Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00001

 

 

 

 

...........-сумын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/03768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-сумын нэхэмжлэлтэй, хариуцагч ................- ХХК-д холбогдуулан гаргасан 2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол, алданги нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганцогт, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Г.Сувд-Эрдэнэ /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ................- ХХК нь ...........-сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах мөн орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчлан тогтоосон байдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч ................- ХХК нь ...........-сумын нутагт үйл ажиллагаа явуулах хугацаандаа хуулиар хүлээсэн дээрх үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу холбогдох гэрээг байгуулахгүй байсан. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ...................- ХХК-тай хамтран ажиллах тухай 2018 оны гэрээг байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч ...........-сумын засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Матад сумын Засаг дарга болон ................- ХХК-ийн хооронд Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 2018, 2019 оны гэрээг нөхөн, 2020 оны гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч ................- ХХК нь 2018 оны 01/18-М дугаартай гэрээнд зааснаар 250,000,000 төгрөгийг, 2019 оны 01/19-М дугаартай гэрээний дагуу 250,000,000 төгрөг, 2020 оны 01/2020-М дугаартай гэрээний дагуу 450,000 ам.долларыг тус тус ...........-сумын байгаль орчныг хамгаалах, орд ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Матад суманд төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч 50,000 ам.доллараас өөр байдлаар гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийн 2.1.12, 2.1.13-т...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хохирол нөхөн төлүүлж, гэрээний үнийн дүнгийн 10 хувь хүртэлх хэмжээгээр торгууль ногдуулах хариуцлага хүлээх үүрэгтэй гэж, мөн гэрээнүүдийн 3.1.17-д ...1.3-т заасан мөнгөн хөрөнгийг заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж тус тус тохиролцсон.

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн 2.1.12, 2.1.13, 3.1.17-д тус тус зааснаар хохиролд 2018 оны 01/18-М дугаартай гэрээний 250,000,000 төгрөгийг, 2019 оны 01/19-М дугаартай гэрээний 250,000,000 төгрөг, 2020 оны 01/2020-М дугаартай гэрээний дагуу 400,000 ам.доллар буюу /нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 3,174.37 төгрөгөөр тооцвол 1,269,748,000 төгрөг/ 1,769,748,000 төгрөгийг алдангийн хамт нийт 2,654,622,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.2. Хариуцагч нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон 2021, 2022 оны гэрээг байгуулахгүй байгаа үндэслэлээ Ковид-19 цар тахалтай холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь өнгөрсөн хугацаанд хариуцагч компанийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй үргэлжилж байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан.

Иймд Газрын тосны тухай хуулийн 11 зүйлийн 11.2.17-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын зах зээлийн жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадал, бүтээгдэхүүний хэмжээ, орлоготой уялдуулан орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх 2021, 2022 оны гэрээг Матад сумын Засаг даргатай байгуулахыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ................- ХХК нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасныг үндэслэж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Матад сумтай 2018, 2019, 2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Манай компани гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. Гэвч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсад Ковид-19 цар тахал гарч улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ нь бүтээн байгуулалтын төслийн ажлыг явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсгэсэн. Петро чайна дачин тамсаг ХХК-ийн зүгээс тусламжаар босох бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажилласаар байна. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-ний 2.1.13-д заасны дагуу гэрээ зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй байна. 2021 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-ний тухайд Петро чайна дачин тамсаг ХХК чухалчлан үзэж, үнэнчээр, чин сэтгэлээсээ хандаж ирсэн бөгөөд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Матад сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Петро чайна дачин тамсаг ХХК нь Халхгол сумтай Байгаль хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-ий нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулахыг зөвшөөрч өгнө үү . Манай компани бүх хүч чадлаа дайчлан гэрээний үүргийг бүрэн хэрэгжүүлнэ. 2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарна. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан гэрээнд манай компанийн хүлээх үүргийг, сум орон нутаг талын эдлэх эрхийг тодорхой заасан байна. Иймд зөвхөн нэг тал үүрэг хүлээсэн нөхцөлд энэхүү гэрээг бэлэглэлийн гэрээ гэж үзэх нь зүйтэй. Эдгээр гэрээ төслийн барилгын ажил дуусаж, сум орон нутагт шилжүүлэн өгөх үед байгуулагдсанд тооцогдох юм байна. Гэрээнд манай компанийн нэг талын бэлэглэлийн эрх зүйн үйлдлийг тусгахаас гадна гэрээ зөрчсөний торгуулийн заалтыг оруулж бэлэглэгч талын хүлээх үүргийг нэмэгдүүлсэн нь Иргэний хуульд заасан харилцан тэгш эрхтэй, шударга байх зарчмыг зөрчсөн. Бүтээн байгуулагдах төслүүд нь Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч хойшлогдсон. Монгол Улсын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус заасан.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг байгуулснаас хойш нэг долоо хоногийн дараа БНХАУ-д шинэ төрлийн Корона вируст цар тахал гарч, Монгол Улс болон БНХАУ хилийн боомтуудыг хаасны улмаас Хятад талын барилгын ажил гүйцэтгэх хүмүүс болон холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Монгол Улсад орж ирж чадахгүй болсон тул ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх ажил нь мэргэжлийн хүмүүсийн оролцоо шаардлагагүй учраас гэрээний дагуу төлөгдсөн. 2020 оны 10 дугаар сард компанийн зарим хүмүүс Монгол Улсад орж ирсний дараа Матад сумтай төслийн асуудлаар хэлэлцээр хийсэн. Өвлийн улиралд барилгын ажил явуулах аргагүй учраас, мөн холбогдох зураг төсөл, төсөв дутуу байгаа учраас зураг төслийн компаниар сум орон нутгаас санал болгосон төсөл хэрэгжих газрын талбай дээр судалгаа хийлгэж, зураг төслийг хийлгэхээр тохиролцсон. 2021 оны 01-03 дугаар сараас төслийн талаар ажил яригдаж эхэлснээс хойш 5 сард зураг төслийн компани талуудын нэгдсэн саналд хүрсэн төслийн ажлын зураг төслийг боловсруулсан боловч сум орон нутгаас энэ хугацаанд олон удаа төсөл хэрэгжих объектыг өөрчилснөөс үүдэн төслийн ажлын зураг төслийг дахин дахин хийж байсан тул ажил хэвийн явагдах боломжгүй байсан. Ингээд эцэст нь 2021 онд хийгдэх барилгын ажлын алтан үеийг өнгөрөөсөн тул хэрэгжих аргагүй нөхцөл байдал тулгарсан.

Гэрээ байгуулсан талаар маргаагүй. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д зааснаар сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулах ёстой. Иймд гэрээ нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулсан. Гэрээнд ямар дансанд хэзээ шилжүүлэхийг заагаагүй. Гэрээний 2.1.12-т торгууль төлнө гэсэн, гэтэл 3.1.17-д алданги төлөх талаар заасан ийнхүү анзыг давхардуулсан нь хүчин төгөлдөр бус юм. Бэлэглэлийн гэрээний амлалт нь нотариатаар гэрчлэгдээгүй тул шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Гэрээ байгуулагдсан боловч тодорхой ажил гүйцэтгэхийг даалгаж болох боловч мөнгө шаардах эрхийг олгоогүй. Гэрээний хугацаанд хийх ажлын талаар тодорхой төсөл төсөв зохиож ирүүлээгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн саналын дагуу 3 төсөл хэрэгжиж байна. 2020 оны гэрээ нь ам.доллароор төлбөр тооцоог илэрхийлсэн тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Энэ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул шаардах эрх үүсгэхгүй. Холбогдох зөвшөөрөл аваагүй тул гэрээний дүнг тогтоох боломжгүй.

2.2. 2021, 2022 оны гэрээний хувьд сайн дурын үндсэн дээр хийгдэх хуультай тул шүүх даалгах үндэслэлгүй. Харин талууд харилцан тохиролцож байгуулах боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.17-д зааснаар хариуцагч ................- ХХК-д 2022 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг ...........-сумын Засаг даргатай байгуулахыг даалгаж, нэхэмжлэгч ...........-сумын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулахыг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ...........-сум нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ................- ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Гэрээг буруу тайлбарласан тухайд, гэрээний 1.3, 2.1.4, 3.1.7-д заасан үүргээ хариуцагч огт биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нь төслийг сонгох, улмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүргээ хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөлийг анх Төрийн ордонд тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо 2018, 2019 оны гэрээг 250,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, 2020 оны гэрээг 700,000 ам.доллароор тохиролцох байсан боловч ярилцаад 450,000 ам. доллароор тохиролцож, үүний 50,000 ам.долларыг орон нутгийн хөгжлийн санд шилжүүлж, үлдсэн 400,000 ам.доллар болон 250,000,000 төгрөгийг тус тус ................- ХХК-ийн дансанд байршуулж, гэрээний 1.3-т зааснаар хариуцагчаар тендер зарлуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогддог. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад багийн байр, сургуулийн фасад хийх ажлыг өөрийн компанийн нэр дээр тендер зарлан хийж байгаа талаар тайлбарласан. Орон нутаг уг тендер зарлах үйл ажиллагаанд огт оролцоогүй. Хэрэгт авагдсан баримтуудаар талууд гэрээнд заагдсан эрх үүргээ хэн нь сонгон шалгаруулж, хэзээ мөнгөө шилжүүлж санхүүжүүлэхээ мэдэж байхад нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй, шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй.

4.2. Иргэний хуулийг буруу тайлбарласан тухайд, ................- ХХК-аас дээрх гэрээний үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргаж хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлд тус тус заасны дагуу мөнгөн хэлбэрээр хохирлоо арилгуулахаар шаардах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасныг шүүх шаардах эрхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Гэрээний талууд 2018, 2019, 2020 оны гурван гэрээнд тус бүрд хэчнээн төгрөгийн санхүүжилт олгохоо тодорхой тохиролцож гэрээнд заасан байтал төслийн хэмжээ нь тодорхой бус гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4.3. Хуулийн дагуу үүрэг хүлээсэн буюу хүчин төгөлдөр гэрээний үүрэг нэхэмжилсэн тухайд, ................- ХХК нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүрэг хүлээж тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч сум, дүүргийн засаг даргатай заавал байгуулах ёстой гэрээ юм.

4.4. Нотлох баримтыг үнэлээгүй тухайд, хариуцагчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг нотлох баримт болох 2018, 2019, 2020 онуудын газрын тос импортолсон гаалийн мэдээг нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх үнэлээгүй. Мөн нэхэмжлэгч тал гэрээний үүргийн дагуу Матад сумын Засаг даргын тамгын газраас хариуцагч "................-" ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан албан бичиг болон ажлын жагсаалт, хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад эдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Матад сумын засаг дарга нь Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээ болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авах болон иргэдээс шууд санал авах замаар шалгарсан төсөл арга хэмжээнийхээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаарх саналаа дээр дурдсанчлан хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс хариу албан бичигтээ тухайн төслүүдийг дахин хамтран нягтлах талаар хариу ирүүлж байсныг шүүх илтэд буруугаар тайлбарласан байна.

4.5. Шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан байдаг. Энэхүү гэрээ нь мөнгөн дүнгээр тодорхойлогдох үүрэг бүхий гэрээ ба хариуцагч тал хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол алданги гаргуулахаар гэрээний 3.1.17-д тохиролцсон юм. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, гэрээний 3.1.17-д заасны дагуу алданги шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо торгууль шаардаагүй байхад шүүх торгууль, алдангийг давхардуулсан нь буруу байх талаар тайлбарласан нь үндэслэлгүй юм. Иргэний эрх зүйн суурь зарчим болох гэрээний эрх чөлөөг ханган хамгаалах зарчмын үүднээс гэрээнд анзын хэлбэрийг давхардуулсан нь шаардах эрхээ алдахад хүргэхгүй. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алданги, торгуулийг давхардуулан хэрэглэхгүй байхаар заасан зохицуулалт байхгүй байна.

4.6. Гадаад валютыг хуулийн дагуу хөрвүүлэн нэхэмжилсэн тухайд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн зарим хэсгийг Америк доллароор байгуулсан. Нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ханш болох 3,174.37 төгрөгөөр тооцсон хууль зөрчөөгүй болно. Мөн ам.доллароор гэрээний үнийг тодорхойлсон нь мөнгөний ханш унахаас сэргийлсэн.

4.7. 2021, 2022 оны гэрээг нөхөн байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ үндэслэлгүй, ойлгомжгүй байдлаар ялгамжтай хэт нэг талыг барьсан тайлбар хийсэн. Учир нь, Газрын тосны хуульд заагдсан үүргийн дагуу жил бүр гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд "................-" ХХК нь ...........-сумын нутагт үйл ажиллагаа явуулах хугацаандаа хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлж харин байгаль орчинд ноцтой зөрчил учруулсаар ирсэн байдаг. "................-" ХХК нь дээр дурдсан гэрээнүүдийг албан шаардлагаар буюу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд байгуулсан талаар нэхэмжлэгч тайлбарласан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтуудыг харгалзан үзсэнгүй.

4.8. Процессын алдаа гарсан тухайд,

а. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг анхан шатны шүүх хүсэлтийн шат дуусгавар болсон гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг зөрчсөн.

б. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хүсэлт гаргах шатанд өөрийн өмгөөлөгчөөр Г.Сувд-Эрдэнэ, Ц.Мөнхдэмбэрэл нарыг цахимаар оролцуулах хүсэлт гаргасан боловч хэлэлцүүлээгүй атлаа цахимаар оролцох хүсэлт гаргаагүй гэж шийдвэрийн үндэслэлдээ дурдсан байна.

в. Талуудаас эвлэрэх эрхийг асуугаагүй атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын хэсэгтээ эвлэрэх боломжтой гэснийг тусгайлсан хүсэлт гэж үзэхгүй өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрх эдлэхгүй гэж хуулийг илтэд буруу тайлбарлаж, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх боломжтой хуулийн зохицуулалттай байхад анхан шатны шүүх талуудын саналыг огт сонсолгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн нь процессын алдаа гэж үзэж байна.

г. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эхлээд хариуцагчийн хариу тайлбарыг дараа нь нэхэмжлэгчийн тайлбарыг бичсэн нь засварлах шаардлагатай процессын алдаа гэж үзэж байна.

д. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлт хангаагүй тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндэсний аудитын газрын дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулах, Татварын Ерөнхий газраас хариуцагч ямар татвар төлж байгаа эсэх нотлох баримт. Газрын тос ашигт малтмалын газраас бүтээгдэхүүн хуваах гэрээг гаргуулахыг шаардсан боловч хүсэлтийг хангаагүй. Энэ нь 2022 оны гэрээг зах зээлийн жишигт нийцүүлсэн, тухайн компанийн хүчин чадалд нийцсэн гэрээ байгуулахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагад дээрх гаргасан 3 хүсэлт чухал ач холбогдолтой байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зах зээлийн нөхцөлд нийцсэн гэрээ хийхийг даалгасан байдаг. Гэтэл хариуцагч нь бүтээгдэхүүн хуваах гэрээг хийхдээ илт нэг талыг барьсан, бараг татвар төлдөггүй бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Энэхүү үйл баримтыг нотлохоор дээрх баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 2018-2020 оны гэрээнээс учирсан хохирол алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулахыг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Матад сумаас тодорхой үйлдэл хийсний дараа үйлдэл хийсний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шаардах эрх үүснэ. Матад сумын зүгээс Гэрээний 2.4.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Энэхүү шийдвэрээс үл хамаарч Матад сумын эрх ашиг хохирохгүй гэж үзэж байна. Матад сум тодорхой зураг төсөлд ийм хөрөнгө шаардана гэх үндэслэлээ хариуцагчид тавьсны үндсэнд тухайн төслийг санхүүжүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн уг эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2001 оноос алданги тооцох боломжгүй. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д зааснаар гэрээг жил бүр байгуулах эсэх талаар нарийвчлан тусгаагүй, үнийн дүн хэмжээний талаар нарийвчлан тусгаагүй. Энэ хуулийн зохицуулалтаас хамаарч үл ойлголцол үүссэн. Гэхдээ 2021 болон 2022 оны гэрээг нөхөн байгуулж тухайн гэрээний хэрэгжилт явагдаж байгаа. Хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж шүүгч нэн даруй шийдвэрлэж хурлыг үргэлжлүүлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийн болон Газрын тосны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...........-сум нь хариуцагч ................- ХХК-д холбогдуулан 2018-2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 2,654,622,000 төгрөг гаргуулах, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

...........-сумын Засаг дарга Ө.Цэвээнсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/419 дугаартай итгэмжлэлээр иргэн Д.Ганцогтод хариуцагч ................- ХХК-д холбогдуулан шүүхэд бүрэн төлөөлөх эрх олгогдсон бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт тус тус зааснаар сум нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцогч байна.

 

3. Хариуцагч ................- ХХК нь Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2005 оноос ...........-сумын нутаг дэвсгэр Тосон-Уул 19-р талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. (хх-ийн 213)

3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж,

3.2. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17.-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах үүрэгтэй гэж,

3.3. Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

4. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ................- ХХК-тай хамтран ажиллах тухай 2018 оны гэрээг байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...........-сумын Засаг даргын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу талууд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2018, 2019 оны 01/18-М, 01/19-М дугаартай гэрээг нөхөж, 2020 оны 01/2020-м дугаартай гэрээг тус тус байгуулсан байна. (хх-ийн 9-13, 17-31)

 

 

4.1. Хариуцагч ................- ХХК нь дээрх 01/18-М дугаартай болон 01/19-М дугаартай гэрээнүүдийн 1.3-т зааснаар 2018, 2019 онд тус бүр 250,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгийг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулах, 01/2020-М дугаартай гэрээний 1.3-т зааснаар 2020 онд нийт 450,000 ам.долларыг зарцуулж үүнээс 50,000 ам.долларыг 1 улиралд багтаан сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлж, 400,000 ам.долларыг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Хариуцагч нь 50,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин бусад үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.2. Дээрх 01/18-М, 01/19-М, 01/2020-м дугаартай гэрээнүүдийн 1.3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь .... бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэж, 3.1.11-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах болон бараа материал, ажил үйлчилгээг худалдан авахдаа суманд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг давуу эрхтэй сонгоно гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх 3 гэрээгээр нэхэмжлэгч төсөл болон түүнийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, харин хариуцагч нь төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн... орон нутгийн хөгжилд зориулж мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан дээрх 3 гэрээний дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн гэж үзэхээр байхад анхан шатны шүүхийн талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх дүгнэлт үндэслэлгүй болсноос гадна хариуцагч талын тайлбарласан талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг бэлэглэлийн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө ямар үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон тэр үүргийг л гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. дэх хэсэгт нийцэх юм.

 

4.4. Дээрх гэрээнүүдэд заасны дагуу нэхэмжлэгч хэрэгжүүлэх төслийн талаар санал ирүүлээгүй тул шаардах эрхгүй гэсэн татгалзлыг хариуцагч тайлбарласан нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна. Тухайлбал, ...........-сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/171 тоот, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/103 тоот, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/87 тоот албан бичгүүд, ................- ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч талд хандаж 01/18-М, 01/19-М, 01/2020-М дугаартай гэрээнүүдийн 1.3-т заагдсан хөрөнгө оруулалтаар сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан суманд тулгамдаж буй төсөл, арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхийг, мөн гэрээнүүдийг дүгнэхийг, 2021, 2022 оны гэрээнүүдийг байгуулахыг тус тус мэдэгдэж, шаардаж, гэрээний төсөл хүргүүлж байсан гэж үзэхээр байна. /хх-ийн 14-16, 32, 119/

 

4.5. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 4.1-д зааснаар гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй хамтын ажиллагааны хороо байгуулагдаагүй, гэрээ бүрэн хэрэгжээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу оруулах хөрөнгөөр хийж гүйцэтгэх шаардлагатай ажлын саналыг илгээж, ажлыг тайлагнах цаашид гэрээ байгуулах талаар нэхэмжлэгч нь хариуцагч талд удаа дараа хандаж байсан гэж үзэх тул гэрээнд заасан мөнгөн хөрөнгийн дүнгээр үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардсан нь гэрээ болон хуульд зааснаар үндэслэлтэй.

 

4.6. Талуудын байгуулсан гэрээний 2.1.12-т торгууль, 3.1.17-д алданги төлөх талаар тус тус тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч тухайн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй байгаа учраас нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэрээний 3.1.17-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээний 1.3-т заасан мөнгөн хөрөнгийг заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус нийцсэн байна. Гэрээний 1.3-т ...уг бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Уг төслийг хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувиар тооцож, санхүүжилтийг шилжүүлж дуусгана гэж талууд үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоосон боловч энэ хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн байна.

 

4.7. Нэхэмжлэгч нь тухайн гэрээний үүргийг шаардахдаа нэхэмжлэл гаргах үеийн ханшаар ам.долларыг төгрөгт хөрвүүлэн тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймд алданги, торгуулийг хамтад нь тусгасан хэлцлийн заалтууд болон ам.доллароор төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

 

4.8. Иймд хариуцагч ................- ХХК-иас 01/18-М дугаартай гэрээний дагуу 250,000,000 төгрөг, 01/19-М дугаартай гэрээний дагуу 250,000,000 төгрөг, 01/2020-М дугаартай гэрээний хувьд 400,000 ам.доллар буюу /нэхэмжлэл гаргасан 2020.05.18-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханш болох 1 ам.доллар 3,116.80 төгрөг/ 1,246,720,000 төгрөг, нийт 1,746,720,000 төгрөгийг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж 873,360,00 төгрөг, нийт 2,620,080,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

5. 2021, 2022 оны гэрээг байгуулахыг даалгах шаардлагыг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д тус тус зааснаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хариуцагч ................- ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй байршил хамаарах сумын засаг даргатай тухайн сумын байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээ байгуулах үүргийг хуулиар хүлээсэн байна. Иймд үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсний дараа шүүгчийг болон тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзах талаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй тул шүүгчийг татгалзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

6.2. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нь ирцтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байхаас гадна тухайн шүүх хуралдаан товлогдохоос өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өвчтэй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах, мөн түүний өмгөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болсон талаарх хүсэлтүүдийг шүүхэд гаргасан байна. /1хх228-231/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын эдгээр хүсэлтүүдийг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 101/ШЗ2022/20723 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааны тов өөрчлөх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна. /1хх 222-223/ Үүнээс хойш нэхэмжлэгч талаас өмгөөлөгчөө цахимаар оролцуулах зэргээр ирцтэй холбоотой аливаа хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч талын болон хариуцагч талаас гаргасан хүсэлтэд дурдсан нотлох баримтууд болон баримтуудаар тогтоогдох нөхцөл байдал нь энэхүү иргэний хэрэгт хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/03768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ................- ХХК-аас 2,620,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........-суманд олгож, 2021 он, 2022 оны байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг ...........-сумын Засаг даргатай байгуулахыг хариуцагч ................- ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ...........-сум нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ................- ХХК-аас 13,398,750 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ...........-сум нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ