Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00494

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/00268 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-д холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, түүний өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Д- нь нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Ард Аюуш гудамж, 14-р байрны 84 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг өмчилдөг. Уг орон сууцыг Г.Сольхүүгээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан бөгөөд шилжүүлсний дараа Г.Сольхүү болон түүний өргөмөл охин Б.Балчинсугар, нөхөр Д.Д- нарыг уг байранд амьдруулж байсан. Улмаар өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах хэрэгцээ шаардлага гарсантай холбоотойгоор байрыг суллаж өгөхийг шаардахад Д.Д- уг байрыг суллаж өгөхгүй гэсэн.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Маргаан бүхий байрыг миний эхнэр С.Балчинсугар АДХ-ын Гүйцэтгэх захиргааны зөвшөөрлийн дагуу 1995 оноос эзэмшиж байгаад 1997 онд Г.Сольхүү, С.Балчинсугар, Д.Тулга нар хувьчилж авсан юм. 1995 оноос хойш одоог хүртэл уг байранд амьдарч байгаа. Өндөр настай хадам ээжийгээ бид бүгд харж хандаж байтал Д.Банди, түүний эхнэр С.Д- нар хөгшнийг эмч хүний хувьд бид арай дээр асран эмчилнэ гэсэн юм. Тэгээд танил хүмүүс эмч мэргэжилтэй учир итгэж, эхнэр бид хоёр зөвшөөрсөн юм. Эхнэр маань хөгшин ээжийнхээ хэлснээр орон сууцыг түүний нэр дээр болгосон. Хадам ээжийн нэрээс Д.Банди, С.Д- нар хүүхдийн хамт орон сууцыг шилжүүлж авсныг сүүлд мэдсэн юм. Баянгол дүүргийн шүүхэд 2020 оны 06 сарын 11-ний өдөр шүүх хурал болж Д.Банди бид хоёр зөвшилцөн тохирч, байраа зарж үнийг нь тэнцүү хуваан авахаар болсон юм. Гэтэл Д.Бандийн эхнэр С.Д- өөрөө бүгдийг нь авна гэж нэхэмжлэл гаргажээ.

Ямар нэгэн байдлаар үл ойлголцол гаргахгүйгээр хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, нас барсан хүмүүсийг дурсахгүйгээр эвтэй хувааж авмаар байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д- болон түүний гэр бүлийн гишүүдээс Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Ард Аюуш гудамж, 14-р байрны 84 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх өмчлөгч С.Д- нь бусад өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй тул Д.Д- болон түүний гэр бүлийн гишүүдээс орон сууцыг бүхэлд нь чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Гэтэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасны дагуу С.Д- нь бусад өмчлөгч нарын ашиг сонирхолд харшилж өөрийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөгийг өөр этгээдэд зарж борлуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх гэж бус харин дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зохих ёсоор эзэмшихтэй холбоотой уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд хариуцагчид хууль болон гэрээнд заасан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил үүсээгүй, мөн хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөл биш, нэхэмжлэгчийн өмчлөлийнх гэж хүлээн зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүх уг байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн үндэслэлд огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар хамаатан садны харилцаатай, энэ талаар талууд маргадаггүй бөгөөд өөрийн бага хүү болох Б.Ариунбаяр нь тусдаа гарах шаардлагатай болсноор уг маргаан эхэлсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүйн улмаас нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Д.Д-д холбогдуулан Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 14-р байрны 84 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /хх1/

 

Хариуцагч Д.Д- нь маргаан бүхий орон сууцыг анх 1995 онд түүний эхнэр С.Балчинсугар АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, улмаар 1997 онд С.Балчинсугар нар өмчилж авсан, уг орон сууцанд 1995 оноос хойш амьдарсан, нэхэмжлэгч С.Д-ын нөхөр Д.Банди өмнө нь албадан чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргаж байсан боловч тус орон сууцыг бусдад худалдаж, үнийг нь тэнцүү хуваахаар тохиролцсон гэж өөрийн татгалзлыг тайлбарлан мэтгэлцжээ. /хх11/

 

Зохигчдын дээрх тайлбар болон тэдгээрээс өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан 1995 оны 2008428441 дугаартай Пасспорт, 2008 оны 08 сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн Ү-2205008606 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01879 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх4, 27, 28/ зэргээс үзвэл, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч хэн болох улмаар хариуцагч Д.Д-гийн эзэмшил хууль бус мөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан орон сууц ямар үндэслэлээр өмчлөгч С.Балчинсугараас түүний эх Г.Сольхүүд, Г.Сольхүүгээс нэхэмжлэгч С.Д- нарын өмчлөлд шилжсэн зэрэг үйл баримт тодорхой бус байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай. Ийнхүү тодруулах байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд орон сууцны шилжилт хөдөлгөөний талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэх нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс гүйцэлдүүлэх хууль зүйн боломжгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол болон маргаан бүхий харилцааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР