Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 25

 

       Б.Л, Д.Э нарт холбогдох 

      эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                          Прокурор                                                       Ш.Н

                                         Хохирогчийн хууль ёсны 

                                               төлөөлөгч                                                 Б.Ж

                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.М, Т.М

                                          Шүүгдэгч                                                         Б.Л 

                                          Нарийн бичгийн дарга                                   М.Э нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ө овгийн Б.Л

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Соёмбо” хотхоны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овгийн Д.Э

 

Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал олгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан, 

шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Д.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Л-г цагаатгаж, Шүүгдэгч Х овогт Д.Э-ийг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Л, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Л, Д.Э нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжилсэн 112.765.699 /нэг зуун арван хоёр сая долоон зуун жаран таван мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч байгууллагаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булганхангай хороололд ахуйн үйлчилгээний барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бариулах тухай тендерийг аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сард зохион байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргын захирамжаар 2014 оны 03 дугаар сард байгуулагдсан тендерийн хороог өөрчилж, 09 дүгээр сард аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Л-г даргаар томилон үнэлгээний хороог дахин байгуулсан. Үнэлгээний хороо нь Д.Э /шүүх хуралдаанд гэрчээр оролцсон/, Д.Д, Б.Т нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, хороонд ирсэн хоёр тендерийн материалаас “Зориг конструктор” ХХК-ийн баримтыг шалгаруулж, барилгын гүйцэтгэл дутуу, хийгдээгүй байхад компанид 189.808.029  төгрөгийг 2 хувааж олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа юм. 

1. Шүүгдэгч Б.Л нь шүүгдэгч Д.Э-ийн эцэг Я.Д-тай нэг нутаг, нутгийн зөвлөл, найз нөхдийн болон түүнд хамааралтай компанийг тендерт шалгаруулсан болох нь гэрч Я.Д-ы “... манайх барилгын компанитай гэхэд манайд удахгүй тендер зарлагдана” гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ын “... Миний хувьд тус барилгыг газар дээр нь нэг ч удаа очиж харж байгаагүй. 2017 оны сүүл 09, 10 дугаар сарын үед захирал Я.Д Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын санхүүжилтийг харж байгаад материал бүрдүүлээрэй гэж хэлээд надад хийгдсэн ажлын жагсаалт гэсэн бичиг өгсөн. ... Тэгэхдээ компанийн бүх үйл ажиллагааг Я.Д чиглүүлж явуулдаг учраас бүх юмыг сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ын “... “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-уудын тендер сайн тендер байгаагүй. Тэгээд би хурал дээр тендерээс татгалзах саналтай байна. ... Л нь би Эрдэнэбулган суманд ажлын байр бий болгоно гэж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулсан байгаа. Тиймээс тендерийг хүчингүй болгуулмааргүй байна гэж хэлсэн. ... ажлын байр бий болгох гэсэн саналыг дэмжиж, ... “Зориг конструктор” ХХК-ийн тендерийг шалгаруулсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын “... үнэлгээний хорооны дарга Б.Л нь надтай тусдаа уулзаад “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү, ... ажлын байртай болно, ... ерөнхий санаа нь “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч ээ гэсэн санааг хэлсэн. ... дэмжсэн” зэрэг мэдүүлгээр үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн байдаг. 

2. “Зориг конструктор” ХХК-д барилгын гүйцэтгэлээр олгодог санхүүжилтийг богино хугацаанд гүйцэтгэл хийгдээгүй байхад 2 хувааж олгосон. Мөн шүүгдэгч Б.Л нь Ч.О, Ц.Ж нартай уулзаж санхүүжилт олгох талаар чиглэл өгч байсан болох нь гэрч Ч.О-ын “... Гэрээний дагуу манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь тус компанийн барилгын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажилласан. Санхүүжилтийг газар шороо, суурин ажил хийсэн гэдэг утгаар нь олгосон.  ... 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр санхүүжилтийг олгохын өмнө би Ц.Ж-тай хамт гүйцэтгэлийг газар  дээр нь очиж, нүдээрээ харж шалгахад хамгийн эхний санхүүжилтийг авах үедээ хийж байсан ажил дээрээ нэмж ажил хийгдээгүй байсан. ... “Зориг конструктор” ХХК-аас ирүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн баримтыг газар дээр нь тулгаж үзэхэд гүйцэтгэл хийгдээгүй байхдаа хийгдсэн мэтээр бичсэн байсан. Тус байдлыг нь үзээд санхүүжилт олгохгүй гэхэд ... Ц.Ж бид хоёрыг 2-3 удаа Б.Л дарга өрөөндөө дуудаж уулзсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ийн “... Гэрээний дагуу ажлаа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлэх ёстой байсан. ... санхүүжилтээ авчихвал хийнэ гэж бодоод 105.221.898 төгрөгийн гүйцэтгэл хийсэн гэж хүнээр тооцоо гаргуулаад захиалагч талаас хяналт тавьж байсан Жамсран ахаас гуйсан. ... санхүүжилтийг олгосон. Санхүүжилт орж ирэхдээ 103.506.407 төгрөг орж ирсэн. ...  дараагийн санхүүжилтийг авахад мөн л гүйцэтгэлийн тооцоог гаргасан бөгөөд тооцоогоор 86.301.623 төгрөг болсон. ... Ж ахыг дахиж гуйсан. Ж ах өмнөх санхүүжилтээр авсан мөнгө чинь гүйцэтгэлтэйгээ таарахгүй байна, тиймээс дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэсэн. ... манай компанид барьцаалах эд хөрөнгө байхгүй байсан учраас баталгаа гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгэхээр нь би өөрөө Дархан-Уул аймгийн ХААН банкны салбарын албан бичгийг засварлаад 20.000.000 төгрөгийн баталгааны бичиг хуурамчаар үйлдсэн. Тэгээд хүлээж байтал компанийн дансаар 86.301.622 төгрөг орж ирсэн. ... Үлдэгдэл мөнгийг юунд зарцуулснаа одоо сайн санахгүй байна. ... Миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Санхүүжилтийн мөнгөнөөс газар тариалангийн ажилд тодорхой хувийг оруулсан. Аав Д, Л нар нь гайгүй сайн нөхдийн холбоотой байдаг” гэх мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгч буй нь шүүгдэгч нарын зүгээс гэрчид нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж байх тул шалгуулах шаардлага гарч байна. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Э нь хохирол төлбөр хохирогчид төлсөн мэтээр 8 удаагийн төлөлт бүхий 11.860.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь шүүх, хуулийн байгууллагад хуурамч баримт гаргаж өгсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл уг баримтад хохирогч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох дансанд нэг ч төгрөг шилжүүлээгүй байж “... хорих 461 дүгээр анги” гээд түүний эцгийн компанийн нэр дээр дурдсан байдаг. Энэ нь шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгож төөрөгдүүлсэн. Гэтэл улсад учруулсан хохиролтой холбоотой асуудлыг огт шийдвэрлэлгүйгээр нэг ч төгрөг хохиролд төлөөгүй байхад шүүхээс үүнийг тодруулалгүйгээр шүүгдэгч Б.Л-г цагаатгаж, шүүгдэгч Д.Э-т торгуулийн ял шийтгэл оногдуулж, тэдэнд ашигтай байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд огт нийцэхгүй байгаа төдийгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ш.Н би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянавал: Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал олгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л, Д.Э нарт холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд тус прокурорын газраас Б.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Д.Э-ийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Л нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь:Шүүх Б.Л-г буруутгаж буй нотлох баримт болох гэрч Ч.О-ын мэдүүлгийг дурдан түүнийг “Зориг конструктор” ХХК-д хоёр удаа санхүүжилт олгоход Архангай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын даргаар ажиллаж байхдаа Б.Л-ийн нөлөөлж шаардсанаар бус харин барилгын ажлын гүйцэтгэл хийгдээгүй байхад гүйцэтгэл хийгдсэн эсэх, банкны барьцаа баталгааг хуурамч эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын үе шатыг дуусгаж хүлээлгэж өгсөн гүйцэтгэлийн баримтад гарын үсэг зурж баталгаажуулж, дээрх санхүүжилтүүдийг “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлэх боломжийг бүрдүүлж хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ талаар прокурор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо дүгнэсэн байна гэжээ. Ч.О нь “Зориг конструктор” ХХК-д эхний санхүүжилтийг олгоход албан үүрэгтээ хайнга хандсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч дараагийн санхүүжилтийг олгохдоо банкны барьцаа хөрөнгийн баталгааг хуурамч эсэхийг магадлаагүйгээс гадна Б.Л-ийн өгсөн удаа дараагийн үүрэг чиглэл нь санхүүжилт олгох гүйцэтгэлийн баримтад гарын үсэг зурахад давхар нөлөөлсөн талаар “... 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө газар дээр нь очиж танилцахад суурийн ажил хийгдсэнээс өөр ажил хийгдээгүй байсан. Ингээд санхүүжилтийг боломжгүй гэдгийг “Зориг конструктор” ХХК-ийн төлөөлөлд хэлчхээд байж байтал Засаг даргын Тамгын газрын дарга Б.Л нь инженер Ц.Жамсран бид хоёрыг өрөөндөө дуудсан. Тэгээд Б.Л даргад эхний санхүүжилтээ аваад гүйцэтгэл хийгдээгүй учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар танилцуулахад ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна, санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ц.Ж инженер “Зориг конструктор” ХХК нь Дархан-Уул аймгийн ХААН банкны төвөөс 200.000.000 төгрөгийн баталгаа аваад ирлээ гээд үе шатны гүйцэтгэлийн баримттай нь хамт бариад ороод ирсэн. Ингээд би  баталгаа байгаа бол санхүүжилтийг олгох хэрэгтэй гэж шийдээд  үе шатны гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. ... Миний санаж байгаагаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Л эхний санхүүжилтийг олгоод дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэж хэлснээс хойш 3 удаа Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүлмээр байна, санхүүжилтийг шийдэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд 200.000.000 төгрөгийн баталгаа орж ирсэн учраас удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 105.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. ... Авлигатай тэмцэх газраас 2015 онд шалгаж эхэлсэн. Тэр үед би Ц.Ж инженерээс “Зориг конструктор” ХХК-ийн банкны баталгааны хуудас эх хувиараа хаана байна гэж асуухад 2 дахь санхүүжилтийг авах үед танд үзүүлчхээд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Л-д өгсөн гэж хэлж байсан. Өөрөө хуулбарлаж авч үлдсэн нэг хувийг Авлигатай тэмцэх газрын ажилтанд өглөө гэж хэлж байсан. ... Б.Л дарга Ц.Ж бид хоёрыг өрөөндөө 2-3 удаа дуудаж уулзаад Булганхангай хороололд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүл гэж ерөнхийд нь хэлээд тэр дундаасаа ахуйн үйлчилгээний барилгын ажлын асуудлыг онцолж яриад ажлыг нь эрчимжүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй, санхүүжилтийг нь олгох шаардлагатай байна гэж амаар үүрэг, чиглэл өгч байсан. “Зориг конструктор” ХХК нь 200.000.000 төгрөгийн баталгаа аваад ирэхээр нь Засаг даргын Тамгын газрын дарга үүрэг, чиглэл өгсөн учраас банкны баталгааг нь үндэслээд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. ... Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг. Уг байгууллага нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг гэсэн статустай явдаг. Аймгийн Засаг даргаас бол шууд үүрэг чиглэл өгнө. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтсийн дарга нараас манай газарт үүрэг чиглэл өгдөг байсан ...” гэж мэдүүлсэн байхад шүүх дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүх яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд болох гэрч Б.Т, Д.Д нарын “... дарамт шахалт, гуйсан зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тухайн тендерийг шалгаруулахад Л-ийн зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Өөрөө асуудалд орчих юм болов уу, тендер шалгаруулахад хайнга хандсан гэж бодоод мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн юм” гэсэн мэдүүлгийг тус тус цагаатгах нотлох баримтын хэмжээнд үнэлжээ. Хэдийгээр Б.Л нь гэрч Б.Т, Б.Д нарыг тендерт “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруул гэж дарамт шахалт үзүүлсэн, гуйсан үйлдэл тогтоогдоогүй боловч уг компанийг дэмжүүлэх санаа зорилгоо үнэлгээний хорооны гишүүдэд илэрхийлж байсан болох нь гэрч Д.Д-ын “... Тендерийн бүх материалтай танилцаж дуусахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-удын тендер сайн тендер байгаагүй. Тэгээд би хурал дээр тендерээс татгалзах саналтай байна. Шаардлага хангах хэмжээнд биш байна гэж саналаа хэлсэн чинь үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Л нь би Эрдэнэбулган суманд ажлын байр бий болгоно гэж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулсан байгаа. Энэ ажил маань амжилтгүй болох гээд байна. Тиймээс тендерийг хүчингүй болгомооргүй байна гэж хэлсэн. ... Тиймээс Л даргын ажлын байр бий болгох гэсэн саналыг нь дэмжиж, ирүүлсэн хоёр тендерээс үзэж байгаад арай гайгүй тендер болох “Зориг конструктор” ХХК-ийн тендерийг шалгаруулсан. ... Тухайн үед зөрчлүүдийг анхаарч харсан ...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Д.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авахад “... үнэлгээний хорооны дарга Б.Л нь надтай тусдаа уулзаад ““Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү, хэрвээ тендерт шалгараад барилга босчихвол Эрдэнэбулган сумын иргэдээс ажлын байртай болно, бүтээн байгуулалт бий болно гэж хэлж байсан. Ерөнхий санаа нь “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн санааг хэлсэн. ... Миний хувьд Б.Л-г “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн учраас дэмжсэн. Тиймээс зөрчлүүдийг тухайн үед хараагүй ...” гэж болсон нөхцөл байдлын талаар тодорхой ярьсан байдаг. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед дээрх мэдүүлгээ худал гэж үгүйсгэсэн нь түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан цаг хугацаанаас хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал нөлөөлсөн байж болохоор байх бөгөөд шүүх дээрх гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгийн аль нь илүү үндэслэл бүхий талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Учир нь гэрч Б.Т, Б.Д, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан гэрч Я.Д-ы “... “Эко буудай” ХХК-ийг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Б.Л аль боломжтой байдлаараа дэмжлэг үзүүлэн хичээж ажиллаж байсан. ... Б.Л-тэй уулзаад барилгын ажил байвал хиймээр байна, тендер байна уу гэсэн  чинь ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер удахгүй зарлагдана, тэрэнд материалаа бүрдүүлээд өгчих гэсэн. Тэгээд ахуйн үйлчилгээний барилгын тендерийн ажил зарлагдахаар нь материалаа бүрдүүлээд өгсөн чинь шалгарсан. ... Би зочид буудлуудаар хонож, харин хоол ундаа эгч н.Б-ийнд иддэг байсан. Төвшрүүлэх, Хотонт сумдаар газар тариалангийнхаа талбай дээр очиж, ажлаа явуулж байгаад хааяа аймгийн төвөөр усанд орохоор болон бусад ажил хөөцөлдөөд орж ирдэг байсан. Тэр үеэр Л хааяа ажил тарчхаад уулзаж, ярьдаг байсан. Б.Л  бид хоёрын хувьд нутгийн зөвлөлийн байнгын харилцаатай, байнга утсаар ярилцдаг, дотно харилцаатай байсан ...” гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийвэл “Зориг конструктор” ХХК нь тухайн барилга барих ажлын тендерт холбогдох хууль журмын дагуу, бусдаас дэмжлэг авалгүйгээр шалгарсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. 

Шүүгдэгч Б.Л-ийн дээр дурдсан үйлдлүүд нь албан тушаалын байдлаа ашигласан шинжтэй төдийгүй тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн болох нь дараах байдлаар тайлбарлагдана. Үүнд:Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны  эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” хэлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд албаны эрх мэдлийг өөрийнхөө эрхэлж буй албаны эрх ашгийн эсрэг ашигласан байх нь энэ гэмт хэргийн гол шинж гэж ойлгохоор байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д болон Э нар нь Б.Л-тэй хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээд гэж  шууд үзэх боломжгүй мэт боловч Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар Б.Л, Д нар нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг  сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасан. Үүнээс дүгнэхэд Б.Л-ийн “Зориг конструктор” ХХК-д давуу байдал бий болгосон үйлдэл нь түүний хувийн ашиг сонирхлын үүднээс хийгдсэн үйлдэл гэж үзэх бүрэн боломжтой юм. Анхан шатны шүүх Архангай аймгийн Прокурорын газраас Өндөр овгийн Б.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд Б.Л, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1812000500239 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцэлдээ гаргасан саналаа дэмжиж байна. Тухайн гэрчүүд болох үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөхөд заавал чи энэ компанийг дэмж, чи энэ компанийг дэмжихгүй бол тэгнэ гэсэн дарамт шахалт, гуйлт байхыг шаардахгүй. Мэдүүлэгт дурдагдсанаар ийм асуудлыг ярьж хэлсэн учраас тухайн компанийг дэмжсэн гэдэг нөлөөллийн байдлаар нөлөөлсөн үйлдэл нь шууд нотлогдож байгаа гэж үзэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт 20 гаруй гэрчүүдийн мэдүүлэг байхад яагаад 3-4 гэрчийн мэдүүлгийг онцолж яриад байдаг юм бэ гэсэн асуудлыг яриад байна. Тухайн хэрэгт 20 гаруй гэрч мэдүүлэг өгсөн. Хэрэгт маш олон нотлох баримт байдаг нь үнэн. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлэгт шүүгдэгч Б.Л-г гэм буруугүй гэдгийг нотлох мэдүүлэг буюу нотлох баримт байдаггүй гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Хэрэгт гэрч н.Т-ийн мэдүүлэг авагдаагүй, н.Т гэдэг хүн мэдүүлэг өгөөгүй гэдэг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байна. Гэрч н.Т-ийн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэрэгт байгаа гэдгийг дурдаж байна. Өмгөөлөгч Т.М-ийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Д.Э-ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж үзэж байна. Д.Энхзоригийн хувьд авах ёсгүй мөнгийг авсан гэх байр суурьтай байсан гэж байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх нь зөв байх гэж үзэж байна. Д.Э нь 86.000.000 төгрөгийн санхүүжилтийг авах зорилгоор баталгаа хөрөнгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Энэ үйлдэл бол  ямар ч  зорилгогүйгээр бүрдүүлсэн хуурамч баримт бичиг биш. Тухайн мөнгөн санхүүжилтийг өөрийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор бодит байдлыг нууж, хуурамчаар бүрдүүлсэн баримт байгаа. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2. дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Э-т шүүхээс 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ ял шийтгэл тохирсон эсэх талаар эсэргүүцэлдээ дурдаагүй боловч улсын яллагчийн зүгээс ял шийтгэл тохироогүй байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Тухайн шүүгдэгчийн хувьд улсад учруулсан нийт 189.000.000 төгрөгийн хохирлоос өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байдаг. Дутуу баригдсан барилгын суурь байгаа. Тус суурийг шинжээчийн дүгнэлтээр 77.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас дуусаагүй барилгын бүртгэлдээ бүртгэж авсан болохоос биш, өмчлөлдөө шилжүүлж аваагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлуудыг үнэлж үзэхэд өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад төрд 189.000.000 төгрөгийн буюу ноцтой хэмжээний хохирол учруулчхаад энэ хохирлоосоо нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа шүүгдэгч Д.Э-т торгуулийн ял нэмж оногдуулж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Иймд Архангай аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмнө нь  гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын дүгнэлтэд тайлбар хэлэхэд 67 нотлох баримт, 26 гэрчийн мэдүүлэг байхад 3-4 гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээд хэргийг шийдэж байгаа нь харьцангуй цөөхөн нотлох баримт үнэлж байна гэдэг агуулгаар хэлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бүгдээрээ  гэмт хэрэг үйлдсэн гэдэгт нотлох баримт болж үнэлэгдэхээргүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нотлох баримтыг үнэлээгүйг зөвшөөрч байгаа учраас тэдгээр баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар эсэргүүцэл бичээгүй байх гэдэг утгаар тайлбар хэлсэн. Гэхдээ дөрвөн гэрчийн мэдүүлгээр Б.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна гэдэг нь өрөөсгөл байна. Учир нь н.О-ын мэдүүлгийн хувьд гурван  мэдүүлэг нь  зөрүүтэй байдаг. н.О-ын гурван мэдүүлгээс хойш прокурорын тогтоолоор н.О нь ажилдаа хайнга хандсан юм байна гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. н.О-ын аль мэдүүлгийг үнэлэх вэ гэдэг нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал юм. Н.Д-ын тухайд мэдүүлэг дээрээ дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. н.Э-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад дарамт шахалт байсан гэдэг агуулгаар мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ тухайн тендерийн шалгаруулалтад Б.Л-ийн зүгээс  нөлөөлсөн зүйл байхгүй, өөрөө асуудалд орчих юм болов уу, тендерийн шалгаруулалтад хайнга хандсан гээд асуудалд орно гэж бодоод мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн байгаа. н.Д-ы хувьд би Б.Л гэдэг хүнийг таньдаг, надад тендер олж өгсөн гэж мэдүүлсэн боловч үүнийг түүний хүү болох Д.Э тийм зүйл байхгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн байгаа. Тэгэхээр прокурорын үндэслэл болгоод байгаа дөрвөн гэрчийн мэдүүлэг нь бусад 20 гаруй гэрчүүдийн мэдүүлгийн нэгэн адил үгүйсгэгдэж байна гэдэг агуулгаар хэлсэн. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын яриад байгаа 189.000.000 төгрөгийн хохирол учруулсан Д.Э-т торгуулийн ял оногдуулсан гээд байгаатай санал нийлэхгүй байна. Тухайн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд хохирогч байгууллага хохирол нэхэмжилж  орж ирсэн. Гэтэл өмнө нь иргэний журмаар байгууллагад учирсан хохирлоо шийдүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад дахиж хохирол нэхэмжилж орж ирж байгаа нь үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн шийдвэр болсон. Хууль ёсны шийдвэр гарсан байхад их хэмжээний хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй байгаа гэдэг асуудлыг хөндөж, торгуулийн ял оногдуулах ёсгүй гэж яриад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол  нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэл зэрэгт дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр /хх125-126 дугаар хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр /хх128-129 дүгээр хуудас/, Д.Э 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр /хх-147-148 дугаар хуудас/, Д.Д 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр /хх144-145 дугаар хуудас/, Я.Д 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр /хх139-141 дүгээр хуудас/ өгсөн гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагджээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх гэрч Ч.О-ын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн, гэрч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг үнэлж Б.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа яагаад дээрх мэдүүлгүүдийг үнэн гэж шүүх үзсэн талаараа тодорхой үндэслэл гаргаагүй.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О-ын 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн, Д.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг шүүх ямар үндэслэлээр үнэлээгүй талаарх дүгнэлт хийгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгосон Ч.О-ын...Ингээд санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ Зориг конструктор ХХК-ийн төлөөлөлд хэлчхээд байж байтал засаг даргын тамгын газрын дарга Б.Л, инженер Ц.Ж бид хоёрыг өрөөндөө дуудсан. Тэгээд Б.Л даргад эхний санхүүжилтээ аваад гүйцэтгэл хийгдээгүй учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар танилцуулахад ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Миний санаж байгаагаар засаг даргын тамгын газрын дарга Б.Л эхний санхүүжилтийг олгоод дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэж хэлснээс хойш 2-3 удаа Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүлмээр байна, санхүүжилтийг шийдэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд 200.000.000 төгрөгийн баталгаа орж ирсэн учраас удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 105.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Б.Л дарга Булган хангай хороололд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүл гэж ерөнхийд нь хэлээд тэр дундаасаа ахуйн үйлчилгээний барилгын ажлын асуудлыг онцолж яриад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй санхүүжилтийг нь олгох шаардлагатай байна гэж амаар үүрэг чиглэл өгч байсан...гэх мэдүүлэг, Д.Э-ын...Түүнээс гадна үнэлгээний хорооны дарга Б.Л надтай тусдаа уулзаад Зориг конструктор  ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү гэж хэлж байсан. Ерөнхий санаа нь Зориг конструктор  ХХК-ийг дэмжээд өгөөч ээ гэсэн санааг хэлсэн. Миний хувьд Б.Л Зориг конструктор  ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн учраас дэмжсэн. Тиймээс зөрчлүүдийг тухайн үед хараагүй...гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ын...Миний хувьд Рес ХХК болон Зориг конструктор  ХХК-ийн тендер хангалтгүй байсан учраас татгалзъя гэдэг байр суурьтай байсан. Б.Л дарга заавал тендер шалгаруулмаар байна гээд байхаар нь л дэмжсэн. Тухайн үед иймэрхүү зөрчлүүдийг анзаарч харсан.../хх-144 дүгээр тал/, гэрч Я.Д-ы...Б.Л-тэй уулзаад барилгын ажил байвал хиймээр байна тендер байна уу гэсэн чинь ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер удахгүй зарлагдана, тэрэнд материалаа бүрдүүлээд өгчихөө гэсэн. Материалаа бүрдүүлээд өгсөн чинь шалгарсан. Тэр үеэр Б.Л хааяа даа ажлаа тарчхаад уулзаж ярьж хөөрч суудаг байсан. Тэгэхэд нь би нэг удаа Б.Л-д манай компанийг дэмжээд өгөөрэй гэж гуйж байсан. Б.Л бид хоёрын хувьд нутгийн зөвлөлийн ажлаар байнгын харилцаатай, байнга утсаар ярилцдаг, дотно харилцаатай байсан...гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлгийг шүүх ямар үндэслэлээр үнэлээгүй, үнэлэх боломжгүй талаарх дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, гаргасан шийдвэрийн үндэслэлээ бүрэн тайлбарлаж дүгнээгүй, эргэлзээтэй дүгнэлт хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд Б.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн төлөөлөгчийн гомдол зэргийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. 

 

Харин хохирогчийн төлөөлөгчийн гаргасан хохиролтой холбоотой гомдолд дүгнэлт хийгээгүй болно. 

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй байна.  

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Л, Д.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ