| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 182/2018/00125/и |
| Дугаар | 1673 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1673
“Б т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Б т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Х А” ХХК-д холбогдох
30 317 106 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б т д” ХХК болон “Х А” ХХК-ууд нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БХ/3 тоот, мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БХ/8 Суруга тоот худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээний дагуу ус тусгаарлагч барилгын материалыг хариуцагчид тохирсон тоо ёсоор нь нийлүүлж хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь БХ/3 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 10 098 000 төгрөг, БХ/8 Суруга тоот гэрээний үлдэгдэл төлбөр 11 480 000 төгрөгийг тус тус төлөх байсан. Гэвч хариуцагч нь 2 гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. “Х А” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад дараа төлье, одоо боломжгүй байна гэх зэрэг шалтгаан тоочиж хойшлуулсаар байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нийт дүн бол 115 508 000 төгрөг бөгөөд 80 855 600 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 24 554 400 төгрөг төлсөн. Эхний гэрээнээс 10 098 000 төгрөгийн төлбөр үлдсэн. “Х А” нь “Суруга Монгол” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоороо ажлыг нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэж дууссан бөгөөд гэрээгээр тохирсоны дагуу бид уг өдрөөс алданги тооцсон ба нийт 99 хоногийн алданги 2 999 106 төгрөг болж байгаа.
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний нийт төлбөр 66 200 000 төгрөг бөгөөд үүнээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 37 360 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо тус байгууллага тус компаниас 13 840 000 төгрөг авах ёстой хэдий ч нэхэмжлэл гаргахдаа буруу тооцон 11 480 000 төгрөг гэсэн байна. Бид 11 480 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа ба алдангийг гэрээний 3.2-т заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцон 5 740 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Иймд хариуцагчаас БХ/3 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 10 098 000 төгрөг, алданги 2 999 106 төгрөг, нийт 13 097 106 төгрөгийг, мөн БХ/8 Суруга гэрээний үлдэгдэл төлбөр 11 480 000 төгрөг, алданги 5 740 00 төгрөг, нийт 30 317 106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч “Х А” ХХК-иас 30 317 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б т д” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б т д” ХХК-ийн улсын орлогод үлдээж, хариуцагч “Х А” ХХК-аас 309 536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б т д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01200 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Хариуцагчийн зүгээс 2018 оны 03 дугаар сар 26 өдөр нэхэмжлэгч талын нийлүүлсэн барилгын материал чанарын шаардлага хангаагүй тухай фото зургийг ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасны дагуу гарган өгсөн боловч шүүхээс түүнийг хэдий хугацаанд авсан тогтоогдохгүй байна гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан нь нотлох баримтаас иш татах эрхийг хязгаарлаж хэт нэг талыг барьжээ. Уг зургууд нь нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй түүнчлэн чанар муутай бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас хариуцагч талд их хэмжээний хохирол учруулсан талаар дэлгэрэнгүй илэрхийлсэн зургууд тайлбарын хамт байсан. Ийнхүү хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тодорхой бус шалтгаанаар аваагүй хэргийг хэт нэг талд шийдэх үндэс болж хариуцагчийн татгалзалаа нотлох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
2. Шүүхээс хэргийг үнэн зөв, хуульд нийцүүлэн, талуудын хооронд байгуулсан гэрээг зөв дүгнэж шийдвэрлэхийн тулд хариуцагчаас гаргасан шинжээч томилж барилгын материалын чанарт зохих стандартад нийцсэн эсэх талаар мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч мөн л хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т заасан чанарын сертификатыг хариуцагч талд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, энэ тухайгаа нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр дурьдаж, чанарын сертификатыг “Суруга Монгол” ХХК-д өгсөн гэх тайлбар өгсөн байдаг /ХХ-104 тал/. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний худалдагч тал нь “Бүрэн Трейд Девелопимент” ХХК, худалдан авагч нь “Хас-Авдар” ХХК юм. Дээр дурдсан гэрээний заалтын дагуу худалдан авагч талд чанарын сертификатыг өгөх үүрэгтэй байсан боловч өгөөгүй, “Суруга Монгол” ХХК-д ч өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал бараа захиалгын урьдчилгаа төлбөрөөр худалдах бараагаа гадаад улсаас импортлон оруулж ирдэг гэх тайлбар өгдөг боловч хэрэгт гаргаж өгсөн чанарын сертификат нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн лабораторын шинжилгээний дүн байгааг анхаарна уу /ХХ-85-р тал/. Гэтэл 14 сар буюу 2017 оны 9 дүгээр сард материал захиалаад, захиалж авсан материалдаа сертификатыг шаардахад жил гаран хугацааны өмнөх шинжилгээний дүн гаргаж өгсөн байдлаас харахад материал гэрээнд дурьдсан чанартай, стандартад нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1, хүсэлтэд хавсаргаж өгсөн зурган баримтыг тус тус үндэслэн “Суруга Монгол” ХХК-ийн барьж буй Japan town С5 барилгын зоорийн давхрын мембран ус тусгаарлалтын ажлын гүйцэтгэлд, мөн барилгын С5, А, С блокуудын мембран дээврийн ус тусгаарлалтын хийж гүйцэтгэсэн ажилд “Б т д” ХХК нийлүүлсэн материал болох Мембран 1.5 мм нь хэрэгт дурьдсан Монгол Улсын барилгын норм стандартад заасан чанарын шаардлага хангасан эсэх, ажлын гүйцэтгэл болон материалын доголдлын аль шалтгаанаар хийгдсэн ажил доголдолтой болсон талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр барилгын материалын сорил шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатороор шинжилгээ хийлгэх шаардлага гарч байсан тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь өрөөсгөл шийдвэр гарах нөхцөл бүрджээ.
3. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан бараа материалыг тоо ёсоор нийлүүлээгүй /ХХ-н 13, 14-дэх тал/, материалыг зөвхөн худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргийг талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн боловч эдгээр үүрэг болон дээр дурдсан чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх түүнчлэн холбогдох бичиг баримтыг үнэн зөвөөр өгөх үүрэг гээд хэд хэдэн гэрээний үүргийн зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхий болсон байтал нэхэмжлэлийн шаадлагыг алдангийн хамт бүхэлд нь ханган шийдсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан, материаллаг болоод процессийн хэм хэмжээг зөрчсөн тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шийдвэрийг буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Б т д” ХХК нь хариуцагч “Х А” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 317 106 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бараа материал хүлээн авч, хүлээлгэн өгсөн, мөн гэрээний үнэд төлсөн мөнгөний талаар маргаагүй бөгөөд гагцхүү чанарын шаардлага хангаагүй бараа байсан гэж маргасан байна.
Талууд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь мембран В-silk 1.5 мм-ыг 5620 м.кв-ыг 1 м.кв-ыг нь 20 000 төгрөгөөр, боодол буюу 40 м.кв-ыг 800 000 төгрөгөөр, U-профиль 1036 ширхэгийг, нэгжийн үнийг 3 000 төгрөгөөр, нийт 115 508 000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид нийлүүлэхээр, хариуцагч нь 80 855 600 төгрөгийг гэрээ байгуулмагц шилжүүлэхээр, үлдэх 34 652 400 төгрөгийг “Суруга Монгол” ХХК-ийн барьж буй Japan town С5 барилгын ус тусгаарлалтын ажил дуусмагц төлөхөөр харилцан тохирч, нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгчээ. /хэргийн 5-9 дүгээр тал/
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч нь хариуцагчид мембран 1.5 мм-ыг 3240 м.кв-ыг, 1 м.кв-ыг нь 20 000 төгрөгөөр, U-профиль 400 ширхэгийг, нэгжийн үнийг 3 500 төгрөгөөр тооцон, нийт 66 200 000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэхээр, хариуцагч нь бүтээгдэхүүний үнийн 60 хувь буюу 39 720 000 төгрөгийг гэрээ байгуулмагц нэхэмжлэгчид шилжүүлэхээр, үлдэх 40 хувь буюу 26 480 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бараа хүлээлцсэн актаар хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 9-13 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 10 098 000 төгрөгийг, алданги 2 999 106 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний үлдэгдэл 11 840 000 төгрөгийг алданги 5 740 000 төгрөгийн хамт нийт 30 317 106 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн талаар маргаагүй, харин чанарын шаардлага хангаагүй бараа байсан гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6.3-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр алдангийг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 6, 10 дугаар тал/
Зохигч худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь барааг хүлээн авахдаа өөрийн төлөөлөгчөөр дамжуулан тоо, ширхэг бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн гарын үсэг зурж, баталгаажуулахаар заасны дагуу нэхэмжлэгч нь барааг хүлээлгэн өгөхдөө Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн хийсэн сорилт шинжилгээний дүн, чанарын гэрчилгээ, бараатай холбоотой баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, дээрх баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэнийг хариуцагч тал үгүйсгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /хэргийн 73-97 дугаар тал/
Түүнчлэн, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан барааны чанарын талаарх гомдлоо нэхэмжлэгчид гаргаж байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХТӨР