Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М***********” ХХК                                      

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О***********-оос шийтгэлийн хуудас оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У***********, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***********, Г.С***********, гомдол гаргагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б***********, хариуцагч Х.О***********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*********** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “М***********” ХХК нь тус шүүхэд хандан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Х.О***********-ы 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоолд заасан авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Бат-Эрдэнээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар[1]  цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед “...бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг  хэвийн байлгах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах... зэрэг арга хэмжээ авч ажиллах шаардлагыг “Зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд” хүргүүлжээ.

 Дээрх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихаар мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан 2020 оны 01/53 тоот удирдамж[2]-ийг батлан гаргасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О***********- 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргагч “М” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “М***********” Саппоро салбар дэлгүүр  хяналт шалгалт хийжээ.

2.3. Уг хяналт шалгалтаар тус салбар дэлгүүр нь “Н***********” ХХК-иас үхрийн махыг 1 кг-ыг 9800 төгрөгөөр худалдан авч, үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400, үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөгөөр худалдан борлуулж байсан болох нь тогтоогдсон.

2.4. Үүнийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас “махны үнийг зах зээлийн дундаж ханшаас дээгүүр хөөрөгдөн худалдан борлуулсан” гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дүгээр шийтгэлийн хуудсаар[3] М***********” ХХК-г хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийн оногдуулжээ.

М***********” ХХК-г шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дүгээр шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Харин энэхүү түдгэлзүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар тогтоолд “...хариуцагчийн хяналт шалгалтын үндэслэл болсон Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын 10 дахь заалт нь Бэлэн байдал-д шилжсэнтэй холбоотой буюу Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж гамшгийн үед хуулийн этгээдийг үүрэгжүүлсэн зохицуулалтаас үүдэлтэй; хэрэв уг үүргээ хуулийн этгээд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-т Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчил болох бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6,  ... дахь хэсэгт заасан зөрчил; гэж зааснаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч уг зөрчлийг тогтоож, хариуцлага оногдуулахаар байна.

...Түүнчлэн, хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зохицуулалтын урьдач нөхцөлийг хууль тогтоогч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гээд 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасан тул энэхүү нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох учиртай; энэ тохиолдолд шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байдлыг тогтоогоогүй; махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.

...хариуцагчийн шийтгэлийн хуудаст дурдсан зөрчил нь нэг талаас өөр эрх бүхий этгээдийн зөрчил шалган шийдвэрлэх эрх хэмжээнд харьяалагдаж байгаа бол нөгөө талаас, шийтгэлийн хуудаст баримталсан хуулийн заалтад хамаарах зөрчлийг тогтоох ажиллагаа хийгээгүй, энэ зөрчлийг журмын дагуу тогтоож, шийтгэлийг зөв оногдуулсан гэж үзэх нь эргэлзээтэй;

...хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дүгээр тогтоолд дурдсан үндэслэлийг харгалзах нь зүйтэй...” гэжээ.

Гэтэл хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас  дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд  ажиллагааг хийж, М” ХХК-г “цар тахлын онцгой байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж, хохироож байгаа үйлдэл” гаргасан гэж үзэн “М***********” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” зөрчил гаргасанд тооцон, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 000225* дугаар[4] шийтгэлийн хуудсаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгосон байна.

2.5. Энэ шийтгэлийн хуудастай холбогдуулан “М***********” ХХК-ийг гүйцэтгэх захирал С.С***********  2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/132 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.[5]

2.6. Уг гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/369 тоот албан бичгээр гомдолд хариу өгсөн байна.[6]

2.7. Дээрх хариуг “М***********” ХХК эс зөвшөөрч, тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн зүгээс “... улсын байцаагч тус компанийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, шийтгэлийн хуудсанд хууль ёсны ашиг сонирхлыг харшлах болон өрсөлдөөнийг хязгаарлахыг чиглэсэн байдлыг тогтоогоогүй, Монгол Улсын Дээд шүүхийн 2021.11.22-ны өдрийн 138 дугаар тогтоолоор махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх асуудал нь Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдахгүй, улсын байцаагч уг асуудлыг харьяаллын дагуу гамшгаас хамгаалах улсын байцаагчид шилжүүлэн шалгуулах хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой дүгнэсэн байтал хуульд заасан зохих актыг үйлдэхгүйгээр дахин шинэ акт гэдэг байдлаар хууль зүйн үндэслэл, агуулгын хувьд өмнөх актын нэгэн адил акт гаргасан нь үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д зааснаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч уг зөрчлийг тогтоож хариуцлага оногдуулах байсан...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

3.2. Хариуцагчийн зүгээс “... хяналт шалгалтаар тус салбар дэлгүүр нь нийлүүлэгч “Н***********” ХХК-иас үхрийн махыг 1 кг-ыг 9800 төгрөгөөр авч, зах зээлийн дундаж ханшнаас дээгүүр үнээр буюу үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400, үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөгөөр худалдан борлуулж байсан бөгөөд бусад зах, худалдааны төв М*********** ХХК-ийн сүлжээ дэлгүүртэй ижил түвшний дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй махны үнэ өөрчлөгдөөгүй, урьдын адил хэмжээнд байсан ба шатахууны үнэ ханш хэвийн байсан нөхцөл байдалд “М***********” ХХК-ийн “М***********” саппоро салбар нь улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлээгүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж, хэрэглэгчдийг хохироосон үйлдэлд нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ...” гэх зөрчил гэж үзэх үндэслэлтэй, тиймээс “М***********” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх зэргээр тайлбарлаж байна.

3.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М***********” ХХК нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын ууган сүлжээ дэлгүүр юм. Цар тахлын үед хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн үнэтэй уялдуулан зарж байсан.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7-т заасныг удирдлага болгон “М***********” ХХК-ийг махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн гэх үндэслэлээр 20.000.000 төгрөгөөр торгосон. Тус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор тус актын биелэлтийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар буюу зөрчлийн хэрэг нээн шалгах нийт 58 хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас шинэ акт гаргаж байгаа гэдэг нэрийдлээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин хууль бус акт гаргасан. Улсын Дээд шүүхийн тайлбараар хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргахыг шинэ акт гаргана гэж ойлгохыг тайлбарласан байдаг. Х.О***********- нь өмнө нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж зөрчил ногдуулсан шийтгэлийн хуудас гаргаж байсан бол энэ удаад зөрчлийн хэрэг нээн шалгасан тохиолдолд гаргасан шийтгэлийн хуудас үйлдсэн байдаг. Нөхцөл байдлыг дахин тодруулан судлахгүйгээр дахин шинэ акт гаргаж хувийн хэвшлийн компаниудыг шахаж, дарамталж байгаа нь харамсалтай байна. Маргаан бүхий үе нь “Ковид-19” цар тахал гараад хөл хорио тогтоосон үе байдаг. Энэ үед мах, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд захирагчийн ажлын албанаас зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэсэн чиглэмж өгч өдөр, цаг  минут тутамд үнийн мэдээлэл авч байсан. Гэтэл нөгөө талд торгож байгаа үйлдэл нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй нэг нэгнээ үгүйсгэсэн нөхцөл байдал гэж харагдаж байна...

Хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зүйл “М***********” ХХК-д байхгүй. Одоог хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт манай компанид хандан гомдол гаргаж байгаагүй. Мөн тогтоолыг баримтлаад байна. Хуульд зөрчлийн хэргийг Онцгой байдлын алба шийдвэрлэнэ гэж байхад хуулийг давсан тогтоол баримтлаад байгаа нь хачирхалтай байна. Мөн дахин шинэ акт гаргахдаа шинээр нотлох баримтууд гаргаж өгөөгүй гэж ярьж байна. Манай талаас зөрчлийн хэрэг нээхэд бүх баримтуудыг өгсөн. Өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй тохиолдолд өөрсдийнхөө өмнө нээсэн хэргийг харах, эсхүл өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримт цуглуулах боломж байсан гэж үзэж байна. Гэтэл өөрсдөө баримт гаргаж өгөөгүй гэж шинэ акт гаргах нэрийдлээр удаашруулсан.” гэжээ.

3.4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зах зээлийн дундаж үнэтэй харьцуулаад махны үнийг өндөр байна гэх нь өрөөсгөл асуудал гэж үзэж байна. Дундаж үнэ бол бүх зах зээлд байгаа худалдааны төвийн, жижиглэнгийн, бөөний үнийг нийлүүлээд статистикийн газар дундаж үнийг гаргадаг. Энэ дундаж үнээс дээгүүр худалдаалж байна гээд аж ахуйн нэгжийг 12.500 төгрөгөөр махыг худалдаал гэж шууд ташуурдаад байж болохгүй.

Улаанбаатар хотын бүх махыг “Дэнжийн 1000” худалдааны төвөөс авдаг гэдгийг мэдэж байгаа.  Тэндээс аж ахуйн нэгжүүд, өрхүүд, хоолны газрууд махаа худалдаж авдаг. У.Халиунаа төлөөлөгч “М***********” ХХК-аас бүх махны баримтуудаа гаргаж өгсөн гэж байна. Тухайн үеийн баримтууд буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх санхүүгийн тамгатай баримтуудаа гаргаж өгсөн. Ямар үнээр махаа аваад яаж худалдаалдаг талаарх баримтаа гаргаж өгсөн. Мөн манай дэлгүүрүүдээс кассын баримтыг нотолгоо болгож авсан байхад яагаад нэмэлт зүйл шаардсан бэ. Бүх баримтаа өгсөн учраас нэмж өгөх баримт байгаагүй. Бодит байдал дээр худалдан авагчийн хохироож махны үнийг хөөрөгдөж зараагүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зах зээлийн нөхцөл байдлын үнийн өсөлт орж ирэхэд бид хасах ашигтайгаар тэсээд үлдсэн байна. Ийм байхад яагаад ойлгохгүй байна вэ гэдэг тайлбарыг би өөрийн биеэр хоёр жил тайлбарлаад явж байна. Ташаа мэдээллээр бидний шууд  торгох нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж үзэж байна...

2020 оны 11 сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд махны үнийг 700-1500 төгрөгөөр байнга тогтмол нэмсэн гэж байна. 5 удаагийн махны өртөг өсөлт мах бэлтгэн нийлүүлэгчээс орж ирсэн. Бид 4 удаа махны үнийг өсгөж бууруулсан. 2020 оны 11 сарын 10-ны өдөр махыг 7.800 төгрөгөөр аваад элэгдэл хорогдлоо хасаад 11.400 төгрөг болсон гэх мэтчилэн 2020 оны 11 сарын 13-ны өдөр 10.022 төгрөг хүртэл махны ханш өссөн байдаг. Ясны хорогдлоо шингээгээд үзэхээр үхрийн махыг худалдан авагч шууд худалдаж авдаггүй. 12.700 төгрөг байж байгаад 14.400 төгрөг болж махны үнэ өссөн. Энэ мэтчилэн махны үнийг байнга тогтмол өсгөсөн гэдэг нь худлаа мэдээлэл байна. Мэдээлэл үнийн графикаар буюу харьцуулсан өртгийн баримтаар нотлогдоно. Дундаж үнэ гэдгийг улсын хэмжээгээр гаргасан гэж У.Х*********** төлөөлөгч хэлж байна. Улсын хэмжээний буюу жижигхэн, зах, худалдааны төвүүдийн дундаж үнэтэй Сонгинохайрхан дүүргийн үнэтэй харьцуулж байгаа нь өрөөсгөл гэж хэлмээр байна. Махыг Дэнжийн 1000 худалдааны төв буюу бэлтгэн нийлүүлж байгаа анхны суваг дээр үнийн өсөлт бууралт явагдаж байгааг өглөө болгон очиж шалгаж байгаа атлаа манай байгууллагыг 12.500 төгрөгөөр мах худалдаал гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мах нь нөөцлөгддөг бараа биш. Импортын бараа бүтээгдэхүүн анхны үнээсээ нөөцлөгдсөн байдаг учраас дараагийн татан авалт хийгдтэл хуучин үнээрээ худалдаалагддаг. Зах зээл дээр үнэ өссөн байсан ч будаа, сахар зэрэг барааг өмнө нь нөөцөлсөн байсан учраас хуучин хямд үнээрээ дарна. Гэтэл мах дээд тал нь 2 хоногийн настай. Лангуун дээр тавиад маргааш өдрөөс нь харлалт үүсээд эхэлж байдаг. Тэгэхээр бид өдөр бүр шинэ мах худалдаж аваад зарахгүй бол хуучирсан махыг худалдан авагч авахгүй. Гэтэл өдөр өдөртөө өсөж байгаа мэдээллийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Дэнжийн 1000 худалдааны төвөөс авч байна гэж байна. Өдөр өдрөөс өсөж байгаа мэдээллийг тухайн үед цахим орчинд сайн цацаж байсан. Ийм байхад манай байгууллагыг 12.500 төгрөгөөс махаа зар гэж шахаад байгааг ойлгохгүй байна.” гэжээ.

3.5. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б***********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие “М***********” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч Х.О***********-ы 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг дэмжин оролцож байна.

Гомдлын шаардлагадаа тодорхой дурдсан учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шүүхэд ирүүлсэн тайлбарт товч хариулт өгье. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаартай тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсаар торгуул ногдуулсан гэж тайлбарладаг.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 зүйлийн 127.4 болон 127.5-т заасны дагуу хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр бөгөөд үүнд гомдол гаргах эрхгүй байдаг учраас шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж хугацаа тоологдож эхлэх учиртай.

Иймд дээрх хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг маргаан бүхий акт хүчингүй болсон гэж үзэж байна. Зөрчлийн тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг зөв тайлбарласан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тайлбартаа ирүүлсэн байдаг.

Гэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаартай магадлал болон хяналтын шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаартай тогтоолын хянавал хэсэгт “Өрсөлдөөний тухай хуулийг буруу хэрэглэсэн, харьяалал зөрчиж шалгасан байх тул дахин шинэ акт 58 хоногийн дотор гаргахдаа үүнийг харгалзан үзээрэй” гэж дурдсаар байтал зөвхөн 58 хоногийн дотор гэдгийг анхаарч тогтоол, магадлалыг гүйцэж уншилгүй дахин шинэ акт гаргасан байдаг.

Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг баймаар юм. Гэтэл хууль хэрэгжүүлэгч улсын байцаагч шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэж уншиж ойлгохгүй эсхүл ойлгохыг хүсдэггүй. Газрын даргад энэ талаар хандахаар ойшоохгүй байгаа нь хачирхалтай юм. Мэргэжлийн бус хүмүүс дарга болж ирээд үүнд ач холбогдол өгдөггүй байх. Хяналтын шатны шүүх тогтоолын 24 дэх хэсэгт дахин шинэ акт гаргахдаа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 351 тогтоолд дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзээрэй гэсэн байдаг боловч үүнийг ойшоохгүйгээр шийтгэлийн хуудас гаргасан. Шүүхэд татан ирүүлсэн тухайн нотлох баримттай танилцаад үзэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль буруу хэрэглэж, харьяалал зөрчиж шийдвэрлэн оногдуулсан шийтгэвэр нь хүчингүй болж байгаа талаар 15, 16 дахь хэсэгт заагдсан байна.

 Энэ талаар иргэдээс алга ташилт хүлээн буруу мэдээлэл цахим орчинд тараагаад байдаг. Тухайн шийдвэрүүд шүүх дээр очоод удаа дараа хүчингүй болж байгаа талаараа иргэдэд мэдээлдэггүй. Өмнөх удирдлагууд нь алга ташилтаа аваад албан тушаал дэвшээд явдаг учраас улсын байцаагчийн шийдвэр юу ч биш болж байгаа талаар өмгөөлөгч миний зүгээс харагдаж байна. Улсын байцаагч нар нь мөн хуулиа өөрсдийнхөөрөө буруу тайлбарлаж яваад байдаг. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Засгийн газрын 78 дугаартай тогтоолыг нөгөө талаас тайлбарладаг.

Тухайн тогтоол нь зохион байгуулалтын шинжтэй болохоос хуулиар олгосон улсын байцаагчийн эрх үүргийг хэн нэгэнд шилжүүлж олгосон тогтоол биш гэдгийг хэлмээр байна. Үнийн өсөлтийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярих байх. Харин зах зээлийн дундаж ханшаас дээгүүр үнээр зарсан гэдэг нь тогтоогдож Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул 20.000 нэгжээр торгосон гэх шийтгэлийн хуудас ирүүлсэнд нэг зүйл хэлье. Зөрчлийн хэрэг нээж хянан шийдвэрлэсний дараа шийтгэлийн хуудсууд бичигддэг. Нээсэн хэргээ Нийслэлийн прокурорт хянуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 бүлгийн 4.2.4, 4.2.5-т заасныг буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь харагдаж байна. Прокурорт хянуулсан бол ядаж харьяаллыг нь тодорхойлж өгөх байсан.

Мөн нөгөөтэйгүүр “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор мах болон өргөн хэрэглээний барааны хангамж, үнийн байдалд хяналт шалгалт хийсэн гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүйлийн 34.2.9-т гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 зүйлийн 4 хэсэгт Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэхээр заасаар байтал харьяалал зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Улсын байцаагч Х.О***********- нь “М***********” ХХК-ийг махыг дундаж ханшаас дээгүүр үнийг хөөрөгдөн худалдан борлуулсан буруутгахдаа энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17 зүйлийн 17.4.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь хууль зөрчсөн гэх үзсэн объектив үйлдэлд хамаарахгүй гэж үзэж байна.

Бидний хувьд мах бэлтгэн нийлүүлэгчийн үнийн саналыг үндэслэн өөрчлөлт хийдэг ба энэхүү үйлдлээ ямар ч аж ахуйн нэгжийн шударгаар өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхолд харшлах, өрсөлдөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Аливаа иргэн болон аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол шүүхэд ирүүлсэн материалд байдаггүй. Мөн “М***********” ХХК-ийг улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байдаг.

Энэ тохиолдолд өөр эрх зүйн орчин, хууль эрх зүйн нөхцөл шаардлага тавигдана гэж үзэж байна. Шалгалтаасаа түрүүлж албан шаардлага гаргадаг нь буруу. Эхлээд зөвлөмж гаргаад шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу албан шаардлага хүргүүлэх нь зүйд нийцэх байсан болов уу. Улсын дээд шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай зөвлөмжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Тухайлбал зөвлөмжийн 1 болон 6 дахь хэсэгт улсын байцаагчийн захиргааны акт хуульд нийцэж буй эсэх, зөрчил илэрсэн бол албан шаардлагыг хүргүүлнэ гэж тодорхой заасан байдаг. Эцэст нь хэлэхэд улсын байцаагч дараах хуулиудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Үүнд, 58 хоногийг хэтрүүлэн шинэ акт гаргасан. Өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр заасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон харьяалал буюу 1 зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн байна. Мөн энэ хуулийн 2 зүйлийн 2.2-г буюу прокурорт олгогдсон бүрэн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.2-т заасан прокурорт мэдэгдвэл зохих хугацааг зөрчсөн. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/4139 тоот албан бичгээр тодорхойлолт нь харагдаж байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О***********-ы 2022 оны 02 дугаар сарын 15-ны  өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Х*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийн шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх энэхүү арга хэмжээнд улсын хэмжээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

“М***********” ХХК-д шийтгэл ногдуулсан хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр юм. Энэ үед улс орон даяар бүх нийтийн байдалд шилжсэн байсан. Энэ үед иргэд хэрэглэгчид маань гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авах боломжтой байсан. Дүүрэг дамжиж явах боломж байгаагүй. Гудамжаар автомашин, нийтийн тээвэр ч зорчихгүй үе байсан. Манай агентлагийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 78 дугаартай тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай тушаалаар хүлээсэн үүргийн дагуу энэхүү үйл ажиллагааг явуулсан байдаг. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлт, хангамж, нөөц, худалдаалалтын эрэлтэд өдөр тутамд хяналт тавьж арга хэмжээ авч ажиллахыг бидэнд үүрэг болгосон.

Бид нэхэмжлэгч талыг ашиг олох зорилготой гэж эхлээд хараагүй. Цар тахлын хугацаа байсан учраас эхлээд албан шаардлагаа өгсөн. Үүнийгээ тухайн үед худалдаа хийж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Бид шууд торгож эхлээгүй. Толгой компанид албан шаардлагаа хүргүүлээд салбаруудад хяналтаа тавьж явсан. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай шүүхийн шийдвэрт “М***********” ХХК нь 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнөх 1 сарын хугацаанд нэг үнээр махаа худалдаалж байсан. Яг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд 500, 1000, 1500 төгрөгөөр нэмэгдүүлсээр 11 дүгээр сарын 14-ний өдөр Саппоро дахь салбарт ороход 14.500 төгрөгөөр худалдаалж байсан. Яагаад тухайн үед “М***********” ХХК-ийг өндөр үнэтэй гэж үзсэн гэхээр 7 хоног тутамд гардаг статистикийн гол нэрийн бүтээгдэхүүний үнийг өдөр тутамд авч байсан.

Өдөр болгон мэдээ авч гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийг тогтоож энэ үнэ дээр барих ёстой юм байна гэж үзсэн. Учир нь хэрэглэгч хямд бүтээгдэхүүн аваад явах сонголт байхгүй учраас бүх аж ахуйн нэгжүүдийг энэ үнэ дээр барих үүднээс 12500 төгрөгийн үнийг тавьсан. Тухайн үед “Хүчин шонхор” худалдааны төвд үхрийн цул мал 9500-9800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан. Биднийг хяналт шалгалтаар очиход нөлөө талаас гаргаж өгсөн зарлагын баримтаар тогтоогддог. Мэдээж элэгдэл хорогдлыг гаргадаг.  Аль ч түвшинд мах худалдаалдаг худалдаачид маань хэлдэг. 10-20 хувийн нэмэгдэлтэй худалдаалж байгаа. Үүнийг болж байна гээд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч компани 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд өдөр тутамдаа үнээ өсгөөд явж байгаа нь өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээр үнийн хөөрөгдөл мөн байна гэж үзсэн. Тийм учраас шийтгэл ногдуулсан. Шийтгэлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд зөрчлийн хэргийг шинээр нээ гэж хэлээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7-д хохирол нөхөн төлбөрийг тооцож иргэнийг 2000 нэгжээр, хуулийн этгээдийн 20.000 нэгжээр торгох заалт байна. Бид 11 дүгээр сарын 14-ний өдөр шийтгэл ногдуулахдаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил нь ил тод гэж үзсэн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шууд шийтгэл ногдуулсан. Үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж бид үзэж байна.

Өмнөх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирол нөхөн төлбөрийг тооцоод захиргааны шинэ акт гаргатал 58 хоногоор түр түдгэлзүүлсэн. Үүнийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шийдвэр танилцуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор албажиж гарч ирдэг. Энэ журмын дагуу бид хяналтын шатны тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 58 хоногийг тооцож шийтгэлээ ногдуулсан. Үүнийг хугацаа хэтрүүлэн шинэ акт гаргасан гэж үзээгүй. Шинэ акт гаргах явцад “М***********” ХХК-д очоод шууд хохирол нөхөн тооцох нөхцөл байхгүй болж байхгүй болж байна. Энэ аж ахуйн нэгжийн санхүүгийн болон кассын баримтыг тухайн цаг мөчид гаргуулж авсан.

Өнөөдрийн түвшинд энэ компаниас холбогдох баримтыг гаргуулж авъя гэхээр албан бичгээр болон ирээд хэлж байгаа зүйл нь “танайхаас манай байгууллагыг шалгахгүй байх байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу харьяаллын дагуу гамшгийн байцаагчид шилжүүлэх ёстой” гэж яриад байгаа юм. Аж ахуйн нэгж хэнээр торгуулах, харьяаллаа тогтоох эрх аль ч хуулийн заалтад байхгүй. Эрх бүхий албан тушаалтан шүүхээс өгсөн хугацаанд хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа дахин явуулъя баримтаа гаргаад өг гэхээр өөдөөс тайлбар тавиад байдаг. Тэр тайлбараа тавьсаар 58 хоног дууссан учраас 58 дахь хоног дээр нь шийтгэлийн хуудсыг бичиж өгсөн. Прокурор дээр бүртгүүлээгүй гэдэг маань бид зөрчил шалган шийдвэрлэж зөрчлийн хэрэг нээгээгүй. Шүүхээс өгсөн дутуу явуулсан ажиллагаа явуул гэдэг даалгаврыг бидэнд өгсөн. Энэ ажиллагааг явуулах гэхээр нэхэмжлэгч саад учруулж нотлох баримтаа гаргаж өгөхгүй байсан асуудал байна. Бид ганц “М” ХХК-ийг торгоод өнгөрөөгүй. Олон нийтээс алга ташилт авах гэж торгоогүй. Энэ нь хяналтын байгууллагад байх ёстой асуудал. Бид тухайн үед бүхий л шатны байгууллагуудад шийтгэлийн арга хэмжээ аваад явж байсан. Бидэнд иргэнийг ч торгож байсан тохиолдол байна. Бусад худалдааны төвүүдийг нээхээс хаах хүртэл нь иргэд хэрэглэгчдэд чанартай хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө цар тахлын хөл хориотой үед төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан гэж үзэж байна. Иймд “М” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...

Хяналт шалгалтын явцад хэлсэн баримтуудыг гаргаж авсан. Шинэ акт гаргахдаа яагаад шинэ баримт шаардсан бэ гэхээр хохирол нөхөн төлбөрийг тооцохын тулд нөгөө тал маань хэчнээн килограмм махыг хэдэн хүнд худалдаалсан бэ гэдэг мэдээллээ гаргаж өгнө үү гэдгийг албан бичигтээ тодорхой бичсэн. Тэгэхэд нөгөө талаас хэлдэг зүйлээ хэлж, ярьдаг зүйлээ ярьсан. Яаж тайлбарласан ойлгохгүй, ойлгохгүй хүсэхгүй байсан. Өрсөлдөөний тухай хуулийн 12 зүйлийн 12.1.10-т заасан хууль бус худалдааны арга хэрэглэж хэрэглэгчийг хохироосон бол гэдэг заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан. 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд тогтмол үнээ нэмэгдүүлээд явсныг хууль бус үйлдэл байна гэж үзсэн. Тийм учраас шийтгэл ногдуулсан. Манай шийтгэл харьяаллын дагуу, хуулийн дагуу байсан гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.1. Хариуцагч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Х.О-ы 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7 дахь заалтыг баримталсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***********: “...Өрсөлдөөний тухай хуулийн 12 зүйлийн 12.1.10-т заасан хууль бус худалдааны арга хэрэглэж хэрэглэгчийг хохироосон бол гэдэг заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан. 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд тогтмол үнээ нэмэгдүүлээд явсныг хууль бус үйлдэл байна гэж үзсэн...” гэж тайлбарласан болно.

4.2. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:, 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж тус тус хуульчилсан байна.

4.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр тодотгон хуульчилсан байх ба энэ тохиолдолд махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.

4.4. Тодруулбал, “М*********** ХХК нь “Н***********” ХХК-иас үхрийн махыг 1 кг-ыг 9800 төгрөгөөр авч, махнаас хасагдах хаягдал, элэгдэл хорогдлыг тооцон үзээд үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400, үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөгөөр худалдан борлуулсан нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх эрхийг хязгаарлахгүй.

4.5. Учир нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хороонд “М*********** ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч  аж ахуйн нэгжүүдийн үхрийн махны худалдаалах үнэтэй гомдол гаргагч компанийн тогтоосон махны үнийг харьцуулан үзэхэд[7] түүнийг “махны үнийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээс дээгүүр буюу үнийн хөөрөгдөл үүсгэн худалдсан” гэж буруутгах боломжгүй байна.

4.6. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байх тул тус хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

4.7. Түүнчлэн хариуцагч дахин шинэ актыг гаргахдаа Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар тогтоолд[8] заасан “...хяналт шалгалтын үндэслэл болсон Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын 10 дахь заалт нь Бэлэн байдал-д шилжсэнтэй холбоотой буюу Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж гамшгийн үед хуулийн этгээдийг үүрэгжүүлсэн зохицуулалтаас үүдэлтэй; хэрэв уг үүргээ хуулийн этгээд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-т Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчил болох бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6,  ... дахь хэсэгт заасан зөрчил; гэж зааснаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч уг зөрчлийг тогтоож, хариуцлага оногдуулахаар байна...” заасан ажиллагааг анхаарч үзээгүй байна.

4.8. Иймд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчмыг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Х.О***********-ы  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7-д заасныг заасныг баримтлан “М***********” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О***********-ы гаргасан 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000225* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 87-88 дахь тал

[2] Хх 79-80 дахь тал

[3] Хх 9 дэх тал

[4] Хх 7 дахь тал

[5] Хх 11-13 дахь тал

[6] Хх 14 дэх тал

[7] ХХ 176-178 дахь тал

[8] Хх 115-118 дахь тал