Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/00572

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр                         Дугаар 102/ШШ2021/00572                       Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо, С байр, тоотод оршин суух, М.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, С тоотод оршин байх, В д-д холбогдох,

 

байранд эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О миний бие нь 1981 оноос Улаанбаатар вагон депогийн нийтийн хоолны салбарт ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Харин миний нөхөр Б.Н 1973 оноос Улаанбаатар төмөр замын вагон депод нас бартлаа ажилласан. Манай гэр бүл Улаанбаатар төмөр замын вагон депогийн нийтийн байр болох Баянгол дүүрэг, дугаар хороо, тоотод анх 1989 оноос эхлэн амьдарч байсан. Гэтэл Улаанбаатар төмөр замын вагон депогоос 2005 онд Баянгол дүүргийн шүүхэд хандаж манай нөхөр болон биднийг тус байрнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс биднийг тус байрнаас нүүлгэн гаргах шийдвэрийг гаргасан боловч давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад Улаанбаатар төмөр замын вагон депогоос хууль бусаар 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргуулан авсан. Энэ байдлыг бид засуулахаар шүүхэд хандахад шүүгч уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Тодруулбал шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгуулсан. Манай гэр бүлийг тухайн орон сууцнаас гаргуулахгүй талаар шүүхийн шийдвэр байсаар байхад, мөн намайг нөхрөө алдаж, дээр нь орон гэргүй болж, хаашаа яахаа мэдэхгүй байхад миний болон нөхөр маань ажиллаж байсан энэ байгууллага хууль бусаар намайг, миний гэр бүлийг амьдарч байсан орон сууцнаас гаргасан тул миний амьдарч байсан Баянгол дүүрэг, дугаар хороо, тоотод эгүүлэн оруулахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь талийгаач нөхөр Б.Н болон миний насаараа, удаан жил ажилласан нөхцөл байдлыг харгалзаж үзээд нийтийн орон сууцыг надад болон гэр бүлд маань эзэмшүүлэх, цаашлаад орон сууцаар хангах үүрэгтэй гэж үзэж байна. Ер нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хийгдсэн ажиллагаагаар бус харин хариуцагч байгууллага шахаад байсан учир би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тухайн орон сууцыг чөлөөлж өгсөн. Улаанбаатар төмөр замаас удаан жил ажилласан ажилтнууддаа орон сууц өгдөг, урьд амьдарч байсан эзэмшлийнх нь орон сууц, нийтийн байрыг өмчлөлд нь шилжүүлдэг жишиг байдаг. Миний бие маргаан бүхий нийтийн орон сууцыг эзэмших эрхээ сэргээлгэснээр цаашдаа УБТЗ-аас байр, орон сууц авах хүсэлтэй байгаа нь шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргах болсны нэг шалтгаан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг. Баянгол дүүргийн дугаар хороонд байрлах Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн мэдлийн буюу маргааны зүйл болох сургалтын  дугаар байр нь өөрөө нийтийн байр. Энэ нийтийн байр нь тухайн байгууллагын хөрөнгөнд бүртгэлтэй, байгууллагын орон сууцны комиссын баталсан журмын дагуу хуваарилалт, ашиглалтыг шийдвэрлэдэг бөгөөд зөвхөн тус Зорчигчийн вагон депогийн ажилтнуудыг тодорхой хугацаанд амьдрах байраар хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай байр юм. Нэхэмжлэгч М.О нөхөр Б.Н нь Зорчигчийн вагон депод 1973 онд ажилд орсон. Тэрээр “УБТЗ” ХНН-ийн өмчлөлийн тус депогийн мэдлийн 12 дугаар байрны 23 тоот нийтийн байранд 1989 оноос эхлэн амьдарч байгаад 2002 онд сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан. Б.Н нь 2002 онд ажлаас халагдсанаас хойш “УБТЗ”-ын Зорчигчийн вагон депо “УБТЗ”-ын аль нэг байгууллагад ажилд ороогүй, ажиллаагүй.  Түүнчлэн нэхэмжлэгч М.О нь УБТЗ-ын Нийтийн хоолны төвд ажиллаж байсан боловч Нийтийн хоолны төв нь Зорчигчийн вагон депогоос тусдаа өөр чиг үүрэг “УБТЗ” ХНН-ийн нэг салбар нэгжид хамаардаг. Түүнчлэн тус төвийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тушаалаар нарийн боовны цехийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр М.Оюунаагийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна. Иймд түүний нөхөр Б.Н нь ажлаас халагдсан үеэс хойш тухайн байрыг хууль бусаар эзэмшиж ирсэн байх бөгөөд “УБТЗ”-ын Зорчигчийн вагон депогийн тухайн байгууллагын ажилтнууд ажиллаж байх хугацаандаа амьдрах зориулалт бүхий нийтийн байрыг тухайн байгууллагын ажилтан бус нэхэмжлэгч М.О нь эзэмшиж, ашиглах эрхгүй болно.

Хоёр. Сургалтын дугаар байрны тоотоос Б.Н-ийг нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлал нь Б.Н болон М.О нарыг “УБТЗ”-ын Зорчигчийн вагон депогийн мэдлийн нийтийн байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, эсхүл хугацаагүй ашиглах эрхтэй болохыг тогтоосон ямар ч агуулгагүй. Харин орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид өгч байсан эсэх тодорхойгүй, тэр тухай баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй.

 Улаанбаатар дахь вагон депогийн байр орон сууцны комиссын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар батлагдсан “УБ дахь вагон депогийн ажилчдын нийтийн байр эзэмшилтэд мөрдөх дотоод журам”-ын 1-д “УБ дахь вагон депогийн нийтийн байр эд ажилладаг, депогоос тэтгэвэр, группэд гарсан байр орон сууц, хувийн гэр байшингүй амьдрал хүнд ажилтнуудыг ажиллах, амьдрах боломж нөхцөлөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх бөгөөд УБ дахь вагон депогийн захиргааны удирдлагын дор үйл ажиллагаа явуулна”, 10 /в/-д “нийтийн байранд оршин суугч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тушаал гарсан өдрөөс эхлэн 7 хоногийн дотор байраа орон суллаж, СЭХ-ны дарга болон байр орон сууцны комисст хүлээлгэн өгнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Оа нь байрыг эзэмших эрхгүй болно. Мөн “УБТЗ”-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны дүрэм”-ийн 2 дугаар бүлэгт орон сууцны ангиллын  талаар зохицуулсан бөгөөд дүрмийн 2.13-д “Нийтийн байр нь шинээр их, дээд сургууль, МСҮТ төгссөн залуу боловсон хүчин, шугам замд томилогдсон ажилтан, дадлагажигч нарыг тухайн өртөө, зангилаанд богино хугацаанд ажиллах болон өөрийн сууцтай болтлоо түр амьдрахад зориулагдана”, 2.17-д “Нийтийн байранд оршин ажилтны хөдөлмөрийн болон бусад гэрээ нь дуусгавар болсон, цуцлагдсан эсвэл энэ дүрмийн 2.15, 2.16-д заасан хугацаа дууссан тохиолдолд өөр сууц олгохгүйгээр нийтийн байрыг үл маргах журмаар чөлөөлүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн М.О-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нөхөр Б.Н 2002 он хүртэл манай байгууллагад ажилласан ба нэхэмжлэгчийн “...нас барах хүртлээ ажилласан” гэдэг нь бодит үнэнд нийцээгүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ 1999 онд дуусгавар болсон. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би УБТЗ-д хамаарал бүхий “Н з" ХХК-д ажилласан гэж хэлээд үүнийгээ нотлохоор шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсан. Гэвч “Н з” ХХК нь Улаанбаатар төмөр замд огт хамааралгүй болох нь нотлогдсон. Үнэндээ нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын өмчлөлийн орон сууцыг 1989-2018 хүртэл хугацаанд, тус байгууллагаас гарсан 2002-2018 хүртэл хугацаанд өдий олон жил ашиглалаа. Үүгээр бодит байдал дээр ажиллаж байгаа, яг журмынхаа дагуу нийтийн байрыг эзэмших ёстой олон хүмүүсийн боломжийг хууль бусаар хаасаар ирснийг шүүх анхаараасай. Бид харин ч нөхөр нь өвчтэй, бага насны хүүхэдтэй гээд энэ асуудлыг маш олон жил явуулж ирсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаас харагдана. Гэтэл нэхэмжлэгч “...намайг дарамталж байрнаас гаргасан, өвчтэй нөхөр, хүүхдүүдийг огт бодоогүй” гэсэн агуулгаар тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Бид байрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийдэг ч нэхэмжлэгч өөрөө огт авдаггүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.О нь Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д-д холбогдуулж, Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай, нийтийн зориулалттай орон сууцанд эргүүлэн оруулахыг хариуцагчид даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба дараах нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

Баянгол дүүргийн дугаар хороо, Тээврийн товчооны баруун талд байрлах, сургалтын дугаар байр нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон ба нийтийн байрны зориулалттай, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн мэдлийн буюу байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн ажилтнуудыг тодорхой /ажиллах/ хугацаанд амьдрах байраар хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зориулалтаар уг нийтийн байрыг ашигладаг ба тухайн байрыг хэрхэн эзэмшиж, ашиглахыг байгууллагын дотоод журмаар зохицуулдаг ажээ.

 

Нэхэмжлэгч М.О болон Б.Н нь хууль ёсны эхнэр, нөхөр байжээ. М.О нь Улаанбаатар төмөр замын Нийтийн хоолны төвд ажиллаж байсан ба “...орон тоог цөөрүүлсэн” гэх шалтгаанаар байгууллагын зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 1999 оны 01 дүгээр сард дуусгавар болгожээ. 

 

Харин Б.Н нь Улаанбаатар в д-ийн даргын 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр тушаалаар тус газарт анх ажилд орсон ба 2002 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д нь 2005 онд “...Б.Н ажлаас чөлөөлөгдсөн, байгууллагад ажиллахаа больсон учир Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай нийтийн зориулалттай орон сууцнаас түүнийг албадан гаргуулах”-аар шүүхэд хандаж байжээ.     

 

Дээрх нэхэмжлэлийг хянаад Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотоос иргэн Б.Н-ийг нүүлгэн гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хянаад 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлалаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улаанбаатар дахь Вагон депогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Ийнхүү хэрэгсэхгүй болгох үндэслэлээ давж заалдах шатны шүүхээс “...ажил олгогчийн мэдлийн орон сууцыг хариуцагч Б.Н тодорхой бус хугацаагаар хөлсөлж байсан гэж үзэх үндэслэлтэй, ...эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2004-06-04-ний өдрөөс эсвэл 2004-11-17-ны өдрөөс хойш хариуцагчид өгч байсан тухай баримт хэрэгт байгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

 

Б.Н нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан байна /хх 5 хуудас/.

 

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102шз2018/04456 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102шз2019/12387 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “...хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэж тухайн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичсэн нь илт хууль” гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102шз2018/04456 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгожээ.  

 

Дээр дурдсан үйл явдал болох хугацаанд Б.Н нь нас барах хүртлээ, харин нэхэмжлэгч М.О нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн дугаар хороо, Тээврийн товчооны баруун талд байрлах, дугаар байрны тоотод оршин сууж байсан байна. 

 

Харин тоот нийтийн орон сууцыг нэхэмжлэгч М.О 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлж өгсөн ба уг байр Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн бодит эзэмшилд очсон үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна. 

 

Дээр дурдсанчлан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч М.О нь Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д-д холбогдуулж, Баянгол дүүрэг,  дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууцанд эргүүлэн оруулахыг хариуцагчид даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба тэрээр өөрийн шүүхэд хандах болсон шалтгаанаа “...миний талийгаач нөхөр Б.Н болон миний удаан жил ажилласан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, ...шүүхийн шийдвэрийн дагуу намайг байранд буцаан орохыг шийдвэрлэсэн байхад анхаараагүй, ...байранд эргэн орсноор цаашдаа УБТЗ-аас шинэ байр авах боломж гарч ирнэ” гэж тайлбарласан.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба иргэний эрхийг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх байдлаар хамгаалахыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.4.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийгөө маргаан бүхий нийтийн орон сууцнаас хууль бусаар гарсан гэж үзэн, өөрийн зөрчигдсөн эрхийг “нийтийн байранд буцаан оруулахыг хариуцагчид даалгах” байдлаар сэргээлгэхээр шүүхэд хандсан гэж үзэхээр байна. 

  

Шүүхээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

 дугаар байрны тоотоос Б.Н-ийг нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлалаар  Б.Нж болон М.О нарыг Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д-ийн мэдлийн нийтийн байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, эсхүл хугацаагүй ашиглах эрхтэйг тогтоогоогүй.

 

Харин “...талийгаач Б.Н болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 310 дугаар зүйлд заасан ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, ...хуульд тухайлан заасан арга хэмжээг шат дараалан авсны эцэст хөлслүүлсэн эд хөрөнгөө буцаан авах эрх хариуцагчид үүсэх” агуулгатай талаар дүгнэлтийг өгсөн байна.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд аливаа этгээдүүдийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба мөн зүйлийн 240.1.5 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл” гэжээ.  

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...хэдийгээр шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч нийтийн байрыг хүчний байгууллагын буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар чөлөөлүүлээгүй. Нэхэмжлэгч бидний тавьсан шаардлагыг зөвшөөрч, өөрөө сулласан” гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүйгээс гадна тэрээр шүүх хуралдаанд “...хариуцагч байгууллагаас удаа дараа орон сууцаа чөлөөл гээд байсан тул нүүж гарсан” гэх тайлбарыг өгсөн.

 

Дээрх байдлаар маргаан бүхий сууцыг М.О нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлөн өгсөн ба үүгээр талуудын хооронд байсан гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.     

 

Түүнчлэн Б.Н нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан ба хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын дотоод журмуудаас үзэхэд Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д нь талийгаач, түүний гэр бүлд нийтийн орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах үүргийг хүлээсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

  

Мөн нэхэмжлэгч “...би хариуцагч байгууллагын хамаарал бүхий компанид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан” гэх тайлбарыг өгсөн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар түүний тайлбар үгүйсгэгдэж байгаа. 

 

Ийм учраас нэхэмжлэгчийн “...нийтийн орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу эзэмших эрхтэй”, “...талийгаач нөхөр маань болон би хариуцагч байгууллагад насаараа ажилласан тул нийтийн орон сууцыг надад болон гэр бүлд маань эзэмшүүлэх, цаашлаад орон сууцаар хангах үүрэгтэй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул   хариуцагч Улаанбаатар төмөр замын зорчигчийн в д-д холбогдох Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууцанд эргүүлэн оруулахыг хариуцагчид даалгах тухай М.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ