Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00091

 

                                                                                                     “ТХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэртэй

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00555 дугаар магадлалтай,

“ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ЖЖФ” ББН-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2022.01.01-ний өдрийн №1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 4,552,532 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ма, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хариуцагч “ЖЖФ” ББН-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах, хариуцагч “ЖЖФ” ББН нь нэхэмжлэгч “ТХ” ХХК-д холбогдуулан 2022.01.01-ний өдрийн №1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 4,552,532 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн хариуцагч “ЖЖФ” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “ТХ” ХХК-иас 4,300,000 төгрөг гаргуулан “ЖЖФ” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,463 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 341,700 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00555 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж, 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-т” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ТХ ХХК-аас төлсөн 83,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ма хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 ТХ ХХК нь ....................үйлчилгээний зориулалттай талх, нарийн боовны үйлдвэрийн бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон ажлын байрыг сарын 5,000,000 төгрөгөөр Иргэний хуулийн 43 дугаар зүйл, 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад бүрэн тоног төхөөрөмж, тохижилттой ажлын байрыг шилжүүлсэн ба тоног төхөөрөмжийг бүрэн ашиглан иштэй чихэр болон жигнэмэг хийж үйл ажиллагаа явуулж үр шимийг хүртсэн. Түрээсэлж байх хугацаанд хариуцагч “ЖЖФ” ХХК болон захирал гэх Г нь түрээсийн төлбөрөө түр хойшлуулж өгөөч танай байрыг худалдаж авмаар байгаагаа илэрхийлэн зээл хөөцөлдөж байгаа гэх мэтээр худал хэлж, 3 сар төлбөрөө төлөлгүй манай техник тоног төхөөрөмжийг элэгдэл хорогдолд оруулан биднийг хохироож цаашид мөн түрээсийн төлбөрөө төлөхийг огт хүсэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн тул гэрээг дуусгавар болгосон.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь түрээсийн гэрээг худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн. Түрээсийн гэрээ хийхдээ М.Гнь түрээслэх зорилгоор хийж баталгаажуулж гарын үсэг зурж, тамга дарсан ба түрээсэлж байх хугацаандаа худалдаж авах санал гаргасан нь хариуцагч тал юм. Иймээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл юм.

4.2.Түрээсийн төлбөрийг Эы дансруу хийхдээ “байрны урьдчилгаа” гэж хийсэн манай талаас гүйлгээний утга дээр ач холбогдол өгөлгүй түрээсийн төлбөрөө шилжүүлж байна гэж ойлгож байсан. Сүүлд нь ийм зүйл гарахыг мэдэж байсан бол тэр даруй нь засуулах байсан.

4.3.Хариуцагч тал бусад этгээдтэй байгуулсан 56,74 м.кв болон 60 м.кв талбайтай дагалдах төхөөрөмж, тавилга, тохижилт байгаа эсэх нь мэдэгдэхгүй нотариатаар батлуулсан гэрээг шүүх үндэслэж сарын 840,000 төгрөгөөр ашиглаж, түрээсэлсэн гэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр шүүхийн шийдвэр гарчээ. Гэтэл манай ажлын байр нь бүрэн тохижилттой зөвхөн тоног төхөөмж нь 134,769,200 төгрөгийн үнэтэй ба түрээсийн гэрээний хавсралтад тусгаж өгч үнэлээд хариуцагч өөрөө зөвшөөрч сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэх санал тавьж гэрээ байгуулагдсан.

4.4.Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд “ТХ” ХХК-аас 4,300,000 төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.11-ний өдрийн 001ШХТ2023/000519 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон утга, найруулгын өөрчлөлт орууллаа.

7. Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хариуцагч “ЖЖФ” ББН-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “Талуудын хооронд 2022.01.01-ний өдөр байгуулсан №1/10 тоот түрээсийн гэрээгээр “ТХ” ХХК-ийн эзэмшлийн ...........................тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай кофе шопын байрыг 4 сарын хугацаатай, сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. ... эхний 2 сарын түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөгийг төлсөн, ... түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “ЖЖФ” ББН нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “2022.01.01-ний өдөр ... ажлын байрыг бүхий л тоног төхөөрөмжийн хамт 185,000,000 төгрөгөөр банкны зээлээр худалдан авахаар, зээл гарах хүртэл байрны урьдчилгаанд сар бүр 5,000,000 төгрөг өгч байхаар амаар харилцан тохиролцоод, урьдчилгаанд 8,500,000 төгрөгийг М.Эы хувийн дансанд шилжүүлсэн. М.Э зарж буй байрандаа баталгаа хэрэгтэй гээд түр хугацаагаар халхавчилсан түрээсийн гэрээ байгуулах санал тавьсан бөгөөд сар бүр төлөх мөнгөн дүн нь худалдан авах байрны урьдчилгаанд төлөгдөхийг зөвшөөрч байгуулсан. ... “ТХ” ХХК нь зээлийн судалгааны дүнг хүлээлгүй, манай компанийн үйл ажиллагааг зогсоож, байрыг 1 өдрийн дотор чөлөөл гэх шаардлагыг тавьсны дагуу 7 хоногийн дараа байрыг хүлээлгэж өгсөн.” гэж мэтгэлцсэн байна.

9. Хариуцагч “ЖЖФ” ББН нь нэхэмжлэгч “ТХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаварт 4,552,532 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, шаардлагын үндэслэлээ “Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8,500,000 төгрөгөөс ... байрыг 5 сар ашигласны төлбөрт 1 сарын 840,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 4,300,000 төгрөгийг гаргуулна, үүнд 2022.06.10-ны өдрөөс 2022.09.20-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай банкны дундаж хүүгээр хүү тооцож 165,019 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 87,513 төгрөг, нийт 4,552,532 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

10. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлээ дэмжиж буй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаварт 4,300,000 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг ханган бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулах зорилготой байсан ... үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамаарна ... хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул тус гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. ... хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хохирол шаардах эрхгүй, улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд заасны дагуу хуваарилах тул хүү 165,019 төгрөг гаргуулах болон улсын тэмдэгтийн хураамж 87,513 төгрөг гаргуулах шаардлага хангагдахгүй” гэж дүгнэжээ.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “... Үндсэн нэхэмжлэл нь түрээсийн гэрээний үүрэг болон алданги шаардсан, сөрөг нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага байхад анхан шатны шүүх хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй.” гэж дүгнэн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан шаардах эрхийн холбогдох заалтуудыг өөрчилжээ. 

13. Талууд “ТХ” ХХК-ийн эзэмшлийн ...........................тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......дугаартай, үйлчилгээний зориулалттай байрыг 2022.01.01-2022.06.10-ны өдрийг хүртэл хугацаанд “ЖЖФ” ББН эзэмшиж ашигласан, мөн хугацаанд “ЖЖФ” ББН-өөс “ТХ” ХХК-д 8,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй. Харин тус объектыг өмчлөгчөөс бусад этгээд эзэмших, ашиглах үндэслэл болсон эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлох, уг харилцааны үр дагаврын тухайд зохигч харилцан маргаантай байна. 

14. Анхан шатны шүүх талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан боловч түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг арилгах нь зүйтэй гэж дүгнэн маргааныг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг агуулгын хувьд буруутгаагүй. Хоёр шатны шүүхээс эрх зүйн харилцааг тодорхойлсон байдал, үр дагаварт хийсэн дүгнэлт адил байх ба анхан шатны шүүхийн хууль зүйн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсангүй.

15. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримт буюу маргаан бүхий эд хөрөнгөтэй ойролцоо төрлийн объектын түрээсийн зах зээлийн үнэ, талуудын хооронд хийгдэж байсан гүйлгээний утга, зохигчийн тайлбар, мэтгэлцээнийг үндэслэн тэдгээрийн үнэн хүсэл зориг нь ажлын байрыг худалдах-худалдан авахад чиглэгдсэн гэж тодорхойлсныг буруутгахгүй. Харин талууд ийм хүсэл зоригтой атлаа “Түрээсийн гэрээ” бичгээр байгуулж, урьдчилгаа төлбөрийг түрээсийн төлбөр мэтээр гэрээнд тусгасан нь өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зохигчийн хооронд 2022.01.01-ний өдөр байгуулсан №1/10 тоот түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр бус, харин мөн зүйлийн 56.1.2 болон 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлээс ялгагдах үндсэн шинжийг анхаарах нь зүйтэй.

Эдгээр хэлцлүүд нь гэрээ байгуулагч талын хүсэл зоригийн дутагдалтай, ийм дутагдлыг талууд санаатайгаар зорьж бий болгон, хэлцэл хийсэн мэт байдлыг гадна орчинд илэрхийлдгээрээ төстэй.

Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн үед талууд ямар нэг хэлцлийг халхавчлахыг урьтал болгодоггүй, хэлцлийн нэг тал, эсхүл хоёул нийлэн санаатайгаар хэлцэл байгуулсан мэт дүр үзүүлдэг.

Энэ хэрэг маргааны тохиолдолд талуудын үнэн хүсэл зориг нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах явдал байсан гэх тайлбарыг хариуцагч гаргаж байх боловч худалдах-худалдан авах гэрээ нь хүчинтэй ба хүчингүй аль ч хэлбэрээр байгуулагдаагүй байна. Хариуцагч “ЖЖФ” ББН гэрээний гол нөхцөл болох байрны үнийг 185,000,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан ч энэ талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригтой байж болох ч уг гэрээг байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Талууд үнэн хүсэл зориггүй хэлцлийг санаатай байгуулсан хэдий ч уг хэлцлээр халхавчлагдсан өөр хэлцэл байхгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчлагдсан хэлцэл гэж үзэх боломжгүй.

Иймд “ТХ” ХХК, “ЖЖФ” ББН нарын хооронд 2022.01.01-ний өдөр байгуулсан №1/10 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчилсан хэлцэлд тооцогдохгүй.

Хариуцагч “ЖЖФ” ББН түрээсийн гэрээнд гарын үсэг зурахдаа санаатайгаар үнэн хүсэл зоригоо халхавчлах, бусдыг санаатай төөрөгдүүлж, гадна орчинд түрээсийн гэрээ байгуулсан мэт харагдах зорилго агуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэх хүртэл хугацаанд урьдчилгаа төлбөрөө цувуулан төлөх харилцааг зохицуулсан гэрээ гэж ойлгож гарын үсэг зуржээ. Нэгэнт хүчинтэй ба хүчингүй халхавчлагдсан хэлцэл үгүй байх тул “ТХ” ХХК, “ЖЖФ” ББН нарын хооронд 2022.01.01-ний өдөр байгуулсан №1/10 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзнэ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хууль хэрэглээг зөвтгөнө.  

16. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, энэ шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ талаар хоёр шатны шүүх тусгайлан дүгнээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлох нь зохигчийн бүрэн эрхэд хамаарах хэдий ч уг шаардлагын эрх зүйн үндэслэл тус бүрээр шүүхээс дүгнэлт өгөхөд энэ нөхцөл байдал саад болохгүй.

17. Анхан шатны шүүх хариуцагч “ЖЖФ” ББН-ийн хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийг “ХХК” гэж алдаатай тэмдэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна. Хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх “.............” гэсэн регистрийн дугаарын дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн нийтэд нээлттэй мэдээллээс нягтлан үзэхэд “ЖЖФ” гэсэн оноосон нэр бүхий хуулийн этгээд нь зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийн хувьд “Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл” байх ба энэ хэлбэрээ байгуулагдсан цагаасаа өөрчлөөгүй байх тул шийдвэр, магадлалд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.  

18. Түүнчлэн хариуцагч “ЖЖФ” ББН нь нэхэмжлэгч “ТХ” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 87,513 төгрөг төлснийг анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж нэхэмжлэлийн дүнг тодорхойлбол зохино. Анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүйг дурдах нь зүйтэй.

19. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00555 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн хариуцагч “ЖЖФ” ББН-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ТХ” ХХК-аас 4,300,000 төгрөгийг гаргуулан “ЖЖФ” ББН-д олгож хариуцагчийн сөрөг шаардлагаас үлдэх 165,019 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “ТХ” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.17-ны өдөр төлсөн 83,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                           Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН