаар тохирч, амаар хэлцэл хийсэн, ...төлбөрийг 2016 онд 2 хувааж төлнө” гэсэн тайлбарыг хариуцагч нарын зүгээс үгүйсгээгүй. Нэхэмжлэгч хариуцагч нар гэрээний зүйлүүдийн үнэ, үнийг төлөх хэлцлийн гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсанд тооцно. Ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор гэмтэх эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зөв дүгнэсэн.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагаа мөн хуулийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаанд гаргах эрхээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй, эд хөрөнгийг хүлээн авч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх дан ганц гэрчийн мэдүүлгийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.
Иймд ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.03.28-ны өдрийн 001/ШХТ2023/00350 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч Б хариуцагч “С” ХХК, Д, О нарт холбогдуулан анх нийт 28,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “С” ХХК-аас татгалзаж, хариуцагч Д, О нараас хуйлруулагчийн үнэ 15,000,000 төгрөг, 17м шланкны үнэ 1,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилсөн ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...хариуцагч Д нь 2016 оны 09 дүгээр сард Швед улсын Атлас Кофко-395 маркийн хийн компрессорын хуйлруулагчийг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 8,000,000 төгрөгийг 2016 ондоо багтааж өгнө гэсэн. ...Хуйлруулагчийг авахдаа компрессорыг тэр чигт нь авч яваад, хуйлруулагчийг салгаж аваад компрессорыг буцааж авчирч өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, ...мөн 17м шланк надад байсныг зараад өгье гэж хэлээд авсан боловч өөрсдөө хэрэглэж, үнийг нь өгөөгүй. ...иймд хуйлруулагч болон шланкны үнэ 16,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч Д хариу тайлбартаа: “...компрессорын хуйлруулагчийг худалдан авахаар тохиролцож, өөрийн дүүгийн хашаанд зөөж шалгахад 30 секунд ч хүрэхгүй хугацаанд хий шахахгүй унтраад байсан, ингээд нэхэмжлэгчтэй утсаар холбогдож хэлэхэд “...зүгээр байсан, та нар эвдчихлээ...” гээд уурлаад байсан, мөн механик инженер Ц-г дуудаж, Бгийн хажууд дахин асааж шалгуулахад мөн л ажиллахгүй байсан. Б өөрийн нүдээр харчихаад компрессороо эргүүлж авахгүй гэж хэлээд алга болсон. Доголдолтой эд хөрөнгөө эргүүлэн авахыг шаардаж, гэрт нь очсон боловч хөдөө ажлаар явсан гээд хэсэг тааралдаагүй, санаатай сураггүй алга болж, компрессороо авахгүй байгаа. Энэ эд хөрөнгийг ашиглаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр 1м нь 18,000 төгрөгийн, нийт 1,440,000 төгрөгийн үнэтэй 80м трубаг өөрийн зардлаар авч өгөөд машинаараа хүргэж өгсөн тул энэ зардлыг шланкны үнэд тооцохоор тохирсон, ...иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж,
Хариуцагч О хариу тайлбартаа: “...Дтай адил тайлбар гаргаж байна, ...нэмж хэлэхэд 1,000,000 төгрөгийн шланкны нэхэмжлэл дээр эвлэрч, харилцан тооцоо дууссан, ...хуйлруулагчийг 2 удаа шалгахад ажиллахгүй байсан, энэ талаар Баян гуайд хэлж байсан, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.
8. Анхан шатны шүүх компрессорын үнэ 15,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шланкны үнэ 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг талуудын тайлбарт үндэслэн хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж шийдвэрлэсэн,
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, 15,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
9. Хоёр шатны шүүх шланкны үнэ 1,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэхдээ талуудын тайлбар, холбогдох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин компрессорын үнэ 15,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
11. Хэрэгт цугларсан баримтаар худалдан авагч буюу хариуцагч Д, О нар компрессорын хуйлруулагчийг авахаар 2016.09.06-ны өдөр худалдагч Бгийн хашаанаас түүний эзэмшлийн Атлас Копко-395 маркийн компрессорыг кранаар ачиж авч явсан үйл баримттай маргаагүй тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч нь эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.
Нэгэнт эд хөрөнгийг хүлээн авсан тул үнийг төлөх үүрэгтэй.
Зохигч хуйлруулагчийг 15,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирсон талаар маргаагүй боловч худалдан авсан хөрөнгө доголдолтой байсан гэх үндэслэлээр хариуцагч тал эд хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзжээ.
12. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий гомдлыг гаргасан байх учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй.
13. Анхан шатны шүүх хариуцагч нараас хуйлруулагчийн үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ “...хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч нарын “...компрессорын хуйлруулагч доголдолтой, ажиллахгүй байсан...” гэх тайлбар нотлогдохгүй байна, “...компрессорыг буцаагаад өгье гэхээр Б гуай зугтааж, олдохгүй, холбоогүй байсаар өдий хүрсэн гэх тайлбар үндэслэл муутай байна...” гэсэн дүгнэлт хийсэн бол,
Давж заалдах шатны шүүх “...гэрч М, Ц нарын мэдүүлгийг нэхэмжлэгч Б баримтаар үгүйсгэж чадаагүй тул ...хийн компрессорын хуйлруулагчийг биет байдлын доголдолтой гэж дүгнэв. ...нэхэмжлэгч биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үнийг шаардах эрхгүй...” гэж дүгнэжээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон байх бөгөөд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Гэрч М, Ц нар компрессорыг шалгаж үзэхэд ажиллахгүй байсан гэсэн мэдүүлэг гаргасан боловч тэд хуйлруулагчийн ажиллахгүй байгаа шалтгааны талаар зөрүүтэй мэдүүлсэн, мөн эд хөрөнгийг шалгаж үзсэн хугацаа зөрүүтэй байна.
Тухайлбал, гэрч М “...задалж үзсэн, жижиг дотор арааны гол нь угаараа тасарсан байсан, помп нь эвдэрхий байсан, голын ноён араа буюу мотортой харьцдаг араа нь хугарсан байсан...” гэсэн бол гэрч Ц “...асангуутаа 30 минут болоод халаад унтарчихлаа гэсэн, шарик нь эвдэрсэн байх, тийм л шалтгаанаар халж байгаа, ...шүүрнүүдийг солих хэрэгтэй, нэг бол шарик нь хөдөлгөөн орсон бол халдаг гэж хэлсэн...” гэж эд хөрөнгийн доголдлын талаар зөрүүтэй мэдүүлснээс гадна гэрч Ц нь 2016 оны намар худалдаж авсан компрессорыг 2017 оны хавар үзсэн гэх ба түүний “...хавар дуудсан, “С” ХХК-ийн граш дээр нь очсон,...” /хэргийн 166 дугаар тал/ гэх мэдүүлэг нь уг хөрөнгийг анх худалдаж авахад эвдэрхий, ажиллахгүй буюу доголдолтой байсан гэдгийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй.
Эдгээр гэрчийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон төдийгүй хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болохоо нотлоогүй, энэ талаар баримтгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
15. Анхан шатны шүүхийн “...хариуцагчийн худалдан авсан эд хөрөнгийн доголдол хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хуйлруулагчийн үнийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл болгож дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ, анхан шатны шүүхийн энэ алдаа шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул дурдах нь зүйтэй.
16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00213 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М.А нарын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Бгаас 2023.03.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД