Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00268

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00268

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 1 дүгээр байр, 35 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Сандагдоржийн Долгор /РД:ЧЛ51031163/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,*******,байр, 84 тоот хаягт оршин суух, Шадав овогт Доржсүрэнгийн Даваа /РД:ХО53110911/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, түүний өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь нөхөр, гурван хүүхдийн хамт*******,*******,*******,******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчилдөг. Уг орон сууцыг******* бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд өмнөх өмчлөгч болон өргөмөл охин *******, түүний нөхөр******* нарыг уг байрандаа амьдруулж байсан.Одоо бага хүү тусдаа гарах болоод орон сууц шаардлагатай болж чөлөөлж өгөхийг*******д хэлсэн боловч хэл амаар доромжлон, дарамталж, байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу******* болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс*******,*******,*******,******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* би 1979 онд Сольхүүгийн Балчинсугартай гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон. Бид бүгд 1995 оноос энэ байранд амьдарч байгаа. Энэ байрыг миний эхнэр С.Балчинсугар эзэмшиж байгаад 1997 онд Г.Сольхүү, С.Балчинсугар, Д.Тулга нарын нэр дээр хувьчилж авсан. Өндөр настай хадам ээжийн бие доройтож, явж чадахаа байж, Д.Банди,******* нар хөгшнийг эмч хүний хувьд бид арай дээр асарч, эмчилнэ гэсэн тул бид зөвшөөрсөн. Энэ хүмүүс орон байранд шунаж, арга зохиож, эхнэр мань хөгшин эхийнхээ хэлснээр байраа ээжийнхээ нэр дээр болгосон. Хадам ээжийн нэр дээрээс Д.Банди,******* нар шилжүүлж авсныг бид сүүлд мэдсэн. 2020 оны 6 дугаар сарын 11-ний шүүх хурал дээр Д.Банди бид зөвшилцөж, байраа зарж, тэнцүү хувааж авахаар тохирсон. Гэтэл Д.Бандийн эхнэр******* өөртөө бүгдийг авна гэж шүүхэд өргөдөл гаргажээ. Бид бүгд хөгшин болсон, миний бодлоор хэрүүл маргаангүй, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, нас барсан хүмүүсийн ясыг өндөлзүүлмээргүй, эвтэй хувааж авмаар байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Долгор нь хариуцагч*******д холбогдуулан түүний болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,байр, 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008606 дугаартай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь худалдан борлуулаад мөнгөө хувааж авахаар тохирсон тул эвийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч болон түүний гэр бүлийн амьдран суугаа Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,байр, 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008606 дугаартай, 3 өрөө орон сууц нь Д.Банди, Б.Ариунболд, Б.Ариунбаатар, Б.Ариунбаяр,******* нарын 5 хүний өмч болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Энэхүү орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж заасан.

Нэхэмжлэгч******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,байр, 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008606 дугаартай, 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ авахаар шаардахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар бусад гишүүдтэй харилцан тохиролцоогүй байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч******* нь******* болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшлээс хөрөнгө гаргуулахаар шаардаж байгаа боловч мөн орон сууцны өмчлөгчдийн нэг Д.Банди шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1879 тоот шийдвэрээр нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцоод байраа зарж, мөнгөө хувааж авахаар болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан, өмчлөгч Б.Ариунболд, Б.Ариунбаатар, Б.Ариунбаяр нараас*******т итгэмжлэл олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл, өмчлөгч******* нь бусад өмчлөгчийн зөвшөөрөл /итгэмжлэл/ аваагүй тул******* болон түүний гэр бүлийн гишүүдээс орон сууцыг бүхэлд нь чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч******* болон түүний гэр бүлийн гишүүдээс Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,байр, 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008606 дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ