Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00087

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03041 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00543 дугаар магадлалтай,

Б-гийн нэхэмжлэлтэй

Шд холбогдох

Гэм хорын хохиролд 85,051,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Бгаас хариуцагч Шд холбогдуулан гэм хорын хохиролд 85,051,292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03041 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Шгээс 13,373,708 /арван гурван сая гурван зуун далан гурван мянга долоон зуун найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,677,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741,156 /452.671+288.485/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00543 дугаар магадлалаар: 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1” гэж нэмж, “13,373,708” гэснийг “29,677,938” гэж, 2 дахь заалтад “224,818” гэснийг “306,340” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 85,051,292 төгрөг (үүнд: цалингийн зөрүү 65,749,292 төгрөг, шүдний эмчилгээний зардал 18,669,999 төгрөг, сувиллын зардал 460,000 төгрөг, шинжилгээний зардал 173,000 төгрөг) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй ч тус шүүх нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс хальж, нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Аль ч шатны шүүх хөндлөнгийн байх, аль нэг талд ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёсгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх бүхий давж заалдах шатны шүүх нь илүү мэргэжлийн, чадварлаг байх ёстой атал уг шатны шүүх нь нэхэмжлэлийн хүрээнээс хальж байгааг ойлгохгүй байна. Давж заалдах шүүхийн энэхүү шийдвэрийг зөвтгөх, ойлгох боломжгүй байх бөгөөд шүүхэд итгэх итгэлд минь хүртэл нөлөөлөхүйц, хууль ёсны бус, үндэслэлгүй магадлал боллоо.

Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан буюу тодруулбал үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний нөхөн төлбөрийг ажил олгогч /хариуцагч/-оос шаардаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын эхний нүүрэнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулгыг тусгасан байх бөгөөд үүнд дээрх нөхөн төлбөр байхгүй болох нь тодорхой харагдана. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь ойлгомжтой байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, улмаар маргааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч болох хариуцагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байх бөгөөд бидний зүгээс давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлал (Хуудас 7)-д “...шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн өөрсдөө дүгнэсэн хэр нь энэ дүгнэлтээсээ эсрэгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг нэхэмжлэлээс гадуур хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал (Хуудас 6)-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор заасан. Нөхөн төлбөрийг хоёр удаа олгох нь хуулийн доод хэмжээ байна. Харин түүнээс дээш удаа олгохыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор байна” хэмээн үндэслэлгүйгээр хэт нэг талд ашигтай болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” хэмээн хуульдаа маш тодорхой заасан байдаг. Хариуцагч (ажил олгогч)-ийн зүгээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дээрх нөхөн төлбөрийг өмнө нь нэг удаа олгосон талаар, түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү нөхөн төлбөрийг урд авсан талаар шүүхэд тус тус тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2022.01.01-ний өдрөөс шинэ Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэн тул “ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг ес дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг хариуцагч Шгээс гаргуулж, ажилтан Бд олгох нь зүйтэй” хэмээн дүгнэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны аль ч үе шатанд дээрх нөхөн төлбөрийг нэхэмжлэх, хариуцагчаас дахин гаргуулах асуудал огт яригдаагүй бөгөөд үүнтэй холбоотой хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ ч нотлох баримтаар авагдаагүй, хэрэгт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “нэг удаа” олгохоор заасан нөхөн төлбөрийг “хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болох”-оор хууль тогтоогчийн зүгээс ажилтан, ажил олгогчид нээлттэй үлдээснийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Хариуцагч нь “шүдний эмчилгээний зардлыг биднээс гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байх ба нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх шүдний эмчилгээний зардлыг нотлох “Д” ХХК-ийн шүдний эмчилгээний талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, гэрчээс авсан мэдүүлгийг ч үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-аар давж заалдах гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь шүдэндээ эмчилгээ хийлгэх болсон нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд бус шалтгаант холбоотой гэх ойлгомжгүй үндэслэлээр анхан шатны шүүхээс шүдний эмчилгээний төлбөр төлбөрийн 50 хувийг, давж заалдах шатны шүүхээс 100 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хоёр шатны шүүхээр шүдний төлбөрийг зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн ч хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийг хариуцах ёсгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс ямар нотлох баримтын үндэслэн “химийн хорт бодисын улмаас шүд үйрч эхэлсэн” гэж шууд дүгнэснийг үндэслэл бүхий болсон гэж бид үзэхгүй байна. Гомдолд дурдагдсан үндэслэлээр бус, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзлаас гадуур буюу нэхэмжлэлийн хүрээнээс хальж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 13,373,708 төгрөгийн нэхэмжлэгчид олгоно гэснийг өөрчлөн 29,677,938 төгрөг болгосныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг илт зөрүүтэй хэрэглэн уг хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ийнхүү Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж даалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн эцсийн шийдвэр болох боломжтой болсон өнөө үед давж заалдах шатны шүүхээс энэ мэт шийдвэр гарч байгаа нь харамсалтай хэрэг мөн. Учир нь шүүхийн шийдвэрийг хэн ч заавал биелүүлэх үүрэг хүлээдэг.

Иймд хяналтын журмаар гаргаж буй энэхүү гомдлыг зохих ёсоор хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан, эсхүл давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00469 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Б Шд холбогдуулан гэм хорын хохиролд 85,051,292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Ш байгууллагад 2001 оны 11 сараас 2013 он хүртэл 13 жил ажилласан. Эхний 10 орчим жил химийн лабораторид шинжээч, ахлах шинжээчээр ажилласан, 2007 оноос эрүүл мэндэд өөрчлөлт орж, ажиллах хугацаандаа мэргэжлээс шалтгаалж өвчлөн, хөдөлмөрийн чадвараа алдсан нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс 2011.07.21-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 55 хувиар тогтоож, акт гаргасан. 2011 оноос мэргэжлийн байгууллагын хяналтад тогтмол эмчилгээ, оношилгоо хийлгэж, жил бүр актын хувь, хугацааг шинэчлэн тогтоосоор 12 удаагийн акт гаргаад байна. ...Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байсан бол надад ямар нэг хохирол учрахгүй байсан. ...Иймд 2011.07.21-ний өдрөөс 2022.07.31-ний өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 65,749,292 төгрөг нэхэмжилнэ. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч, химийн хорт бодист хордсоны улмаас хараа, сонсгол, шүд, мэдрэл, дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, жил бүрийн эмчилгээг төлөвлөгөөний дагуу тасралтгүй хийлгэж байгаатай холбогдуулан шүдний эмчилгээний зардал 18,669,000 төгрөг, сувилалд эмчлүүлсний зардал 460,000 төгрөг, шинжилгээний зардал 173,000 төгрөг, нийт 19,301,000 төгрөгийг, бүгд 85,051,292 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Ш хариу тайлбартаа: “...Байгууллага 2011 онд Бгийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажиллах орчин, нөхцөлийг өөрчилж, захиргааны ажил хийлгэсэн. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй ажлын байраар хангаж, ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар дэвшүүлэн томилж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг үндэслэн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан тул 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Тэрээр 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, энэ үед тэтгэмж олгосон, 2014 оноос Цагдаагийн ерөнхий газарт ажилласан тул цалингийн зөрүү шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол шаардсан, энэ тохиолдолд гэм буруугийн асуудал яригдах учиртай. ...Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөнд харамсаж байгаа хэдий ч энэ нь хариуцагч байгууллагын гэм буруугаас болоогүй, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор эрүүл мэндэд гэм хор учирсан гэж шууд үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь өрөө химийн бодистой харьцана гэдгээ мэдэж, ажлын байрны онцлогийг ухаарч байсан, ...түүнчлэн 2001-2005 онд Цын харьяанд ажиллаж байсан тул манайх дангаар хариуцлага хүлээх учиргүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагч Шгээс 13,373,708 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь 2011 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан нь мэргэжлээс шалтгаалах өвчинд хамаарсан, химийн бодисын архаг хордлого гэж оношлогдсон, тэрээр ажил үүргийн хувьд химийн ахлах шинжээчээр ажиллаж байсан, ажилтан 2001-2009 оны хооронд ажиллах хугацаанд ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол хариуцагчийн эс үйлдэхүй, тэдгээрийн хооронд шууд бус шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

...цалингийн зөрүү нэхэмжилсэн төлбөрт ажил олгогч 2013 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сар, 2014 оны 1, 2, 3 дугаар саруудад нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй байх тул энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,406,208 төгрөгийг,  ...эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд сувиллын зардал /460,000 төгрөг/, шинжилгээний төлбөр /173,000 төгрөг/, нийт 633,000 төгрөг, шүдний эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч үгүйсгэсэн тайлбараа нотлоогүй тул зардлын 50% болох 9,334,500 төгрөгийн хамт нийт 13,373,708 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтны хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д зааснаар шийдвэрлэх учиртай, ажил олгогч дээрх төлбөрийг нэг удаа олгосон, хуульд нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор заасан, нөхөн төлбөрийг хоёр удаа олгох нь хуулийн доод хэмжээ байх тул ажилтны нэг сарын цалинг 9 дахин буюу 10,375,938 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгох нь зүйтэй, эмчилгээний зардал болох сувиллын болон шинжилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв, харин шүдэнд эмчилгээ хийлгэсэн 18,669,000 төгрөгийн зардлыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нийт /10,375,938+460,000+173,000+18,669,000/ 29,677,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс хуулийг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Б Шд холбогдуулан мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндэд гэм хор учирсан, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй болсонтой холбогдуулан хэвийн эрүүл байсан бол авах байсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвараа алдсанаар авсан тэтгэмжийг зөрүү 65,749,292 төгрөг, эмчилгээний зардал 19,302,000 төгрөг, нийт 85,051,292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хоёр шатны шүүх хариуцагч Ш буюу ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид гэм хор учирсан тул хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлсний зөрүүд 65,749,292 төгрөг шаардсан нэхэмжлэлээс 3,406,208 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна, шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүдний эмчилгээний зардлыг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д нийцжээ.

11. Харин хариуцагчаас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас олгох нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь заалтыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар  шүүх хэрэг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

Нэхэмжлэгч Б мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас учирсан  гэм хорын хохирлыг нэхэмжлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан нөхөн төлбөр гаргуулахаар шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх дээрх заалтыг баримтлан ажил олгогчоос ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шаардаагүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т “...энэ  хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно” гэж, 125.1-д “...нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж тус тус заасан байхад давж заалдах шатны шүүх “...нөхөн төлбөрийг хоёр удаа олгох нь хуулийн доод хэмжээ байна, харин түүнээс дээш удаа олгохыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор байна, ...ажил олгогч ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгосон тул дахин гаргуулах нь зүйтэй...” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

12. Иймд хариуцагч Шгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан цалин хөлсний зөрүүд 3,406,208 төгрөг, сувилалд сувилуулсны зардал 460,000 төгрөг, шинжилгээний зардал 173,000 төгрөг, шүдний эмчилгээний зардал 18,669,000 төгрөг, нийт 22,708,208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00543 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03041 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Шгээс 22,708,208 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,343,084 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...224,818 төгрөгийг...” гэснийг “...271,491 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-н гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Шгээс 2023.04.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                              Н.БАЯРМАА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД