Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/00573

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр                       Дугаар 102/ШШ2021/00573                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, дүгээр хороо, “И д” ХХК-ийн байр, тоотод оршин байрлах, “Г т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б, дугаар хороо,  тоотод оршин суух хаягтай, Н.У-д холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ю.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Г т” ХХК нь төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Н.У нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж 47,862,600 төгрөгийн үнэ бүхий барилгын трубаг худалдан авч, 1 сарын дараа үнийг төлөхөөр тохиролцсон. Тэрээр 15,461,400 төгрөгийн үнэ бүхий 159-ын хар труба 73 ширхгийг, 19,162,200 төгрөгийн үнэ бүхий 133-ын хар труба 109 ширхгийг, 1,155,000 төгрөгийн үнэ бүхий 89-ийн труба 11 ширхгийг, 11,785,200 төгрөгийн үнэ бүхий 125-ын цагаан труба 61 ширхгийг, 298,800 төгрөгийн үнэ бүхий 100-ын цагаан труба 2 ширхгийг, нийт 47,862,600 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдан авсан байгаа. Компанийн удирдлагууд хариуцагч Н.Ундрахзаяатай найз нөхдийн холбоотой байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчид итгээд ямар нэг бичгийн гэрээг байгуулаагүй нь үнэн. Харамсалтай нь хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэлийг эвдэж трубаны үнийг одоог хүртэл төлөхгүй элдэв шалтаг хайсаар байна. 256 ширхэг трубаг амаар худалдан, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч Н.У-д өгсөн түүнээс хойш нэг ч төлбөр хийгээгүй. Бид өөрсдийн шаардлагыг нотлох гэж “Г т” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Б-ийн Фэйсбүүк чатаар Н.У-тай харилцан ярилцсан ярианд үзлэг хийлгэсэн. Уг үзлэгээр Н.У нь ямар ч байсан труба авсан талаараа хэлсэн нь нотлох баримтаар бэхжиж хэрэгт авагдсан. П.Б нь “Г т” ХХК-ийн захирлын төрсөн ах нь бөгөөд энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй. Иймд хариуцагч Н.У-аас трубаны үнэ 47,862,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлүүдээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Талуудын хооронд ямар ч гэрээ, тэр дундаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд худалдагч маргаан бүхий трубаг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хэлээд байгаа трубаг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр барааны үнийг төлөх шаардах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Н.У-д ямар ч трубаг шилжүүлээгүй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий трубаг хүлээн аваагүй, мөн худалдах-худалдан авах талаар хэлцлийг нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирч байгаагүй болно. Хэлцлийг амаар тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”,  43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасны дагуу хэлцлийг амаар хэлэлцэн тохиролцоход ч мөн адил гэрээний гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн, тохиролцсон байх шаардлагыг тавина. Иймд хариуцагч Н.У нь трубаг хүлээн аваагүй, мөн труба худалдаж авах талаар нэхэмжлэгч компанитай хэлэлцэн тохиролцсон талаарх үйл баримт байхгүй болно.

Хоёр. Нотлох баримтын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, тайлбар гаргах, түүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох гэж өгсөн харилцан яриа буюу цахим зурвас нь “Г т” ХХК-тай бус П.Б гэх ямар ч хамааралгүй хүнтэй харилцсан зурвас болно. Мөн тухайн зурвас доторх трубаг хүлээн авсан тухай орлогын баримт нь Иргэн З.Б гэх хүн хүлээн авсан тухай гарын үсэгтэй баримт бөгөөд З.Б гэх хүнээс трубаны үнийг шаардах нь зүйтэй. Тэгээд ч хэрэгт ямар ч 47,862,600 төгрөг гэхээр баримт байхгүй, харин 22,800,000 төгрөг л гэсэн баримт үзлэгээр тогтоогдсон. Манай талаас үзлэгээр илэрсэн үйл баримттай маргаагүй, харин хариуцагч өөр хүнтэй бичсэн, нэхэмжлэгч өөр хүнээсээ мөнгөө шаард л гэсэн тайлбар гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “Г т” ХХК нь хариуцагч Н.У-д холбогдуулж гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүхээс уг нэхэмжлэлд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

Улмаар шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Н.Ундрахзаяад нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Н.У-ийн шүүхэд хариу тайлбар өгөх хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байсан ч тэрээр 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэг хүсэлт, тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй үйл баримт тогтоогдсон.

 

2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Н.У-аас гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон. 

 

Харин хариуцагч талаас “...талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй, ...нэхэмжлэгчээс ямар нэг труба хүлээж аваагүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа тайлбарлажээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд, өөрийн шаардлагаа нотлох үүднээс хариуцагч Н-ийн У-тай цахимаар харилцсан ярианд үзлэг хийлгэсэн. Уг үзлэгийн тэмдэглэлд хариуцагч Н.У-аас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Орлогын баримт”-ын зургийг явуулаад доор нь “...22,800 болсон байгаа биз хө” гэж бичсэн нь тусгагджээ. Мөн уг “Орлогын баримт”-д “...=22,880,000 т” гэсэн бичиглэл хийгджээ.

 

Дээрх үзлэгийн тэмдэглэлийг хариуцагч Н.У-ийн “...Н.У-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт трубаны үнэ болох 47,862,600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг тайлбар, татгалзал гаргаагүй үйл баримттай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. 

 

Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

 

Нэгэнт тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн нийлүүлсэн барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “...47,862,600 төгрөг”-ийн хэмжээний бараа буюу трубаг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул нотлогдсон хэмжээгээр буюу шүүхээс хийсэн үзлэгийн хэмжээгээр тогтоогдсон 22,880,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангана. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У-аас 22,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,982,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ