Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 977

 

                                         

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 13 428 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 15 466 992 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч  “АГ” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                                                  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “АГ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгээс гаргасан тайлбартаа:  Иргэн Б.Мболон “АГ” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 тоот  Дорнод аймгийн төвийн Халх гол сумын төвөөс баруун хойшоо 65 км зайд байрлах, Буйр нуурын хөвөөн дэх жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.5-д заасны дагуу Буйр нуурын эрэг дээрх “Алтай трэвел бюро” ХХК \“АГ” ХХК-ийн охин компани\-ийн жуулчны баазад хүүхдийн садны сүүдрэвч барих, хоолны цагаан асар барих, эргийн сүүдрэвч барих, үүний хүрээнд аяган суурь хийх, угсралтын ажил болон гэрээг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийг Б.М хүлээсэн. Гүйцэтгэгч тал нь дараах зөрчил дутагдлыг гаргасан.

Үүнд гэрээний 2.5, 3.3-д тухайлан заасны дагуу ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүй. Ажил эхэлж байх үед жуулчны баазад захирлаар ажиллаж байсан н.Одгэрэл нь аяган суурийг нөхцөл орчинд тохирсон, стандарт шаардлагыг хангахгүй байна гэсэн шаардлага тавьсан боловч үүрэг гүйцэтгэгч нь үүнийг харгалзаж үзэлгүйгээр өөрийн бэлтгэж ирсэн аяган суурийг суурилуулсан байдаг. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусгаад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэх ёстой байсан боловч тус ажлын үр дүн чанаргүй байсан тул тухайн өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахаас захиалагч татгалзсан. Гүйцэтгэгч тал гэрээний дагуу арга хэмжээ авалгүйгээр ажлын байраа орхиж явсан. Гэрээний 1.5, 1.6, 4.1, 5.1-д заасны дагуу гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд, холбогдох норм стандарт дүрмийн дагуу  барих үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн садны сүүдрэвч, асар гэх мэт хийсэн ажил нь бүхэлдээ нурж унасан. Тодруулбал бүх гагнаасууд нь салсан, хугарсан, нугарч бутарч унасан. Захиалагчаас чанарын талаар удаа дараа шаардлага гаргаад доголдлоо завсарлах нэмэлт хугацаа тогтоосон. Ингэхдээ нэхэмжлэгч хоног хугацаагаар шахаагүй бөгөөд Улаанбаатараас Дорнод руу очих байсан тул боломжит хугацаа олгосон. Үүний дагуу хариуцагч ирж засварлаж өгсөн бөгөөд дахиж зассан баганууд нь өөрийг нь яваагүй байхад нүдэн дээр нь дахин унасан. Хариуцагч  өөрөө ямар ч бэлтгэлгүй ирсэн тул манай охин компани болох “Алтай трэвел бюро” ХХК нь нэхэмжлэх бичээд 577 000 төгрөгийн барааг зээлээр авч хэрэглэсэн. Дараа нь  манай компани уг төлбөрийг өгсөн.  Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5, 2.6, 4.2, 4.4, 6.1, 6.2-т заасныг тус тус үндэслээд мөн Иргэний хуулийн 222.4., 222.7., 222.5.1., 227.1.-д заасныг  тус тус үндэслэн гүйцэтгэгч буюу Б.Мгаас ажлын хөлсөнд урьдчилгаанд өгсөн 12 851 300 төгрөг,  “Алтай трэвел бюро” ХХК-иас зээлээр авсан бараа материалын төлбөрт 577 500 төгрөг, нийт 13 428 800 төгрөгийг гаргуулан “АГ” ХХК-д гаргуулж өгнө үү. Уг асар, сүүдрэвч нь угсарч, буулгах зориулалттай, байнга ашиглагдах зориулалтгүй байсан, одоо хурааж хадгалсан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Мд тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажлынх нь үлдэгдэл үлдсэн даавуу, төмөр, хэрэгсэлийг хурааж хадгалсан байгаа тул буцаан өгч болно гэв.

Хариуцагч Б.М-гаас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Урьдчилгаанд 12 851 300 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.М хүлээн авсан. Б.М нь Улаанбаатар хотоос 9 хүний баг бүрэлдэхүүнтэй буюу тодорхой хэмжээний туршлагатай хүмүүсийг авч Дорнод аймгийн  Буйр нуур руу явсан. Талдаа 1200 км зайтай хол газар байдаг. Очоод ажлаа эхлэх гэхэд “Алтай трэвел бюро” ХХК-ийн захирал байхгүй, хаана асар, сүүдрэвчийг барих, угсрах нь тодорхойгүй, хариуцах хүн байхгүй байснаас  2-3 хоног хүлээж, хугацаа алдсан байдаг. Энэ хугацаанд үүнтэй холбоотой маш их зардал гарсан. Энэ байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байгаа бөгөөд бидний ажил оройтож хугацаанаасаа хоцорч эхэлсэн. Хүүхдийн тоглоомын талбайд сүүдрэвч 1 ширхэг, хоолны цагаан асар 1 ширхэг,  нуур дээр эргийн сүүдрэвч 1 ширхгийг барих, нийт 2 538 000 төгрөгт багтсан аяган суурь угсрах буюу нийт 4 ажил хийхээр байсан. Аяган суурь нь тухайн майхны доор нь байдаг буюу бэхэлгээнд ордог юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгээд, талбай дээр тухайн үед байсан  инженертэй хамтарч ажилласан. Нэхэмжлэгч компанийн хэлсэн шаардлагын дагуу ажлыг гүйцэтгэн хийж байсан. Захиалагч талаас уг зүйлсүүдийг барих баталсан зураг төсөл байхгүй байсан учир Б.М өөрийнхөө хийсэн зургаа захиалагч талд үзүүлэхэд “энэ зургаараа хийчих, болно” гэж зөвшөөрсөн байдаг. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

Ажлыг гүйцэтгэхдээ Б.М нь өөрөө түүхий эд, материалууд, тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь авч очсон. Ингээд ажлаа эхэлсэн ба “Алтай трэвел бюро” ХХК-ийн  н.Цэвэлдорж  гэдэг талбайн ажил хариуцсан инженертэй байнга харьцаж, асууж ажлыг гүйцэтгэсэн. Тэр хүнд ажлаа дуусгаад хүлээлгэж өгсөн. Б.М нь гараараа ажил хүлээлгэж өгсөн тухай акт бичиж н.Цэвэлдоржид өгөөд гарын үсгийг зуруулах гэхэд нь  “би ийм акт бичсэн тул дараа нь ажлын байранд ирээд аваарай, эсхүл араас чинь явуулна”  гэж хэлсэн байдаг.  Хариуцагч нь тухайн үед том компани болохоор араас ажил хүлээлцсэн актыг явуулах юм байна гэж итгээд хот руугаа явсан байдаг. Ингээд Б.М хотод ирсний дараа 07 дугаар сарын 26, 27-ны үед талбай дээр эвдрэл гэмтэл гарлаа засаж өгнө үү гэж дахиад дуудсаны дагуу Б.М өмнө нь ажиллаж байсан багийн хүмүүсээ дагуулаад дахиад Буйр нуурын ажлын талбайд очоод 3-4 хоног гэмтсэн зүйлүүдийг засах, нэхэмжлэгчээс шаардсан нэмэлт ажлуудыг бүгдийг нь хийсэн.  Тухайн Буйр нуурын эрэг дээрх хөрс нь элсэрхэг, майхан тогтооход хүндрэлтэй, нилээд гүн ухаж хүндрүүлэгчтэйгээр цемент цутгаж тогтоосон бөгөөд нэмэлтээр хийж өгөх тухай хүсэлт авсны дагуу дахиж нэмэлтээр хүндрүүлэгч байрлуулсан. Энэ үедээ захиалагч нь ажлын хөлсийг нэмж өгөөгүй, нэмэлт санхүүжилт олгоогүй.

Нэхэмжлэгч байгууллагаас “Алтай трэвел бюро” ХХК-иас  барилгын бараа материал зээлээр авсан гэж байгаа нь худлаа. Б.М бүгдийг өөрөө бэлтгээд очсон. Хэрэв нэмэлтээр авсан бол гэрээний дагуу цемент, бусад материал авсан гэсэн тооцоо гаргах ёстой, Б.Мд мэдэгдэх ёстой. Нэмэлт ажлаа гүйцэтгээд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буцаж хот руу явсан. Мөн 08 сарын үед н.Дэлгэрмаагаас фэйсбүк хаягаар “цагаан асар ийм болсон байна” гэсэн утгатай зураг, мессеж явуулсан байдаг. Үүнээс харахад цагаан асар, сүүдрэвчүүдийг хүлээж авсан байна гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр “АГ” ХХК нь Б.Мгийн хийсэн ажлыг хүлээн авсан, уг зүйлсүүдийг зун, намрын хугацаанд ашигласан, цаг агаарын байдал, аадар бороотой, салхи шуургатай байхад өөрсдөө арчилж хамгаалах ёстой байсан. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мгаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн гол зүйл нь Б.Мгийн эхний хийсэн ажил буюу асар, сүүдрэвч, аяган суурийг хийж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсөн. 2 дахь удаагаа нэмэлт ажил хийхээр явахдаа өөрөөсөө мөнгө гаргаад найз нөхөд, ойрын хүмүүсээс нийт 6 сая гаран төгрөгийн зардал гаргаад явсан. Үндсэн гэрээнд талууд 3 жилийн баталгаат хугацаатай, жилд 2-оос доошгүй удаа ирээд асрыг угсрах, хураах ажлыг хийнэ гэсэн хугацаа заасан байдаг. Тэгэхээр энэ гэрээний зүйлс нь угсрагдаж, эргэж буулган хураагддаг болохыг нотолж байна. Иймд “АГ” ХХК нь нуурын эрэг дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг учраас цаг агаарын мэдээг 7 хоногоор тодорхой  урьдчилж авсан, мэддэг байх ёстой.  Энэ нь тухайн амралтад  амарч байгаа иргэдийн аюулгүй байдалтай хамааралтай. Хүчтэй аадар бороотой, салхи ихтэй үед асар, сүүдрэвч тэсэж үлдэх үү үгүй юу гэдэг талаар тухайн талбайн инженер урьдчилж арга хэмжээг авах, хураах байсан. Нэхэмжлэгч компани нь олон жилийн туршлагатай, барилгын маш том компани тул дээрх зүйлсийг мэдсэн, тооцсон байх ёстой. Б.Мгаас хүлээж авсан, өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө хайрлаж, хамгаалж, буулгаж ачаад, угсрах ажиллагаагаа өөрсдөө хийгээгүй. Үүнд гайхаж байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн тухайн газрын цаг агаарын мэдээлэл байгаа. Түүнээс харахад тухайн үед дандаа аадар бороотой байсан бөгөөд 08 дугаар сард салхи секундэд 20 метрээс ч дээш хурдтай байсан байгаа. Энэ нь онц аюултай үзэгдэлд хамаардаг. Тэгэхээр гэрээгээр хүлээлгэж өгсөн ажлын үр дүнг хүлээж авснаас хойш байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж урагдсан, гэмтсэн, устсан зүйлсийг нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй.

Б.М 2 дахь удаа очиж нэмэлтээр ажил хийхдээ “Ард кредит ББСБ” ХХК-иас сард 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай  5 000 000 төгрөг зээлж авч, ажилчдын цалин, хүнсэнд зарцуулж хохирсон. Захиалагч тал үлдэгдэл ажлын хөлсийг графикийнхаа дагуу  төлөөгүй учраас хариуцагч нь өөрөө материалаа авч, бусад зардлыг хариуцаж төлсөн. Иймд банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээл болон хүү 6 287 492 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 9 179 500 төгрөг, нийт 15 466 992 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нийт 5 зүйл хийх ёстой байсан. Үүнд хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч энэ бүхэнд зориулж аяган суурь болон бусад угсралтын ажил буюу гэрээг иж бүрэн хийж хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Үүний төлөө “АГ” ХХК нь Б.Мд  22 030 800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс урьдчилгаанд нь 70 хувийг буюу 13 000 000 орчим төгрөгийг өгсөн байдаг. Хийж хэрэгжүүлсэн ажил нь шаардлага хангагүй байсан тул ажлыг нь хүлээж аваагүй. Гүйцэтгэл нь чанаргүй, анхнаасаа авч ирээд байрлуулсан аяган суурь, асар, сүүдрэвч нь тухайн газрын цаг уурын нөхцөлд тохирохгүй байсан, энэ талаар ч тухайн үед хэлж байсан. Манай компанийн инженерүүд аяган суурийг дахиж цутгахад тусалж хийлцсэн. Б.М нь мэргэжлийн хүмүүсийг хөлсөлсөн бөгөөд гэрээнд тусгайлан Буйр нуурын эрэг дээр ажил гүйцэтгэнэ шүү гэсэн нь холбогдох тооцооллоо хийгээд чанартай ажил гүйцэтгээрэй гэсэн зорилготой. Тухайлбал, баганын диаметр хэд байх, төмөр нь ямар чанартай байх, хөнгөн цагаан, бетон гэх мэтийг судалж тогтоолгохын тулд бүх мэдээллийг өгсөн. Манай байгууллагын зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжиж ажилласан. Гэтэл одоо давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон, хангалттай мэдээлэл байгаагүй, инженерүүд нь туслаагүй гэсэн зүйл ярьж байна. Гэтэл тэдгээр инженерүүд нь манай байгууллагын талбайн инженерүүд тул Б.Мгийн ажилтан биш юм. Ажлыг нь хүлээж авсан тохиолдолд цаг уурын нөхцөл нь манай эрсдэл болох байсан. Дөнгөж асар угсарч байхад нь даавуу нь урагдаж байсныг Б.М оёдлын машинаар оёсон. Гэтэл хэмжээд авч ирсэн даавууг богино,  багана төмөр гүйлгэх зайгүй, хэмжилтүүд нь алдагдсанаас асар нь унаж байсан.  Манай байгууллагын зүгээс байгаа нөхцөл байдлыг нь харгалзаад дахиж хийж өгөхийг санал болгоход Б.М шийдтэй хариу өгөхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

Энэ жилийн аялал дахиад эхлэх гэж байхад дахиад л хүүхдийн сүүдрэвчгүй, эргийн асаргүй, хоолны асаргүй  ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Огт чанаргүй ажил хийж өгсөн. Хийсэн зүйл нь унасан гэсэн утгатай мессеж болохоос хүлээж авсан гэсэн үг биш юм. Гэрээгээр 3 жилийн баталгаа гаргасан ба 3 ба түүнээс дээш жилд ашиглагдана, энэ хугацаанд засварыг нь хийнэ, угсарч өгнө асуудалгүй байна шүү гэж  гарын үсэг зурсан. Иймд ажлын хөлсний үлдэгдлийг төлөх ёсгүй, бусдаас авсан зээлийг бид төлөх үндэслэлгүй гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “АГ” ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 12 851 300 төгрөг, бусдаас зээлээр худалдаж авсан барилын материалын үнэ 577 500 төгрөг, бүгд 13 428 800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Б.М эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ гэрээнд заасны дагуу асар, майхан сүүдрэвчний материалыг болон зургийг нь гарган үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрсөн, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн 2017 оны 07 дугаар сарын 14-нд хүлээлгэн өгсөн, үүнээс  хойш дахин очиж нэмэлт ажил хийсэн, ажил хүлээлцсэн актыг араас чинь явуулна гэсэн боловч явуулаагүй, ажлын үр дүнг өөрсдөө хамгаалах үүрэгтэй, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр эвдэрч гэмтсэн гэж тайлбарлан  маргаж, улмаар “АГ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй ажлын хөлсний үлдэгдэл 9 179 500 төгрөгийг төлөөгүй, тухайн ажлыг хийж дуусгахад “Ард кредит” ББСБ-аас 2017 оны 09 дүгээр сарын 11-нд 5 000 000 төгрөгийн зээлийг авч зарцуулсан тул уг зээл болон хүүнд төлөх 6 287 492 төгрөг, бүгд 15 466 992 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 Үндсэн нэхэмжлэлийн талаар.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км зайд, “Буйр” нуурын эрэг дээрх “Алтай трэвел бюро” ХХК-ийн жуулчны баазад сүүдрэвч, асар, аяган суурь барих ажлыг гүйцэтгэхээр 2017 оны 06 дугаар сарын 28-нд  12 тоот  “Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км зайд, Буйр нуурын хөвөөнд  жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г  “АГ” ХХК-тай байгуулжээ.

Уг гэрээнд захиалагчийг төлөөлж “АГ” ХХК-ийн СДАГ-ын захирал Г.Пүрэвсүрэн, “Алтай трэвел бюро” ХХК-ийн оффис менежер А.Дэлгэрмаа нар гарын үсэг зурж, гэрээг “АГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхнасан баталсан байх бөгөөд “АГ” ХХК болон хариуцагч Б.М нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар дээрх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар зохигчид маргаагүй байна.

2. Хариуцагч Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 28-нд  12 тоот  ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасны дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гаргаж, 1.5-д зааснаар хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч  зэргийг барих,  аяган суурь хийх, гэрээг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой бусад  угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд  2017 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 09-ний дотор  хийж хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан хуваарийн  дагуу гэрээт ажлын үнэ болох 22 030 800 төгрөгийг олгохоор тус тус үүрэг хүлээсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас 12 851 300 төгрөгийг хариуцагчид төлсөн нь ХААН банкны 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсон.

3. Талуудын хооронд байгуулсан 12 тоот  гэрээний 3.2-т “...гүйцэтгэгч баталгаат хугацааны турш жилд сүүдрэвч, асрыг барих, хурааж хадгалахад жилд 2-с доошгүй  удаа объектод очиж ажиллах...” гэж зааснаас болон зохигчдын тайлбараас үзэхэд ажлын үр дүн болох хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч  аяган суурь зэрэг нь  угсрах, салгаж хураах зориулалттай байхаар тохиролцсон байна.

4. Хариуцагч нь 12 тоот гэрээнд заасан ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй шалтгааныг нэхэмжлэгч талын буруутай үйлдлийн улмаас буюу гэрээний зүйлүүдийг хаана угсрах талаар тодорхойлоогүй байснаас хугацааг хэтрүүлсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 14-ний өдрийн хооронд гүйцэтгэн барилгын инженер Г.Цэвэгдоржид хүлээлгэн өгсөн, мөн захиалагч талаас шаардсаны дагуу 2017 оны 07 дугаар сарын 22-28-ны хооронд дахин очиж захиалагчийн шаардсан нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

 Талуудын хоорондох  12 тоот ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 09-нд дууссан хэдий ч талууд тохиролцон гэрээний хугацаагаа сунгаж 2017 оны 07 дугаар сард гүйцэтгэгч буюу хариуцагч тал нь Дорнод аймгийн Халх гол сумын “Буйр” нуурын дэргэд байрлах  жуулчны баазад 2 удаа  очиж гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байсан талаар зохигчид маргаагүй ба 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 16-ны хооронд 12х6 м-ийн майхан, 22х12 м-ийн сүүдрэвч, 10х5 м-ийн майханы төмөр карказ, ажилбарууд хийлгэх, хөндлөн төмөр, майханы үнэ зэрэгт 4 649 000 төгрөгийг Б.М төлсөн тухай “Мандалын түрүү” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 023 тоот тодорхойлолт хэрэгт авагджээ.

5. Дээрх 12 тоот гэрээний захиалагч талыг төлөөлж “Алтай трэвел бюро” ХХК-ийн төлөөлөгч А.Дэлгэрмаа гэрээнд гарын үсэг зуран оролцож, тус компанийн жуулчны баазад хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч, аяган суурь зэргийг барьж угсарсан байдлаас үзэхэд талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгэх газрыг Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш 65 км зайд, “Буйр” нуурын эрэг дээрх “Алтай трэвел бюро” ХХК-ийн жуулчны бааз гэж тохиролцон тодорхойлж, уг компанийн ажилтанд хүлээлгэн өгснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хэдийгээр, гэрээний 3.3-т “Гүйцэтгэгчийн хийж дууссан ажлын гүйцэтгэлийг тухай бүр хэмжиж, гүйцэтгэсэн ажлын үе шат бүрээр захиалагч талын холбогдох эрх бүхий ажилтантай ажил хүлээлцсэн актыг үндэслэн санхүүжилтийг олгож явна”, 2.2-т “...хугацаа нь материалын нийлүүлэлт болон сүүдрэвчний бусад ажилтай уялдан өөрчлөгдөх тохиолдолд гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэлийн хугацаатай холбоотой тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, захиалагч талын холбогдох мэргэжилтнээр  гарын үсэг зуруулан баталгаажуулж байна” гэж заасны дагуу ажлын үр дүнг нэхэмжлэгч тухай бүр хэмжиж хүлээн авах, хариуцагч нь актаар хүлээлгэн өгөх  тухай гэрээнд заасан үүргээ хэн аль нь биелүүлээгүй  байх боловч гэрээний зүйл болох дээрх эд зүйлсийг өөрийн эзэмшилд хурааж хадгалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд 12 тоот гэрээний 4.5-д “гүйцэтгэгчийн үе шат бүрийн дууссан ажлын гүйцэтгэлийг ажлын 3 өдрийн дотор хүлээн авна” гэж,  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах”, 351.2.-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл сүүдрэвч, асрыг хариуцагч оёж хийсэн, аяган суурийг цементээр цутган суурилуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байх бөгөөд  улирлын чанартай ашиглагдах, угсарч,  буулгах, салгах зориулалттай,   дээрх зүйлсийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1., 343 дугаар зүйлийн 343.3.-т заасны  захиалагч буюу “АГ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч нь “Алтай трэвел бюро” ХХК-иас зээлээр авсан барилгын материалын үнийг хариуцагч төлөөгүйгээс 577 500 төгрөгийг төлсөн гэж  тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий нэхэмжлэх, “АГ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг нотлох баримтаар гарган нэхэмжилж байх боловч хариуцагч Б.Мд 577 500 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хүлээлгэн өгсөн тухай баримтгүйн дээр эдгээр баримтууд нь нэг талын баримт байх тул  уг шаардлагыг нотлох үндэслэл болохгүй байна.

7. Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 346 дугаар зүйлийн 346.2.-т заасан болон гэрээний 3.2-т заасан үүргийн дагуу төлсөн 12 851 300 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй, мөн бусдаас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ гэх 577 500 төгрөгийн шаардлага нь нотлогдоогүй байх тул  бүгд 13 428 800 төгрөгийг хариуцагч талаар төлүүлэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан огноо тодорхойгүй “Алтай трэвел бюро” ХХК-ийн тамга бүхий  гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахаас татгалзсан  тухай акт гэх баримт, гэрэл зургууд нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

1. Хариуцагч тал нь ажлын хөлсний үлдэгдэлд  9 179 500 төгрөг, нэмэлт санхүүжилт олгоогүйн улмаас ажилчдын цалин, хүнсний зардал, нэмэлт материал, тээврийн зардалд төлөхөөр  “Ард кредит ББСБ” ХХК-аас сард 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлсэн  5 000 000 төгрөг, түүний хүүд 1 287 492 төгрөг, бүгд    15 466 992 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба үүнийг нэхэмжлэгч талаас гэрээнд заасан ажлуудыг чанартай гүйцэтгээгүй учраас хүлээн аваагүй, ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэж өгөх ёстой, асар, сүүдрэвчүүд нь барьсны дараа нурсан, аяган суурийг зөв угсраагүй, дахин хийхэд нь нэхэмжлэгч хамт хийлцсэн, хангалттай боломжийг олгож байхад доголдлоо засаагүй учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

2. Хариуцагч Б.М нь “Ард кредит ББСБ” ХХК-иас сард 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай   5 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлэн ЗГ/40000191 тоот гэрээг байгуулсан байх ба уг зээлийг талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхэд зарцуулсныг нотлох баримтгүй, түүнчлэн зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчээс хохиролд тооцон 6 287 492 төгрөгийг шаардах эрхгүй байна.

3. Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, хариуцагч Б.М нарын “Гэрээний үр дүнг дүгнэх, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй гарц олох уузалтын тэмдэглэл” гэх баримтад: “1.Гэрээгээр тохиролцсон ажил буюу асар, майхан, сүүдрэвч нурсан шалтгааныг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох, уг шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж эрсдлээ хуваана.  2. 2018 оны 06 дугаар сард доголдлыг гүйцэтгэгч хариуцан дараах байдлаар арилгах. Нэгэнт хийгдсэн байгаа асар, майхан, сүүдрэвчинд орсон материалаа дахин ашиглаж үүссэн доголдлыг арилгана. Уг ажиллагааг 2018 оны 06 дугаар сард хийх боломжтой...доголдлыг арилгахад ажиллах хүч /оёдолчин-2, гагнуурчин-2, угсрагч-4 хүн/, гэмтэл учирсан даавууг нөхөх, бэхэлгээний бүхий л зүйлийг тус тус гаргана. Захиалагчийн зүгээс инженерийн баг, асар, майхан, сүүдрэвчийг тогтоох төмөрийн зардалд 5 000 000 орчим төгрөг /тухайн үед тооцох/ гаргах буюу гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргах замаар санхүүжүүлэх” гэж заан, талууд ажлын үр дүнгийн доголдлыг арилгах талаар тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд гүйцэтгэгч Б.М нь 12 тоот гэрээний үүргээ болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг доголдолтой хүлээлгэж өгсөн болох нь нотлогджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь холбогдох стандарт шаардлагыг хангасан эсэх, чанартай гүйцэтгэсэн эсэх, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11638 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч тус газраас 2018 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 07/113 тоот албан бичгээр шинжээч томилох боломжгүй тухай хариуг ирүүлсэн ба энэ хугацаанд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан шинжээч томилуулах хүсэлтээс татгалзсанаар шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3077 дугаар захирамжаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна.

Үүнээс хойш талууд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын талаар шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй болно.

4. Талуудын хоорондох 12 тоот ажил гүйцэтгэх гэрээний  3.2-т зааснаар  22 030 800 төгрөгийн ажлын хөлс төлөх хуваарийн дагуу  захиалагч тал нь, ажлын хөлснөөс нийт 3 671 800 төгрөгийг баталгаат хугацааны турш сүүдрэвч, асрыг барих, хурааж хадгалахад жилд 2-оос доошгүй удаа объектод очиж ажиллах ба бусад эвдрэл гэмтэл, чанарын доголдлыг арилгахад зарцуулахаар, үлдэх 18 359 000 төгрөгийн 70 хувь буюу 12 851 300 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гүйцэтгэгчийн санхүүжилт хүссэн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт, 25 хувь буюу 4 589 750 төгрөгийг гэрээний ажилд шаардлагатай бараа, материалыг татан авсны дараа гүйцэтгэгч талын санхүүгийн баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт, 5 хувь буюу 917 950 төгрөгийг баталгаат хугацааны туршид байршуулан, чанарын доголдол, дутагдал гараагүй бол буцаан олгохоор тус тус тохиролцож, үүнээс 12 851 300 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч хариуцагчид төлж, бусад хэсгийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-д зааснаар болон гэрээний дээрх заалтын дагуу ажлын хөлсийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй боловч хариуцагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа, материалыг худалдан авсан талаар холбогдох санхүүгийн баримтуудыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх баримтгүй, 4 589 750 төгрөгийн ажлын хөлсийг шаардаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т заасны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, гүйцэтгэгч доголдлыг арилгаагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажлын хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь хүлээн авсан ажлын үр дүн болох хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч зэрэг нь урагдаж гэмтсэн, бэхэлгээ төмөр, карказ гэх эд зүйлс  эвдэрч  гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй тул  ажлын хөлсний үлдэгдэл болох 9 179 500 төгрөгөөр ажлын хөлсийг бууруулан тооцох боломжтой.

Түүнчлэн талууд 12 тоот гэрээний  3.2-т зааснаар 4 589 750 төгрөгийг /3 671 800+917 950/  ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад зарцуулахаар тохиролцсон байна.

Иймд хариуцагч талын нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэлд болон хохиролд нийт 15 857 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

6. Хариуцагч талаас гаргасан огноо тодорхойгүй гэрэл зургууд, асар, майхан, сүүдрэвчийн ажлын нэгдсэн тооцоо, цахим захидал, Цаг уур, орчны шинжилгээний  газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/283 тоот тодорхойлолт зэрэг нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүйг дурдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж,  хариуцагчаас 13 428 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгчээс 15 857 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Мгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03831 дугаар захирамжаар хариуцагч Б.Мг сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.,115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар хариуцагч Б.М-гаас 13 428 800 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “АГ” ХХК-иас 15 466 992 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03831 дугаар захирамжаар хариуцагч Б.Мг сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

         

                                                                                                                                                                    

                                     ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА