| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/01426/И |
| Дугаар | 138/ШШ2021/00245 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2021/00245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ы ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* дүгээр баг ******* *******ы ******* тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг дарга т холбогдох,
Ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 486 781 төгрөг /шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах/-ийг ээс гаргуулах шаардлага бүхий гомдлыг 2020 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч С., түүний өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738/, Д.Урансувд /ү-1544/, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох /ү-1993/, В.Давааням /ү-1978/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байсан С. намайг тус сумын Засаг дарга 2020.09.*******-ний өдрийн Б/14 дугаар захирамжаараа захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ...тушаалдаа ...Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ захирамж нь хуульд нийцээгүй буюу хууль зөрчсөн байна.
1. Төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 07-р сарын 01-ний өдрөөс сумын Засаг даргад Төсвийн байгууллагын дарга, захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон. Энэ эрх хэмжээгээ эдэлж намайг ажлаас халсан, гэвч надтай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.
2. Санхүүгийн хяналт, аудитын албаны тэмдэглэлээр хүнийг ажлаас халж болдоггүй байх. Үнэхээр зөрчил гаргасан гэдгийг мэргэжлийн шинжээчийн албан ёсны дүгнэлтээр тогтоосноор зөрчил, гэмт хэрэг, итгэл алдсан үйлдэл бий эсэхийг тогтоож, дараа нь хурлаар шийдвэрлэж эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс асуулт тайлбар гаргах эрхийг нь хангаж байж шийдвэр гаргах ёстой. Гэтэл надад энэ талаар мэдэгдээгүй. 3. Үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлээ зааж өгсөн хуульд хуулийн аль заалтыг хэрэглэн халж байгаа нь ойлгомжгүй байна. Ийм байдлаар гаргасан шийдвэрт хууль зүйн хувьд алдаа мадаг тодорхой байна.
Ер нь сумын Засаг дарга намайг ажлаас чөлөөлүүлэх гэж их олон удаа оролдож, өргөдөл гомдол барьж гүйсэн. ...Би шударга бус зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. ...Миний сарын үндсэн цалин 1350959 төгрөг юм. Намайг ажлаас халахдаа Санхүүгийн аудитын тэмдэглэлээр халсан бөгөөд энэ тэмдэглэлд надаас гадна манай нягтлан бодогч, нярав бүгд л нэр дурдагдан орсон байдаг бөгөөд хэрвээ буруутай гэж үзэх бол заавал яагаад нэг хүнд нь арга хэмжээ аваад байдаг юм бэ. Энэ шударга ёс мөн үү. ...Иймд сумын Засаг дарга ийн 2020.09.*******-ний өдрийн Б/14 тоот С.ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, намайг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4 486 781 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү.
Миний бие тус сургуулийн захирлаар томилогдож очоод энэ сургуулийн төлөө олон зүйлийг шат дараалан хийж аймгийн түвшинд үнэлэгдэх хэмжээний сургууль болгосон. Батдэлгэр хариу тайлбартаа намайг ажлаас халахаас өмнө хэд хэдэн удаа сануулсан гэж бичсэн байсан. Энэ бол худлаа. Батдэлгэрийн эгч нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Түүний эгч яг надтай адил зөрчил гаргасан хэрнээ би ажлаасаа халагдаад эгч нь юу ч болоогүй юм шиг ажлаа хийж байгааг нь би сэжиглээд гийн талаар Авлигатай тэмцэх газар болон Санхүү, аудитын газар өргөдөл өгч шалгуулсан. Тэгэхэд нь Авлигын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хууль хүн бүрд тэгш эрхтэй хандах ёстой байтал би хохироод эсрэгээр нь Батдэлгэр эрхээ эдлээд яваад байгааг гайхаж байна. Тиймээс би шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие сумын Засаг даргаар томилогдон, хуульд заасан журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Иймээс ...өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С. нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ...Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь холбогдох хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. С. нь Засаг даргын дээрх шийдвэрийг гардан авч, 2020.09.30-ны өдөр ажил хүлээлцсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан байх ёстой. Гэтэл уг нэхэмжлэлийг 2020.*******.17-ны өдөр буюу хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч өөрөө хууль мэдэхгүй буюу хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс маргааны харъяалал зөрчиж, Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүх гэх мэт байгууллагад гомдол гаргаж, үүнээсээ болж хуулийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ. Хууль мэдэхгүйгээсээ маргааны харъяалал зөрчиж гомдол гаргасан явдал нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Засаг даргаас гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
С. нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Санхүүгийн хяналт аудитын газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 250127 дугаартай тэмдэглэл мөн уг өдрийн 250166, 250167, 250168, 250169, 250170 тоот актууд болон 250161 дугаартай албан шаардлагаар нотлогдож тогтоогдсон байдаг. С. нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчид хамаардаг тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. нь захирамжаа авснаас хойш 1 сарын дотор Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн боломж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга т холбогдуулан Ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 486 781 төгрөгийг ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах хэсгийн шаардлагаа 10 769 194,32 төгрөг /2020.09.*******-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны/ гэж нэмэгдүүлж, мөн цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (1 дэх хавтас 1-2 тал)
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ажлаас халахдаа Санхүүгийн аудитын тэмдэглэлийг үндэслэсэн. Тэмдэглэл нь захиргааны акт биш бөгөөд лавлагаа, мэдээллийн чанартай баримт юм. Лавлагаа, мэдээллийн чанартай баримтыг үндэслэж ажлаас халж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Мөн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй ба хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн... гэж тайлбарлаж,
хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Санхүү аудитын газраас төлөвлөгөөт шалгалтын тэмдэглэлээр нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Засаг даргын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж маргаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Нэхэмжлэгч С. нь 2014 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй болно.
Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга нь 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг тус тус үндэслэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.ийг 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. (2 дахь хавтас 25 тал)
Нэхэмжлэгч С. нь Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч, ажлаас буруу халагдсан тухай гомдлоо:
1. Монгол Улсын Төрийн албан зөвлөлд гаргаж, тус зөвлөл түүний гаргасан гомдлыг хянаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1892 дугаартай албан бичгээр ...Таны гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно... гэсэн хариуг ирүүлсэн байна. (1 дэх хавтас 6 тал)
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд захиргааны хэрэг үүсгэсэн боловч шүүгчийн 2020 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн *******3 дугаартай захирамжаар ...тус маргаантай хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус хэрэг байх тул Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй... гэж захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (1 дэх хавтас 7-9 тал)
Үүний дараа буюу 2020 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч С. нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас буруу халагдсан тухай гомдлоо, мөн гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийн хамт гаргасан байна. (1 дэх хавтас 1-2, 4 тал)
Шүүх нэхэмжлэгчийн Төрийн албан зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдлоо гаргасан, эдгээр байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн шүүгчийн 2020 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШЗ2020/03919 дугаартай Хүсэлт хангах тухай захирамжаар нэхэмжлэгч С.ийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн байх ба тус шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (1 дэх хавтас 1*******2 тал)
Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын ...нэхэмжлэгч С. нь шүүхэд ажлаас буруу халагдсан тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар байна.
Дорнод аймгийн сумын Засаг дарга /ажил олгогч/ нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.тэй /ажилтан/ хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна. (2 дахь хавтас 24 тал)
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.
Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтан С.ийг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг гүйцэтгүүлсэн, ажилтан С. нь уг ажил үүргийг гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байх ба ийнхүү ажилласан С.ийн эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил эрх эдлэх ёстой.
Иймд Дорнод аймгийн сумын Засаг дарга , тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С. нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.ийг ажлаас нь чөлөөлсөн ба Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай байдаг.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч С.ийг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Санхүүгийн хяналт, аудитын албаны тэмдэглэл, актаар тогтоогдсон, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл болсон тул ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.5 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохих талаар тодорхой тайлбарласан байна.
Хариуцагч сумын Засаг даргын гаргасан С.ийг ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаартай захирамжийн үндэслэл болсон Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тэмдэглэлээс харахад тус албаны 2020 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар, мөн Аймгийн Засаг даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот удирдамжийн дагуу сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018, 2019 онуудын үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн болох нь тогтоогдож байна. Мөн тус тэмдэглэлд ...аудитын шалгалтаар 54 808 000 төгрөгийн зөрчил илэрсэн ба 28 155 000 төгрөгийн зөрчилд 5 акт гаргаж, 26 100 000 төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага хүргүүлж, бусад зөрчилд зөвлөмж өгч ажилласан. Тус байгууллага нь 61,5 хувь буюу Их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн... талаар тус тус тусгасан байхаас гадна сумын Засаг дарга болон Ерөнхий боловсролын сургуульд цаашид авах арга хэмжээний талаарх тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. (1 дэх хавтас 34-47 тал)
Түүнээс гадна зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар:
- Санхүүгийн хяналт, аудитын алба уг шалгалтаар илэрсэн алдаа зөрчлүүдийг арилгуулах талаар улсын ахлах байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-66, 25-01-67, 25-01-68, 25-01-69, 25-01-70 дугаар актууд гарсан болох нь /Тус шүүхийн хувьд улсын ахлах байцаагчийн гаргасан актуудын үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй/ (1 дэх хавтас 34-57 тал),
- тус актуудыг дээрх Дотоод аудитын дүнгийн тухай тэмдэглэлийн хамт нэхэмжлэгч С.т танилцуулсан болох нь,
- нэхэмжлэгч С. нь тус актуудыг эс зөвшөөрч зохих шатны байгууллагад гомдол гаргаагүй /гомдол гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогддоггүй/ болох нь тус тус тогтоогдож байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч С.ийг сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвийн шууд захирагч /захирлаар ажиллаж байх үед нь/ гэж үзэх бөгөөд түүнийг дээрх Санхүүгийн хяналт аудитын албаны Дотоод аудитын дүнгийн тухай тэмдэглэл, улсын ахлах байцаагчийн актуудаар төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт төвлөрүүлээгүй, хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, төслөөр хэрэгжүүлэх хөрөнгийг худалдан авахдаа хуулийн дагуу тендер зохион байгуулаагүй, төслийн хөрөнгийг зориулалт бусаар өөрчлөн өөр төрлийн хөрөнгө худалдан авсан гэх зэрэг алдаа зөрчил, дутагдал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч сумын Засаг дарга ийг ...нэхэмжлэгч С. санхүү болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалтын тэмдэглэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, алдаа зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж, энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж... үзсэн байгааг буруутгах боломжгүй.
Гэвч, сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 /сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрх/ болон 31 /Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна хэрэгжүүлэх бүрэн эрх/ дүгээр зүйлүүд, мөн Боловсролын тухай хуулийн 31 /Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрх/ дүгээр зүйлд тус тус заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тодруулж хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д Сум, дүүргийн засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй гэж,
мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т ...ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж тус тус хуульчилж өгсөн байна.
Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.ийг ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулиудад заасны дагуу Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад зөвшилцөх саналыг хүргүүлээгүй болох нь:
- Дорнод аймгийн Боловсол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай ...Засаг дарга нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.ийг үүрэгт ажлаас нь ...чөлөөлсний дараа мэдэгдэх биш, чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө тус газрын санал, дүгнэлтийг авах байсан. Иймд тус газраас сургуулийн захирлын хагас жилийн ажлын гүйцэтгэлийн талаар ямар нэгэн санал, дүгнэлт гаргаагүй болно... гэсэн албан бичиг (1 дэх хавтас 245 тал),
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын шүүх хуралдаанд гаргасан ...Ч.Батдэлгэр нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан Засаг даргын эрх хэмжээгээ хэтрүүлж шийдвэр гаргасан. Өөр бусад хүмүүсийг ажлаас халахынхаа өмнө дээд шатны байгууллагаас саналыг нь авдаг хэрнээ С.ийг ажлаас халахдаа саналыг нь аваагүй... гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Хариуцагч тал энэ үйл баримтын талаар үгүйсгэж, маргадаггүй.
Энэ бүгдээс үзэхэд хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчиж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байх тул түүний 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн Б/14 дугаартай С.ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч С.ийг урьд эрхэлж байсан ажил буюу Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох зүйтэй байна.
Шүүх, нэхэмжлэгч С.ийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговроо 10 769 194,32 төгрөг гэж тооцон /шүүх хуралдаан дээр/ хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тодорхойлсон байдаг.
Дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн 2020 оны Цалингийн карт-ыг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлов. (1 дэх хавтас 27 тал)
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг.
Нэхэмжлэгч С. нь 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн, түүний ажилгүй байсан хугацаа /2020.09.*******-2021.03.23/ нь сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагддаг үе байгааг, мөн Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа /захирал, менежер, багш, бусад ажилчдын хувьд/ нь зуны 7, 8 дугаар сард харьцангуй бага хоногоор ажилладаг байдал, үүнээс шалтгаалж цалин хөлс нь бага хэмжээгээр бодогддог байдал /энэ нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн Цалингийн карт-аар тогтоогдож байна/ зэргийг тус тус үндэслэж нэхэмжлэгч С.ийн 2020 оны 4-6 дугаар сарын дундаж цалин /үндсэн цалин, тогтмол нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл зэрэг багтсан/-гаас бодох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн 2020 оны 4-6 сарын дундаж цалингаас /3 сарын нийт цалин 4 052 575,8 төгрөгийг тухайн 3 сарын ажлын 62 хоногт хувааж/ нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 65 364,1 төгрөг гарч байна. Үүнийг 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 131 хоногоор үржүүлвэл нийт 8 562 697,1 төгрөгийн олговрыг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагаас 2 206 497,2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгох 8 562 697,1 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8 562 697,1 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 151 953 төгрөг, нийт 222 153 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн Б/14 дугаар С.ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.ийг Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 562 697,1 /найман сая таван зуун жаран хоёр мянга зургаан зуун ерэн долоон төгрөг нэг мөнгө/ төгрөгийг Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч С.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 206 497,2 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 8 562 697,1 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргад үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 222 153 /хоёр зуун хорин хоёр мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн *******9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА