Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00555

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 15 210/МА2023/00555

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Ф ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4,552,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №1/10 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр А ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, сити, дугаар байр, тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай кофе шопын байрыг Ф ХХК нь сарын 5,000,000 төгрөгөөр, 4 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцсон. Тухайн үед байрыг түрээслээд, зээлээ төлөөд худалдаж авна гэж хариуцагч хэлсэн.

1.2 Хариуцагч түрээсийн эхний 2 сарын төлбөрт 8,500,000 төгрөг төлсан. Түүнээс хойш төлбөрийг төлөөгүй тул ...манай байрыг худалдаж авахгүй бол түрээсийн төлбөрөө төлнө үү гэх шаардлагыг удаа дараа хариуцагчид тавьсан боловч төлөөгүй.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ф ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 60 м.кв талбайтай ажлын байрыг тоног төхөөрөмжийн хамт 185 000 000 төгрөгөөр банкны зээлээр худалдан авахаар, зээл гарах хүртэл байрны урьдчилгаанд сар бүр 5,000,000 өгч байхаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 8,500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь зарж буй байрандаа баталгаа хэрэгтэй гээд түр хугацаагаар халхавчилсан түрээсийн гэрээ байгуулах санал тавьсан бөгөөд сар бүр төлөх мөнгөн дүн нь худалдан авах байрны урьдчилгаанд төлөгдөх тул тус гэрээг зөвшөөрч байгуулсан.

2.2 Банкнаас авах зээл бүтээгүй. А ХХК-ийн ажлын байранд байрлах хугацаанд зөвхөн шарах зуухыг ашигласан, бусад тоног төхөөрөмжийг бидэнд холбож, залгаж, ажиллуулах заавар зөвлөмж өгөөгүй тул ашиглаагүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах байтал түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.3, 318.1.4-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ.

Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8,500,000 төгрөгөөс байрыг 5 сар ашигласан хугацааны төлбөрт 1 сарын 840,000 төгрөгөөр тооцож, нийт 4,200,000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4,300,000 төгрөг гаргуулна. Мөн уг мөнгийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай банкны дундаж хүүгээр тооцоход 165,019 төгрөгийн хадгаламжийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,513 төгрөг, нийт 4,552,532 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Гэрээ байгуулахаас өмнө Т. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээ байгуулах санал тавьж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Түрээсэлж байх хугацаанд нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж байрыг хариуцагч ашиглаж, түрээсийн гэрээний эрх, үүсэж манайх руу 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай талаас хууран мэхэлж, халхавчилж хийсэн хэлцэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Ф ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар А ХХК-иас 4,300,000 төгрөг гаргуулан Ф ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,463 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 341,700 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 А ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, сити дугаар байр, тоот хаягт байршилтай, 60 м.кв үйлчилгээний зориулалттай, талх нарийн боовны үйлдвэрийг бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон ажлын байрыг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээслэгчийн эзэмшил ашиглалтад бүрэн тоног төхөөрөмж, тохижилттой ажлын байрыг шилжүүлсэн. Хариуцагч нь тоног төхөөрөмжийг бүрэн ашиглан иштэй чихэр болон жигнэмэг хийж үйл ажиллагаа явуулж үр шимийг хүртсэн. Түрээсэлж байх хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрөө түр хойшлуулж өгөөч, байрыг худалдаж авмаар байгаагаа илэрхийлэн зээл хөөцөлдөж байгаа гэх мэтээр худал хэлж, 3 сар төлбөрөө төлөлгүй манай техник тоног төхөөрөмжийг элэгдэл хорогдолд оруулан биднийг хохироож, цаашид мөн түрээсийн төлбөрөө төлөхийг хүсэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн тул гэрээг дуусгавар болгосон.

6.2 Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж, 5 сар ашиг орлого олж байснаа хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлдээ дурдсан. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд талуудын хүсэл зориг нь түрээсэлж үйл ажиллагаа явуулах байсан. Түрээсэлж эхлэх явцад хариуцагч талд тухайн ажлын байр таалагдаж худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлж мөнгө шилжүүлэхдээ байрны урьдчилгаа гэх мэтээр шилжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үйлчилж, гэрээний салшгүй нөхцөл болгож хавсралтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд байгаа, тоног төхөөрөмжийг мөн дурдаж баталгаажуулсан. Хариуцагч өөрөө сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэх санал тавьж гэрээ байгуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хэрэгт авагдсан баримтаар талуудын хүсэл зориг нь уг хөрөнгийг худалдах- худалдан авах зорилготой байсан. Харин түрээсийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн. Энэ талаар анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг анхаарч үзэх шаардлагатай. Мөн дагалдах тоног төхөөрөмжийн хамт түрээсэлсэн тул сарын төлбөр нь 5,000,000 төгрөг байсан гэх боловч бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон. Тухайн тоног төхөөрөмжийг шилжүүлэхээр тохиролцсон зүйл байхгүй.

7.2 Мөн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн түрээстэй байгаа талаар тохироогүй. Гэрээний хавсралтад тоног төхөөрөмжийн бүртгэл гэх жагсаалтаас харвал хогийн сав, хогийн шүүр, галын самбар, ханын цаг гэж жагсаасан. Уг нөхцөл байдлаас үзэхэд талуудад түрээслэх хүсэл зорилго байгаагүй болох нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь 4 сарын түрээсийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас 4 сар ашигласны төлбөр гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4,552,532 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1/10 дугаартай Түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан. Гэрээнд нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, сити дугаар байр, тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний хавсралтад заасан 67 нэр төрлийн эд зүйлсийн хамт хариуцагчид 4 сарын хугацаатай түрээслүүлэх. Хариуцагч нь түрээсийн төлбөрт нэг сарын 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тусгажээ. /хх 8-16/

4. Талуудын хооронд түрээсийн гэрээ, эсхүл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон.

4.1 Анхан шатны шүүх талуудын тайлбар, төлбөр шилжүүлсэн гүйлгээний утга зэргийг харьцуулан дүгнэж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1/10 дугаартай Түрээсийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ...тухайн үедээ манайх түрээслээд зээлээ хөөцөлдөөд танай энэ байрыг худалдаж авна гэсэн болзолтойгоор 2022.01.01-2022.06.10 хүртэл байсан гэх тайлбар болон хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг байрны урьдчилгаанд гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан үзвэл талууд түрээсийн гэрээг хэрэгжүүлэх, эрх, үүрэг хүлээх хүсэл зориг агуулаагүй байна. /хх 17-21/

Иймд анхан шатны шүүх талууд худалдах-худалдан авах хэлцлийг байгуулах зорилгоор түрээсийн гэрээг халхавч байдлаар байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нийцсэн байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Хүчин төгөлдөр бус гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь гэрээ болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 5,750,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

5.1 Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахдаа хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн нийт 8,500,000 төгрөгөөс хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашигласан хугацааны буюу 5 сарын төлбөрийг сарын 840,000 төгрөгөөр тооцон, нийт 4,200,000 төгрөг гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн /хх 61-64/ байхаас гадна хариуцагч тухайн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Үндсэн нэхэмжлэл нь түрээсийн гэрээний үүрэг болон алданги шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримталсан нь, алданги шаардах мөн хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй, мөн 2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлалгүй мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэг, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул залруулж, холбогдох өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж,

2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас төлсөн 83,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН