Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00543

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00543

 

 

********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03041 дугаар шийдвэртэй,

********гийн нэхэмжлэлтэй, ************д холбогдох,

Гэм хорын хохиролд 85,051,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагчийн өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Хохирол буюу 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 65,749,292 төгрөгийг гаргуулна.

1.б. Эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт шүдний эмчилгээний зардал 18,669,000 төгрөг,

1.в. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сувилалд сувилуулсан зардал 460,000 төгрөг,

1.г. Шинжилгээний зардал 173,000 төгрөг нийт 85,051,292 төгрөгийг гаргуулна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний байгууллагад химийн шинжээчээр ажиллах явцад, химийн шинжилгээний сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж өвчлөн, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгох нөхцөл бүрдсэн гэж үзсэн тул Засгийн газрын 2019 оны 06 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын 5.1-д заасан төрийн албан хаагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх төлбөрийг олгуулах нэхэмжлэл анх гаргасан.

************д 2001 оны 11 дүгээр сараас 2013 он хүртэл 12 жил ажилласнаас эхний 10 орчим жилд химийн лабораторид шинжээч, ахлах шинжээчээр ажилласан. Химийн лабораторид ажиллах хугацаанд буюу 2007 оноос эхлэн эрүүл мэндэд өөрчлөлт орж эхэлснээр харьяалах эрүүл мэндийн байгууллагад хандсан. Гэтэл 2010 оноос химийн бодисын хордлого байж болзошгүй гэж үзээд мэргэжлийн өвчин дагнан судалдаг байгууллагын хяналтад шилжүүлснээр лабораторид хадгалж, ажилдаа ашигладаг органик уусгагчийн хордуулах нөлөөгөөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсныг тогтоож, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон акт гаргасан.

Уг актад өвчний оношийг Хр.инток. химич вешеством Астено невро синдр.мн Хр.гепапит вараж актив-ть, хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь, хугацааг 1 жил, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг мэргэжлээс шалтгаалсан гэж тодорхойлсон.

2011 оноос мэргэжлийн байгууллагын хяналтад тогтмол эмчилгээ, оношилгоо хийлгэж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа дуусмагц Эмнэлэг, хөдөлмөр магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тухай бүр шинэчлэн тогтоон, акт гаргаж байгаа бөгөөд нийт 12 удаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон акт гараад байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан. Хүсэл сонирхлын дагуу суралцаж төгссөн мэргэжлийн ажлаа хийж, сэтгэл хангалуун байж чадахгүй аргагүй эрхэнд эмчилгээ хийлгэх, амьдрах анхдагч хэрэгцээгээ хангахын тулд өөр ажил эрхэлж байгаа энэ нөхцөл байдалд хүргэсэн.

Насан туршийн гэм хор учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байсан бол өөрийн мэргэшсэн дуртай ажлаа хийгээд ямар нэгэн хохирол амсаагүй явах байсан. Тиймээс хохирол буюу 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 65,749,292 төгрөгийг гаргуулна.

Хэвийн эрүүл байсан бол авах байсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдсанаар авсан тэтгэмжийн зөрүүг тооцон шаардсан. Өөр байгууллагаас цалин хөлс авсан, мөн хариуцагч байгууллагаас нэг удаагийн тэтгэмж, тусламж өгсөн асуудал энд хамааралгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан хэмжээгээр хохирлыг тооцон олгох боломжтой гэж үзэж байна.

 

Хариуцагч байгууллагад шинжилгээний арга аргачлал ч байгаагүй,2009 онд стандартыг би өөрөө боловсруулж, батлуулж байсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үүнээс өмнө стандарт байгаагүй, түүнээс хойш ч стандарт шинэчилж батлуулаагүй, миний батлуулсан стандартыг баримталсан хэвээр байгаа. Энэ талаар гэрч н.Ламчин мэдүүлсэн байдаг.

Химийн хорт бодист хордсоны улмаас хараа, сонсгол, шүд, мэдрэл, дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, жил бүрийн эмчилгээг төлөвлөгөөний дагуу тасралтгүй 11 жил хийлгэж, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт, тус эмнэлгийн хордлогын эмч х.Бат-Өлзийгийн хяналтад эмчлүүлж байдаг.

Эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт эмчилгээний зардал 19,302,000 төгрөг /үүнд: шүдний эмчилгээний зардал 18,669,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сувилалд сувилуулсан зардал 460,000 төгрөг, шинжилгээний зардал 173,000 төгрөг/ тус тус нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 85,051,292 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2011 онд ********гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж ажиллах орчин, нөхцөлийг өөрчилж захиргааны ажил хийж байсан. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй ажлын байраар хангаж, ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар дэвшүүлэн томилж байсан. Ажиллаж байх хугацаанд нь өмнө авч байсан албан тушаалын цалин, бусад нэмэгдэл зэргийг бууруулаагүй олгож байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан тул 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Дахин 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үед тэтгэмж олгосон.

Тэрээр 2014 оноос хойш Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаа тул цалингийн зөрүү шаардах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч цалин, тэтгэврийн зөрүүг шаардсан. Гэтэл одоо ажиллаж байгаа атлаа цалин тэтгэврийн зөрүү шаардаж байгаа нь ойлгомжгүй. Одоо ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Түүнтэй хамт нэг лабораторид ажиллаж байсан бусад шинжээчдээс ийм төрлийн өвчнөөр өвчилсөн хүнгүй.

Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хороор шаардсан. Ийнхүү шаардахад гэм буруугийн асуудал яригдах ёстой.

Нэхэмжлэгч мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөнд харамсаж байгаа хэдий ч энэ нь хариуцагч байгууллагын гэм буруугаас болоогүй, шалтгаант холбоогүй. Нэхэмжлэгч өөрөө химийн бодистой харьцана гэдгийг мэдэж байсан, ажлын байрны онцлогийг ухаарч мэдэж байсан. Мөн 2001-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяанд ажиллаж байсан тул манайх дангаар хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан ************гээс 13,373,708 /арван гурван сая гурван зуун далан гурван мянга долоон зуун найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,677,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741.156 /452,671+288,485/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байсан бол өөрийн мэргэшсэн дуртай ажлаа хийгээд эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол амсахгүй амьдрах боломжтой байсан.

Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа учраас хариуцагчаас мэргэжлээрээ ажиллаад олох байсан цалин, тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй мэтээр тайлбарлан ажилгүй байсан хэдэн сарын цалингийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Амьдралын анхдагч хэрэгцээ болох хоол унд, орон байрны зээл төлөх, эмчилгээ эм тариа худалдан авах мөнгө олохын тулд хөдөлмөрийн чадвартаа таарсан ажлыг эрхэлж, хөдөлмөр эрхэлж байгаа нь надад учруулсан гэм хор арилсан гэж дүгнэх үндэслэл болохгүй энэ үйл баримтаа нотлох зорилгоор орон сууцны зээлийн гэрээ, төлбөр төлөлт хийсэн дансны хуулга, эмчилгээний зардал гаргасан талаарх Е-баримтуудын түүвэр бүхий Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс авсан албан бичиг зэрэг бусад баримтуудыг хэрэгт хавсаргасан. эрүүл мэндийн үзлэгийн карт болон бусад баримтуудыг гаргаж хэрэгт өгсөн баримтад зөрүүтэй дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

Шүүх ойлгож хүлээн зөвшөөрч дүгнээд байгаа боловч чи ажил эрхэлж байгаа юм чинь чамд ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүүг олгохгүй" гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож байна гэж ойлгож, гомдол гаргаад байгаа юм.

Нотлох баримтад үндэслэн 19 302 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч 2011 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан нь мэргэжлээс шалтгаалах өвчинд хамаарсан, химийн ахлах шинжээчээр ажилладаг байсан үйл баримт тогтоогдсон тул шүүх маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хариуцагчийн эс үйлдэхүй, тэдгээрийн хооронд шууд бус шалтгаант холбоо тогтоогдсон гэж... дүгнэсэн, хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүл мэндэд гэм хор учруулсан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан харамсаж байгаагаа илэрхийлж, эмчилгээний зардал нэхэмжилсэн хэсэгтэй огт маргаагүй байхад яагаад эмчилгээний төлбөрийг хасаж шийдвэрлэснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Олох ёстой байсан орлого нэхэмжилж байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой хариуцагч тал маргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар хариуцагч талаас маргадаг. Эмчилгээний зардалд зарцуулсан хохирол нэхэмжилдэг. Энэ талаар хариуцагч маргадаг. Энэ маргааны талаар шууд бус шалтгаант холбоотойгоор ************гээс гаргуулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүдний эмчилгээний зардлыг биднээс гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нэхэмжлэгчид гэм хор учруулсан эсэх, ямар хүчин зүйлийн нөлөөгөөр шүд гэмтсэн эсэх, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх зэргийг үндэслэл бүхий тайлбар. баримтаар тогтоогоогүй байхад хариуцагч буруутай мэтээр анхан шатны шүүх шууд дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх шүдний эмчилгээний зардлыг ямарваа нэгэн нотлох баримтгүйгээр хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй байна.

"Ди И Жи Эф Ай Эм" ХХК-иас шүдний эмчилгээний талаарх холбогдох баримт мөн хэрэгт авагдаагүй байна" хэмээн маш тодорхой тэмдэглэсэн атлаа уг тайлбарынхаа эсрэг үгүйсгэж, хариуцагчаас шүдний эмчилгээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

********гийн шүд хөхөлбөр өнгөтэй байсан эсэх талаар гэрч Б.Ламчингаас тодруулсан байдаг. Гэрчээс "Шүдний хөхөлбөрийг юунаас болж тэгж хөхөрсөнг мэдэхгүй байна" гэж хариулсан нь хэргийн материалд бий. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Би анх ажилд орохдоо эрүүл мэндийн үзлэгт орж, байсан баримтаа хэрэгт өгсөн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүдэндээ эмчилгээ хийлгэсэн талаар тайлбар гаргасан. Амбулаторын картны 47 дугаар хуудсанд 2010, 2011 оны үзлэгээр шүд хийх шаардлагатай эмчийн үзлэгийн тэмдэглэл байдаг. Өмнөх амбулаторын картны 21 дүгээр хуудсанд шүд эрүүл байсан талаар эмчийн үзлэгийн тэмдэглэл байдаг. 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эмчийн үзлэгээр дээд шүд унасан талаар тэмдэглэл тусгагдсан. Өөрөөр хэлбэл, дээд шүд буюу 6 дахь шүд унасан. Мөн амбулаторийн картын 91, 109 дүгээр хуудсанд шүд унасан талаар эмчийн үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичигдсэн. 2022 оны амбулаторийн үйлчлүүлэгсдийн картад шүд хугарч унаад байгаа тул хиймэл шүд хийлгэсэн тухай тэмдэглэл байдаг. Шүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй тул хувийн эмнэлэгт үзүүлсэн. Шүд үзүүлсэн эмнэлгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүдэндээ ломбо хийлгээгүй, шүд үүрч унаад байгаа тул бэхэлгээ хийлгэсэн. Мөн шүд суларч унаад байхаар нь бүрээс хийлгэсэн. Шүдний эмчилгээний зардал болох 18,669,000 төгрөг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ************д холбогдуулан 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар дуусталх хугацааны олгогдоогүй цалин хөлс, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 65,749,292 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна, 2022 онд гарсан эмчилгээний зардлаас 19,302,000 төгрөг, нийт 85,051,292 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ******** анх Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Криминалистикийн шинжилгээний төвд /хуучнаар/ химийн шинжээчээр ажилд орж, улмаар химийн ахлах шинжээч, ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан

Улмаар ************гийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн б/477 дугаар тушаалаар тус байгууллагаас ажлаас чөлөөлөгджээ.

Шүүхийн шинжилгээний төв нь Цагдаагийн Ерөнхий газарт харьяалагддаг байсан, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 631дугаар тогтоолын дагуу тус байгууллага 2005 оноос хойш тусдаа бие даан ************ болж үйл ажиллагаа явуулах болсон үйл баримт тогтоогджээ. /1хх 11-12, 3хх 133-137/

2.б. Нэхэмжлэгч ************д ажиллахаа больсны дараа Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр тушаалаар Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт хяналт-шалгалт, аудит хариуцсан ахлах байцаагчаар ажиллах болсон, түүнээс хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хариу, тус байгууллагын даргын удаа дараагийн тушаалууд, 2014-2022 оны цалингийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /3хх 132-162/

2.в. Нэхэмжлэгчид анх 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "Хр.инток. химич вешеством Астено невро синдр.мн Хр.гепапит вараж актив-ть" гэсэн онош тавигдаж, улмаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 55 хувиар тогтоогдсон, түүнээс хойш жил бүр хугацааг сунгасан үйл баримтад талууд маргаангүй.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 60 хувь болж нэмэгдсэн, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар жил бүр сунгагдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгааныг мэргэжлээс шалтгаалсан, органик уусгагчийн хордуулах нөлөө гэж тогтоосон баримтууд хэрэгт авагдсан. /1хх 13-24, 2хх 34, 96/

2.г. Нэхэмжлэгчид №01922574 тоот тэтгэврийн дэвтрийг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээсэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуугийн тэтгэврийг сар бүр тогтоосон хэмжээгээр авдаг үйл баримт тогтоогдсон. /1хх 25-29 /

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүссэнд талууд маргаангүй.

2.д. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу онош тогтоогдсоноос хойш 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/43 тоот тушаалаар ажлын нөхцөлийг өөрчилсөн, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/421 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрт 9 сарын дундажтай тэнцэх 5,150,439 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт заасан 18 сарын цалинтай тэнцэх 10,925,121 төгрөг тус тус олгож байсан үйл баримт тогтоогдсон. /2хх 165-174, 179-184/

 

3. Зохигчид 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар дуусталх хугацааны авч чадаагүй химийн шинжээчийн цалин хөлс, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 65,749,292 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах эсэх, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаантай байхаас гадна химийн хордлоготой холбоотой эмчилгээний зардлыг гаргуулах эсэхэд маргаж байна.

3.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь тайлбарлаж, тохирох хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж,үйл баримт, шаардлагын агуулга, хүсэл зоригоо илэрхийлэх юм.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Криминалистикийн шинжилгээний төвд /хуучнаар/ химийн шинжээчээр ажилд орж ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, уг чадвар алдалт одоо хүртэл үргэлжилж байгаа тул 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар дуусталх хугацааны авч чадаагүй химийн шинжээчийн цалин хөлс, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 65,749,292 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна гэсэн агуулга илэрхийлжээ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтны хохирлыг арилгах хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд тусгасан.

Нэхэмжлэгч буюу ажилтны нэхэмжлэл нь хохирол арилгуулах агуулгатай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50-70 хүртэл хувиар алдсан тул ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтанд олгох үүрэгтэй.

Ажил олгогч дээрх нөхөн төлбөрийг өмнө нь нэг удаа олгосон талаар тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дах хэсэгт энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор заасан. Нөхөн төлбөрийг хоёр удаа олгох нь хуулийн доод хэмжээ байна. Харин түүнээс дээш удаа олгохыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болохоор байна.

Иймд ажилтны нэг сарын цалинг 9 дахин буюу /1,152,882 * 9 / 10,375,938/ төгрөгийг хариуцагч ************гээс гаргуулж, нэхэмжлэгч ********д олгох нь зүйтэй байна.

3.б. Мөн нэхэмжлэгч нь 19,302,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа шүдний эмчилгээний зардал 18,669,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сувилалд сувилуулсан зардал 460,000 төгрөг, шинжилгээний зардал 173,000 төгрөг багтана гэж тайлбарласан.

Хэрэгт баримтаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хужирт рашаан сувилалд эмчлүүлэхдээ өөрөөсөө 400,600 төгрөг төлсөн, сувилалд ирж очих замын зардалд 60,000 төгрөг төлсөн, мөн Евростандарт лабораторид 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 173,000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримтууд /400,600+60,000+173,000=636,600 төгрөг/авагджээ./2хх 86-87, 91/

Шүүх энэ зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарсан зардалд хамаатуулан үзэж нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр /460,000+173,000/ хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн зөв нь болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд эм худалдан авалт 1,969,264 төгрөг, сард 218,807 төгрөг гэсэн тооцооллыг баримтаар ирүүлсэн, Хужирт рашаан сувилалд ирж очих замын зардалд 60,000 төгрөг төлсөн, эм худалдан авсан баримтууд авагдсан ч нэхэмжлэгч дээрх зардлуудыг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. /2хх 92-95, 4хх 25-64/

Хэрэгт Ди И Жи Эф Ай Эм ХХК-ийн 001014 картын дугаартай ********гийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 18,669,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт авагдсан. /2хх 87/

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, эрүүл мэндийн дэвтрээс үзэхэд химийн хорт бодисын улмаас шүд үйрч эхэлсэн гэж үзэхээр байна.

Учир нь дээрх үйл баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйгээс гаднахариуцагч талаас үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байх тул 18,669,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 29,677,938 төгрөг /10,375,938+460,000+173,000+18,669,000/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хохирлоо бүрэн барагдуулах агуулгатай давж заалдах гомдол гаргасан.

Дээр дүгнэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь шүдний хохирлыг төлөх үндэслэлгүй талаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүд бутарч үйрч унаж байгаа, эмчилгээ хийлгэсэн байдал нь хордлого, гэмтэлтэй нь шалтгаант холбоотой талаар баримт авагдсан, түүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5. Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүргэж баримтад баталгаажуулжээ. /4хх 1/ Гэвч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр эзгүйд хэлэлцсэн, талууд энэ талаар гомдол гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03041 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 гэж нэмж, 13,373,708 гэснийг 29,677,938 гэж,

2 дахь заалтад 224,818 гэснийг 306,340 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД