Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/03768

 

 

 

 

 

 

                                2022       09          14

                   101/ШШ2022/03768

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д аймгийн М сумын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “П” ХХК /рд:/-д холбогдох

 

2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч H, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн М сумын төлөөлөгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийн 1.3 ба 2.1.12, 2.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК-аас М суманд учруулсан 2018 оны 250,0 сая төгрөг, 2019 оны 250,0 сая төгрөг, 2020 оны 400,000 ам долларын хохирол, гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль болох 50,0 сая төгрөг, мөн 40,000 ам доллар, нийт 1,920,749,600 төгрөгийг хариуцагч “П” ХХК-с гаргуулж, М сумын орон нутгийн хөгжлийн санд олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

•          2020 оны 01 сарын 22-ны өдрийн 2018/01-кh тоот Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 250,0 сая төгрөг

•          2020 оны 01 сарын 22-ны өдрийн 2019/01- кh тоот Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 250,0 сая төгрөг

•          2020 оны 01 сарын 22-ны өдрийн 2020/01- кh тоот Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 400,000 ам.доллар тус тус байна.

Америк долларын ханшийг Монгол банкны 2022.05.17-ний өдрийн албан ханш болох 3.115.34 төгрөгөөр тооцсон болно.

ТОДРУУЛГА:

Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж  шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр дугаар 101/Ш32022/09931 Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан байна.

Энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчээр тус сумын Засаг даргыг тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээдийг ойлгоно. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэгчийг зөв тодорхойлох ёстой...” гэж заасны дагуу 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгчийг Д аймгийн М сум, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д Г хэмээн тодорхойлж, захирамжид дурдагдсан зөрчлийг арилгасан тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ

“П” ХХК нь Д аймгийн М сумын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. “П” ХХК нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7, 34 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт болон М сумын Засаг даргатай 2020 оны 1 сарын 22-ны өдөр байгуулсан Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 2018/01- кh, 2019/01- кh, 2020/01- кh тоот гэрээнүүдэд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбай орших аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, орд ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.

Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Д аймгийн М сумын нутагт үйл ажиллагаа явуулах хугацаандаа дээрх үүргээ хангалтгүй биелүүлж харин байгаль орчинд ноцтой зөрчил учруулсаар ирсэн байдаг. Үүний нэг тод жишээ нь Д аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай хяналтын улсын байцаагч И.Энхтуяагийн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.13 дугаар зүйлийн 9.2, 16.1, 16.2, 16.9, 16.11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэлийн арга хэмжээ авагдаж байсан.

“П” ХХК нь дээр дурдсан гэрээнүүдийг албан шаардлагаар буюу Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд байгуулсан. Мөн М сумын Засаг дарга нь бүтээн байгуулалтын ажлыг 2020 ондоо багтаан яаралтай эхлүүлж, санхүүжүүлж, дүгнэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК-аас удаа дараа шаардаж, орон нутгийн иргэдийн санал дээр үндэслэн 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын саналыг хүргүүлсэн боловч тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр барахгүй 2021 оны гэрээг одоо хүртэл хийхгүй корона вирусаас болсон гэсэн утгатай хариу өгч өдий хүрлээ.

Нэгэнт 2018-2020 онд хийгдэх ёстой бүтээн байгуулалтын ажил тухайн 2021 ондоо багтаж хийгдээгүй, нэгэнт эхлүүлээгүй уг ажлыг цаг хугацааны хувьд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийн 2.1.12 ба 2.1.13-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хохирол нөхөн төлүүлж, гэрээний үнийн дүнгийн 10 хувь хүртэлх хэмжээгээр торгууль ногдуулах хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэгч буюу Д аймгийн М сумаас дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгч тал өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг дурдаж шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

2021, 2022 оны хамтран ажиллах гэрээг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалттай компанийн зах зээлийн жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадалд уялдуулан байгуулахыг даалгах;

Хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ц” ХХК, “Ш” ХХК нь аймаг, сумын Засаг даргатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж жил болгон 1,5 тэр бус төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг. Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК, Д аймгийн “Ш” ХХК нь “П” ХХК-с хүчин чадал, орлого ашгийн хувьд 2-3 дахин бага үзүүлэлттэй хэрнээ тухай аймаг, суманд маш их хөрөнгө оруулалт оруулсан байдаг.

Хариуцагч нь 2021 он хүртэл нийт 21,01 сая тонн түүхий эдийг олборлох бөгөөд түүнээс хичнээн тэрбум долларын ашиг олж, хэдэн төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхойгүй харин ч бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монгол улсад нөөц ашигласан төлбөр, татвар хураамж бараг төлөхгүй нэн хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулдаг.

Мөн "П” ХХК, Ш ХХК болон “Ц” ХХК-д нь цар тахлын үеэр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж харин “Ш” ХХК болон “Ц” ХХК-д нь цар тахлын үеэр буюу 2020, 2021 онуудад орон нутгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр тус тус 1,5 тэрбум буюу хариуцагчийн 2020 оны гэрээнээс өндөр дүнгээр орон нутагт хөрөнгө оруулалт хийн, дэмжлэг үзүүлэн тайлангаа тавьсан байдаг.

Гэтэл хариуцагч нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэрнээ хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэх талаар албан бичиг хүргүүлж удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна орон нутгийн уулзалтаар 2021, 2022 оны гэрээний үйл ажиллагааг эхлүүлнэ, хийнэ гэдэг.

Түүнээс гадна хариуцагч нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад татвар бараг төлдөггүйг дурдах зүйтэй.

Иймд хариуцагчид Газрын тосны тухай хуулийн 11 зүйлийн 11,2,17-д заалтын дагуу 2021, 2022 оны хамтран ажиллах гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын зах зээлийн жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадал, бүтээгдэхүүний хэмжээ, орлоготой уялдуулан орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ М сумын засаг даргатай байгуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгч тал болох Д аймгийн М сум, засаг дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг дурдаж мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дахин дараах байдлаар нэмэгдүүлж байна.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/01-kh, 2019/01- kh, 2020/01- kh тоот Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу хариуцагчаас 2.654.622.000 төгрөгийг М сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах,

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Учир нь Монгол банкны 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн зарласан ханшаар АНУ ам доллар 3174.37 төгрөг байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 400,000 ам долларыг өнөөдрийн ханштай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 400,000 * 3174,37 = 1,269,748 + 500,000,000 = 1,769,748,000 төгрөг дээр гэрээний 2.1.11 дэх заалтаар Иргэний хуулийн 232.5-д зааснаар 1.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.

2020 оны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны гэрээнд тохирсон хийгдэх ажлын зардал 2022 онд хийгдэх ажлын материалын зардал, шатахууны үнэ ханш 30-50 хувь хүртэл нэмэгдсэн.

Иймд гурван гэрээний 3.1.19 дэх заалт, уг гэрээний 1.3-т заасан мөнгөн хөрөнгийг заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хоцорсон алданги 2021 оноос бодож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу бодож 2,654,622.000 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч тал болох Д аймгийн М сум, засаг дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг дурдаж мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодотгож байна.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/18-М, 01/19-М, 01/2020-М тоот Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу хариуцагчаас 2.654.622.000 төгрөгийг М сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах,

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Учир нь Монгол банкны 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн зарласан ханшаар АНУ ам доллар 3174.37 төгрөг байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 400,000 ам долларыг өнөөдрийн ханштай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 400,000 * 3174,37 = 1,269,748 + 500,000,000 = 1,769,748,000 төгрөг дээр гэрээний 2.1.11 дэх заалтаар Иргэний хуулийн 232.5-д зааснаар 1.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.

2020 оны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны гэрээнд тохирсон хийгдэх ажлын зардал 2022 онд хийгдэх ажлын материалын зардлын үнэ ханш 30- 50 хувь хүртэл нэмэгдсэн.

Иймд гурван гэрээний 3.1.17 дэх заалт, уг гэрээний 1.3-т заасан мөнгөн хөрөнгийг заасан хугацаанд холбогдох байгууллага\компанид\ шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хоцорсон алданги 2021 оноос бодож 2.654.622.000 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2018 онд үндсэн төлбөр 250 сая төгрөг, 2019 онд 250 сая төгрөг, 2020 онд  1 269 748 000 төгрөг, нийт 1 769 748 000 төгрөг юм. Гэрээний 2.1.11-д зааснаар торгуульд тооцож байгаад 3.1.19, 1.3-д зааснаар алданги тооцоод 50 хувиар тооцоод нийт 2 654 622 000  төгрөг нэхнэ.

2020.1.22 өдөр 2018, 2019, 2020 оны гэрээг хийсэн. 50 000 долларыг өгсөн. Бусад мөнгийг хариуцагч талд байлгаж байгаад орон нутгийн хөгжилд зориулан ажил хийхээр тохирсон. Хариуцагч нь тендерийг зарлаж гүйцэтгүүлэх талаар сум санал тавихаар тохирсон. Гэрээний дагуу 2020 оны 3 сард гэрээний үүрэг биелэгдэх ёстой байсан боловч биелүүлээгүй. Улмаар шаардсан боловч удаа дараа гүйцэтгээгүй. Янз бүрийн агуулгатай бичиг өгсөөр байгаад 2021 оны сүүл болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь энэ хооронд үйл ажиллагаа явуулж аймагт мөнгө төлөх үүргээ биелүүлж байсан боловч суманд мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй. Энэ талаар компани нь үйл ажиллагаа явуулж мөнгө өгч байгаа талаар баримтуудыг хэрэгт өгсөн байгаа юм. Бусад компани ч төлбөрөө төлж байгаа боловч хариуцагч нь аль болох гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан. Улмаар сургууль, наадмын талбай барих ажил хойшилж үнийн өсөлтөөр төлөвлөсөн ажил хийгдэх боломжгүй болсон тул бид алданги шаардсан юм. Ажлыг хийгдсэн зүйл байхгүй байгаа тул орон нутгийн хөгжлийн санд энэ мөнгийг оруулахаар нэхэмжилсэн юм.

2021, 2022 гэрээ байгуулахыг даалгана. Газрын тосны тухай хуулийн 11.2.17-д зааснаар орон нутагтай гэрээ хийх ёстой. 2019.1.3-ны өдөр Дын захиргааны шүүхийн шийдвэрээр гэрээ хийхийг даалгах шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу жил болгон гэрээ хийх ёстой боловч гэрээ хийхгүй байгаа юм. Шаардсан боловч цар тахлаар шалтгаалж гэрээ хийгээгүй бөгөөд энэ талаар уулзалт хийсэн байдаг. Гэрээний санал өгсөн боловч хийгээгүй. Бусад компани хийгээд байхад хариуцагч яагаад цар тахал гээд хийхгүй байгаа тул үндэслэл гаргаж байгаа юм. Гэрээг хийхгүй гэдэггүй боловч хийдэггүй тул нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

Хариуцагч “П” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч H нар нь шүүхэд, өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь Д аймгийн М болон Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт, импорт, экспортын үйл ажиллагаа явуулж байна.

П ХХК нь 2020 оны 01 сарын 22-ны өдөр Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дугаар заалтыг үндэслэж М сумтай 2018, 2019, 2020 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-г байгуулсан. Манай компани гэрээ байгуулсны дараа даруй гэрээнд заасны дагуу сумын ЗДТГ-т 50000 ам.долларыг шилжүүлсэн. Гэвч 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын төслийн ажлыг явуулахад маш их саад бэрхшээл учруулсан.

2020 оны 2 дугаар сард БНХАУ-д гарсан корона вируст цар тахлын улмаас Монгол улсын хилийн боомтуудыг хааж, ингэснээр П ХХК-ийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсад орж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны 9 дүгээр сард компанийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсад орж ирсэн байна. Гэвч 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсад дээр дурдсан вируст цар тахал гарч улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ нь бүтээн байгуулалтын төслийн ажлыг явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл учруулсан. Гэсэн хэдий манай компани байж болох бүх хүчин чадлаараа тусламжаар хийгдэх бүтээн байгуулалтын явцыг урагшлуулж 2021 оны 2 дугаар сараас эхлэн компанийн хариуцсан ажилтан сумын удирдлагатай уулзаж тусламжийн бүтээн байгуулалтын төслийг ярилцаж хэлэлцсэн. Гэвч үүний дараа Д аймагт корона вирус ихээр дэгдсэний улмаас хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авснаар зураг төслийн компанийн газар дээр нь хийх хайгуул судалгааны ажлын явцад нөлөөлснөөр 2021 оны 6 сард зураг төсөл, төсөв боловсруулагдаж дууссан. 7 сард зураг төслийг орчуулах болон П ХХК-ийн толгой компанид өгч хянуулан баталгаажуулах ажил хийгдсэн.

П ХХК-ийн БНХАУ дахь толгой компаниас Монгол Улсын аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахын өмнө түүний гэрчилгээ тусгай зөвшөөрөл, эрх бүхий байдлыг хянан шалгаж шинэ компанийг Петро Чайна компанийн контрактын системд бүртгүүлэх шаардлага тавьсан. Цаг хугацааг хэмнэх үүднээс манай компанийн холбогдох ажилчид болон АМГТГ-ын төлөөлөгч, сум гэсэн гурван тал 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Тосон-Уул XIX талбай дээр уулзалт хийсэн. Тухайн уулзалтын үеэр манай талаас (хавсралт харна уу) манай компани, сум, АМГТГ гурван тал хамтарч гүйцэтгэгчийг сонгох, сум нь тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах, манай компани гэрээний дагуу тендерт шалгарсан талд урьдчилгаа төлбөр, явцын төлбөр болон үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх зэрэг саналуудыг тусгасан шинэ санамж бичиг байгуулах санал гаргасан. Ингэснээр цаг хугацааг ихээр хэмнээд зогсохгүй П компани гэрээ баталгаажуулах явц процессыг хэмнэх боломжтой гэдгийг дурдсан. Үүний дараа сумын зүгээс буцаж очин хэлэлцсэний дараа ирэх долоо хоногийн нэг дэх өдөр хариу өгнө гэсэн боловч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. 2018-2020 оны гэрээг амжилттай хэрэгжүүлэх баталгааг хангах үүднээс 2022 оны 3 дугаар сараас эхлэн П ХХК болон сумын ЗДТГ хооронд тусламжаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар дахин хэлэлцэж эхэлсэн. 5 сарын 16-ны өдөр М сумын төлөөлөгч болон АМГТГ-ын талбай дээрх төлөөлөгчтэй М суманд холбогдох агуулгыг хэлэлцэж баталгаажуулсан. Үүнд: нэгдүгээрт, манай компани, М сум болон АМГТГ-ын төлөөлөгчөөс бүрдсэн хамтын ажиллагааны комиссын гишүүдийг томилж баталгаажуулсан. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны комиссын үүрэг хариуцлага нь гүйцэтгэгчийг сонгох, бүтээн байгуулалтын ажил, түүнийг комисст хүлээлгэн өгөх зэрэг ажлын дүрэм журам боловсруулах болон гэрээний нийт үнийн дүнд барилгын ажил, зураг төсөл, хяналтын ажлын зардлыг багтаах зэрэг нарийн агуулгуудыг оруулах ажилд дүрэм журам гарган, гарын үсэг зурж баталгаажуулах гэдгийг тодорхойлсон. Гуравдугаарт, 2018-2020 оны гэрээний 4 төслийг баталсан. 5 сарын 24-ны өдөр П ХХК, М сум болон АМГТГ-ын талбай дээрх төлөөлөгч нар шинээр бүтээн байгуулах төслийн шав тавих ёслолыг үйлдсэн ба энэхүү арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна. Үлдсэн 3 төсөл буюу байрны засвар, замын засвар арчлалт болон замын гэрэлтүүлэг суурилуулах гэсэн ажлуудын зураг төсөл байхгүй байна. Одоогийн байдлаар зураг төсөл хийгдэж байна. Зураг төслийн ажил хийгдэж дууссаны дараа барилгын ажлыг гүйцэтгэнэ.

П ХХК-иас тусламжаар босох бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажилласаар байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд М сумын Засаг даргаас бүтээн байгуулалтын ажлыг 2020 ондоо багтаан яаралтай эхлүүлж, санхүүжүүлж, дүгнэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК-аас удаа дараа шаардаж, орон нутгийн иргэдийн санал дээр үндэслэн 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын саналыг хүргүүлсэн боловч тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр барахгүй 2021 оны гэрээг одоо хүртэл хийхгүй корона вирусээс болсон гэсэн утгатай хариу өгч өдий хүрлээ” гэсэн нь бодит нөхцөл байдлаас хол зөрүүтэй байна. Түүнчлэн “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ий 2.1.13 зүйл заалт буюу гэрээ зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй байна. Иргэний хуулийн 221.2 дугаар заалтыг үндэслэхэд дээрх нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл болон хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарна. Түүнчлэн 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд М сумын ЗДТГ-тай яриа хэлэлцээр хийсээр ирсэн боловч М сумын зүгээс тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр буюу манай компанийн хүчин чадлын хязгаараас хол давсан. Түүнчлэн М Сумаас гэрээнд энэ мэт өндөр үнийн дүн санал болгохын зэрэгцээ түүндээ буулт хийхгүй байгаа нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах” гэсэн үндсэн зарчмыг мөн зөрчсөн.

Иргэний хуулийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгч талд албан ёсоор гэрээний нэмэлт өөрчлөлтөд “П ХХК гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон барилгын ажлын гэрээг байгуулах гэдгийг сум, АМГТГ, компани гэсэн гурван тал хамтран бүтээн байгуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, сум нь тендерт шалгарсан талтай бүтээн байгуулалтын барилгын ажлын гэрээг байгуулах, компаниас төлбөр мөнгийг хариуцна" гэж өөрчлөх саналыг гаргасан. 2021 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд П ХХК чухалчлан үзэж, үнэнчээр, чин сэтгэлээсээ хандаж ирсэн бөгөөд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр М сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн П ХХК нь Халхгол сумтай “Байгаль хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ий нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулахыг зөвшөөрч өгнө үү . Манай компани бүх хүч чадлаа дайчлан гэрээний үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.

1.         2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарна. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 276 зүйлийн 276.2-д “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байна. Иргэний хуулийн 276.5-д “Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно” гэж заасан. Хоёр талын хамтын ажиллагааны энгийн гэрээнд талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр заагдсан байдаг. Харин нэхэмжлэгчийн гаргасан гэрээнд манай компанийн хүлээх үүргийг, сум орон нутаг талын эдлэх эрхийг тодорхой заасан байна. Иймд зөвхөн нэг тал үүрэг хүлээсэн нөхцөлд энэхүү гэрээг бэлэглэлийн гэрээ гэж үзэх нь зүйтэй. Хуульд зааснаар эд хөрөнгө шилжүүлэх үед гэрээ байгуулсанд тооцно. Эдгээр гэрээ төслийн барилгын ажил дуусаж, сум орон нутагт шилжүүлэн өгөх үед байгуулагдсанд тооцогдох юм байна.

Гэрээнд манай компанийн нэг талын бэлэглэлийн эрх зүйн үйлдлийг тусгахаас гадна гэрээ зөрчсөний торгуулийн заалтыг оруулж бэлэглэгч талын хүлээх үүргийг нэмэгдүүлсэн нь Иргэний хуульд заасан харилцан тэгш эрхтэй, шударга байх зарчмыг зөрчсөн байна.

2.         Бүтээн байгуулагдах төслүүд нь дэлхий дахинд дэгдсэн шинэ төрлийн корона вируст цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч хойшлогдсон. Монгол Улсын Иргэний хуулийн 221.2-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ”, 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж тус тус заасан байна.

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2018-2020 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш нэг долоо хоногийн дараа БНХАУ-д шинэ төрлийн корона вируст цар тахал гарч, Монгол Улс болон БНХАУ хилийн боомтуудыг хаасны улмаас Хятад талын барилгын ажил гүйцэтгэх хүмүүс болон холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Монгол Улсад орж ирж чадахгүй болсон тул ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх ажил нь мэргэжлийн хүмүүсийн оролцоо шаардлагагүй учраас гэрээний дагуу төлөгдсөн. 2020 оны 10 дугаар сард компанийн зарим хүмүүс Монгол Улсад орж ирсний дараа М сумтай төслийн асуудлаар хэлэлцээр хийсэн. Өвлийн улиралд барилгын ажил явуулах аргагүй учраас, мөн холбогдох зураг төсөл, төсөв дутуу байгаа учраас зураг төслийн компаниар сум орон нутгаас санал болгосон төсөл хэрэгжих газрын талбай дээр судалгаа хийлгэж, зураг төслийг хийлгэхээр тохиролцсон. Гэвч 2020 оны 3 дугаар сард корона вируст цар тахал гарсны улмаас зураг төслийн ажилчид ажиллаж чадахгүйд хүрч 2021 оны 5 сар гэхэд л ажлын талбай дээр очиж судалгаа хийж, зураг төслийг боловсруулсан байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын холбогдох төсвийн норм стандарт 2021 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөнөөс зураг төслийн компани хийсэн төсвийг шинэчлэн өөрчлөх шаардлагатай болсон.

3.         Төслийн хэрэгжилт хойшлогдсон байдалд сум орон нутаг мөн хариуцлага хүлээх ёстой. Иргэний тухай хуулийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан байна. 2021 оны 1-3 дугаар сараас төслийн талаар ажил яриглаж эхэлснээс хойш 5 сард зураг төслийн компани талуудын нэгдсэн саналд хүрсэн төслийн ажлын зураг төслийг боловсруулсан боловч сум орон нутгаас энэ хугацаанд олон удаа төсөл хэрэгжих объектыг өөрчилснөөс үүдэн төслийн ажлын зураг төслийг дахин дахин хийж байсан тул ажил хэвийн явагдах боломжгүй байсан. Ингээд эцэст нь 2021 онд хийгдэх барилгын ажлын алтан үеийг өнгөрөөсөн тул хэрэгжих аргагүй нөхцөл байдал тулгарсан.

Шүүгчээс татгалзаж байна. Хариуцагч нь нотлох баримтаа гаргах эрхтэй. Хамтын хорооны шийдвэрийг гаргуулах гэхэд хангахаас татгалзаж байх тул шударгаар шийдвэрлэхэд эргэлзэж байна. Хуулийн 91.1.3-т зааснаар татгалзаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Асуудлыг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжтой. Гэрээ байгуулсан талаар маргаагүй. Газрын тосны тухай хуулийн 11.2.17-д зааснаар сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулах ёстой. Иймд гэрээ нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулсан. Хариуцагчийг мөнгө шилжүүлээгүй гэдэг. Гэрээнд ямар дансанд хэзээ шилжүүлэхийг заагаагүй. Гэрээнд нэг бол алданги эсхүл торгууль гэж нэхэмжлэгч яриад байна. Гэрээнд анзын хэлбэрийг давхардуулсан нь хууль зөрчсөн. Гэрээний 2.1.12-т торгууль төлнө гэсэн, гэтэл 3.1.17-д алданги төлөх талаар заасан. Иргэний хуулийн 232.1, 232.4-т анзын талаар  тусгасан байна. Алданги нэхээд байгаа юм уу, торгууль нэхээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, цуг тусгасан тул энэ заалт нь хүчин төгөлдөр бус юм. Гэрээ нь 2020 онд байгуулагдсан бөгөөд 2018, 2109 оны гэрээ яригддаг. Тэгэхээр 2018, 2019 оны хувьд хамтран ажиллах ямар нэг зүйлийг тохиролцоогүй байна. Гэрээ нь Иргэний хуулийн аль гэрээний шинжийг хадгалж байгаа талаар харахад нэг талын хүсэл зоригийн шинжтэй. Мөн сайн дурын үндсэн дээр тул бэлэглэлийн гэрээний шинжийг агуулж байна. Бэлэглэлийн гэрээний амлалт нь нотариатаар гэрчлүүлсэн бол шаардах эрх үүснэ. Гэтэл нотариатаар гэрчлэгдээгүй тул шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Гэрээ байгуулагдсан боловч тодорхой ажил гүйцэтгэхийг даалгаж болох боловч мөнгө шаардах эрхийг олгоогүй. Нэхэмжлэгч нь ийм төсөвтэй ийм ажил хийнэ гэж шаардаж болох юм. Харин бэлэн мөнгө шаардахгүй. Гэрээний хугацаанд хийх ажлын талаар  тодорхой төсөл төсөв зохиож ирүүлээгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн саналын дагуу 3 төсөл хэрэгжиж байгаа юм. Сумын ажилчдын орон сууц, хогны цэг болон наадмын талбайг янзлах ажил нь хийгдээд явж байгаа юм. 2020 оны гэрээ нь хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээ юм. Гэрээний үнийг валютаар тодорхойлж болох боловч төгрөгөөр илэрхийлэх ёстой. Банк болон ББСБ нь валютын гэрээнд зөвшөөрөл авахгүй юм. Иймд доллараар төлбөр тооцоог илэрхийлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Энэ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул шаардах эрх үүсгэхгүй. Холбогдох зөвшөөрөл аваагүй тул гэрээний дүнг тогтоох боломжгүй. 2021, 2022 гэрээний хувьд сайн дурын үндсэн дээр хийгдэх хуультай тул шүүх даалгах үндэслэлгүй. Харин талууд харилцан тохиролцож байгуулах боломжтой гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14248 дугаар захирамжийн хуулбар /хх4-6/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа /хх8/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр захирамжийн хуулбар /хх9-13/, “П” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/1-382 дугаар албан тоотын хуулбар /хх16/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 01/18-М дугаар гэрээний хуулбар /хх17-21/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 01/2020-М дугаар гэрээний хуулбар /хх22-26/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 01/19-М дугаар гэрээний хуулбар /хх27-31/, М сумын засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/103 дугаар албан тоотын хуулбар /хх32/, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/223 дугаар албан тоотын хуулбар /хх33/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 107 дугаар захирамжийн хуулбар /хх34-35/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1963 дугаар захирамжийн хуулбар /хх64-66/, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-н 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12/38 дугаар албан тоотын хуулбар /хх67/, Б.Наранболдын нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийн хуулбар /хх68/, Д.О-н нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийн хуулбар /хх69/, Н.Шагдарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлтийн хуулбар /хх70/, Д.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлтийн хуулбар /хх71/, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-н 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12/35 дугаар албан тоотын хуулбар /хх72/, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-н 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12/46 дугаар хариу тайлбарын хуулбар /хх73-78/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 854 дүгээр тэмдэглэлийн хуулбар /хх79-90/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийн хуулбар /хх91-96/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 563 дугаар тогтоолын хуулбар /хх97-105/, Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 6-3061 дүгээр албан тоотын хуулбар /хх106/, “П Монгол” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/158 дугаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийн хуулбар /хх107-111/, 4 ширхэг гэрэл зураг /хх112/, 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа 2 ширхэг /хх113-114/, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3/293 дугаар албан тоотын хуулбар /хх115/, Д аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 5/993 дугаар албан тоотын хуулбар /хх116/, Гаалийн ерөнхий газрын харьяа Д аймаг дахь гаалийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 01/240 дүгээр албан тоот, түүний хавсралтын хуулбар /хх117-118/, М сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1/87 дугаар албан тоотын хуулбар /хх119/, Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 2022 оны гэрээний төслийн хуулбар /хх120-125/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх126-129/, Зөрчлийн хэргийн баримтууд /хх130-142/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар /хх143/, М сумын Засаг даргын .... оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/502 дугаар албан тоотын хуулбар /хх144/, Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний төслийн хуулбар /хх145-152/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар /хх153-154/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 331 дүгээр албан тоотын хуулбар /хх155/, Д аймагт олборлох үйлдвэрлэл явуулж буй ААН, байгууллагуудад байгаль орчны чиглэлээр мониторинг хийсэн ажлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тайлангийн хуулбар /хх156-173/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн хуулбар /хх189-196/, Ашигт малтмал, газрын тосны газар, Д аймгийн Засаг дарга, “П” ХХК хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн гурван талт хэлцлийн хуулбар /хх197-198/, 2011 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн протоколын хуулбар /хх199-200/, Д аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн хуулбар /хх215/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/51 дүгээр албан тоот /хх216-217/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаар тогтоолын хуулбар /хх232-236/, гэрэл зураг 14 ширхэг /хх237-243/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр 2018-2020 оны гэрээтэй холбоотойгоор нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах тухай, 2021 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “П” ХХК-д 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулахыг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д аймгийн М сум нь 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар сум нь иргэний эрх зүйн харилцааны орцогч этгээд мөн юм.

 

Хариуцагч “П” ХХК нь 2018-2020 оны гэрээтэй холбоотойгоор төслийн ажил хийгдэж байгаа, 2021-2022 оны гэрээ байгуулахад татгалзахгүй боловч гэрээний үнийн дүнгийн талаар нэхэмжлэгч нь хэт өндөр үнэ хэлснээр байгуулагдах боломжгүй болсон, 2020 оны гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нотлох баримт гаргуулах тухай, хариуцагчийн өмгөөлөгч нь нотлох баримт гаргуулах, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан.

Үүний дараа хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг дахин завсарлаж, хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан.

Энэ үед хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны өөрт таалагдахгүй нөхцөл үүссэн дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааныг эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэх боломжтой гэх боловч энэ талаар тусгайлан хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжүүлэх боломжгүй юм. Үүнээс гадна өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрх эдлэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд өөрийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргасан гаргасан гэж тайлбарласан. Хэргийн 54 дүгээр талд байх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гараар бичсэн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.С-г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан байна. Тодруулбал, шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргаагүй.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц.М-г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргаж, шүүх эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон. /хх188/

Улмаар шүүх хуралдааны хүсэлт гаргах шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох хүсэлт гаргаагүй. Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан, өмгөөлөгчид нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйтэй холбоотойгоор ямар нэг хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 01/18-М, 01/2020-М, 01/19-М дугаар гэрээнүүдийг байгуулсан байна. /хх17-31/

Энэхүү гэрээнүүд нь 1 өдөр байгуулагдсан бөгөөд зүйл заалт, агуулгын хувьд ижил бөгөөд харин гэрээний зүйл болох гүйцэтгэх ажлын үнийн дүнгийн хувьд өөр өөр байна.

Гэрээний 1.2-т зааснаар гэрээг хариуцагч “П” ХХК нь байгаль орчныг хамгаалах, орд ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч талын бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжих эд зүйл тодорхой байх ёстой бол харин маргаж буй гэрээгээр хэрэгжүүлэх төслийн зорилгыг тодорхойлсон. Цаашлаад гэрээний 2.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэгжүүлэх төслийг сонгохоор тохиролцсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээний дагуу хамтран ажилласан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр талууд тодорхой үр дүнд хүрэхээр, үйл ажиллагааг хэрэгжүүлж ашиг олох зорилготой байдаг. Харин маргаж буй гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид байгаль орчин хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна. Тодруулбал, хариуцагч тал ямар нэг ашиг олох зорилгогүй байна.

 

Гэрээний агуулга, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ байх бөгөөд нэрлэгдээгүй гэрээний хувьд Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэл хамаарна. Учир нь маргаж буй гэрээгээр талууд тодорхой эрх, үүрэг хүлээсэн боловч Иргэний хуульд тусгайлан нэрлээгүй, Газрын тосны тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэгтэй холбоотойгоор байгуулагджээ.

 

Гэрээний 4.1-д зааснаар талууд хамтын хороо байгуулан ажиллах бөгөөд уг хороо нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байхаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хамтын хороо байгуулагдсан эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан. Улмаар гэрээ бүрэн хэрэгжээгүй талаар зохигчид маргаагүй бөгөөд хамтын хороо хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй байгаа нь гэрээний нэг тал нөгөө талаас гэрээнд заасан үүргийг шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хамтын хороо хяналт тавиагүй тул үүрэг гүйцэтгэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Маргаж буй 01/18-М, 01/19-М дугаар гэрээгээр тус бүр 250,000,000 төгрөгийн төслийг 2018, 2019 онуудад хэрэгжүүлж, хариуцагч санхүүжүүлэхээр тохиролцсон байна.

Харин 01/2020-М дугаар гэрээний үнийн дүнг 450,000 ам доллар гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 1.3-т зааснаар 50,000 ам долларыг нэхэмжлэгчид олгох, 400,000 ам долларт төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

 

Дээрх үйл баримттай холбоотойгоор зохигчид гэрээ байгуулагдсан, 50,000 ам доллар нэхэмжлэгчид олгогдсон эсэх талаар маргаагүй. Тодруулбал, хариуцагч нь 50,000 ам долларыг нэхэмжлэгчид олгосон байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нь гэрээний үнийг гадаад валютаар тогтоож, улмаар уг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглосон зохицуулалт юм.

Харин 01/2020-М дугаар гэрээнд 400,000 ам доллар гэж заасан нь үнэ тогтоосон, төлбөр хийх асуудал биш бөгөөд харин 400,000 ам долларын өртөгт тохирох хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн нэхэмжлэгч нь 400,000 ам долларыг албан ханшаар тооцож төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн зохигчид 50,000 ам долларт холбогдох хэсгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн 01/2020-М дугаар гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.

 

Эдгээрээс үзэхэд зохигчид 3 гэрээгээр нэхэмжлэгч нь төсөл болон түүнийг гүйцэтгэгчийг тендер зарлах замаар сонгон шалгаруулах, харин хариуцагч нь төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 50,000 ам доллараас бусад хэсэгт орон нутгийн хөгжилд зориулж мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Цаашлаад, нэхэмжлэгч нь төслөөр хэрэгжүүлэх ажил болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй байсан. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагч нь хэрэгжүүлэх төслийн талаар санал ирүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Улмаар нэхэмжлэгч нь төслийг сонгох, улмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүргээ хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул мөнгөн төлбөр шаардах эрхгүй.

Учир нь нэхэмжлэгч нь маргаж буй гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэх талаар урьдчилсан нөхцөлийг бүрдүүлээгүй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Цаашлаад  маргаж буй 2018-2020 оны гэрээний хугацаа хэтрэх нөхцөл байдал нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг хугацаа хэрүүлсэн гэж үзэхгүй.

Улмаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол шаардах эрх үүсэхгүй юм.

 

Цаашлаад хэдийгээр хариуцагч нь 3 төрлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэх тайлбараа нотлоогүй боловч энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь төсөл болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боловч хариуцагч нь хамтын ажиллагааны хорооны гишүүний хувьд төслийн хэрэгжилтэд хяналт тавих боломжтой байсан байна.

Улмаар хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардаагүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх 3 гэрээнээс татгалзаагүй, үүнтэй холбоотойгоор буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол шаардаагүй байна.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь 2018-2020 оны гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохиролд 1,769,748,000 төгрөг шаардах эрхгүй.

 

Эдгээрээс гадна нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, хариуцагч нь төсөл шалгаруулах талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээр тус тус буруутай байх тул хэрэгжээгүй төслийн мөнгөн төлбөрийг тооцох боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага болох алдангийн хувьд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулна. Гэвч 2018, 2019 оны гэрээг 2020 онд нөхөж байгуулсан байх тул алданги шаардах эрхгүй.

Цаашлаад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний 2.1.4-т заасан үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээр гэрээний 1.3-т заасан хугацааг хэтрүүлсэн тул хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэг биелэгдээгүй хугацаа хэтэрсэн нь хариуцагчаас шууд шалтгаалаагүй байна.

 

Мөн шүүх тодруулснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь удаа дараа алдангийг 2001 оноос тооцно гэж тайлбарласан. Иймд 2020 онд байгуулагдсан гэрээний алдангийг 2001 оноос тооцох үндэслэлгүй.

 

Иймд 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин 2018, 2019 оны гэрээг нөхөж, 2020 оны гэрээтэй хамт байгуулсан байх тул гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, улмаар хариуцагчаас гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг буюу төсөл санхүүжүүлэхийг шаардах эрх нээлтэй болохыг тэмдэглэж байна.

Ийнхүү гэрээний үүргийг жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

2021, 2022 оны гэрээг байгуулахыг даалгах шаардлагын хувьд: Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т гэрээлэгчийн талаар зохицуулсан бөгөөд хариуцагч “П” ХХК нь гэрээлэгчид хамаарах болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т гэрээлэгчийн үүргийн талаар зохицуулсан.

Улмаар дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д зааснаар гэрээлэгч буюу хариуцагч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх асуудал буюу цар хүрээний хувьд сайн дурын үндсэн дээр байх бөгөөд харин сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах үүрэгтэй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2021 оны гэрээг нөхөн байгуулахыг даалгах боломжгүй гэж үзлээ.

Харин 2022 оны хувьд дээрх хуульд зааснаар хариуцагч нь гэрээ байгуулах үүрэгтэй.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2021, 2022 оны хамтран ажиллах гэрээг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалттай компанийн зах зээлийн жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадалд уялдуулан байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох тул нэхэмжлэлд дурдсан томъёоллоор хариуцагчид даалгах боломжгүй.

Иймд зохигчид 2022 оны гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар маргаагүй тул гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Улмаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.17-д зааснаар хариуцагч “П” ХХК-д 2022 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг Д аймгийн М сумын Засаг даргатай байгуулахыг даалгаж, нэхэмжлэгч Д аймгийн М сумын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулахыг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д аймгийн М сум нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “П” ХХК-с 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД