Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00072

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1675 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.М-д холбогдох,

13.428.800 төгрөг гаргуулах үндсэн,

15.446.992 төгрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 тоот Дорнод аймгийн төвийн Халх гол сумын төвөөс баруун хойшоо 65 км зайд байрлах, Буйр нуурын хөвөөн.дэх жуулчны баазад сүүдрэвч, асар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүй. Ажил эхэлж байх үед жуулчны баазад захирлаар ажиллаж байсан н.Одгэрэл нь аяган суурийг нөхцөл орчинд тохирсон, стандарт шаардлагыг хангахгүй байна гэсэн шаардлага тавьсан боловч үүрэг гүйцэтгэгч нь үүнийг харгалзаж үзэлгүйгээр өөрийн бэлтгэж ирсэн аяган суурийг суурилуулсан. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусгаад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэх ёстой байсан боловч тус ажлын үр дүн чанаргүй байсан тул тухайн өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахаас захиалагч татгалзсан. Гүйцэтгэгч тал гэрээний дагуу арга хэмжээ авалгүйгээр ажлын байраа орхиж явсан. Хариуцагч өөрөө ямар ч бэлтгэлгүй ирсэн тул манай охин компани болох Алтай трэвел бюро ХХК нь нэхэмжлэх бичээд 577.000 төгрөгийн барааг зээлээр авч хэрэглэсэн. Уг мөнгийг манай компани өгсөн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч буюу Б.М-гаас ажлын хөлсөнд урьдчилгаанд өгсөн 12.851.300 төгрөг, Алтай трэвел бюро ХХК-аас зээлээр авсан бараа материалын төлбөр 577.500 төгрөг, нийт 13.428.800 төгрөгийг гаргуулан А ХХК-д гаргуулж өгнө үү. Уг асар, сүүдрэвч нь угсарч, буулгах зориулалттай, байнга ашиглагдах зориулалтгүй байсан, одоо хурааж хадгалсан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.М-д тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажлынх нь үлдэгдэл үлдсэн даавуу, төмөр, хэрэгслийг хурааж хадгалсан байгаа тул буцаан өгч болно гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Урьдчилгаанд 12.851.300 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улаанбаатар хотоос 9 хүний баг бүрэлдэхүүнтэй буюу тодорхой хэмжээний туршлагатай хүмүүсийг авч Дорнод аймйгийн Буйр нуур руу явсан. Очоод ажлаа эхлэх гэхэд Алтай трэвел бюро ХХК-ийн захирал байхгүй, хаана асар, сүүдрэвчийг барих, угсрах нь тодорхойгүй, хариуцах хүн байхгүй байснаас 2-3 хоног хүлээж, хугацаа алдсан. Энэ хугацаанд үүнтэй холбоотой маш их зардал гарсан. Энэ байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байгаа бөгөөд бидний ажил оройтож хугацаанаасаа хоцорч эхэлсэн. Хүүхдийн тоглоомын талбайд сүүдрэвч 1 ширхэг, хоолны цагаан асар 1 ширхэг, нуур дээр эргийн сүүдрэвч 1 ширхгийг барих, нийт 2.538.000 төгрөгт багтсан аяган суурь угсрах буюу нийт 4 ажил хийхээр байсан. Аяган суурь нь тухайн майхны доор нь байдаг буюу бэхэлгээнд ордог юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгээд, талбай дээр тухайн үед байсан инженертэй хамтарч ажилласан. Ажлыг гүйцэтгэхдээ Б.М- нь өөрөө түүхий эд, материалууд, тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь авч очиж ажлаа эхэлсэн. Тэр хүнд ажлаа дуусгаад хүлээлгэж өгсөн. Б.М- нь гараараа ажил хүлээлгэж өгсөн тухай акт бичиж н.Цэвэлдоржид өгөөд гарын үсгийг зуруулах гэхэд нь би ийм акт бичсэн тул дараа нь ажлын байранд ирээд аваарай, эсхүл араас чинь явуулна гэж хэлсэн тул араас ажил хүлээлцсэн актыг явуулах юм байна гэж итгээд хот руугаа явсан. Хотод ирсний дараа 07 дугаар сарын 26, 27-ны үед талбай дээр эвдрэл гэмтэл гарлаа засаж өгнө үү гэж дахиад дуудсаны дагуу өмнө нь ажиллаж байсан багийн хүмүүсээ дагуулаад ажлын талбайд очоод 3-4 хоног гэмтсэн зүйлүүдийг засах, нэхэмжлэгчээс шаардсан нэмэлт ажлуудыг бүгдийг нь хийсэн. Тухайн Буйр нуурын эрэг дээрх хөрс нь элсэрхэг, майхан тогтооход хүндрэлтэй, нилээд гүн ухаж хүндрүүлэгчтэйгээр цемент цутгаж тогтоосон бөгөөд нэмэлтээр хийж өгөх тухай хүсэлт авсны дагуу дахиж нэмэлтээр хүндрүүлэгч байрлуулсан. Энэ үедээ захиалагч нь ажлын хөлсийг нэмж өгөөгүй, нэмэлт санхүүжилт олгоогүй. Тэгэхээр А ХХК нь хийсэн ажлыг хүлээн авсан, уг зүйлсүүдийг зун, намрын хугацаанд ашигласан, цаг агаарын байдал, аадар бороотой, салхи шуургатай байхад өөрсдөө арчилж хамгаалах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2 дахь удаа очиж нэмэлтээр ажил хийхдээ Ард кредит ББСБ ХХК-иас сард 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай 5.000.000 төгрөг зээлж авч, ажилчдын цалин, хүнсэнд зарцуулж хохирсонд Захиалагч тал үлдэгдэл ажлын хөлсийг графикийнхаа дагуу төлөөгүй учраас хариуцагч нь өөрөө материалаа авч, бусад зардлыг хариуцаж төлсөн. Иймд банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээл болон хүү 6.287.492 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 9.179.500 төгрөг, нийт 15.466.992 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нийт 5 зүйл хийх ёстой байсан. Үүнд хүүхдийн садны сүүдрэвч, хоолны цагаан асар, эргийн сүүдрэвч энэ бүхэнд зориулж аяган суурь болон бусад угсралтын ажил буюу гэрээг иж бүрэн хийж хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Үүний төлөө А ХХК нь Б.М-д 22.030.800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс урьдчилгаанд нь 70 хувийг буюу 13.000.000 орчим төгрөгийг өгсөн байдаг. Хийж хэрэгжүүлсэн ажил нь шаардлага хангаагүй байсан тул ажлыг нь хүлээж аваагүй. Манай байгууллагын талбайн инженерүүд тул Б.М-гийн ажилтан биш. Дөнгөж асар угсарч байхад нь даавуу нь урагдаж байсныг Б.М- оёдлын машинаар оёсон. Гэтэл хэмжээд авч ирсэн даавууг богино, багана төмөр гүйлгэх зайгүй, хэмжилтүүд нь алдагдсанаас асар нь унаж байсан. Гэрээгээр 3 жилийн баталгаа гаргасан ба 3 ба түүнээс дээш жилд ашиглагдана, энэ хугацаанд засварыг нь хийнэ, угсарч өгнө асуудалгүй байна шүү гэж гарын үсэг зурсан. Иймд ажлын хөлсний үлдэгдлийг төлөх ёсгүй, бусдаас авсан зээлийг бид төлөх үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Б.М-гаас 13.428.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч А ХХК-иас 15.466.992 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03831 дугаар захирамжаар хариуцагч Б.М-г сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1675 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/00977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-гаас 13.428.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгч А ХХК-иас 15.466.992 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, хариуцагчаас 225.094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2018/05922 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 05 сарын 11 өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн №182/ШШ2018/00977 тоот шийдвэрийн зарим хэсгийг, 2018 оны 07 сарын 20-ны өдрийн №1675 тоот Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл нөлөөлөн ажлын үр дүнг ашиглах боломжгүй болсон нь Цаг уур төвийн өдрийн хавсралт баримтуудаар тогтоогдсон байтал нотлох баримтыг үнэлээгүй. 2018 оны өдрийн тоот албан бичгээр тухай майхан, асар, сүүдрэвчийг бүрэн барьж хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл цаг уурын нөхцөл байдал, давагдашгүй хүчний улмаас ашиглах боломжгүй болсон байтал үүнийг шүүх үнэлж, тогтоогоогүйн улмаас гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөр 9.179.500 төгрөг захиалагч талаас гаргуулах авах нөхцлийг хангаагүй. Иймд анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн нийт 15.466.992 /арван таван сая дөрвөн зуун жаран зургаа мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хангаагүйг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнхзаяа нь өөрийн ажлын туршлагаараа, баримтлан ажилладаг зарчмынхаа дагуу уг майхан, асар, сүүдрэвчийн ажлыг бодит нөхцөлд нийцсэн байдлаар гүйцэтгэн, тус жуулчны баазад ажилладаг талбайн инженер Аптай бюрегийн Цэвэгдорж хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээний нөхцлийг бүхэлд нь дүн шинжилгээ хийвэл тус майхан асар нь 3 жилийн турш ашиглагдах, энэ хугацаанд майхан, асар, сүүдрэвч нь салдаг, угсрагддаг нь тодорхой байна. Цаг уур орчны мэдээллийн лавлагааны хавсралтыг үзвэл тухайн цаг үед аадар бороотой, хүчтэй салхитай өдрүүд маш их байсныг нотолдог, гэтэл анхан шатны шүүх нь тэрхүү баримтыг бүрэн дүрэн судлаж үзээгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Б.М- өөрөө бага хэмжээний мөнгөөр эргэлт хийж жижиг үйлдвэрлэл эрхлэн 3-5 хүнийг ажлын байраар тогтмол ханган, амьдралд нь тус дэм болох гэж их хичээдэг байтал ийм төрлийн үндэслэлгүй зүйлээр өрөнд орох нь шударга бус асуудал. Харин өнөөдөр бол нөхцөл байдал тэс өөр, хүүхэд нь элэгний хавдар өвчин туссан, эмчилгээний зардал мөнгө их хэмжээгээр хэрэгтэй байгаа, цаашид хэр хугацаагаар өөрийн майхан, асрын жижиг үйлдвэрлэлийг эрхлэх боломжгүй байх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой бөгөөд тус жуулчны баазад хийж өгсөн асар, майхнуудыг нурсан, одоо ашиглахгүй байгаа гэдгийг нотолсон баримт байхгүй тус асар, майхнууд нурсан эсвэл одоо ашиглаад явж байгаа эсэхийг тогтоож нотлоогүй. Мөн нурсан гэдгийг тогтоосон нотлох баримт болон эрх бүхий байгууллагын дүгнэлт, албан бичиг байхгүй байхад зөвхөн фото зургийг үндэслэн нурсан гэж үзэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж шийдвэрлэсэн. Мөн ямар хэмжээний хохирол учирсан, тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байх боломжтой эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын тодорхойлолт байхад түүнийг үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээв.       

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.М-гаас 13.428.800 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар 15.446.992 төгрөг  шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Б.М- нь Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуурын хөвөөн дэх Жуулчны баазад хүүхдийн садны сүүдрэвч, хоолны асар, эргийн сүүдрэвч болон аяган суурийг хийж 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өгөх, “А” ХХК нь нийт 22.030.800 төгрөгийн санхүүжилт олгохоор тохирч, улмаар урьдчилгаа төлбөрт 12.851.300 төгрөг төлжээ /хэргийн 6-10, 16 дугаар тал/.    

Хариуцагч гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч,  хөлс өгөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй талаар мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-т зохицуулсан, хариуцагч ажлаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Б.М-гийн хийсэн ажил шаардлага хангаагүй бөгөөд тэрээр захиалагчаас тогтоосон нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийж  гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, “А” ХХК нь өөрт учирсан хохирлыг урьдчилгаанд төлсөн төлбөр болон бараа материалын үнэд төлсөн 577.500 төгрөг нийт 13.428.800 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 349 дүгээр зүйлийн 349.1-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэж, энэ тухайгаа магадлалд тодорхой тусган шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1675 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/07583 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ