Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00116

 

ТФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 550 дугаар магадлалтай,

ТФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МГ ХХК-д холбогдох

Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд байршилтай нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009м2 газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч А.К, хариуцагчийн өмгөөлөгч А.З, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ТФ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь холбогдох хууль журмын дагуу 6009 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрээг Баянгол дүүргийн Газрын албатай байгуулж улмаар тус газар дээрх Баянгол дүүргийн 20 хороо, Үйдвэрийн баруун бүс-1, Сонсголонгийн зам 1 тоот хаягт байрлах офиссийн барилга, Баянгол дүүргийн 20 хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/1 тоот хаягт байрлах засварын төв, Баянгол дүүргийн 20 хороо Үйдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах сэлбэгийн дэлгүүр тус бүрт үйл ажиллагаа явуулж байсан билээ. Энэ хугацаанд ТФ ХХК-д ажиллаж байсан Н.У- гэгч нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт 1 сарын 1,000,000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг МГ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилдээ авсан. Үүнээс хойш Н.У- болон МГ ХХК нь дээрх хөрөнгүүдийг газрын хамт эзэмшилдээ авч идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд ТФ ХХК-д нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй өдий хүрсэн. Манай компанийн зүгээс өмч хөрөнгө, эзэмшил газраа өмчлөлдөө авах талаар шаардахад үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, та нар чаддаг юм бол булаагаад ав гэж илтэд тохуурхаж үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул бусдын хууль эзэмшлээс 3 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж улмаар гурван шатны шүүхээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс МГ ХХК-ийн эд зүйлсийг албадан гаргаж манай мэдэлд шилжүүлэн өгсөн. Харин газар чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул газраас эд зүйлийг нь холдуулахгүй гэсэн. Үүний улмаас МГ ХХК-ийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл манай эзэмшлийн хашаанд үлдсэн. МГ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагаар манай 3 үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгсөн боловч манай эзэмшил бүхий газраас өөрсдийн эд зүйл, машин механизмаа санаатайгаар авахгүйгээр үл барам, нэмж манай эзэмшил газар МГ ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Н.У- өөрийн воганчикийг оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд ноцтой халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн эзэмшлийн 6009 м2 газрыг бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч МГ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хуулийн дээрх зохицуулалтаар зохигчийн маргаж байгаа харилцааны зүйл, түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ. Н.У-ийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбилэг болон ТФ ХХК-д холбогдох дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэж, одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарал бүхий маргаж байгаа дундын эд хөрөнгөд ТФ ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009 м.кв хамаарагдаж байна. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/00624 дүгээр шүүгчийн захирамжаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Н.У- нь ТФ ХХК-ийг анх үүсгэн байгуулж, Б.Эрдэнэбилэгийн нэр бүртгүүлсэн бөгөөд Б.Эрдэнэбилэгтэй хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, уг хэрэгт хариуцагчаар Б.Эрдэнэбилэг болон ТФ ХХК татагдсан, өнөөдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ нөхцөлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг салган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэл байх тул ТФ ХХК-ийн нэхэмжлэлийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТФ ХХК-ийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 эзэмшил газраас хариуцагч МГ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн ковшийн хагарсан дугуй-2ш, автогрейдрийн дугуй-3ш, авто ачигчийн шүдтэй шанага-2ш, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932J001E0290 ковш-1ш, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932V001E0292 ковш-1ш, XGMA-XG951H маркийн арлын дугаар CXG00951J001E0908 ковш-1ш, XGMA-XG6071D маркийн арлын дугаар CXG06071V0D1D0138 ковш-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0149 чичиргээт индүү-1ш, XGMA-XG6141M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0141 чичиргээт индүү-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144JOM1D0142 чичиргээт индүү-1ш эд хөрөнгүүдийг гаргаж, дээрх газрыг чөлөөлж, хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон автозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэрэг хөрөнгийг гаргаж газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТФ ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 550 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэсний ард “106.4 дахь хэсэгт” гэж, “...угсардаг болон суурилуулдаг торон хашаа...” гэсний ард “харуулын гэр 1 ширхэг” гэж нэмж оруулж, тогтоох хэсгийн 1 хэс хэсгийн “хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон автозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэрэг хөрөнгийг гаргаж газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч МГ ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “МГ” ХХК-ийг 6009 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж, хөрөнгүүдийг байршуулсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан ба шүүхийн зүгээс 2 удаа үзлэг хийсэн атлаа 6009 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн зүгээс ч хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглаж байна хэмээн дүгнэх тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг бүхэлд нь ашиглаж байна уу үгүй юу, хэрэв бүхэлд нь ашиглаагүй байх тохиолдолд ямар хэмжээний газрыг хууль бусаар ашиглаж байгааг тогтоосны үндсэн дээр тогтоогдсон тэр хэмжээгээр газрыг чөлөөлүүлж шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч болон шүүхийн зүгээс хариуцагч нь хэдий хэмжээний газрыг ашиглаж байгааг тогтоолгүйгээр, газрыг бүхэлд нь ашиглаж байсан мэтээр тайлбарлаж, эзэмшил газрыг бүхэлд нь чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох фото зургаас үзэхэд хариуцагчийн эд хөрөнгө хэмээн дүгнэгдээд буй хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй 6009 м.кв газрыг бүхэлд нь хамаарч байрлагдсан байдал тогтоогддоггүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурьдсан хариуцагчийн гэх хөрөнгүүд нь зай талбайн хувьд 6009 м.кв газрыг бүхэлд нь хамрах боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр, магадлалд дурьдагдаад буй нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газарт 6009 м.кв талбайн хэмжээтэй байршаагүй байдаг. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь дээрх байдлаар тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн хүлээн авч шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж маргааныг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн гэх 6009 м.кв газар дээр шүүхийн шийдвэрт дурьдсан хариуцагчийн хөрөнгүүд байрлаж байх тул эдгээр хөрөнгө /нэр зааж/-үүдийг өөрийн эзэмшлийн газраас албадан чөлөөлүүлэх тухай шаардлага огт гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраас хариуцагчийн ямар эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх гэж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа дурьдаагүй байтал шүүх өөрөө үзлэг хийх замаар тодруулж, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан нэр бүхий хөрөнгүүдийг 6009 м.кв газраас албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг түүний өмнөөс тодруулж, анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдээгүй хөрөнгө болох харуулын гэр 1 ширхэгийг 6009 м.кв газраас албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг харуулж байна. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй байхад түүний өмнөөс санаа тавьж, маргааныг шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй. Нэхэмжлэгч “ТФ” ХХК нь БГД-ийн 20-р хороо, Сонсголонгийн тойруу замын урд байрлах 6009 м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шаардлагыг 2017.12.01-ний өдөр шүүхэд хандаж гаргасан байдаг. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл буюу нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй үедээ гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авч, тус маргааныг хянан хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тухайн газрыг эзэмших эрхтэй бөгөөд уг эрх нь дээрх байдлаар баталгаажсан газар эзэмшигч гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үедээ Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу 6009 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхгүй байсан атлаа өөрөө эзэмших, ашиглах эрхгүй газраас “МГ” ХХК-ийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нийцэхгүй юм. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу нэхэмжлэгч гэх этгээдийн эрхийг хамгаалах хууль зүйн боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан шаардах эрх үүсэхгүй юм. Учир нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012.09.28-ны өдрийн №А/391 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 6009 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч “ТФ” ХХК нь тус захирамжид заасан хэмжээгээр газрыг тэмдэглүүлж газрын кадастрын зургийг газар эзэмших эрхийн гэрээг байгуулж, гэрчилгээг шинэчлэн аваагүй байхад 2017.11.01-ний өдрийн А/509 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь 15 жилийн хугацаатайгаар сунгасан болох нь хэргийн материалд авагдсан баримт болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны №1676 дугаар магадлалаар тус тус тогтоогддог. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхээ баталгаажуулсан нь түүнийг зөвтгөх, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх үндэслэл болохгүй ба нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй бөгөөд нэгэнт эрх зөрчигдөөгүй байсан тул зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломж, бололцоо үүсэхгүй юм. Хэргийн материалд авагдсан 000324304 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2018.09.03-ны гэрээ зэргээс үзэхэд “ТФ” ХХК-д нэгж талбарын 1681910055 дугаар бүхий 6009 м.кв эзэмшүүлсэн байтал нэхэмжлэгч өөрөө нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий газрыг албадан чөлөөлүүлэхийг хүсч, шүүх нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал: “ТФ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018.09.03-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албатай 01107-2018/00334 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээг үндэслэн 000324304 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 1681910055 дугаар бүхий 6009 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 000324304 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон нэгж талбарын 1681910055 дугаар бүхий газрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг тус тус зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын нэгж талбарын дугаар 1681910055 болж өөрчлөгдсөн тул газрын байршил өөрчлөгдсөн гэж үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий газрыг эзэмших эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой юм. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 550 дугаар магадлалд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийхэд уг газарт байсан 7 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгүүд МГ ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь тогтоогджээ” хэмээн дурьдсан байдаг. МГ ХХК нь нэр бүхий 7 төрлийн тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэн оруулж ирсэн боловч ийнхүү импортлосон этгээд нь тухайн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг насан туршдаа хадгалахгүй юм. Шүүхийн шийдвэрт дурьдагдаад буй нэр бүхий 7 эд хөрөнгөд тээврийн хэрэгслийн болон техникийн гэрчилгээ бичигдэж, дугаар олгогддог одоогоор бүгд гуравдагч этгээдийн эзэмшилд шилжиж, улсын дугаар олгогдсон байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн уг хэргийн жинхэнэ хариуцагчийг олж тодруулах зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс нэр бүхий 7 тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, шилжилт хөдөлгөөний мэдээллийг гаргуулах хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэрт дурьдсан 7 тээврийн хэрэгсэл нь хариуцагч МГ ХХК биш тул тухайн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн гэрчилгээ болон техник гэрчилгээг Авто тээврийн Үндэсний төвөөс гаргуулах боломжгүй юм. Мөн хариуцагч МГ ХХК нь ямар нэгэн тээврийн хэрэгсэл, машин механизм эзэмшдэггүй талаарх тодорхойлолт хэргийн материалд авагдсан байтал давж заалдах шатны шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Хариуцагч нарын зүгээс ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд хандаж гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.У- нарын нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбилэг, ТФ ХХК нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа ба Н.У-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 6009 м.кв газар багтсан байдаг. Өөрөөр хэлбэл Н.У- нь маргаж байгаа зүйл болох 6009 м.кв газар ба түүний үндэслэл, өмчлөлийн талаар 2015 онд анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа. Хэрэв Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, 6009 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан тохиолдолд ТФ ХХК-д уг 6009 м.кв газрыг чөлөөлүүлэх эрх үүсэхгүй юм. Н.У- нь МГ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул Н.У- болон МГ ХХК-иудын нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой байсан. Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуралдаан 2019.03.05-ны өдөр болсон бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранхүү шүүх хуралдаанд оролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс А.Наранхүүд олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “...итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн тул төлөөлөгч нь ТФ ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино”, 64.2.3-т “олгосон он, сар, өдрийг заах” гэж заасан. Гэвч А.Наранхүүд олгосон итгэмжлэлд тус итгэмжлэлийг олгосон он, сар, өдрийг заагаагүй байх ба төлөөлөгчөөр оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн байтал харин ч давж заалдах шатны шүүх төлөөлөгч А.Наранхүүг шүүх хуралдаан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн нь магадлал бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм. Дээр дурьдсанчлан давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, гомдлын хүрээнээс хальж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахын зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын нэгж талбайн дугаарыг буруу бичсэн алдааг залруулж, эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ТФ ХХК нь анх Н.У- болон МГ ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд байршилтай 8022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.У-т холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа эзэмшлийн газарт хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгүүд байгааг чөлөөлүүлэх /2-хх-111-р тал/ гэж тодруулжээ.

Хариуцагч МГ ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй тухайн газарт тус компанийн эд хөрөнгө байхгүй гэж маргасан байна.

Баянгол дүүргийн 20 хороо, Үйдвэрийн баруун бүс-2 /16101/, Сонсголонгийн замын урд  байрлах 6009 м.кв газрын эзэмшигч нь ТФ ХХК ба уг газарт байгаа хариуцагчийн өмч гэж нэхэмжлэгчийн зааж буй эд хөрөнгөөс зарим хэсэг нь МГ ХХК-ийнх болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Дээрх дүгнэлтийг хийхдээ хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг  нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл гэж үзсэн нь оновчтой болоогүй байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч ТФ ХХК, хариуцагч МГ ХХК-ийн хооронд өмнө үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу МГ ХХК-ийн хууль бус эзэмшлээс ТФ ХХК-ийн эзэмшлийн 6009 м.кв газар, уг газарт байрлах тус компанийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлснөөр эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогджээ.

Гэвч тус газар, хашаанд хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө буюу тоног төхөөрөмж үлдсэн байгаагаас үзвэл ТФ ХХК-ийн “газар чөлөөлүүлэх” эсхүл “газарт, эд хөрөнгүүд байгааг чөлөөлүүлэх” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь газрыг бүхэлдээ чөлөөлүүлэх бус хариуцагч эд хөрөнгөө авахгүй байгаа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг хүссэн агуулгатай, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зохицуулагдахыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх, энэ талаар зөв дүгнэсэн боловч алдааг бүрэн засаагүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг хамтад нь хэрэглэхээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.

Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”-г, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”-г, 106.4-т “энэ хуулийн 106.2 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах”-г тус тус заажээ.

Иймд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

3. Анхан шатны шүүх “харуулын гэр”-ийг хариуцагч МГ ХХК-ийн өмч гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан техникийн чанартай алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь “...давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан зохицуулалтад нийцсэн байна. Энэ нь нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх санаачилгаараа шийдвэрт өөрчлөлт оруулсан гэж үзэх, өөрөөр хэлбэл, талуудын зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч татгалзсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ТФ ХХК-ийн 6009 м.кв талбайн нэгж талбарын дугаарыг 168022/5074 гэж бичсэн бөгөөд тус компанид  шинээр олгосон 000324304 тоот эзэмших эрхийн гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаар нь 1681910055 гэсэн байх тул энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

6. “...ТФ ХХК нь газар эзэмших эрхтэй нь тогтоогдоогүй байхад анх гаргасан нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах байсан” гэх агуулгатай хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

Өмнө нь энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгч Техник импорт ХХК-ийн урьд эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн хугацаа дууссан тул Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  А/509 дүгээр захирамжаар хугацааг 15 жилээр сунгахдаа өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг шинэчлэх талаар заасан атал, тус компани эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авсан эсэх нь тодорхой бус, тухайн газрын байршил тодорхой бус тул нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөнийг дүгнэх боломжгүй гэсэн үндэслэл зааж байжээ. Харин хэргийг дахин хэлэлцэгдэх үед ТФ ХХК нь газар эзэмших гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулж, гэрчилгээ авч, газрын кадастрын зургаа баталгаажуулснаа шүүхэд нотлох баримтаар гаргасан, анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй.

Нөгөө талаар анх нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших эрхтэй эсэх талаар хариуцагч маргасан бол энэ нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох ёстойгоос бус “нэхэмжлэл гаргах эрхтэй, эрхгүй”-г тодорхойлох үндэслэл биш юм. Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлсон байна. ТФ ХХК нь өөрийн нэрээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан байх тул тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. 

7. Хариуцагч МГ ХХК-ийн автотээврийн газраас лавлагаа гаргуулахаар хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийн эрхийг хязгаарласан, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх боломжгүй.

8. Хариуцагч МГ ХХК-ийн захирал Н.У- болон нэхэмжлэгч  ТФ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг нарын хамтын амьдралын явцад үүссэн эд хөрөнгийн талаархи маргаантай хэрэг өөр шүүхэд хэлэлцэгдэж байгааг зохигч тайлбарласан байна. Уг хэрэгт ТФ ХХК-ийн эзэмшлийн 6009 м.кв газрын эзэмших эрхийн маргаан байгаа гэх үндэслэлээр энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хүлээн авахаас татгалзах байсан тухай гомдолд заасан нь үндэслэлгүй, энэ талаар хоёр шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн байна. 

 9. Нэхэмжлэгч ТФ ХХК-с А.Наранхүүд олгосон итгэмжлэл нь огноо заагаагүй буюу хүчин төгөлдөр бус байхад түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо дурджээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Замбага, өмгөөлөгчөөр Г.Тулга нар оролцсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ТФ ХХК-ийн захирал Ц.Болорчимэг өмнөх төлөөлөгчөөс татгалзаж, А.Наранхүүг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаа мэдэгдэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган ирүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд А.Наранхүү, өмгөөлөгч Г.Тулгын хамт оролцсон ба итгэмжлэлийг хэзээ олгосон нь тодорхой бус хэдий ч уг зөрчил нь магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Нөгөө талаар төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 550 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4” гэж,  нэгж талбарын 1680022/5074” гэснийг “нэгж талбарын 1681910055” гэж тус тус өөрчлөн, “угсардаг болон суурилуулдаг торон хашаа” гэсний ард “харуулын гэр” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дах заалт нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас ТФ ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ