Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00059

 

ДАМСын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/03768 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00001 дүгээр магадлалтай,

ДАМСын нэхэмжлэлтэй

“ПДТ” ХХК-д холбогдох  

2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч ХХ/НН/-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ДАМС нь хариуцагч “ПДТ” ХХК-д холбогдуулан 2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/03768 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.17-д зааснаар хариуцагч “ПДТ” ХХК-д 2022 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг ДАМСын Засаг даргатай байгуулахыг даалгаж, нэхэмжлэгч ДАМСын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулахыг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ДАМС нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ПДТ” ХХК-с 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00001 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/03768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ПДТ ХХК-аас 2,620,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ДАМСанд олгож, 2021 он, 2022 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг ДАМСын Засаг даргатай байгуулахыг хариуцагч ПДТ ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ДАМС нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ПДТ ХХК-аас 13,398,750 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ДАМС нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ННхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Газрын тосны тухай хуулийн 11.2.17-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах” гэж заасан нь сайн дурын үндсэн байгуулах гэрээний зохицуулалт юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс жил бүр заавал гэрээ байгуулах ёстой гэрээ гэж тайлбарлан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.” гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хууль нь газрын тосны харилцаанд хамаарахгүй. Мөн Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг “ПДТ” ХХК нь жил бүр төлж байгаа бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан зохицуулалтаас тусдаа зохицуулалт юм. Анхан шатны шүүхээс манай компанийг тус төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн, мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд тус гэрээг харилцан үйлдэл хичээл чармайлтын үр дүнд хийж гүйцэтгэх гэрээ байсан ба одоо ч гэрээний харилцаа үргэлжилж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүх нь хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, гэрээнд оролцогчдын хүсэл зоригийг өөрөөр дүгнэн шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.03.16-ны өдрийн 001ШХТ2023/000275 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр заажээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч ДАМС нь хариуцагч “ПДТ” ХХК-д холбогдуулан 2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол 1,769,748,000 төгрөг, алданги 884,874,000 төгрөг, нийт 2,654,622,000 төгрөгийг гаргуулан орон нутгийн хөгжлийн санд олгуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... 2020.01.22-ны өдрийн 01/18-М, 01/19-М, 01/2020-М дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 2018 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2019 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2020 онд холбогдох 400,000 ам.доллартой тэнцэх 1,269,748,000 төгрөг (2022.08.04-ний өдрийн ханш 3174 төг)-ийг Матад сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, тус гэрээний 2.1.12, 2.1.13-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгуулийн хариуцлага хүлээнэ.  ... 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээгээ тус тус байгуулах үүрэгтэй. ...” гэж тайлбарласан байна. 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... “ПДТ” ХХК нь гэрээ байгуулсны дараа гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. ... 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын ажлыг явуулахад саад бэрхшээл учирснаар Иргэний хуулийн 221.2-т заасан нөхцөл байдал үүссэн. ... Матад сумаас тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр ... 2018-2020 онд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарах тул төслийн барилгын ажлыг орон нутагт шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдож, ... нотариатаар гэрчлүүлснээр шаардах эрх үүснэ. Эдгээр шаардлагыг хангаагүй. ... Төсөл хэрэгжээгүйд сум, орон нутаг хариуцлага хүлээнэ. ... Гэрээнд ямар дансанд мөнгө шилжүүлэх талаар заагаагүй. ... Нэхэмжлэгч бэлэн мөнгө шаардах бус, төсөв тодорхойлон ажил хийхийг л шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тодорхой төсөв бүхий төсөл зохиож ирүүлээгүй. ... Анз ба торгуулийг давхардуулан шаардсан нь буруу. ... 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Матад сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна.” гэж маргасан байна.

9. Давж заалдах шатны шүүх хууль ба гэрээнд нийцүүлэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хяналтын шатны шүүх дараах агуулга бүхий нэмэлт дүгнэлт хийж, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Зохигч, нэг талаас “ПДТ” ХХК, нөгөө талаас ДАМСын хооронд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Гэвч нэхэмжлэгч эдгээр гэрээний дагуу 1,769,748,000 төгрөг шаардах эрхгүй гэж хариуцагч тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Ингэхдээ гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын талаар дүгнэж, Матад сумын боловсруулсан “төсөл”-ийг хариуцагчаас санхүүжүүлэх үүрэг хүлээсэн, хариуцагч төслөө боловсруулаагүй, төсвөө тодорхойлоогүй, сонгон шалгаруулалт хийгээгүй гэж үзэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх энэ асуудлаар анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэн, нэхэмжлэгч сум орон нутагт нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын санал илгээж, ажлыг тайлагнах, цаашдын ажлын талаар гэрээ байгуулахаар харилцаж байсан нь тогтоогдсон тул гэрээ бүрэн хэрэгжээгүй явдалд нэхэмжлэгчийг буруугүй гэж үзсэн. Түүнчлэн гэрээ хариуцагчийн буруугаас хэрэгжээгүй тул нэхэмжлэгч мөнгө шаардах эрхтэй гэж үзжээ.

10. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд гэрээний дагуу үүссэн харилцааг бэлэглэлийн гэрээ биш, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Эдгээр гэрээ нь зорилгын хувьд хувийн бус нийтлэг ашиг сонирхлын тусын тулд байгуулагдах нийтийн эрх зүйн гэрээний шинжийг агуулсан ба энэ төрлийн гэрээний харилцаанд шаардлагатай тохиолдолд хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэн маргааныг шийдвэрлэх боломжтой.

11. Зохигчийн хооронд байгуулсан “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” нь хувийн эрх зүй дэх хариу төлбөргүй, бэлэглэлийн гэрээний шинжийг агуулахгүй. Тус гэрээний эрх зүйн үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн зарчимтай холбон тайлбарлах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалт нь олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Байгалийн баялаг дахь эзэн орны байнгын бүрэн эрхийн зарчим”-ын үндсэн үзэл санаатай нийцдэг бөгөөд тус зарчим ёсоор байгалийн баялаг, нөөцөө чөлөөтэй ашиглах, олборлох ард түмний эрх нь тухайн улсын тусгаар тогтнолын салшгүй хэсэг бөгөөд тухайн улсын хүн ардын сайн сайхан байдал, үндэсний хөгжлийн ашиг сонирхлын тусын тулд хэрэгжиж, хүн ард нь өөрсдийн хөгжлийн хэрэгцээ, зорилгын дагуу ашгаас хувь хүртэх эрхтэй байдаг. Чухамхүү энэ агуулгаар зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хариу төлбөргүй, өглөг, буяны шинжтэй нэг талын үүрэг бүхий харилцаа бус, байгалийн баялгийн эзэн орны ард түмний зүй ёсны эрхэд суурилсан, нийгмийн хариуцлагын хүрээнд, хөрөнгө оруулагч ба баялгийн эзний хооронд байгуулсан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэх нь зүйтэй.

Энэ үүднээс “бэлэглэлийн гэрээний шинжийг агуулсан тул төслийн байгууламжийг шилжүүлэн өгснөөр шаардах эрх үүсэх” агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

12. Гэрээний талууд үүргийн дарааллыг нарийвчлан тохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ орон нутгийн зүгээс нийтийн эрх ашгийн тусын тулд нийгмийн зайлшгүй хэрэгцээгээ тодорхойлон сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн зэрэг хэд хэдэн төрлийн төсөл хэрэгжүүлэх тулгамдсан шаардлага байгаа талаар хүсэл зориогоо илэрхийлж, идэвхтэй байр сууринаас хамтран ажиллах санаачилага гаргаж байсан нь хэрэгт авагдсан 2019.05.05-ны өдрийн 1/223, 2020.04.17-ны өдрийн 1/171, 2021.02.25-ны өдрийн 1/103, 2022.03.11-ны өдрийн 1/87 дугаартай Матад сумын Засаг даргын албан бичгүүдээр тогтоогдож байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн “... нэхэмжлэгч оруулах хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын талаар санал илгээн, ажлаа тайлагнахыг болон цаашдын ажлын талаар гэрээ байгуулахаар харилцахыг шаардаж байсан нь сумын засаг даргаас явуулсан албан бичиг, санал хүсэлтүүдээр тогтоогдсон” тухай дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч Матад сум нь 2018, 2019, 2020 оны гэрээнд заасан байгалийн баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн хүлээх нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлбэл зохих төслийн санхүүжилтийн 2018-2020 онд хамаарах дүн 1,746,720,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тооцож, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тодорхойлсон алданги 873,360,000 төгрөг, нийт 2,620,080,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулсан 2020 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-нд төлбөрийг ам.доллароор тохирсон нь хууль зөрчөөгүй бөгөөд ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн албан ханшаар тооцно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй. Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. 

13. Нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги шаардсан нь хуульд нийцсэн. Анз нь торгууль, алданги гэх хоёр төрөлтэй байх ба маргаан бүхий гэрээнд торгууль ба алдангийн аль алиныг тохирсон байна. Анхан шатны шүүхээс үндсэн төлбөрийг хангаагүй үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс үндсэн төлбөрийн 50 хувиар хязгаарлан алдангид 873,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.17, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай тус тус нийцжээ. 

14. Нэхэмжлэгч 2022.08.10-ны өдөр “2021, 2022 оны хамтран ажиллах гэрээг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалттай компанийн зах зээлийн жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадалд уялдуулан байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох тул нэхэмжлэлд дурдсан томъёоллоор нэхэмжлэлийн шаарадлагыг хангах боломжгүй. Гэвч хоёр шатны шүүх зохигч 2022 оны гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэн энэ оны гэрээг байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

15. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2,620,080,000 төгрөгийг гаргуулан Матад суманд олгохоор шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад тус төлбөрийг гаргуулан Матад сумын төсөвт буюу хөгжлийн санд олгуулахаар шаардаж байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4.1.28-д “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлэхээр заажээ. Харин Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу Орон нутгийн хөгжлийн санд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас төсөв хуваарилагдах бөгөөд ийнхүү хуваарилагдсан төсөв нь тухайн нутгийн иргэдийн оролцоотой сонгосон төслийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг байна.

Тухайн орон нутгийн иргэд өөрсдөө орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой тул тус сан нь нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх нэгэн хэлбэр болно. Иймд орон нутагт байгалийн нөөц баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс байгаль орчныг хамгаалах, орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх зорилгоор шилжүүлэх мөнгөн хөрөнгийг ДАМСын орон нутгийн хөгжлийн санд олгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч “ПДТ” ХХК-аас 2,620,080,000 төгрөгийг гаргуулан ДАМСын Орон нутгийн хөгжлийн санд олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцнэ.

Дээрх агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00001 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Матад суманд олгож ...” гэснийг “...Матад сумын орон нутгийн хөгжлийн санд олгож” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ПДТ” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.14-ний өдөр төлсөн 13,398,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН