Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/03775

 

 

 

 

 

 

­

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03775

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК /, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Э/,

 

Хариуцагч: Ж ХХК/рд:, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Н/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4 552 532 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,

Гэрч Д.Н, Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №1/10 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр Т ХХК -ийн эзэмшлийн ... байршилтай, үйлчилгээний зориулалттай кофе шопын байрыг Ж ХХК нь сарын 5 000 000 төгрөгөөр 4 сарын хугацаанд түрээсэлсэн. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь танай байрыг түрээслээд, зээлээ төлөөд худалдаж авна гэж хэлсэн. Анхандаа манай байранд чихэр үйлдвэрлэж байсан ба сүүлдээ 4 төрлийн жигнэмэг хийж, манай тоног төхөөрөмж, байрыг ашигласан. Хариуцагчаас түрээсийн эхний 2 сарын төлбөрт 8 500 000 төгрөгийг төлснөөс хойш төлбөрийг төлөөгүй тул манай байрыг худалдаж авахгүй бол түрээсийн төлбөрөө төлнө үү гэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч төлөөгүй. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 500 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.                 

 

2. Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: “...Ж ХХКнь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т ХХК -ийн захирал М.Э ... хаягт байршилтай, 60 м.кв талбайтай ажлын байрыг бүхий л тоног төхөөрөмжийн хамт 185 000 000 төгрөгөөр банкны зээлээр худалдан авахаар, зээл гарах хүртэл байрны урьдчилгаанд сар бүр 5 000 000 өгч байхаар амаар харилцан тохиролцоод, урьдчилгаанд 8 500 000 төгрөгийг М.Энхсайханы хувийн дансанд шилжүүлсэн. М.Э зарж буй байрандаа баталгаа хэрэгтэй гээд түр хугацаагаар халхавчилсан түрээсийн байгуулах санал тавьсан бөгөөд сар бүр төлөх мөнгөн дүн нь худалдан авах байрны урьдчилгаанд төлөгдөх тул тус гэрээг зөвшөөрч байгуулсан. Ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлтэй нөхцөлөөр зээл авахаар банканд зээлээ судлуулж, хөөцөлдөж, удалгүй манай зээл Төрийн банкны салбарт судлуулахаар шийдвэрлэгдээд дэмжигдэх саналтай, амжилттай явж байхад Т ХХК нь зээлийн судалгааны үр дүнг хүлээлгүй, манай компанийн үйл ажиллагааг зогсоож, байрыг 1 өдрийн дотор чөлөөлж өг гэх шаардлагыг тавьсны дагуу 7 хоногийн дараа байрыг хүлээлгэж өгсөн. Т ХХК -ийн ажлын байранд байрлах хугацаанд зөвхөн шарах зуухыг ашигласан, бусад тоног төхөөрөмжийг бидэнд холбож, залгаж, ажиллуулах заавар зөвлөмж өгөөгүй тул ашиглаагүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн болон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд үндсэн гэрээ болох аман гэрээний утга агуулгатай нийцэхгүй байна. Бодит байдал дээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар  худалдах, худалдан авах гэрээ байгуулах байтал түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.3, 318.1.4-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8 500 000 төгрөгөөс байрыг 5 сар ашигласан хугацааны төлбөрт 1 сарын 840 000 төгрөгөөр тооцож, нийт 4 200 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4 300 000 төгрөг, уг мөнгөн дүнг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай банкны дундаж хүүгээр тооцоход 165 019 төгрөгийн хадгаламжийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 513 төгрөг нийт 4 552 532 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд “...Тухайн гэрээ байгуулахаас өмнө Т.Г нь 10 дугаар хорооллын Голден парк гэдэг газар үйл ажиллагаа явуулж байсан ба М.Энхсайхантай уулзаж манай түрээсийн хугацаа дуусаж байгаа тул танайтай түрээсийн гэрээ байгуулмаар байна гэж Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээ байгуулах санал тавьж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар ... тоот үйлчилгээний зориулалттай байрыг, 4 сарын хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээг талууд харилцан тохиролцон байгуулж, гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Түрээсэлж байх хугацаанд манай тоног төхөөрөмж байрыг ашиглаж, түрээсийн гэрээний эрх, үүсэж манайх руу 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Манай талаас хууран мэхэлж, халхавчилж хийсэн хэлцэл огт байхгүй, харин хохирсон тал нь манай компани байна. Мөн жишиг түрээсийн гэрээний төлбөрөөс 4 200 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4 300 000 төгрөг, гурван сарын хугацаатай банкны хүү тооцож 165 019 төгрөг манай талаас гаргуулахаар нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.  

4. Нэхэмжлэгч талаас, Т ХХК -ийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №1/14 тоот мөнгө шилжүүлсэн хүснэгт, ... хаягт байршилтай, кофе шопын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх батламж, Т ХХК , Ж ХХК нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №1/10 дугаартай түрээсийн гэрээ, тавилга эд хогшил, тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллогын хүснэгт, М.Э Хаан банк дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түрээслэхээс өмнөх байдлын болон түрээсэлсний дараах байдлын фото зураг, хариуцагч байгууллагын ... гэх дугаарын хэрэглэгчтэй харилцсан зурвасын фото зураг, Б ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл, Э ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Вива сити аж ахуйн нэгж СӨХ-ийн төлбөрийн нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас, Т ХХК -д үйл ажиллагаа явуулж байх үеийн фото зураг, Unegui.mn сайтад тавигдсан зарын зураг, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл ирсэн гар утас дээрх фото зураг, Б.М гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасын фото зураг, Ш.А, Г.Г нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ, Ш.А өмчлөлийн ... хаягт байршилтай, 56.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Б, Д.Н нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ, Д.Нарантуяагийн Хаан банк дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №1/10 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр Т ХХК -ийн эзэмшлийн ... хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай кофе шопын байрыг Ж ХХКнь сарын 5 000 000 төгрөгөөр 4 сарын хугацаанд түрээсэлсэн. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь танай байрыг түрээслээд, зээлээ төлөөд худалдаж авна гээд эхний 2 сарын төлбөрт 8 500 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй тул манай байрыг худалдаж авахгүй бол түрээсийн төлбөрөө төлнө үү гэх шаардлагыг удаа дараа тавихад төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 500 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 17 250 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: “...Ж ХХКнь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т ХХК -ийн захирал М.Э ... хаягт байршилтай, 60 м.кв талбайтай ажлын байрыг бүхий л тоног төхөөрөмжийн хамт 185 000 000 төгрөгөөр банкны зээлээр худалдан авахаар, зээл гарах хүртэл байрны урьдчилгаанд сар бүр 5 000 000 өгч байхаар амаар харилцан тохиролцоод, урьдчилгаанд 8 500 000 төгрөгийг М.Э хувийн дансанд шилжүүлсэн. М.Э зарж буй байрандаа баталгаа хэрэгтэй гээд түр хугацаагаар халхавчилсан түрээсийн байгуулах санал тавьсны дагуу тус гэрээг байгуулсан. Банкны зээлээ шийдвэрлүүлэх явцад Т ХХК нь зээлийн судалгааны үр дүнг хүлээлгүй, манай компанийн үйл ажиллагааг зогсоож, байрыг 1 өдрийн дотор чөлөөлж өг гэсний дагуу 7 хоногийн дараа чөлөөлсөн.  Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн болон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд үндсэн гэрээ болох аман гэрээний утга агуулгатай нийцэхгүй байна. Бодит байдал дээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар  худалдах, худалдан авах гэрээ байгуулах байтал түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.3, 318.1.4-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №1/10 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8 500 000 төгрөгөөс байрыг 5 сар ашигласан хугацааны төлбөрт 1 сарын 840 000 төгрөгөөр тооцож, нийт 4 200 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4 300 000 төгрөг, уг мөнгөн дүнг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай банкны дундаж хүүгээр тооцоход 165 019 төгрөгийн хадгаламжийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 513 төгрөг нийт 4 552 532 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна” гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг “...Тухайн гэрээ байгуулахаас өмнө Т.Г нь 10 дугаар хорооллын Голден парк гэдэг газар үйл ажиллагаа явуулж байсан ба М.Э уулзаж манай түрээсийн хугацаа дуусаж байгаа тул танайтай түрээсийн гэрээ байгуулмаар байна гэж Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээ байгуулах санал тавьж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар ... тоот үйлчилгээний зориулалттай байрыг, 4 сарын хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээг талууд харилцан тохиролцон байгуулж, гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Түрээсэлж байх хугацаанд манай тоног төхөөрөмж байрыг ашиглаж, түрээсийн гэрээний эрх, үүсэж манайх руу 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Манай талаас хууран мэхэлж, халхавчилж хийсэн хэлцэл огт байхгүй, харин хохирсон тал нь манай компани байна. Мөн жишиг түрээсийн гэрээний төлбөрөөс 4 200 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4 300 000 төгрөг, гурван сарын хугацаатай банкны хүү тооцож 165 019 төгрөг манай талаас гаргуулахаар нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №1/10 дугаартай түрээсийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр хариуцагчид түрээслүүлэхээр тохиролцжээ.   

 

6а.Нэхэмжлэгч тус хэлцэлд үндэслэж, түрээсийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч хэлцлийн хүчин төгөлдөр байдалд маргасан.

   

6б.Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг байхаас гадна  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах тул талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдвол тус хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

6в.Нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах талаар оруулсан зар мэдээлэл болон талуудын худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчаас Т ХХК -ийн гүйцэтгэх захирал М.Э Хаан банк дахь ... тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Г-гийн вива байрны урьдчилгаа” гэх утгатай 2 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Г-гийн вива байрны урьдчилгаанд” гэсэн утгатай 1 500 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Гантуяа вива байрны урьдчилгаанд” гэсэн утгатай 500 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Г-гийн вива байрны урьдчилгаанд” гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Г-гийн вива байрны урьдчилгаанд” гэсэн утгатай 3 500 000 төгрөг нийт 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт зэргийг харьцуулан дүгнэвэл талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулах зорилготой байсан гэж үзэхээр байна.

 

6г.Гэтэл зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамаарсан, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

7. Хариуцагч “...тус түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.3, 318.1.4-т заасан шаардлагыг хангаагүй тул урьдчилгаанд төлсөн 8 500 000 төгрөгөөс байрыг 5 сар ашигласан хугацааны төлбөрт 1 сарын 840 000 төгрөгөөр тооцон нийт 4 200 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 4 300 000 төгрөг, хохирол 165 019 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлээ тайлбарласан.

 

7а.Шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг, талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй тул тус гэрээний үүргийн нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

 

7б.Гэвч шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх үүрэгтэй, мөн хариуцагч нь урьдчилан төлсөн 8 500 000 төгрөгөөс маргаан бүхий эд хөрөнгийн түрээсийн сарын төлбөрийг 840 000 төгрөгөөр тооцон 5 сар ашигласны төлбөрт 4 200 000 төгрөгийг үлдээж, үлдэх 4 300 000  төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь талуудын зарчимд нийцэхээс гадна хэрэгт авагдсан, хариуцагчийн Ш.А 56.74 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сард 450 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байрлах 60 м2 талбай бүхий ажлын байрыг сард 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр Ц.Болормаатай 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ зэргээс дүгнэхэд түрээсийн үнийг 840 000 төгрөгөөр тодорхойлсон нь бодитой байна.  

 

7в.Иймд шүүх талуудын зарчимд нийцүүлэн, хариуцагч Ж ХХК-ийн худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилан төлсөн 8 500 000 төгрөгөөс 4 300 000 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК -иас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

7г.Харин хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хохирол шаардах эрхгүй тул хүү 165 019 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, мөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд заасны дагуу хуваарилах тул улсын тэмдэгтийн хураамж 87 513 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК -ийн түрээсийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т ХХК -иас 4 300 000 төгрөг гаргуулан хариуцагч Ж ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 463 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 341 700 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2,  115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК -ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 17 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Т ХХК -иас 4 300 000 төгрөг гаргуулан Ж ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 463 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 341 700 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ