Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/00053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: “М” ХХК

....газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т

нэхэмжлэгчийн төлөөлөгч У.З

хариуцагчийн төлөөлөгч Н.У

хариуцагчийн өмгөөлөгч М.Х

нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн чиглэлээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа. Энэ хугацаанд “Т” ХХК нь холбогдох хууль журмын дагуу 6009 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрээг Баянгол дүүргийн Газрын албатай байгуулж улмаар тус газар дээрх .... хаягт байрлах офиссийн барилга, ....хаягт байрлах засварын төв, Баянгол дүүргийн 20 хороо Үйдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах сэлбэгийн дэлгүүр тус бүрт үйл ажиллагаа явуулж байсан билээ. Энэ хугацаанд “Т” ХХК-д ажиллаж байсан Н.У гэгч нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт 1 сарын 1,000,000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилдээ авсан. Үүнээс хойш Н.У болон “М” ХХК нь дээрх хөрөнгүүдийг газрын хамт эзэмшилдээ авч идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд “Т” ХХК-д нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй өдий хүрсэн. Манай компанийн зүгээс өмч хөрөнгө, эзэмшил газраа өмчлөлдөө авах талаар шаардахад “үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, та нар чаддаг юм бол булаагаад ав” гэж илтэд тохуурхаж үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул бусдын хууль эзэмшлээс 3 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж улмаар гурван шатны шүүхээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс “М” ХХК-ийн эд зүйлсийг албадан гаргаж манай мэдэлд шилжүүлэн өгсөн. Харин газар чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул газраас эд зүйлийг нь холдуулахгүй гэсэн. Үүний улмаас “М” ХХК-ийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл манай эзэмшлийн хашаанд үлдсэн. “М” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагаар манай 3 үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгсөн боловч манай эзэмшил бүхий газраас өөрсдийн эд зүйл, машин механизмаа санаатайгаар авахгүйгээр үл барам, нэмж манай эзэмшил газар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Н.У өөрийн воганчикийг оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд ноцтой халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн эзэмшлийн 6009 м2 газрыг бүрэн чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч “Т” ХХК нь “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс тус компаний эзэмшлийн БГД 20 хороо Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009 мкв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “М” ХХК нь манай хууль ёсны дагуу эзэмшиж байгаа 6009 м.кв газар дээрээс өөрийн эд хөрөнгөө гаргахгүй удаж байгаа бөгөөд бид бид тухайн газар дээр тухайн компаний ямар эд хөрөнгө байгаа талаар шүүхээс үзлэг хийж өгөх хүсэлт гаргаж улмаар шүүгч н.Хангал тухайн газарт очиж ямар эд хөрөнгө байгаа талаар үзлэг хийж тэмдэглэл үйлдэж гэрэл зургаар бэхжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “М” ХХК нь одоо манай газар дээр цэнхэр өнгийн төмрөөр агуулах мэт зүйлийг барьж түүндээ сэлбэг хэрэгсэл зарж борлуулж байгаагаас гадна 1 ш хүн амьдрах зориулалт бүхий воганчик, 2 ширхэг контейнер, 2 ширхэг гэр, хүнд даацын машин механизмыг 10 ширхэгийг оруулж тавьчихаад байна. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин эд зүйлүүд ч оруулж тавих нөхцөл байдал мөн үүсээд байна. Иймд “М” ХХК-ийн эдгээр зүйлсийг гарган бусдын хууль бус эзэмшлээс манай компаний эзэмшлийн 6009 мкв газрыг бүрэн чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 оныг хүртэл Н.У манай компанийн дэд захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд  Н.У нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч бүртгэл хийлгэсэн байсныг хүчингүй болгож байсан. Хариуцагч тал манай компаний энэ газар дээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулж, сэлбэг хэрэгслээ зарж байгаа. Бид өөрийн эзэмшил газартаа орж үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихсон байгаа. Хариуцагч өөрийн манаачийг ажиллуулж биднийг оруулдаггүй. Иймд газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Өмнө үүнтэй холбоотой маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж тухайн газар дээр байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж дотроос нь хариуцагчийн хөрөнгүүдийг гаргаж тавьсан. Иймд хариуцагчийн эд хөрөнгүүдийг гаргаж Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн 6009 метр квадрат газрыг чөлөөлж өгнө үү.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн засаг даргын шийдвэрээр олгосон газраа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу манай компани эзэмшиж ашиглахыг хүсэж байгаа юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу баримтуудаа гаргаж өгсөн. Тухайн газар нь “Т” ХХК-ийн эзэмшилд байгаа гэдгийг нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Тухайн газар дээр байгаа гурван үл хөдлөх эд хөрөнгө нь “Т” ХХК-ийн эд хөрөнгө гэдэг талаар баримтыг гаргаж өгсөн. 2013 онд “М” ХХК нь тухайн газрыг түрээсэлж байгаад чөлөөлж өгөхгүй болохоор нь шүүхэд хандаад албадан чөлөөлүүлсэн тухай гурван шатны шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ хэргийг шийдвэрлэх үед “М” ХХК нь шүүх хуралдаан дээр 3 үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа бүх эд хөрөнгө манайх , газар нь ч манайх гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Улсын дээд шүүхээс шийдэхдээ нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу баримтаар нотлохгүй байна гэж гурван шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Одоо болохоор хариуцагч тал өөр зүйл ярьж байна. “Т” ХХК чинь миний компани, “М” ХХК чинь энэ компанийн охин компани, Б.Э гэдэг хүн чинь “Т” ХХК-д ямар ч хамааралгүй гэж байсан мөртлөө одоо болохоор энэ газарт манай компани байхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж байна. Шүүх хуралдааны үед “Экс жи эм” гэсэн компанийг гаргаж ирлээ. Энэ ямар учиртай компани болохыг бид мэдэхгүй. Ийм компанийн өрийг барагдуулах зорилгоор манай компаниас эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл өгч байсан тохиолдол байхгүй, ийм шүүхийн шийдвэр байхгүй. Албан ёсоор хуулийн дагуу эрүү, иргэний журмаар шалгагдаад шүүхийн шийдвэр гарсан байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Бид бүхий л боломжоороо нотлох баримтаа гаргаж өгсөн, шүүхээс бодит байдлыг үзэж үзлэг хийсэн байгаа. Б.Э гэдэг хүний талаар яриад байх юм. Гэтэл энэ хүн өөрийнхөө хувьцааг н.Цогтбаатар гэдэг хүнд шилжүүлээд өгчихсөн. Тэр хүн эзэмшиж байгаад одоо н.Болорчимэг гэдэг хүн гүйцэтгэх захирал хийж байгаа. Б.Этэй холбоотой маргаан байдаг юм бол иргэний журмаараа маргаад явах эрх нь хариуцагч талд нээлттэй байгаа. Энэ хүнтэй холбоотой дундын эд хөрөнгийн маргаан өөр шүүхэд байгаа. Эцэст нь хэлэхэд “М” ХХК нь 2015 онд үүссэн Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт ямар нэг оролцогчоор оролцсон зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Б.Э, Н.У нартай холбоотой эд хөрөнгийн маргаан энэ 2 хуулийн этгээдийн маргаантай хамааралгүй гэдгийг дүгнэсэн байдаг. Улсын дээд шүүх дүгнэхдээ иргэд хоорондын маргаан нь хуулийн этгээдийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн байдаг. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх боломжгүй юм. Ийм учраас хариуцагч талын яриад байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт үндэслэлгүй тул үзлэгээр тодорхойлогдсон байгаа хариуцагчийн бүх эд хөрөнгийг манай газраас гаргаж газрыг чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “М” ХХК болон Н.У нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж, дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Хуулийн дээрх зохицуулалтаар зохигчийн маргаж байгаа харилцааны зүйл, түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ. Н.Уийн нэхэмжлэлтэй, Б.Э болон “Т” ХХК-д холбогдох дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэж, одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарал бүхий маргаж байгаа дундын эд хөрөнгөд “Т” ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009 м.кв хамаарагдаж байна. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/00624 дүгээр шүүгчийн захирамжаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Н.У нь “Т” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, Б.Эийн нэр бүртгүүлсэн бөгөөд Б.Этэй хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, уг хэрэгт хариуцагчаар Б.Э болон “Т” ХХК татагдсан, өнөөдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ нөхцөлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг салган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэл байх тул “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК болон Н.У нарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийг анх 2005 онд миний бие өөрийн биеэр үүсгэн байгуулаад тухайн үедээ хамтран амьдарч байсан Б.Э гэдэг хүнд шилжүүлсэн. Б.Э нь ганц худагт хоригдож байсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Миний хоёр хүүхдийн эцэг гэдэг утгаар нь Б.Эийг шоронд байхад нь би иргэний үнэмлэхийг нь аваад өөрийнх нь нэр дээр шилжүүлж энэ компанийг байгуулж байсан юм. Үүсгэн байгуулсан тайлан, баланс бүх л баримтууд бүгд байгаа. Ингээд 2006 оноос 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Т” ХХК-ийн бүхий л үйл ажиллагааг би өөрийн биеэр явуулж байсан. Б.Эийг өөрийнхөө хань, нэг гэрт амьдарч байсан учраас итгээд цаашдаа сайхан амьдаръя гэж бодоод компанийг 100 хувь нэр дээр нь шилжүүлсэн. Бидний дундын өмч гэдгийг нотлох баримтуудыг бас гаргаж өгсөн байгаа. Ингээд өнөөдөр яригдаж байгаа маргаан бүхий газрыг 2012 оны 12 дугаар сарын 07-нд нэхэмжлэгч компанийн захирлын хувиар би бүх баримт бичгийг нь бүрдүүлж өөрийн биеэр хөөцөлдөж гэрчилгээг нь шинэчлээд гаргаж авсан. Хавтас хэргийн 98 дугаар хуудсанд энэ талаарх баримтууд байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримтад 6,009 метр квадрат газар нь миний өөрийн өмчид байсан талаар баримт байгаа. Хамтран амьдарч байхдаа энэ хүний нэр дээр шилжүүлсэн юм. Тэгээд надаас салаад өөр хүнтэй суугаад түүнийхээ эцэг болох н.Цогтбаатар гэдэг хүний нэр дээр шилжүүлчихээд өөрөө ард нь бүх үйл ажиллагааг удирдаж явуулж байна. Баянзүрх дүүргийн шүүхэд Б.Этэй холбогдуулж энэ газартай холбоотой маргаан үүсээд явж байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч сайн мэдэж байгаа. Мөн “М” ХХК нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн маргаан бүхий Баянгол дүүрэг 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаггүй, 2017 оны 9 сараас хойш үйл ажиллагаа явуулахаа больсон. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “М” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдохгүй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 28-нд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төв оффисын дээр “М” ХХК гэж бичигдсэн зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь өмнөх шүүгчийн үзлэгээр нотлогдоогүй. Өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрээр бүх эд хөрөнгүүдээ чөлөөлөөд авсан. Мөн “М” ХХК-г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин байдаггүй гэсэн тодорхойлолтыг нэхэмжлэгч талаас авчирсан. Би энэ талаар тодруулаад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа тухай баримтыг 2 дугаар хавтас хэрэгт гаргаж өгсөн. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолтуудыг ч гаргаж өгсөн. Бас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс гаргасан болон Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн баримтууд байгаа. Энэ бүгд нотлох баримтаар “М” ХХК нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй байгааг нотлоно. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 6,009 метр квадрат газрыг битүүмжилсэн. Энэ газрын талаар маргаантай байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсанаар эзэмших эсэх нь хэрхэн яаж зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна, эзэмшигч, өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байна гэж буцаасан. Энэ газрын эзэмших, өмчлөх эрхийн маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд одоог хүртэл хэлэлцэгдээд шийдэгдээгүй явж байгаа. Мөн энэ газар дээр байгаа техник хэрэгслүүдийг “Т” ХХК нь шүүхийн шийдвэрээр БНХАУ-ын XGMA компанид өгөх өр төлбөртөө шилжүүлж өгсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэдэж байгаа. Тэгэхээр 6,009 метр квадрат газарт “М” ХХК үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өмнөх 3 шатны шүүх хуралдаанд миний эд хөрөнгө, миний эд юмс гэж хэлсэн нь би өөрийн гараар 30 жил бүтээж, бий болгосон эд хөрөнгөө шоронгийн хулгайчид алдмааргүй байна гэж тайлбар хэлсэн. Гэтэл миний эсрэг шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг би хууль бус гэж бодож байгаа.  Өнөөдрийн шүүх хуралдаан дээр “М” ХХК нь энэ газар дээр байна, үйл ажиллагаа явуулж байна гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус, чөлөөлөөд өгсөн юм гэж тайлбар хэлсэн мөртлөө дахиж чөлөөлүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Хариуцагчийн өмгөөлөгч М.Х шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК болон Н.У нарт холбогдох “Т” ХХК-ийн нэр дээр буй Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн тойрог 8022/5074 нэгж талбарын дугаар бүхий 6009 м2 газрыг бусдын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Н.У нь 2005 оны сүүлээр Этэй танилцаж / тухайн үед Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ядарч зүдэрч явахад нь туслаж өр төлбөрийг нь өөрийн хөрөнгөөр төлж улмаар шүүхээр гэж буруугаа хэлэлцүүлж тэнсэн ял авсан/, ханилан сууж охин Э.Ариунзаяаг төрүүлсэн. Мөн том охин Солонгоог Эээр овоглож, итгэл найдвар хүлээлгэн айл гэрийн тэргүүн, өөрийн хань хэмээн өөрийн хөрөнгө, компаниуд, мөн 2005 оны сүүлээр “Т” ХХК-ийг Б.Эийн нэр дээр байгуулсан юм. Гэтэл Б.Э нь хэд хэдэн эмэгтэйтэй холбогдож, гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсон бөгөөд, анхнаасаа өөр санаа бодолтой байсан ба хууран мэхэлж итгэлийг нь олох замаар өөрийн нэр дээр хөрөнгийг бүртгүүлсэн бөгөөд 2006-2012 оны 8-р сар хүртэл хамтын амьдралтай байсныг Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.01.06 өдрийн 1829/ч шийдвэрээр хамтын амьдралтай байсныг тогтоосон. Тухайн үед эр нөхөр минь, насан туршдаа хамт амьдрах хань минь гэж итгэсэн. Энэ ХХК бол бидний дундын хөдөлмөрөөр бий болсон гэр бүлийн гишүүдийн амьдралын эх үүсвэр, хамтран амьдрах хугацаандаа бий болсон хөрөнгө эдэлбэр газар юм. “Т” ХХК-ийг 2006.02.25-нд байгуулсан. Захирал Б. Э нь 2006.03.27-ны өдрийн 06/42 дугаар тушаалаар Н.Уийг тус компаны дэд захирлын албан тушаалд хугацаагүй томилж компаны бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх олгосон. Мөн 2011 оны 12-р сараас “Т” ХХК-ын гүйцэтгэх захирлаар компаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх олгосон. Н.У нь Баянгол Дүүргийн Засаг даргын 2012.09.28-ны өдрийн А/391 тоот захирамжаар нэгж талбарын 8022/5074 дугаартай 6009 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг авч 2012.12.07-ны өдөр газрын албатай гэрээ байгуулан “Т” ХХК-ны нэр дээр эзэмшил нь байгаа боловч, Т компанид 2008-2013 оныг дуустлах хугацаанд 1,807,407.8 ам доллар /нэг сая найман зуун долоон мянга дөрвөн зуун долоон ам доллар найман цент/, 100,258,792 /нэг зуун сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийн хөрөнгө оруулсан нь “Си Эс Ай Аудит” ХХК-ны шинжээчийн 2018.04.11-ний өдрийн дүгнэлтээр нотлогдсон. 2015.11.27-ны өдөр хамтын амьдралтай байхдаа дундын хөрөнгө бий болгоход оруулсан оролцоо, өөрт болон хүүхдүүддээ оногдох хөрөнгөө Б.Э болон “Т” ХХК-ын хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх 2015.12.07-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай 39864 дугаар Шүүгчийн захирамж гаргаж, тус шүүхийн 2015.12.25-ны өдрийн Шүүгчийн 101/ш 32016/00624 дүгээр захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Уг захирамжийг тодорхойлох нь: хэсэгт Баянгол дүүрэг 20-р хороо худалдаа үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 8022/5047 дугаар бүхий 6009 м2 газар г.д 029414 дугаартай газрыг мөн үндэслэх нь: хэсэгт ИХШХШ-х тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-тзааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс хариуцагчаас эд хөрөнгийн холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглож Б.Э “Т” ХХК-нд хүсэлтэнд тус тусын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг хэрэг одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа болно. Иймд ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол, мөн хуулийн117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх гэж тус тус зохицуулсан хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа учир Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлаар 2015.12.17-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Одоо хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учир уг маргааныг шийдвэрлэх боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших  нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газрыг хариуцагч Н.У, “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Ут холбогдох шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий газрыг хуулийн дагуу Баянгол дүүргийн Газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхтэй болсон, уг газар дээр байгаа бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөд гаргаж тавьсан хариуцагч “М” ХХК-ийн хөрөнгүүд” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь “тухайн газрыг “М” ХХК-ийн захирал Н.У хөөцөлдөж бүх бичиг баримтыг бүрдүүлж өөрийн үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан, тухайн газар дээр “М” ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа, эд хөрөнгөтэй холбоотой маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, тухайн газар дээр байгаа хөрөнгүүдийг “Т” ХХК бусдад өгөх өр төлбөртөө өгсөн өөр компанийн хөрөнгө” гэж маргаж байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд байршилтай нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6234м2 газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 598 дугаар захирамжийг үндэслэн худалдаа, үйлчилгээний зориулалтаар “Т” ХХК-д эзэмшүүлэхээр 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Дээрх газрын хэмжээ ташаа бичигдсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 дугаар захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн 6234м2 газрын хэмжээг 6009м2 болгож, Баянгол дүүргийн Засаг заргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/509 дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий газрыг “Т” ХХК-д эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 000324304 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 118-120, 141, 2 дугаар хавтаст хэргийн 57-61 дүгээр тал/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан тул маргаан бүхий газрын эзэмших эрхийг олж авахаар Н.У хөөцөлдөж, өөрийн үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байх нь хариуцагч “М” ХХК-ийг дээрх газрыг дундаа эзэмших эрхтэй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших эрх үүсэх бөгөөд үүнээс өөр хэлбэрээр газар эзэмших эрх үүсэх үндэслэлгүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль ёсоор мэдэлдээ авсан гэж дүгнэв. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газрын хууль ёсны эзэмшигч байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Дээрх газар дээр байгаа хөрөнгүүдийг /2 дугаар хавтаст хэргийн 120-132 дугаар тал/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөд гаргасан эд хөрөнгүүд бөгөөд уг хөрөнгүүдийг “М” ХХК өөрийн хөрөнгө болохыг тухайн үед зөвшөөрсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар дээр байршилтай “Т” ХХК-ийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн байх ба тухайн үед 3 үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа хөрөнгүүдийг “М” ХХК өөрийн хөрөнгө гэж зөвшөөрсөн боловч зохигч талуудын хэн алиных нь тайлбарт ямар, ямар хөрөнгүүд байгаа талаар дурдаагүй, 3 үл хөдлөх эд хөрөнгөөс ямар хөрөнгүүдийг гаргах талаар шүүхийн шийдвэрт нэр зааж дурдаагүй байна. Иймд тухайн газар дээр байгаа үзлэгийн тэмдэглэлд /2 дугаар хавтаст хэргийн 120-132 дугаар тал/ нэр заасан бүх хөрөнгийг хариуцагчийн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй болно. Дээрх үзлэгийн тэмдэглэлд маргаан бүхий газар дээр 33 нэр төрлийн эд хөрөнгө /нэг тээврийн хэрэгсэл давхардаж 2 бичигдсэн/ байгаа талаар тэмдэглэгдсэнээс 19 нь тээврийн хэрэгсэл байх бөгөөд нэгээс бусад нь улсын бүртгэлийн дугааргүй, автозасварын гараж /сэлбэг хэрэгсэл байдаг/-1 ш, контейнер-3ш, зөөврийн сууц-1ш, сэндвичин байгууламж-1ш, харуулын гэр-1ш, задалж буулгасан кран-1ш, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, бусад нь тээврийн хэрэгслийн эд анги /дугуй, шүдтэй шанага, нум, тонголзуур гэх мэт/ байгаа талаар дурджээ. Иймд “М” ХХК-ийг зам, барилга, хөдөө аж ахуйн машин механизм, техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл болон тээврийн хэрэгслийн эд ангийг бүртгэлийн байгууллагад бүртгэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн маргаан бүхий газар дээр байгаа үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан тээврийн хэрэгслийн эд анги болох ковшийн хагарсан дугуй-2ш, автогрейдрийн дугуй-3ш, авто ачигчийн шүдтэй шанага-2ш, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа зэрэг эд хөрөнгүүдийг гаргаж газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн газар дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг “М” ХХК импортоор оруулж ирсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг тул энэ байдлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийг импортоор тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног, төхөөрөмж оруулж ирсэн эсэх талаар нотлох баримтыг Улаанбаатар хот дахь Гаалийн газраас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу үзлэгийн тэмдэглэлд заасан 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг “М” ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, өөрийн нэрээр оруулж ирсэн болох нь тогтоогдсон байна. Дээрх 7 нэр төрлийн тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаагүй шинэ бөгөөд 2013, 2015 онуудад гаалийн бүрдүүлэлт хийгдсэн, буулгах газрыг “Т” ХХК-ийн хашаа гэж тодорхойлсон байх ба одоог хүртэл тухайн газартаа байгааг үндэслэн хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэв. Хариуцагч “М” ХХК нь “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байхдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “манай компанийн манаач тус үл хөдлөх эд хөрөнгийг манаж байгаа” гэж тайлбарласнаас үзвэл маргаан бүхий газрын хашаанд байгаа манаачийн гэрийг “М” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн газарт 2017 оны 9 дүгээр сараас “М” ХХК үйл ажиллагаа явуулахаа больсон нь дээр нэр заасан хөрөнгүүд хариуцагчийнх биш болохыг нотлохгүй болно. 

Хариуцагч нь тухайн газар дээр байгаа техник, машин механизмыг “Т” ХХК бусдад өгөх өр төлбөртөө өгсөн өөр компанийн хөрөнгө гэж маргаж байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн өмчлөл, эзэмшлийнх болохыг баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг үүрэгтэйгээ холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй болно. Уг маргааны хувьд маргааны зүйлийн талаар нотлох үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг байтал маргаан бүхий газар дээрх машин механизмын өмчлөл, эзэмшлийн талаарх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх үүрэггүйг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчийн эд хөрөнгө болох нь тогтоогдоогүй автозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэргийг нэхэмжлэгчийн газраас гаргаж, чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.    

Хариуцагчийн төлөөлөгч Н.У нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал байсан Б.Эт холбогдуулан дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр шүүхэд явагдаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэхүү иргэд хоорондын дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан нь хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Ут холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших  нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 эзэмшил газраас хариуцагч “М” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн ковшийн хагарсан дугуй-2ш, автогрейдрийн дугуй-3ш, авто ачигчийн шүдтэй шанага-2ш, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932J001E0290 ковш-1ш, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932V001E0292 ковш-1ш, XGMA-XG951H маркийн арлын дугаар CXG00951J001E0908 ковш-1ш, XGMA-XG6071D маркийн арлын дугаар CXG06071V0D1D0138 ковш-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0149 чичиргээт индүү-1ш, XGMA-XG6141M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0141 чичиргээт индүү-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144JOM1D0142 чичиргээт индүү-1ш эд хөрөнгүүдийг гаргаж, дээрх газрыг чөлөөлж, хариуцагч Н.Ут холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон автозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэрэг хөрөнгийг гаргаж газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА