Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00971

 

 

 

 

 

 

 

 

 

"Г У Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Г У Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Уд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: "Г У Т" ХХК нь төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Н.У нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанитай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж 47,862,600 төгрөгийн үнэ бүхий барилгын трубаг худалдан авч, 1 сарын дараа үнийг төлөхөөр тохиролцсон. Тэрээр 15,461,400 төгрөгийн үнэ бүхий 159-ын хар труба 73 ширхгийг, 19,162,200 төгрөгийн үнэ бүхий 133-ын хар труба 109 ширхгийг, 1,155,000 төгрөгийн үнэ бүхий 89-ийн труба 11 ширхгийг, 11,785,200 төгрөгийн үнэ бүхий 125-ын цагаан труба 61 ширхгийг, 298,800 төгрөгийн үнэ бүхий 100-ын цагаан труба 2 ширхгийг, нийт 47,862,600 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдан авсан.

Компанийн удирдлагууд хариуцагч Н.Утай найз нөхдийн холбоотой байсан учир түүнд итгэж, гэрээг бичгээр байгуулаагүй. 256 ширхэг трубаг амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж хариуцагч Н.Уд өгснөөс хойш нэг ч төлбөр хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гэж "Г У Т" ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Батхүлэгийн Н.Утай Фэйсбүүк чатаар харилцсан ярианд үзлэг хийлгэсэн. Уг үзлэгээр Н.У нь ямар ч байсан труба авсан талаараа хэлсэн нь нотлох баримтаар бэхжиж хэрэгт авагдсан. П.Батхүлэг нь "Г У Т" ХХК-ийн захирлын төрсөн ах нь бөгөөд энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй.

Иймд хариуцагч Н.Угаас трубаны үнэ 47,862,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд худалдагч маргаан бүхий трубаг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хэлээд байгаа трубаг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр барааны үнийг төлөх шаардах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь Н.Уд ямар ч труба шилжүүлээгүй, хариуцагч нь маргаан бүхий трубаг хүлээн аваагүй, мөн худалдах-худалдан авах талаар нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирч байгаагүй болно. Хэлцлийг амаар тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан  шаардлагыг тавина.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, тайлбар гаргах, түүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох гэж өгсөн харилцан яриа буюу цахим зурвас нь “Гурван-уул трэйд” ХХК-тай бус П.Батхүлэг гэх ямар ч хамааралгүй хүнтэй харилцсан зурвас болно. Мөн тухайн зурвас доторх трубаг хүлээн авсан тухай орлогын баримт нь З.Баттогтох гэх хүн хүлээн авсан тухай гарын үсэгтэй баримт бөгөөд З.Баттогтох гэх хүнээс трубаны үнийг шаардах нь зүйтэй. Хэрэгт 47,862,600 төгрөг гэсэн баримт байхгүй, харин 22,800,000 төгрөг л гэсэн баримт үзлэгээр тогтоогдсон. Манай талаас үзлэгээр илэрсэн үйл баримттай маргаагүй, харин хариуцагч өөр хүнтэй бичсэн, нэхэмжлэгч өөр хүнээс мөнгөө шаард л гэсэн тайлбар гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Угаас 22,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г У Т" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,982,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Компанийн удирдлагууд хариуцагчтай найз, нөхдийн харилцаатай байсан тул 2018 оны 10 сарын 10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр бус амаар байгуулсан. Хариуцагч өөрийн фэйсбүүк хаягийн чатаар нэхэмжлэгч рүү бараа материалыг хүлээн авсан актын зургийг дарж явуулсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Шүүхээс тус харилцан ярианд хийсэн үзлэгээр  батлагдсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухайн акт дээр бараа материалын тоо ширхгийг тусгасан байдаг ба нэг хувь үйлдэж хариуцагчид өгсөн. Хариуцагч тухайн бараа хүлээлцсэн акт дээр нэмэлтээр 22,800,000 төгрөг гэх үнийн дүнг бичиж нэхэмжлэгч рүү чатаар илгээхэд энэ ч хамаагүй л дээ нөгөөдүүл трубагаараал бодно” хэмээн тухайн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хангалттай илэрхийлсэн байхад үүнийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлээгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бараа материал, труба хүлээж авсан актыг Н.Угаас эх хувиар гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шүүгчийн захирамж биелэгдээгүй. 2021 оны 03 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч тус актыг эх хувиар нь гаргаж өгсөн ба энэ нь фэйсбүүк хаягийн зурваст тусгагдсан актаас тэс өөр энгийн нүдээр харахад ялгагдахаар хуурамч нотлох баримтыг шинээр үйлдэж гаргаж өгсөн. Шүүх хуралдааны үеэр тухайн нотлох баримтыг шалгах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан ч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул нь 2020 оны 08 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмнөөс шүүх хуралд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг бичиж гарын үсгийг дурайлган зурсан хуульчийн мэргэжлийн ноцтой алдааг гаргаж энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг өмгөөлөгч зөрчсөн, шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Эдгээрээс үзэхэд өмгөөлөгч хуулийн бус аргаар баримтыг бүрдүүлдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгч хуульд заасны дагуу шийдвэр гаргахад саад учруулж байна.

Манай компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Төмөрт” ХХК-ийн 2018 оны үнийн дүнг өөрийн компанийн үнийн дүнтэй харьцуулахад 10 425 000 төгрөгийн үнийн зөрүүтэй ба компанийн удирдлага хариуцагчтай найз нөхдийн холбоотой байсан тул трубаг зах зээлийн ханшнаас бага үнээр худалдсан. Шүүхээс хийсэн үзлэгээр “Түмэн Төмөрт” ХХК-ийн тухайн үеийн үнийг баталгаажуулсан үнэ тул нэхэмжлэгчийн шаардаж буй 47,862,600 төгрөг нь зохиомол үнэ биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг өмнө нь хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Уг магадлалд нэхэмжлэгч нь амаар харилцан тохиролцож байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Н.Угаас трубаны үнэ 47,862,600 төгрөгийг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан нь 2020 оны 08 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөө буюу үнийг шаардах эрхтэйгээ нотлох шаардлагатай. Хэрэгт гэрээний зүйлийг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн, худалдан авагч буюу хариуцагчид үүрэг үүссэнийг нотлох баримт авагдаагүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариу тайлбараа бичгээр гаргаж, холбогдох нотлох баримтыг гарган өгсөн байдаг. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, мэтгэлцэж оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хангалттай, тодорхой илэрхийлсэн байхад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч тайлбар өгөөгүй мэтээр дүгнэсэн байна. Иймд шүүх эдгээр үйл баримтуудыг үнэлэхгүйгээр талуудын хооронд худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж буруугаар, бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэхийн тулд талууд гэрээний гол нөхцлийг тохирсон байх мөн худалдагч маргаан бүхий трубаг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, хэдэн ширхэг трубаг ямар үнээр, хэзээ хаана нийлүүлэх тухай тохиролцсон байх шаардлагатай.

Хариуцагч гэрээний гол нөхцөлийг тохирсон эсэх мөн трубаг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн тухайд хариуцагч эс зөвшөөрч хариу татгалзлаа бичгээр болон амаар шүүх хуралдаанд илэрхийлж байсан мөн үзлэгийн тэмдэглэлд “22,880,000 төгрөг болсон байгаа биз хө” гэх зурвас дахь бичвэрийг үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий трубаг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр барааны үнийг төлөх шаардах эрх үүснэ мөн талуудын шүүхэд гаргаж буй тайлбаруудаас харахад гэрээний гол нөхцөлийг тохиролцож байсан тухай нэг ч хэлэлцээ, тохиролцооны талаарх баримт байдаггүй болно. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнэ, үзлэгээр тодорхойлсон үнэ хоорондоо хэтэрхий зөрүүтэй, тоо ширхгийн хувьд ч зөрүүтэй байгаагаас гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй байгаа нь харагдаж байгаа юм. Мөн тухайн орлогын баримт нь Н.У трубаг хүлээж авсан тухай болон гэрээ байгуулагдсан эсэхийг дангаар нотлох буюу хэргийг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд ач холбогдолтой хамааралтай баримт биш болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Г У Т" ХХК хариуцагч Н.Уд холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч "Г У Т" ХХК нь хариуцагчтай 2018 оны 10 сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, нийт 47,862,600 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдсан, талууд гэрээний үнийг нэг сарын дараа төлөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг бол хариуцагч Н.У нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байгаагүй, ямар нэгэн труба хүлээн аваагүй гэж тайлбарлан маргадаг.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэж үүрэг хэрэгжүүлэх дараалал, үүнтэй холбоотой шаардах эрхийг зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн үнийг шаардах эрхтэй бол худалдан авагч нь хүлээн авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.

 

"Г У Т" ХХК болон Н.У нарын хооронд нийт 47,862,000 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, трубаг Н.Угийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримт, зохигчдын тайлбараар хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх тогтоогдсон мэт дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Тодруулбал, П.Батхүлэг болон Н.У нар хоорондоо цахимаар харилцсан гэх баримтыг шүүх үзлэг хийн бэхжүүлсэн /хх 114-126/ байх ба уг баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл үзлэгээр бэхжүүлсэн “Орлогын баримт”-д худалдагч болон худалдан авагчийн нэр дурдагдаагүй, нэхэмжлэгч байгууллагын тамга дарагдаагүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсэг байх боловч тайлалгүй, хүлээн авагчийн гарын үсэггүй, мөн П.Батхүлэг болон Н.У нар хоорондоо харилцсан цахим текстэд хариуцагч нэхэмжлэлд дурдагдсан тоо ширхэг, үнэ бүхий трубаг нэхэмжлэгчээс хүлээн авсан, үнийг нь төлнө гэсэн агуулга тусгагдаагүй байдаг.

 

Иймд нэхэмжлэгч "Г У Т" ХХК нь хариуцагч Н.Уд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                     167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Уд холбогдуулан гаргасан трубаны үнэ 47,862,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Г У Т" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 05 сарын 11-ний өдөр төлсөн 282 863 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Угаас 2021 оны 05 сарын 03-ны өдөр төлсөн 272,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                             

ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР