Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01077

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01077

 

 

 

М.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00572 дугаар шийдвэр, нэхэмжлэгч М.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч УБ ТЗЗВД-д холбогдох

 

Байранд эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О-, түүний өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О- миний бие нь 1981 оноос Улаанбаатар вагон депогийн нийтийн хоолны салбарт ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Харин миний нөхөр Б.Нямдорж 1973 оноос Улаанбаатар төмөр замын вагон депод нас бартлаа ажилласан. Манай гэр бүл Улаанбаатар төмөр замын вагон депогийн нийтийн байр болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 23 тоотод анх 1989 оноос эхлэн амьдарч байсан. Гэтэл Улаанбаатар төмөр замын вагон депогоос 2005 онд Баянгол дүүргийн шүүхэд хандаж манай нөхөр болон биднийг тус байрнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс биднийг тус байрнаас нүүлгэн гаргах шийдвэрийг гаргасан боловч давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад Улаанбаатар төмөр замын вагон депогоос хууль бусаар 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргуулан авсан. Энэ байдлыг бид засуулахаар шүүхэд хандахад шүүгч уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Тодруулбал шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгуулсан. Манай гэр бүлийг тухайн орон сууцнаас гаргуулахгүй талаар шүүхийн шийдвэр байсаар байхад, мөн намайг нөхрөө алдаж, дээр нь орон гэргүй болж, хаашаа яахаа мэдэхгүй байхад миний болон нөхөр маань ажиллаж байсан энэ байгууллага хууль бусаар намайг, миний гэр бүлийг амьдарч байсан орон сууцнаас гаргасан тул миний амьдарч байсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 23 тоотод эгүүлэн оруулахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар байр Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн мэдлийн бөгөөд зөвхөн тус депогийн ажилтнуудыг тодорхой хугацаанд амьдрах байраар хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай байр юм. Нэхэмжлэгч М.Оюуны нөхөр Б.Нямдорж нь Зорчигчийн вагон депод 1973 онд ажилд орсон. Тэрээр "УБТЗ" ХНН-ийн өмчлөлийн тус депогийн мэдлийн 12 дугаар байрны 23 тоот нийтийн байранд 1989 оноос эхлэн амьдарч байгаад 2002 онд сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан. Б.Нямдорж нь 2002 онд ажлаас халагдсанаас хойш "УБТЗ"-ын аль нэг байгууллагад ажилд ороогүй, ажиллаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч М.О- нь УБТЗ-ын Нийтийн хоолны төвд ажиллаж байсан боловч Нийтийн хоолны төв нь Зорчигчийн вагон депогоос тусдаа өөр чиг үүрэг "УБТЗ" ХНН-ийн нэг салбар нэгжид хамаардаг. Түүнчлэн тус төвийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тушаалаар нарийн боовны цехийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр М.О-гийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна. Иймд түүний нөхөр Б.Нямдорж нь ажлаас халагдсан үеэс хойш тухайн байрыг хууль бусаар эзэмшиж ирсэн байх бөгөөд "УБТЗ"-ын Зорчигчийн вагон депогийн тухайн байгууллагын ажилтнууд ажиллаж байх хугацаандаа амьдрах зориулалт бүхий нийтийн байрыг тухайн байгууллагын ажилтан бус нэхэмжлэгч М.О- нь эзэмшиж, ашиглах эрхгүй болно. Сургалтын 12 дугаар байрны 23 тоотоос Б.Нямдоржийг нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлал нь Б.Нямдорж болон М.О- нарыг "УБТЗ"-ын Зорчигчийн вагон депогийн мэдлийн нийтийн байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, эсхүл хугацаагүй ашиглах эрхтэй болохыг тогтоосон ямар ч агуулгагүй. Харин орон сууц хөлслөх гэрээг цуцпах тухай мэдэгдлийг хариуцагчид өгч байсан эсэх тодорхойгүй, тэр тухай баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй. Улаанбаатар дахь вагон депогийн байр орон сууцны комиссын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар батлагдсан "УБ дахь вагон депогийн ажилчдын нийтийн байр эзэмшилтэд мөрдөх дотоод журам"-ын 1-д "УБ дахь вагон депогийн нийтийн байр эд ажилладаг, депогоос тэтгэвэр, группэд гарсан байр орон сууц, хувийн гэр байшингүй амьдрал хүнд ажилтнуудыг ажиллах, амьдрах боломж нөхцөлөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх бөгөөд УБ дахь вагон депогийн захиргааны удирдлагын дор үйл ажиллагаа явуулна", 10 /в/-д "нийтийн байранд оршин суугч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тушаал гарсан өдрөөс эхлэн 7 хоногийн дотор байраа орон суллаж, СЭХ-ны дарга болон байр орон сууцны комисст хүлээлгэн өгнө" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.О- нь байрыг эзэмших эрхгүй болно. Мөн "УБТЗ"-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 дугаартай тушаалаар батлагдсан "Орон сууцны дүрэм"-ийн 2 дугаар бүлэгт орон сууцны ангиллын талаар зохицуулсан бөгөөд дүрмийн 2.13-д "Нийтийн байр нь шинээр их, дээд сургууль, МСҮТ төгссөн залуу боловсон хүчин, шугам замд томилогдсон ажилтан, дадлагажигч нарыг тухайн өртөө, зангилаанд богино хугацаанд ажиллах болон өөрийн сууцтай болтлоо түр амьдрахад зориулагдана", 2.17-д "Нийтийн байранд оршин ажилтны хөдөлмөрийн болон бусад гэрээ нь дуусгавар болсон, цуцлагдсан эсвэл энэ дүрмийн 2.15, 2.16-д заасан хугацаа дууссан тохиолдолд өөр сууц олгохгүйгээр нийтийн байрыг үл маргах журмаар чөлөөлүүлнэ" гэж тус тус заасныг үндэслэн М.Оюуны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид байрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийдэг ч нэхэмжлэгч өөрөө огт авдаггүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депод холбогдох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 23 тоот хаягт байршилтай орон сууцанд эргүүлэн оруулахыг хариуцагчид даалгах тухай М.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүх Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1011 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 535 дугаар магадлалын талаар дурдсан байх бөгөөд Б.Нямдорж нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан байна гэдгийг дурдан оруулсан байна. Мөн хүчингүй болсон шүүхийн шийдвэрт хариуцагч нь гүйцэтгэх хуудас бичүүлж, хууль зөрчсөн. Уг гүйцэтгэх хуудсыг хууль бус захирамж гаргасан шүүх хүчингүй болгосон талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан боловч, ...харин 23 тоот нийтийн орон сууцыг нэхэмжлэгч М.О- 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлж өгсөн ба уг байр Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн бодит эзэмшилд очсон үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хариуцагч нь хууль бус захирамж гаргуулан, өөрсдийн хуулийн баг гэх хүмүүсээр 23 тоотын орон сууцнаас М.О-г албадан чөлөөлүүлсэн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж, тухайн хууль бус гүйцэтгэх хуудсыг нотлох баримтаар гарган өгсөөр байхад зохигчид. маргаангүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр алдаатай болсон гэж үзэж байна. Түүнчлэн иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба иргэний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх байдлаар хамгаалахыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.4.2 дахь хэсгүүдэд заасан болохыг шийдвэрт тусгасан боловч, шүүх М.О-гийн эрх зөрчигдсөн гэх баримт байхгүй байна гэж хуурамч гүйцэтгэх хуудас гаргуулан Оюунаагийн эрхийг зөрчиж байрнаас албадан гаргасан нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байх боломжгүй болгосон. Тиймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.О-гийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, сургалтын 12 дугаар байрны 23 тоот нийтийн байранд эгүүлэн оруулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр Сургалтын 12 дугаар байрны 23 тоотоос Б.Нямдоржийг нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Нямдоржид холбогдох Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг магадлал хүчин төгөлдөр байна. /хх-ийн 6-10/

Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн дарга Ш.Гантулга дээрх хүчингүй болсон Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан ба Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04456 дугаар захирамжаар уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2019/12387 дугаар захирамжаар дээрх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04456 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгожээ. /хх-ийн 13/

Нэхэмжлэгч маргаан бүхий нийтийн орон сууцанд эргүүлж оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анхан шатны шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар өөрсдөө дур мэдэн хийж манай гэр бүлийг гудамжинд гаргасан... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч бидний тавьсан шаардлагыг зөвшөөрч өөрөө байрыг сулласан... гэж өөр өөрөөр тайлбарласан ба давж заалдах шатны шүүхэд энэ талаар тодруулахад нэхэмжлэгч нь цагдаагийн ажилтнууд байрнаас албадан гаргасан гэж тайлбарлаж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04456 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Тодруулбал, хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийг нийтийн байрнаас гаргасан гэж талууд тайлбарлаж байгаа тул уг ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн гүйцэтгэсэн, эсхүл нэхэмжлэгч өөрөө дараагийн эзэмшигчид орон сууцыг хүлээлгэн эсэх үйл баримтыг тодруулсны үндсэн дээр орон сууц эзэмших эрх зөрчигдсөн эсэхийг хууль зүйн үүднээс дүгнэх болно.

Нөгөө талаар, нэхэмжлэгч М.О- нь сургалтын 12 дугаар байрны 23 тоот нийтийн байрны эзэмших эрхийн талаар маргасантай холбоотойгоор одоо тус байрыг эзэмшиж байгаа гуравдагч этгээд С.Цэнгэлмаагийн эрх ашиг зөрчигдөх эсэх, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ