Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1675

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхи шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 13 428 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

15 466 992 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- болон “А г” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 тоот Дорнод аймгийн төвийн Халх гол сумын төвөөс баруун хойшоо 65 км зайд байрлах, Буйр нуурын хөвөөн.дэх жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.5-д заасны дагуу Буйр нуурын эрэг дээрх “Алтай трэвел бюро” ХХК “А г” ХХК-ийн охин компанийн жуулчны баазад хүүхдийн саадны сүүдрэвч барих, хоолны цагаан асар барих, эргийн сүүдрэвч барих, үүний хүрээнд аяган суурь хийх, угсралтын ажил болон гэрээг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийг Б.М- хүлээсэн. Гүйцэтгэгч тал нь дараах зөрчил дутагдлыг гаргасан.

Гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүй. Ажил эхэлж байх үед жуулчны баазад захирлаар ажиллаж байсан н.Одгэрэл нь аяган суурийг нөхцөл орчинд тохирсон, стандарт шаардлагыг хангахгүй байна гэсэн шаардлага тавьсан боловч үүрэг гүйцэтгэгч нь үүнийг харгалзаж үзэлгүйгээр өөрийн бэлтгэж ирсэн аяган суурийг суурилуулсан. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусгаад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэх ёстой байсан боловч тус ажлын үр дүн чанаргүй байсан тул тухайн өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахаас захиалагч татгалзсан. Гүйцэтгэгч тал гэрээний дагуу арга хэмжээ авалгүйгээр ажлын байраа орхиж явсан. Гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд, холбогдох норм стандарт дүрмийн дагуу барих үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн садны сүүдрэвч асар гэх мэт хийсэн ажил нь бүхэлдээ нурж унасан. Захиалагчаас чанарын талаар удаа дараа шаардлага гаргаад доголдлоо завсарлах нэмэлт хугацаа тогтоосон. Үүний дагуу хариуцагч ирж засварлаж өгсөн бөгөөд дахиж зассан баганууд нь өөрийг нь яваагүй байхад нүдэн дээр нь дахин унасан. Хариуцагч өөрөө ямар ч бэлтгэлгүй ирсэн тул манай охин компани болох “Алтай трэвел бюро” ХХК нь нэхэмжлэх бичээд 577 000 төгрөгийн барааг зээлээр авч хэрэглэсэн. Уг мөнгийг манай компани өгсөн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5, 2.6, 4.2, 4.4, 6.1, 6.2-т заасныг тус тус үндэслээд мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 222.5.1, 227.1-д заасныг тус тус үндэслэн гүйцэтгэгч буюу Б.М-гаас ажлын хөлсөнд урьдчилгаанд өгсөн 12 851 300 төгрөг, “Алтай трэвел бюро” ХХК-аас зээлээр авсан бараа материалын төлбөр 577 500 төгрөг, нийт 13 428 800 төгрөгийг гаргуулан “А г” ХХК-д гаргуулж өгнө үү. Уг асар, сүүдрэвч нь угсарч, буулгах зориулалттай, байнга ашиглагдах зориулалтгүй байсан, одоо хурааж хадгалсан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.М-д тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажлынх нь үлдэгдэл үлдсэн даавуу, төмөр, хэрэгсэлийг хурааж хадгалсан байгаа тул буцаан өгч болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Урьдчилгаанд 12 851 300 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.М- хүлээн авсан. Б.М- нь Улаанбаатар хотоос 9 хүний баг бүрэлдэхүүнтэй буюу тодорхой хэмжээний туршлагатай хүмүүсийг авч Дорнод аймйгийн Буйр нуур руу явсан. Очоод ажлаа эхлэх гэхэд “Алтай трэвел бюро” ХХК-ийн захирал байхгүй, хаана асар, сүүдрэвчийг барих, угсрах нь тодорхойгүй, хариуцах хүн байхгүй байснаас 2-3 хоног хүлээж, хугацаа алдсан. Энэ хугацаанд үүнтэй холбоотой маш их зардал гарсан. Энэ байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байгаа бөгөөд бидний ажил оройтож хугацаанаасаа хоцорч эхэлсэн. Хүүхдийн тоглоомын талбайд сүүдрэвч 1 ширхэг, хоолны цагаан асар 1 ширхэг, нуур дээр эргийн сүүдрэвч 1 ширхгийг барих, нийт 2 538 000 төгрөгт багтсан аяган суурь угсрах буюу нийт 4 ажил хийхээр байсан. Аяган суурь нь тухайн майхны доор нь байдаг буюу бэхэлгээнд ордог юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгээд, талбай дээр тухайн үед байсан инженертэй хамтарч ажилласан. Нэхэмжлэгч компанийн хэлсэн шаардлагын дагуу ажлыг гүйцэтгэн хийж байсан. Захиалагч талаас уг зүйлсүүдийг барих баталсан зураг төсөл байхгүй байсан учир Б.М- өөрийнхөө хийсэн зургаа захиалагч талд үзүүлэхэд зөвшөөрсөн.

Ажлыг гүйцэтгэхдээ Б.М- нь өөрөө түүхий эд, материалууд, тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь авч очиж ажлаа эхэлсэн ба “Алтай трэвел бюро” ХХК-ийн н.Цэвэлдорж гэдэг талбайн ажил хариуцсан инженертэй байнга харьцаж, асууж ажлыг гүйцэтгэсэн. Тэр хүнд ажлаа дуусгаад хүлээлгэж өгсөн. Б.М- нь гараараа ажил хүлээлгэж өгсөн тухай акт бичиж н.Цэвэлдоржид өгөөд гарын үсгийг зуруулах гэхэд нь “би ийм акт бичсэн тул дараа нь ажлын байранд ирээд аваарай, эсхүл араас чинь явуулна” гэж хэлсэн тул араас ажил хүлээлцсэн актыг явуулах юм байна гэж итгээд хот руугаа явсан. Б.М-г хотод ирсний дараа 07 дугаар сарын 26, 27-ны үед талбай дээр эвдрэл гэмтэл гарлаа засаж өгнө үү гэж дахиад дуудсаны дагуу өмнө нь ажиллаж байсан багийн хүмүүсээ дагуулаад ажлын талбайд очоод 3-4 хоног гэмтсэн зүйлүүдийг засах, нэхэмжлэгчээс шаардсан нэмэлт ажлуудыг бүгдийг нь хийсэн. Тухайн Буйр нуурын эрэг дээрх хөрс нь элсэрхэг, майхан тогтооход хүндрэлтэй, нилээд гүн ухаж хүндрүүлэгчтэйгээр цемент цутгаж тогтоосон бөгөөд нэмэлтээр хийж өгөх тухай хүсэлт авсны дагуу дахиж нэмэлтээр хүндрүүлэгч байрлуулсан. Энэ үедээ захиалагч нь ажлын хөлсийг нэмж өгөөгүй, нэмэлт санхүүжилт олгоогүй.

Нэхэмжлэгч байгууллагаас “Алтай трэвел бюро” ХХК-иас барилгын бараа материал зээлээр авсан гэж байгаа нь худлаа. Б.М- бүгдийг өөрөө бэлтгээд очсон. Хэрэв нэмэлтээр авсан бол гэрээний дагуу цемент, бусад материал авсан гэсэн тооцоо гаргах ёстой, Б.М-д мэдэгдэх ёстой. Нэмэлт ажлаа гүйцэтгээд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буцаж хотруу явсан. Мөн 08 сарын үед н.Дэлгэрмаагаас фэйсбүүк хаягаар “цагаан асар ийм болсон байна” гэсэн утгатай зураг, мессеж явуулсан байдаг. Үүнээс харахад цагаан асар, сүүдрэвчүүдийг хүлээж авсан байна гэдэг нь тодорхой. Тэгэхээр “А г” ХХК нь Б.М-гийн хийсэн ажлыг хүлээн авсан, уг зүйлсүүдийг зун, намрын хугацаанд ашигласан, цаг агаарын байдал, аадар бороотой, салхи шуургатай байхад өөрсдөө арчилж хамгаалах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн гол зүйл нь Б.М-гийн эхний хийсэн ажил буюу асар, сүүдрэвч, аяган суурийг хийж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсөн. 2 дахь удаагаа нэмэлт ажил хийхээр явахдаа өөрөөсөө мөнгө гаргаад найз нөхөд, ойрын хүмүүсээс нийт 6 сая гаран төгрөгийн зардал гаргаад явсан. Үндсэн гэрээнд талууд 3 жилийн баталгаат хугацаатай, жилд 2-оос доошгүй удаа ирээд асрыг угсрах, хураах ажлыг хийнэ гэсэн хугацаа заасан. Тэгэхээр энэ гэрээний зүйлс нь угсрагдаж, эргэж буулган хураагддаг болохыг нотолж байна. Иймд “А г” ХХК нь нуурын эрэг дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг учраас цаг агаарын мэдээг 7 хоногоор тодорхой урьдчилж авсан, мэддэг байх ёстой. Энэ нь тухайн амралтад амарч байгаа иргэдийн аюулгүй байдалтай хамааралтай. Нэхэмжлэгч компани нь олон жилийн туршлагатай, барилгын маш том компани тул дээрх зүйлсийг мэдсэн, тооцсон байх ёстой. Б.М-гаас хүлээж авсан, өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө хайрлаж, хамгаалж, буулгаж ачаад, угсрах ажиллагаагаа өөрсдөө хийгээгүй. Үүнд гайхаж байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн тухайн газрын цаг агаарын мэдээллээс харахад тухайн үед дандаа аадар бороотой байсан бөгөөд 08 дугаар сард салхи секундэд 20 метрээс ч дээш хурдтай байсан. Энэ нь онц аюултай үзэгдэлд хамаардаг. Тэгэхээр гэрээгээр хүлээлгэж өгсөн ажлын үр дүнг хүлээж авснаас хойш байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж урагдсан, гэмтсэн, устсан зүйлсийг нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй.

Б.М- 2 дахь удаа очиж нэмэлтээр ажил хийхдээ “Ард кредит ББСБ” ХХК-иас сард 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай 5 000 000 төгрөг зээлж авч, ажилчдын цалин, хүнсэнд зарцуулж хохирсонд Захиалагч тал үлдэгдэл ажлын хөлсийг графикийнхаа дагуу төлөөгүй учраас хариуцагч нь өөрөө материалаа авч, бусад зардлыг хариуцаж төлсөн. Иймд банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээл болон хүү 6 287 492 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 9 179 500 төгрөг, нийт 15 466 992 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нийт 5 зүйл хийх ёстой байсан. Үүнд хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч энэ бүхэнд зориулж аяган суурь болон бусад угсралтын ажил буюу гэрээг иж бүрэн хийж хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Үүний төлөө “А г” ХХК нь Б.М-д 22 030 800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс урьдчилгаанд нь 70 хувийг буюу 13 000 000 орчим төгрөгийг өгсөн байдаг. Хийж хэрэгжүүлсэн ажил нь шаардлага хангаагүй байсан тул ажлыг нь хүлээж аваагүй. Гүйцэтгэл нь чанаргүй, анхнаасаа авч ирээд байрлуулсан аяган суурь, асар, сүүдрэвч нь тухайн газрын цаг уурын нөхцөлд тохирохгүй байсан, энэ талаар ч тухайн үед хэлж байсан. Манай компанийн инженерүүд аяган суурийг дахиж цутгахад тусалж хийсэн. Б.М- нь мэргэжлийн хүмүүсийг хөлсөлсөн бөгөөд гэрээнд тусгайлан Буйр нуурын эрэг дээр ажил гүйцэтгэнэ шүү гэсэн нь холбогдох тооцооллоо хийгээд чанартай ажил гүйцэтгээрэй гэсэн зорилготой. Тухайлбал, баганын диаметр хэд байх, төмөр нь ямар чанартай байх, хөнгөн цагаан, бетон гэх мэтийг судалж тогтоолгохын тулд бүх мэдээллийг өгсөн. Манай байгууллагын зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжиж ажилласан. Гэтэл одоо давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон, хангалттай мэдээлэл байгаагүй, инженерүүд нь туслаагүй гэсэн зүйл ярьж байна. Гэтэл тэдгээр инженерүүд нь манай байгууллагын талбайн инженерүүд тул Б.М-гийн ажилтан биш юм. Ажлыг нь хүлээж авсан тохиолдолд цаг уурын нөхцөл нь манай эрсдэл болох байсан. Дөнгөж асар угсарч байхад нь даавуу нь урагдаж байсныг Б.М- оёдлын машинаар оёсон. Гэтэл хэмжээд авч ирсэн даавууг богино, багана төмөр гүйлгэх зайгүй, хэмжилтүүд нь алдагдсанаас асар нь унаж байсан. Манай байгууллагын зүгээс байгаа нөхцөл байдлыг нь харгалзаад дахиж хийж өгөхийг санал болгоход Б.М- шийдтэй хариу өгөхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Огт чанаргүй ажил хийж өгсөн. Хийсэн зүйл нь унасан гэсэн утгатай мессеж болохоос хүлээж авсан гэсэн үг биш юм. Гэрээгээр 3 жилийн баталгаа гаргасан ба 3 ба түүнээс дээш жилд ашиглагдана, энэ хугацаанд засварыг нь хийнэ, угсарч өгнө асуудалгүй байна шүү гэж гарын үсэг зурсан. Иймд ажлын хөлсний үлдэгдлийг төлөх ёсгүй, бусдаас авсан зээлийг бид төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Б.М-гаас 13 428 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “А г” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “А г” ХХК-иас 15 466 992 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03831 дугаар захирамжаар хариуцагч Б.М-г сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00977 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар “Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуурын хөвөөнд жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ гэрээний 2.5, 2.6, 4.2, 4.4, 6.1, 6.2-т тус тус заасныг үндэслэн Иргэний хуулийн 222.4, 222.7, 225.1, 227.1-т тус тус үндэслэн Б.М-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 12 851 300 төгрөг, “Алтай трэвел бюро” ХХК-аас зээлээр авсан барилгын материалын төлбөрт төлсөн 577 500 төгрөг нийт 13 428 000 төгрөгийг учруулсан хохиролд гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Дээрх гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан талууд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзалт хийж, хариуцагч Б.М- нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтаар нотлогддог.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Шүүх шийдвэртээ “гэрээг Б.М- болон “А г” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа уг гэрээгээр ажил гүйцэтгэх газрыг “Алтай Трэвел бюро” ХХК-ийн жуулчны баазад хэмээн тохирсон “Алтай Трэвел бюро” ХХК-ийн ажилтанд хүлээлгэн өгснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж “Алтай Трэвел бюро” ХХК-ийн ажилтан үүрэг гүйцэтгүүлэгч байсан мэт эсхүл гэрээнд заасан эрх бүхий этгээд байсан мэтээр дүгнэснээрээ мөн зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарахаар байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байна хэмээн дүгнэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэхээр заасанд нийцэхгүй бөгөөд хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон байна. Учир нь талууд гэрээгээр ажлын үр дүнг хүлээн авах хугацааг тохиролцоогүй тул гэрээний зүйл болох асар сүүдрэвч саравчийг ашиглаж болохуйц, доголдолгүй байдлаар гүйцэтгэсэн нөхцөлд хүлээн авах байсан бөгөөд “Алтай Трэвел бюро” ХХК-ийн жуулчны бааз нь гэрээний зүйл болох эд зүйлсийг өөрийн эзэмшилд хурааж хадгалсан бус гэрээний зүйл эвдэрч нурсан тул жуулчны баазын талбайгаас цэвэрлэж, ажлыг гүйцэтгэсэнд тооцож хүлээн авахгүй талаар уулзалтаар болон утсаар удаа дараа мэдэгдэж, сүүлд Б.М-г эгүүлэн авах талаар ярилцаж уг байдлыг хариуцагч Б.М- нь хүлээн зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзалт хийж, гарын үсэг зурсан баримтаар нотлогддог тул дээр дүгнэлт бүхий шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарахаар байна.

Бодит байдал дээр Б.М- нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5,1.6, 4.1, 5.1, 2.5 болон 3.3 дахь заалт болон Захиалагчийн зааварчилгааг тус тус зөрчиж ажлыг гэрээнд заасны дагуу чанарын өндөр түвшинд, холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмийн дагуу чанартай барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байтал уг үүргээ биелүүлээгүй, гэрээний 2.1-т заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ажлын үр дүн чанарын шаардлага хангаагүй тул гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахаас татгалзаж уулзалт хийсэн бөгөөд гарын үсэг зурсан баримтаар нотлогддог.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай:

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалсан хуулийн заалтыг болон хэрэв эрхгүй этгээд хүлээн авсан бол цорын ганцхан тохиолдолд үүрэг гүйцэтгэсэнд тооцох заалтыг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, мөн хуулийн 350.1.6-т захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв уг үүргээ зохих ёсоор хугацаанд нь чанартай биелүүлээгүй тохиолдолд Захиалагч ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах, цаашилбал гэрээнээс татгалзах эрхтэй тул маргааны хувьд хуулийн энэхүү заалт нь зайлшгүй хэрэглэх, шүүхийн зүгээс тайлбарлах шаардлагатай заалт тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т нотлох баримтын талаар заасан бөгөөд хариуцагч, гүйцэтгэгч Б.М- нь талуудын хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 12 дугаар “Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65км-т Буйр нуурын хөвөөнд жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний хүрээнд гүйцэтгэгч нь гэрээний 1.5-д заасан Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын эрэг дээрх “Алтай трэвел бюро” ХХК-ийн жуулчиы баазад хүүхдийн садны сүүдрэвч барих, хоолны цагаан асар барих, эргийн сүудрэвч барих, аяган суурь хийх, угсралтын ажил болон гэрээг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой зургийн дагуу бусад ажлыг тус тус чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 206.1 дэх заалтыг зөрчиж гэрээний зүйлийг хүлээн авах ямар ч боломжгүй байдлаар гүйцэтгэсэн бөгөөд захиалагчийн зүгээс уг байдлыг 1. Буйр нуурын эрэг дээрх жуулчны баазыг хариуцан ажиллаж буй “Алтай трэвел бюро” ХХК-ийн гүйцэтгэх захирал, инженер техникийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан Эвдрэл хохирлын актаар (гарын үсэг тамга тэмдэг зураг зэргээр баталгаажуулсан) 2. Мөн түүнчлэн гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзсан уулзалт хийсэн болохыг хариуцагч Б.М- нь хүлээн зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “А г” ХХК-ийн оффист уулзалт хийж, гарын үсэг зурсан баримтаар нотлогддог 3. Цаашилбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. Аливаа нотлох баримтууд нь хэлбэрээсээ шалтгаалан эрэмбэлэгдэх ёсгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан байтал шүүхээс гэрээний зүйл болох эд зүйлсийг өөрийн эзэмшилд хурааж хадгалсан нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцно хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухай:

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 дугаар гэрээний дагуу ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчиж гэрээний зүйлийг хүлээн авах ямар ч боломжгүй байдлаар гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг байдлыг Эвдрэл хохирлын акт гэх маш чухал баримтаар нотолсон байтал уг нотлох баримтыг огноо тавигдаагүй гэсэн үндэслэлээр үнэлэхээс татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасан заалтыг буюу хэрэглэх ёстой хуулнйг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэв хуралдааны явцад дээрх үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол яагаад уг эргэлзээг тайлж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шинээр нотлох баримтыг гаргуулалгүй, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан эрхийг гагцхүү шүүх эдлэхээр хуульчилсан заалтыг яг ийм эргэлзээ шүүхэд төрсөн үед л хэрэглэх ёстой байсан. Гэтэл шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ үүнийг огт хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөөд байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал дээр гаргасан огт хүлээн авах боломжгүй доголдолтой байсан тул гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаж, захиалагчийн зүгээс гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгөлцөж авалцсан зүйлсийг харилцан буцаах буюу урьдчилгаанд төлсөн 13 428 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ойлгож шийдвэрлээгүй.

Ийнхүү нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.1, 44 дүгээр зүйлийн 44.2 зэрэг хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагчийн шаардлагаа баримтаар нотлож чадаж буй эсэх, хариуцагчийн тайлбар нотлох баримтыг өөрийн зүгээс нотлох баримтаар няцааж чадаж буй эсэхийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгөлцөж авалцсан зүйлсээ харилцан буцаан шаардах хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нь гэрээний дагуу хийсэн бүтээсэн зүйлээ нотлох баримтаар шүүхэд гарган өгөх, ийнхүү гарган өгөх боломжгүй тохиолдолд “А г” ХХК-аас албадан гаргуулах хүсэлт гаргах бүрэн дүүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэлдээ шүүхэд нотлох баримт гарган өгөөгүй. “А г” ХХК-аас гарган өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй зэрэг байдлаас ажлын доголдлын талаар маргахгүй байсан болох нь нотлогддог.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх бүхий л хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж буй тул нэхэмжлэгчийн шаардлагыг ойлгохгүй, ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтыг таньж мэдэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байна гэж үзэх буюу хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлэж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, урьдчилгаа төлбөр болон хохиролд 13 428 800 төгрөгийг гүйцэтгэгч Б.М-гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул араах үндэслэлээр даеж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг дутуу үнэлсэн:

Б.М- нь энэхүү гэрээний ажлыг бүрэн гүйцэтгүүлэхээр ажилчдын цалин өгөх зорилгоор өөрийн аавын нэр дээрх хашаа бэйщинг “Ард кредит” ББСБ-аас 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг зээлсэн. Сарын хүүтэйгээ нийлээд 6 287 492 төгрөгийг захиалагч талаас гаргуулан авах нөхцлийг хангаагүй.

2. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл нөлөөлөн ажлын үр дүнг ашиглах боломжгүй болсон нь Цаг уур төвийн өдрийн хавсралт баримтуудаар тогтоогдсон байтал нотлох баримтыг үнэлээгүй.

2018 оны өдрийн тоот албан бичгээр тухайн майхан, асар, сүүдрэвчийг бүрэн барьж хүлээлгэн өгсөн. Гэтэл цаг уурын нөхцөл байдал, давагдашгүй хүчний улмаас ашиглах боломжгүй болсон байтал үүнийг шүүх үнэлж, тогтоогоогүйн улмаас гүйцэтгэсэн ажлынхаа үпдэгдэл төлбөр 9 179 500 төгрөг захиалагч талаас гаргуулах авах нөхцлийг хангаагүй. Иймд анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн нийт 15 466 992 төгрөгийг хангаагүйг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээний нөхцлийг бүхэлд нь дүн шинжилгээ хийвэл тус майхан асар нь 3 жилийн турш ашиглагдах, энэ хугацаанд майхан, асар, сүүдрэвч нь салдаг, угсрагддаг нь тодорхой байна. Энэ нь захиалагч тал нь тус жуулчны бааз дээр амарч буй амрагчдын амь нас эрүүл мэндийг өөрсдийн эд хөрөнгийг цэг уурын ноцтой аюултай нөхцөл байдлаас хамгаалах үүрэг хариуцлагыг бүрэн хүлээж байх ёстой гэдэг нь тодорхой юм. Цаг уур орчны мэдээллийн лавлагааны хавсралтыг үзвэл тухайн цаг үөд аадар бороотой, хүчтэй салхитай өдрүүд маш их байсныг нотолдог. Гэтэл анхан шатны шүүх нь тэрхүү баримтыг бүрэн дүрэн судлаж үэээгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтэй гэж үзэж байна. Учир нь энэ ажил гүйцэтгэх гэрээний үр дүн бол майхан, асар, сүүдрэвч юм. Эдгээр зүйлс нь байгалийн үзэгдлээс болж нурсан байтал гүйцэтгэгч талыг дарамтлан, жуулчны бааз дээр байшин барьж байгээ мэт шаардлага, чанарыг шаардаж байгааэ нь зүй ёсны асуудал биш гэж үзэж байна.

Өмнө нь Б.М- нь хэд хэдэн байгууллага, хувь хүнтэй ижил төрлийн асар, майхан нийлүүлэх, барьж өгөх гэрээ байгуулан ажиллаж байсан ба ямарваа нэгэн асуудал ажлын доголдол үүсч байсан удаагүй. Өнөөдөр хүүхэд нь элэгний хавдар өвчин туссан, эмчилгээний зардал мөнгө их хэмжээгээр хэрэгтэй байгаа, цаашид хэр хугацаагаар өөрийн майхан, асрын жижиг үйлдвэрлэлийг эрхлэх боломжгүй байх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой бөгөөд тус жуулчны баазад хийж өгсөн асар, майхнуудыг нурсан, одоо ашиглахгүй байгээ гэдгийг нотолсон баримт байхгүй тус асар, майхнууд нурсан эсвэл одоо ашиглаад явж байгаа эсэхийг топоож нотлоогүй юм.

Иймд шүүх нь сөрег нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Хариуцагч Б.М-д холбогдуулан ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 12 851 300 төгрөг, бусдаас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ 577 500 төгрөг, бүгд 13 428 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “А г” ХХК-ийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс, хохирол нийт 15 466 992 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 тоот Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км зайд, Буйр нуурын хөвөөнд жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гаргаж, хүүхдийн саадны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч зэргийг барих, аяган суурь хийж, угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд 2017 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 09-ний дотор хийж хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээт ажлын үнэ болох 22 030 800 төгрөгийг олгохоор тохиролцсон талаар талууд маргаагүй. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 12 851 300 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй ба харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх болон ажлыг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 350 дугаар зүйлийн 350.1.6-д “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн хүүхдийн саадны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч, аяган суурын ажил нь доголдолтой байснаас нэхэмжлэгч доголдлыг засварлах хугацаа олгож, уг хугацаанд доголдлыг засварлах ажлыг хийсэн боловч 10 хоногийн дараа нурж унасан болох нь хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “А г” ХХК нь хариуцагч Б.М-д гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах нэмэлт хугацааг олгосон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчид ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 12 851 300 төгрөг болон бусдаас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ 577 500 төгрөгийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Харин хариуцагч нь дээрх ажлыг гүйцэтгэх зорилгоор “Ард кредит ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан болон зээлийн мөнгийг уг ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс түүнд хохирол учирсан болох нь эргэлзээгүй, хангалттай баримтаар тогтоогдохгүй гэж сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-гаас 13 428 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А г” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А г” ХХК-иас 15 466 992 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, хариуцагчаас 225 094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2018/05922 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                     ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                       

                                                                                                        С.ЭНХТӨР