Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02238

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ГТ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02348 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ГТ” ХХК-ийн хариуцагч Н.У-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 862 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Х, Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “ГТ” ХХК нь төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Н.У- нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай худалдах, худалдах авах гэрээг амаар байгуулж 47 862 600 төгрөгийн үнэ бүхий барилгын трубаг худалдан авч, 1 сарын дараа үнийг төлөхөөр тохиролцсон. Компанийн удирдлагууд хариуцагч Н.У-тай найз нөхдийн холбоотой байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчид итгэж бичгээр гэрээ байгуулаагүй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэлийг эвдэж трубаны үнийг одоог хүртэл төлөхгүй элдэв шалтаг хайсаар байна. Иймд хариуцагч Н.У-гаас трубаны үнэ 47 862 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 862 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ГТ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397 265 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Н.У- давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч миний бие шүүх хуралдааны өглөө өөрийн хүүхдийн хөл хугарсныг сонсоод сэтгэл зүйн хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан хэдий ч /хүндэтгэн шалтгаанаар ирэх боломжгүйг мэдэгдэж болох байсныг мэдээгүй/ өөрийн тайлбар татгалзлыг шүүхэд гаргах зорилгоор шүүх хуралдаанд ирсэн боловч замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас шүүх хуралд 04 минут хоцроод очсон. Гэвч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлохдоо нотлох баримтын шаардлага хангасан нэг ч баримт гаргаж өгөөгүй болно. Тухайлбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахын тулд нэхэмжлэгч нь маргаан бүхий трубаг хариуцагч Н.У-гийн өмчлөлд шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн тохиолдолд гэрээний гол нөхцөл болох хэдэн төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлж байгаа нь тодорхой нотлогдож байх шаардлагатай болно. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл маргаан бүхий трубаг Н.У-д хүлээлгэн өгсөн талаарх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг талууд харилцан тохиролцсон талаарх нэг ч баримт байхгүй байхад нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ГТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.У-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 862 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэгдээгүй, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь амаар харилцан тохиролцож байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Н.У-гаас трубаны үнэ 47 862 600 төгрөгийг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-59/

 

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөө буюу үнийг шаардах эрхтэйгээ нотлох шаардлагатай.

 

Хэрэгт гэрээний зүйлийг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн, худалдан авагч буюу хариуцагчид үүрэг үүссэнийг нотлох баримт авагдаагүй байна.

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан 5 нэр төрлийн нийт 256 ширхэг хар болон цагаан труба нь нийт 47 862 600 төгрөгийн үнэтэй болох талаарх болон нэхэмжлэгчийн хүсэлтээр www.tumentumur.mn сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт нь төмөр бүтээгдэхүүний үнийн мэдээлэл болохоос хариуцагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгснийг нотлох баримт биш байна.

 

Н.У-д труба хүлээлгэн өгсөн баримт болох падааныг Н.У-гаас нэхэмжлэгчид цахимаар шилжүүлсэн гэх байдлыг гэрэл зургаар авч хэрэгт хавсаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Очир уг баримтын эх хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүх 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2019/10965 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч биелэгдээгүй. Хариуцагчийн гар утсанд хадгалагдсан баримтыг нэхэмжлэгч нотлох баримт болгон зааж буй тохиолдолд “...бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн зохицуулалтыг шүүх анхаараагүй байна.

 

Хэргийн 10, 29 дүгээр талд авагдсан труба хүлээлгэн өгсөн гэх баримт нь бичгийн нотлох баримтын шаардлагад нийцэхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байхад шүүх үнэлж шийдвэр гаргасан нь буруу болжээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ