Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1676

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01600 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.У- болон “М г” ХХК-д холбогдох

 

Н.У- болон “М г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ф” ХХК нь холбогдох хууль журмын дагуу 6009 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрээг Баянгол дүүргийн Газрын албатай байгуулж улмаар тус газар дээрх офиссын барилга, засварын төв, сэлбэгийн дэлгүүр тус бүрт үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд тус компанид ажиллаж байсан Н.У- нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт 1 сарын 1 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг “М г” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилдээ авсан. Манай компанийн зүгээс өмч хөрөнгө, эзэмшил газраа өмчлөлдөө авах талаар шаардахад үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул бусдын хууль эзэмшлээс 3 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс “М г” ХХК-ийн эд зүйлсийг албадан гаргаж манай мэдэлд шилжүүлэн өгсөн. Харин газар чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул газраас эд зүйлийг нь холдуулахгүй гэсэн. Үүний улмаас “М г” ХХК манай эзэмшил бүхий газраас өөрсдийн эд зүйл, машин механизмаа санаатайгаар авахгүйгээр үл барам, нэмж манай эзэмшил газар “М г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.У- өөрийн воганчикийг оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд ноцтой халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн эзэмшлийн 6009 м.кв газрыг бүрэн чөлөөлж өгнө үү. Н.У-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Н.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхэд шинээр нотлох баримтууд гаргаж өгөх хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг маань хангаж өгнө үү. Бидний хоорондын маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгааг анхаарна уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Г-ыг авсан боловч өмгөөлөгч маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж амжаагүй. Мөн тухайн нэгж талбайд "М г" ХХК нь үйл ажиллагаагаа явуулдаггүй гэсэн талаарх 11 ширхэг нотлох баримт байгаа. Эдгээр нотлох баримтуудыг би шинээр өмгөөлөгч авсны эцэст гаргаж өгөх хүсэлтэй байна. Ер нь бол нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт манай компани ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ф” ХХК нь хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ф” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг хариуцагч “М г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М г" ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01600 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

1. Шүүх бүхий 6009 м.кв газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийнх болох тогтоогдсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34.1 дэх хэсэгт зааснаард ямар тохиолдолд газар эзэмшигч болох талаар нарийвчлан зохицуулсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй нөхцөлд нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байхад шүүх ямар үндэслэлээр нотлогдсон гэж үзсэн нь шийдвэрт тусгагдаагүй байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/509 тоот захирамжаар 6009 м.кв газар эзэмших эрхийг сунгасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшигч гэрээний нөхцөлийг зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй... зэрэг тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ. “Т ф” ХХК газрын төлбөрөө 2014 оноос хойш төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, дахин шинээр гэрчилгээ гаргуулаагүй байна.

2. Баянгол дүүргийн газрын албанаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2. дах хэсэгт заасны дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд газрын гэрчилгээ, гэрээг олгоно гэх утга бүхий төлбөр төлөхийг шаардсан албан бичгийг “Т ф” ХХК-д ирүүлжээ. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд огт хамааралгүй баримтыг нотлогдох эх сурвалж болгосон нь шүүхийн шийдвэр шударга гаргаагүй гэсэн эргэлзээ, дүгнэлтэд хүргэж байна.

3. Шүүхээс явуулсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1243 тоот албан бичиг яагаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамааралтай болсон ойлгомжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж нийт 1316 м.кв талбай /216 м.кв, 900 м.кв, 200 м.кв/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 3 гэрчилгээг хавсаргаж өгсөн боловч Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/509 дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг /тухайн захирамжийн 2 дахь заалтаар/ хүчингүй болгосон. Түүнчлэн, хэрэгт маргаан бүхий 6009 м.кв газрын гэрчилгээ авагдаагүй, “Т ф” ХХК-ийн эзэмшилд 2007-2008 оны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 750 м.кв, 375 м.кв, 225 м.кв, 6234 м.кв, нийт 7584 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар олгосон гэрчилгээнүүд авагдсан. Хэрэгт маргаан бүхий 6009 м.кв газрын гэрчилгээ авагдаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Баянгол дүүргийн Газрын албаны хувийн хэрэгт авагдсан гэрчилгээний нэгж талбарын дугаар, хугацаа, талбайн хэмжээ зөрүүтэй байгаа байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Дээрх баримтууд маргааны харилцаанд хэрхэн хамааралтай эсэх асуудалд хуульд цнийцсэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Иймд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан зохицуулалтад нэхэмжлэлийн агуулга шаардлага нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий газар дээр “М г” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, “М г” ХХК тухайн газар дээр ямар үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхой бус байгаа нөхцөлд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзнэ. Иймд шүүх хэргийг нотлох баримтад тулгаарлаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа 6009 м.кв газрын гэрчилгээг нэхэмжлэгчээс өөрөөс нь болон Газрын албанаас гаргуулах хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08, 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр тус тус гаргасан боловч шүүх “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга тухайн газрын гэрчилгээ нэхэмжлэгчид байхгүй гэсэн, Баянгол дүүргийн Газрын алба өөрт байгаа баримтуудаа дутуу ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүй, мөн Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилсан гэж шүүх хуульд заасан шаардлагын талаар тодорхой дүгнэлтийг хийсэн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээгүй “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ бодит байдалтай логик уялдаагүй дүгнэлтийг хийсэн.

Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч “М г” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, нотлох баримт гаргуулах, шүүгчээс татгалзах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авсангүй. Энхүү хүсэлт хэргийг шийдвэрлэх гол баримт болохыг шүүх нягтлан үзээгүйн дээр газар эзэмших гэрчилгээгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар шүүх шүүх хуралдаан эхлэх үед татгалзал асуухад татгалзаагүй учраас хүлээн авах боломжгүй гэж хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор хязгаарласан.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Т ф” ХХК Хариуцагч Н.У- болон “М г” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг чөлөөүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч “М г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Т ф” ХХК-ийн бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний дагуу төлбөр 41 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дэх хавта 15-20, 28-30 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн бөгөөд манай эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс бүрэн чөлөөлөөгүй. Хариуцагч “М г” ХХК нь өөрсдийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл болон вагончикийг байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу 6009 м.кв газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 598 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эзэмших эрхийн 0229737 тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд байрлалтай 6234 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй болсон байх боловч тус дүүргийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 тоот захирамжаар газрын хэмжээ ташаа бичигдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон 6234 м.кв газрын хэмжээг 6009 м.кв болгож, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэж, гэрээг шинэчлэхийг даалгажээ. /хэргийн 1 дэх хавтас 141, 118-120 дугаар тал/

 

Гэтэл нэхэмжлэгч уг захирамжид заасан хэмжээгээр газрыг тэмдэглүүлж, кадастрын зургийг үйлдүүлж, газрын гэрчилгээ, гэрээг шинэчлэн аваагүй байх бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/509 тоот захирамжаар нэхэмжлэгчийн 6009 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгаж, урьд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээг хүчингүй болгож, гэрчилгээ, гэрээг шинэчлэх талаар заажээ. /хэргийн 1 дэх хавтас 14 дүгээр тал/

 

Хэргийн 114 дүгээр талд авагдсан Баянгол дүүргийн газрын албаны 2018 оны 03 дугаар сарын 12/434 тоот албан бичигт нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт болон гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчин газрын төлбөрөө төлөөгүй тул 2017 онд 2 шаардах хуудас, 1 мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд гэрчилгээ олгож, гэрээ байгуулах талаар дурьджээ.

 

Иймээс зохигчдын маргааны зүйл болсон Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрын байршил тодорхойгүй буюу кадастрын зураггүй, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй тохиолдолд нэхэмжлэгчийн 6009 м.кв талбайтай газрын эзэмших эрх хэрхэн зөрчигдсөн үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшилийн 6009 м.кв газрын байршил тодрхойгүй тохиолдолд, тухайн газрын аль хэсэгт ямар хэмжээний газрыг эзэмших эрх нь зөрчигдсөн нь тодорхой бус байна. Түүнчлэн, тухайн газарт байгаа гэх техник, тоног төхөөрөмжүүдийн өмчлөгч, эзэмшигч нь хэн болох талаарх албан ёсны баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй болно.

 

Дээрх үйл баримтууд тодорхой бус байгаагаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                  ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                    С.ЭНХТӨР