Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01331

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01331

 

 

С.Дын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01247 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Дын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр 3 хүүгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 14-84 тоот хаягт байрлах, Ү-2205005606 улсын бүртгэлийн дугаар бүхий 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчилдөг. Уг орон сууцыг Г.Сольхүүгээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан. Өмнөх өмчлөгч Г.Сольхүү болон түүний охин Б.Балчинсугар нь нөхөр Д.Д- нар уг байранд амьдарч байсан. Орон сууцандаа амьдрах хэрэгцээ шаардлага гарсан тул суллаж өгөхийг шаардахад боловч суллаж өгөхгүй байна. Г.Сольхүү нь 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Тухайн үед уг орон сууцыг ашиглах шаардлагагүй байсан тул төрөл садангийн хүн болох С.Балчинсугарт ашиглуулж байсан. Бага хүү Б.Ариунбаяр 2016 онд тусдаа амьдрах болсон тул орон сууцыг суллуулахаар очиход С.Балчинсугар нас барсан талаар мэдсэн. Иймд Д.Д-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- нь талийгаач С.Балчинсугартай 1979 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсон. Бид бүгд 1995 оноос энэ орон сууцад орж одоог хүртэл амьдарч байна. Энэ байрыг миний эхнэр талийгаач С.Балчинсугар нь Улаанбаатар хот АДХ-ын гүйцэтгэх захиргааны паспорт 428441 дугаар гэрчилгээний дагуу эзэмшиж байгаад, 1997 онд талийгаач Г.Сольхүү, С.Балчинсугар, Д.Тулга нар хувьчилж авсан. Хадам эх талийгаач Г.Сольхүүг Д.Банди, түүний эхнэр С.Д нар асарч байсан. Орон сууцны өмчлөх эрхийг хадам эх Г.Сольхүүгээс Д.Банди, С.Д болон тэдний хүүхдүүд шилжүүлж авсныг бид сүүлд мэдсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Банди орон сууцны асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч бид харилцан тохиролцож орон сууцны үнийг хувааж авахаар болсон. Өмнө нь орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01879 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байхад Д.Бандийн эхнэр С.Д нь дахин нэхэмжлэл гарсан. Түүнчлэн, Г.Сольхүү 2001 онд, С.Балчинсугар 2012 онд нас барсан. Нэхэмжлэгч болон бусад өмчлөгчдөөс орон сууцны өмчлөлтэй холбоотой шаардлага гаргаж байгаагүй. Д.Д- болон түүний хүүхдүүд 1995 оноос хойш энэ орон сууцанд амьдарч байгаа. Д.Банди, С.Д нар 2016 онд уулзаж байгаагүй. С.Д орон сууцны өмчлөлийг 1998 онд шилжүүлж авсан боловч 2020 он хүртэл өмчлөлийн талаар огт шаардлага гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 84 тоот дахь байрлах 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005606 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай С.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Д.Д- 1995 оноос хойш одоог хүртэл гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул түүнийг уг орон сууцны шударга эзэмшигч гэж дүгнэсэн. Д.Д- шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаагүй байтал шүүх нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчаас маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшдэг талаар огт тайлбарладаггүй, энэ талаар баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй болно. Нөгөө талаар Д.Д- уг орон сууцы өмчлөх эрх С.Д болон түүний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн С.Д болон орон сууцны анхны өмчлөгч талийгаач Г.Сольхүү Д.Д-д нар өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул түүнийг хууль ёсны шударга эзэмшигч гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Д.Д-д хууль болон гэрээнд заасан үндэслэлээр орон сууцны эзэмшил үүсээгүй. Мөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууц С.Дын өмчлөлийнх гэдгийг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх уг байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. С.Балчинсугар нь эхийгээ асардаггүй тул С.Д болон түүний нөхөр Д.Банди нар асарч халамжилсны хариу болгож орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хууль шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Д-д холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 84 тоот 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг С.Балчинсугар, Г.Сольхүү, Д.Тулга нар өмчилж байгаад 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Балчинсугар, Д.Тулга нараас Г.Сольхүүд, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г.Сольхүүгээс Д.Банди, Б.Ариунболд, Б.Ариунбаатар, Б.Ариунбаяр, С.Д нарт өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-4, 74/

Орон сууцны анхны өмчлөгч Г.Сольхүүгийн охин Б.Балчинсугарын нөхөр болох Д.Д- маргааны зүйл болсон орон сууцыг 1998 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эд хөрөнгийн эзэмшил хууль бус байхыг шаардана. С.Д нь уг орон сууцыг 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өмчилж байгаа бөгөөд уг өмчлөх эрх үүссэн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг Д.Д- эсэргүүцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Д хариуцагч Д.Д-гаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхийг шаардсан үеэс Д.Д-гийн эзэмшил дуусгавар болсон тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Өмчлөх эрх нь туйлын эрх тул өмчлөгч өмчлөлийн зүйлээ хэдий ч шаардаж болох тул хөөн хэлэлцэх хугацаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хамаарахгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч С.Дын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01879 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Бандийн хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өмчлөгч С.Д шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл биш болно.

Дээр дурдсныг үндэслэн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.Д-гийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.Д-гийн эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Д-гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА