Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/03041

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19 181/ШШ2022/03041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, Ж.Б /Регистрийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................., ШҮХд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 85.051.292 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн өмгөөлөгч У.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б нь ШҮХд холбогдуулан 85.051.292 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Шүүхийн шинжилгээний байгууллагад химийн шинжээчээр ажиллах явцад буюу тухайн албан тушаалын хэрэгжүүлдэг үйл ажиллагаа болох химийн шинжилгээний сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж өвчлөн, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Миний үүргээ гүйцэтгэж байхад эрүүл мэнд хохирсноос хөгжпийн бэрхшээлтэй болсон нь Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжпийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгох нөхцөл бүрдсэн гэж үзсэн тул Засгийн газрын 2019 оны 06 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 5.1-д заасан төрийн алба хаагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх төлбөр-ийг олгуулах нэхэмжлэл анх гаргасан.

Би 2001 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийг хими-технологи мэргэжлээр 5 жил суралцан төгссөн ба өөрийн хүсэл сонирхолын дагуу эзэмшсэн мэргэжлийн ажлаа хийхээр Шинжлэх ухааны академийн харьяа Хими, хими-технологийн хүрээлэнд 2001 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл эрдэм- шинжилгээний дэд ажилтнаар, ШҮХд 2001 оны 11 дүгээр сараас 2013 он хүртэл 12 жил ажилласнаас эхний 10 орчим жилд химийн лабораторид шинжээч, ахлах шинжээчээр ажилласан. Химийн лабораторид ажиллах хугацаанд буюу 2007 оноос эхлэн эрүүл мэндэд өөрчлөлт орж эхэлснээр харьяалах эрүүл мэндийн байгууллагад хандсан. Тус байгууллага 2010 оноос химийн бодисын хордлого байж болзошгүй гэж үзээд мэргэжлийн өвчин дагнан судалдаг байгууллагын хяналтад шилжүүлснээр намайг лабораторид хадгалж, ажилдаа ашигладаг органик уусгагчийн хордуулах нөлөөгөөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсныг тогтоож, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс 2011 оны 7 дугаар сарын 21-нд миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон акт гаргасан. Уг актад миний өвчний оношыг Хр.инток. химич вешеством Астено невро синдр.мн Хр.гепапит вараж актив-ть, хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь, хугацааг 1 жил, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг мэргэжлээс шалтгаалсан гэж тодорхойлсон. 2011 оноос мэргэжлийн байгууллагын хяналтад тогтмол эмчилгээ, оношлогоо хийлгэж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа дуусмагц Эмнэлэг, хөдөлмөр магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тухай бүр шинэчлэн тогтоон, акт гаргаж байгаа бөгөөд нийт 12 удаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон акт гараад байна. Намайг ажиллах хугацаанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс миний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан. Мөн ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүйгээс би өөрийн хүсэл сонирхолын дагуу суралцаж төгссөн мэргэжлийн ажлаа хийж, сэтгэл хангалуун байж чадахгүй аргагүй эрхэнд эмчилгээ хийлгэх, амьдрах анхдагч хэрэгцээгээ хангахын тулд өөр ажил эрхэлж байгаа энэ нөхцөл байдалд хүргэсэн нь миний Үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлахад хүргэж, үндсэн эрхийг зөрчсөөр байгаад гомдолтой байна. Тиймээс ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу надад насан туршийн гэм хор учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Нэг. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байсан бол нь өөрийн мэргэшсэн дуртай ажлаа хийгээд ямар нэгэн хохирол амсаагүй явах байсан. Тиймээс би мэргэжлийн ажлыг хийх боломжгүй болгосноор учруулсан хохирол буюу 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 65.749.292 төгрөгийг гаргуулна. Хэвийн эрүүл байсан бол авах байсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдснаар авсан тэтгэмжийн зөрүүг тооцон шаардсан. Өөр байгууллагаас цалин хөлс авсан, мөн хариуцагч байгууллагаас нэг удаагийн тэтгэмж, тусламж өгсөн асуудал энд хамааралгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан хэмжээгээр хохирлыг тооцон олгох боломжтой гэж үзэж байна. Сургууль төгсөөд тус байгууллагад ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах ажиллах нөхцөл-ийг хангаагүйгээс химийн хорт бодисоос болоод чадвараа алдсан нь тогтоогдсон. Хоруу чанар одоо болтол арилаагүй байгаа болох нь удаа дараагийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Авлигатай тэмцэх газраас шалгасан баримтаар тогтоогдоно.

Надаас гадна 2 ажилтан мөн мэргэжлээс шалтгаалах өвчин туссан баримт хэрэгт авагдсан байгаа. Намайг ажиллах үед хариуцагч байгууллагад шинжилгээний арга аргачлал ч байгаагүй. 2009 онд стандартыг би өөрөө боловсруулж, батлуулж байсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үүнээс өмнө стандарт байгаагүй, түүнээс хойш ч стандарт шинэчилж батлуулаагүй, миний батлуулсан стандартыг баримталсан хэвээр байгаа. Энэ талаар гэрч Ламчин мэдүүлсэн байдаг.

Хоёр. Эрүүл аюулгүй орчинд ажиллуулаагүйгээс мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгтэй болсон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар алдагдаж эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч, химийн хорт бодист хордсоны улмаас миний хараа, сонсгол, шүд, мэдрэл, дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, жил бүрийн эмчилгээг төлөвлөгөөний дагуу тасралтгүй 11 жил хийлгэж, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт, тус эмнэлгийн хордлогын эмч х.Бат-Өлзийгийн хяналтад эмчлүүлж байдаг. Өнгөрсөн олон жилийн хугацаанд хийлгэсэн эмчилгээний баримт байгаа ч төлбөрийн баримтуудыг цуглуулаагүй юм. Хамгийн сүүлд хордлогын улмаас миний шүд үүрч унаад байснаас бэхэлж, бүрэх шаардлагатай болж, металл бүрээс эмчилгээ хийлгэсэн, хяналтын эмнэлэг, эмчийн шаардлагын дагуу сувилалд сувилуулсан, шинжилгээ хийлгэсэн баримтаа үндэслэн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт эмчилгээний зардал 19.302.000 төгрөг /үүнд: шүдний эмчилгээний зардал 18.669.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сувилалд сувилуулсан зардал 460.000 төгрөг, шинжилгээний зардал 173.000 төгрөг/ тус тус нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 85.051.292 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагадаа миний үүргээ гүйцэтгэж байхад эрүүл мэнд хохирсноос хөгжлийн бэрхшээлтэй болсон нь Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгох нөхцөл бүрдсэн гэж үзсэн тул Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 5.1-д заасан төрийн албан хаагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх төлбөр-ийг олгуулах нэхэмжлэл гаргасан болно хэмээн дурьджээ. Үүнээс авч үзвэл нэхэмжлэгч Ж.Бгийн урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулга өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд тодруулсан агуулга нь яг л адилхан байгааг харж болохоор байна.

Анх нэхэмжлэгч 2001 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар криминалистикийн шинжилгээний төвд шинжээчээр ажилласан. Тухайн үед боловсон хүчин томилох чөлөөлөх асуудал Цагдаагийн ерөнхий газарт харьяалагддаг, тус байгууллагын харьяа байсан. 2005 оноос тус байгууллага бие даан ажиллах болсон ч тогтсон тусдаа нэгж лаборатори байгаагүй тул цагдаагийнхтай хамт байсан. 2011 онд Ж.Бгийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж ажиллах орчин, нөхцөлийг өөрчилж захиргааны ажил хийж байсан. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй ажлын байраар хангаж, ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар дэвшүүлэн томилж байсан. Ажиллаж байх хугацаанд нь өмнө авч байсан албан тушаалын цалин, бусад нэмэгдэл зэргийг бууруулаагүй олгож байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан тул 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Дахин 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үед тэтгэмж олгосон. Тэрээр 2014 оноос хойш Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаа тул цалингийн зөрүү шаардах үндэсгүй. Нэхэмжлэгч цалин, тэтгэврийн зөрүүг шаардсан. Гэтэл одоо ажиллаж байгаа хэрнээ цалин тэтгэврийн зөрүү шаардаж байгаа нь ойлгомжгүй. Одоо ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Түүнтэй хамт нэг лабораторид ажиллаж байсан бусад шинжээчдээс ийм төрлийн өвчнөөр өвчилсөн хүнгүй.

Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хороор шаардсан. Ийнхүү шаардахад гэм буруугийн асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгч мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөнд харамсаж байгаа хэдий ч энэ нь хариуцагч байгууллагын гэм буруугаас болоогүй, шалтгаант холбоогүй. Нэхэмжлэгч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор эрүүл мэндэд гэм хор учирсан гэж шууд үзэх боломжгүй. Нэхэмжлэгч өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байрны онцлогтой холбоотойгоор хүлээн зөвшөөрч ажиллаж байсан. Хариуцагчийн гэм буруугийн асуудал энэ хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө химийн бодистой харьцана гэдгийг мэдэж байсан, ажлын байрны онцлогийг ухаарч мэдэж байсан. Мөн 2001-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяанд ажиллаж байсан тул манайх дангаар хариуцах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, ШҮХгийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/3294 тоот хариу, ажилласан талаарх Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаа, ажилласан талаарх ШҮХгийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн архивын лавлагаа, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрүүд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоосон баримтууд, тэтгэврийн дэвтрийн хуулбар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, цалин болон тахир дутуугийн тэтгэврийн зөрүүний тооцоолол, цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5б/7326 тоот албан бичиг хавсралтуудын хамт, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, төрөл бүрийн шинжилгээний хуудаснууд, Сондра нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас, 2022 оны эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөө, тэтгэврийн дэвтрийн нүүр хуудас, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03/12964 тоот хариу албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 83 тоот хариу, эм авсан баримтууд, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Койнвол ХХК-ийн тодорхойлолт; 2011 оны Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, Ж.Бгийн Төрийн банк дахь зээлийн дансны хуулга, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Д.Өлзийгийн өндөр насны тэтгэврийн дэвтрийн хуулбар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/446 тоот албан бичиг, хавсралт 5 хуудас, Голомт банк дах өөрийн дансны хуулга, Хаан банкны хуулга; 2022 оноос и-баримт цахим төлбөрийн баримтын системд бүртгэсэн эм худалдан авалтын тооцоолол, 2001 оны эрүүл мэндийн үзлэгийн хуудас, танилцуулгууд, ажил байдлын тодорхойлолт, Хүрээлэнд гаргасан удаа дараагийн өргөдлүүд, Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 05/2151 тоот албан бичиг, албан хаагчтай хийх хөдөлмөрийн гэрээ, ШҮХгийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/943 тоот хариу зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 8-33, 73-83, 2хх 34-46, 52-99, 4хх 2-88/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хуулбараар, ШҮХгийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/2619 тоот албан бичиг, мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/215 тоот албан бичиг, нэхэмжлэгчээс 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл, тус хүрээлэнгийн захирлын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/43 тоот тушаал, захирлын 2012 оны 10 дугаар сарын 03-ны б/44 тоот тушаал, захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны б/477 тоот тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны б/559 тоот тушаал, №673 тоот төлбөрийн хүсэлт, Ж.Бгийн цалингийн тодорхойлолт, захирлын 2012 оны 12 дугаар сарын 13-ны б/527 тоот тушаал, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн б/30 тоот тушаал, 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, тус хүрээлэнгийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2028 тоот хариу, хүрээлэнгийн захирлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн б/477 тоот тушаал, бүртгэл хяналтын карт, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгчийн өргөдөл, Хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 04/2620 тоо архивын лавлагаа, Б.Ламчингийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ. /1хх 35, 44-64, 2хх 125-126/

 

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 181/ШЗ2021/11130 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 328 тоот, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 334 тоот хариунууд, 2021 оны 181/ШЗ2021/11514 дүгээр захирамжийн дагуу ШҮХгээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04/5588, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/5730 тоот албан бичиг, түүний хавсралт 100 хуудас баримтууд, гэрч Б.Ламчингийн мэдүүлэг, тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/09616 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2021 оны шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 442 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас,

Шүүхийн санаачилгаар: тус шүүхийн 2022 оны 181/ШТ2022/00443 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/2030 тоот хариу, хавсралт 6 хуудас баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/620 тоот хариу, түүний хавсралт, ШҮХгээс ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/7281 тоот хариу, түүний хавсралт 205 хуудас баримтууд, Цагдаагийн ерөнхий газраас ирүүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 50/9414 тоот хариу, түүний хавсралт 103 хуудас баримтууд зэргийг бүрдүүлжээ. /1хх 88-89, 97-201, 225-228, 2хх 113-118, 157-250, 3хх 1-131, 132-238/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Б нь ШҮХд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 85.051.292 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажил олгогч ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс химийн хорт бодист хордож, хөдөлмөрийн чадвар алдан мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болж эрүүл мэндээрээ хохирсон, тухайн байдал үргэлжилсэн хэвээр тул 2011 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар дуусталх хугацааны олгогдоогүй цалин хөлс, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 65.749.292 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна, 2022 онд гарсан эмчилгээний зардлаас 19.302.000 төгрөг, нийт 85.051.292 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Холбогдох хуульд заасан тусламж, нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид тухай бүрт олгосон, эрүүл мэндийн шалтгааныг харгалзан түүний хүсэлтээр химийн бодистой харьцдаггүй ажилд томилсон, цалин хөлсийг бууруулаагүй олгож байсан тул тахир дутуугийн тэтгэвэр болон цалин хөлсний зөрүүг шаардах үндэсгүй, түүнчлэн эрүүл мэндэд хохирол учирсанд хариуцагч гэм буруугүй, мэргэжлийнхээ дагуу химийн бодистой харьцдаг байсан, нэхэмжлэгч урьд Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байхад 2001-2005 онд химийн бодистой харьцдаг адилхан ажил үүргийг гүйцэтгэж байсан тул зөвхөн манай байгууллагад ажилласнаар хохирол учирсан гэж үзэх учиргүй хэмээн маргасан.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Ж.Б анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Криминалистикийн шинжилгээний төв-д /хуучнаар/ химийн шинжээчээр ажилд орж, улмаар химийн ахлах шинжээч, ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад ШҮХгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн б/477 дугаар тушаалаар тус байгууллагаас ажлаас чөлөөлөгджээ. Шүүхийн шинжилгээний төв нь Цагдаагийн ерөнхий газарт харьяалагддаг байсан, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63[1] дугаар тогтоолын дагуу тус байгууллага 2005 оноос хойш тусдаа бие даан ШҮХ болж үйл ажиллагаа явуулах болсон үйл баримтад маргаагүй. /1хх 11, 12, 3хх 133-137/

4.2.Нэхэмжлэгч ШҮХд ажиллахаа больсны дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр тушаалаар Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт хяналт-шалгалт, аудит хариуцсан ахлах байцаагчаар ажиллах болсон, түүнээс хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хариу, тус байгууллагын даргын удаа дараагийн тушаалууд, 2014-2022 оны цалингийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /3хх 132-162/

4.3.Нэхэмжлэгчид анх 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "Хр.инток . химич вешеством Астено невро синдр.мн Хр.гепапит вараж актив-ть" гэсэн онош тогтоогдсон, улмаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 55 хувиар тогтоосон, түүнээс хойш жил бүр хугацааг сунгасан. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 60 хувь болж нэмэгдсэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар жил бүр сунгагдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгааныг мэргэжлээс шалтгаалсан, органик уусгагчийн хордуулах нөлөө гэж тогтоосон энэ үйл баримтуудад маргаагүй. /1хх 13-24, 2хх 34, 96 /

4.4.Нэхэмжлэгчид №01922574 тоот тэтгэврийн дэвтрийг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээсэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуугийн тэтгэврийг сар бүр тогтоосон хэмжээгээр авдаг үйл баримт тогтоогдсон. /1хх 25-29 /

4.5.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу онош тогтоогдсноос хойш 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/43 тоот тушаалаар ажлын нөхцөл-ийг өөрчилсөн, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/421 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрт 9 сарын дундажтай тэнцэх 5.150.439 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан 18 сарын цалинтай тэнцэх 10.925.121 төгрөг тус тус олгож байсан үйл баримт тогтоогдсон. /2хх 165-174, 179-184/

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч мэргэжлээс шалтгаалах өвчинөөр 2011 оноос хойш оношлогдож байгаа, түүний эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтад хариуцагч маргаагүй ч энэ нь ажил олгогч байгууллагын гэм буруугаас болоогүй гэж тайлбарлаж гэм буруу, хохирлын хэмжээнд тус тус маргасан.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-т иргэн хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй гэж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн[2] 5 дугаар зүйлийн 5.2Ажил олгогч нь ажилтныг ... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 456 тоот тушаалаар Химийн лабораторийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага стандартыг анх баталж, мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн а/140 тоот тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан шинжилгээний лабораторийн хэлтсийн химийн ахлах шинжээч-ийн ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа ажлын нөхцлийг хэвийн бус гэж тусгажээ. /1хх 102-140, 2хх 211-214/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаартай албан бичгээр Манай төв Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу 2009 оноос эхлэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж эхэлсэн. 2009-2011 онуудад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгдэж байгаагүй, 2019 онд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн хэдий ч химийн шинжээчийн ажлын байр хамрагдаагүй байна. гэсэн хариуг ирүүлсэн. /1хх 89, 99/

Нэхэмжлэгч болон гэрч Б.Ламчингийн өгсөн мэдүүлгээр ажил олгогч байгууллагад 2001-2009 оны хооронд ажиллах хугацаанд дүрэм, журам, стандарт байгаагүй, нэхэмжлэгч өөрөө хөөцөлдөж стандартыг батлуулсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй. Тухайн үеийн ажил олгогч байгууллага дээр дурдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлож чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгч 2011 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан нь мэргэжлээс шалтгаалах өвчинд хамаарсан, химийн бодисын архаг хордлого гэж оношлогдсон, тэрээр ажил үүргийн хувьд химийн ахлах шинжээч-ээр ажилладаг байсан үйл баримт тогтоогдсон тул шүүх маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хариуцагчийн эс үйлдэхүй, тэдгээрийн хооронд шууд бус шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

7.Нэхэмжлэгч хохиролд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан дутуу авсан цалин хөлс-д 65.749.292 төгрөг, эмчилгээний зардал-д 19.302.000 төгрөг нийт 85.051.292 төгрөг гаргуулахаар шаардсан.

7.1.нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлс хэсэгт 2011 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар дуусталх хугацааны олгогдоогүй цалин хөлс, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү 65.749.292 төгрөгийг шаардахдаа хэмжээг тодорхойлоход Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасныг баримталж тооцсон, нөхөн төлбөр авсан, өөр газраас цалин хөлс авсан байдал энэ хэсэгт хамаарахгүй гэж тайлбарласан.

Хариуцагч цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд томилсон, цалин хөлсийг олгож байсан, Цагдаагийн ерөнхий газарт үргэлжлүүлэн ажилласан тул цалин хөлсний зөрүү үүсээгүй гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан ШҮХ, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн цалингийн цэс, цалин хөлс олгосон тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа зэргийг харьцуулан үзвэл энэ шаардлагад хамаарах 2011 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанаас зөвхөн 2013 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сар, 2014 оны 1, 2, 3 дугаар сард нэхэмжлэгчид цалин хөлс олгогдоогүй байдал тогтоогдож байна. /2хх 97-99, 158-163, 185-186, 3хх 100-131, 151-162/

Хэргийн баримтаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар 2011 оны 12 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдал үүссэн байх боловч ШҮХгээс ирүүлсэн баримтаар дээрх тасалдал үүссэн хугацаанаас 2011 оны 12 дугаар сараас ажлаас чөлөөлөгдсөн 2013 оны 7 дугаар /нэхэмжлэгчид листний мөнгө орсон цалин олгоогүй 3хх131/ сарын хооронд сар бүр цалин хөлс олгосон баримтуудыг ирүүлсэн. Нэхэмжлэгчээс тухай бүрт дээрх цалин хөлсийг авч байсан үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Иймд 2011 оны 12 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны хувьд цалин хөлс, тэтгэврийн зөрүүг шаардах эрх үүсээгүй, хэргийн баримтаар цалин хөлс буурсан байдал тогтоогдоогүй болно. /2хх 97-99, 158-163, 185-186, 3хх 111-131/

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа Цагдаагийн ерөнхий газарт ажиллах болсноор тухайн газраас цалин хөлс олгож байсан, цалин хөлс өмнөхөөс буурсан байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан дутуу авсан цалин хөлс гэж шаардах үндэслэлгүй, хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй болно.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс тухайн үед нэг сард 1.052.222 төгрөг /2013 оны 4, 5, 6 сарын дундаж/ байх боловч нэхэмжлэгч 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл өөрийн авбал зохих цалин хөлсийг нэг сард 802.481 төгрөг, тэтгэвэр 373.955, 395.955 төгрөгөөр тус тус тооцож зөрүүг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон 3.406.208 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

7.2.Нэхэмжлэгч 19.302.000 төгрөг гаргуулахаар шаардахдаа шүдний эмчилгээний зардал 18.669.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сувилалд сувилуулсан зардал 460.000 төгрөг, шинжилгээний зардал 173.000 төгрөг багтана гэж тайлбарласан.

Хэрэгт баримтаар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хужирт рашаан сувилалд эмчлүүлэхдээ өөрөөс 400.600 төгрөг төлсөн, сувилалд ирж очих замын зардалд 60.000 төгрөг төлсөн, мөн Евростандарт лабораторид 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 173.000 төгрөгний шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримтууд /400.600+60.000+173.000=636.600/ авагджээ. /2хх 86, 87, 91/ Шүүх энэ зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарсан зардал-д хамаатуулан үзэж нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр /460.000+173.000/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хэрэгт баримтаар нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд эм худалдан авалт 1.969.264 төгрөг, сард 218.807 төгрөг гэсэн тооцооллыг баримтаар ирүүлсэн, Хужирт рашаан сувилалд ирж очих замын зардалд 60.000 төгрөг төлсөн, эм худалдан авсан баримтууд авагдсан ч нэхэмжлэгч дээрх зардлуудыг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. /2хх 92-95, 4хх 25-64/

7.3.Харин зохигчид шүдний эмчилгээнд маргасан.

Хэрэгт Ди И Жи Эф Ай Эм ХХК-ийн 001014 картын дугаартай Болормаа-ийн 2014 оны 3 дугаар сарын 13-нд, 2021 оны 3 дугаар сарын 10-наас хойш нийт 18.669.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт авагдсан. /2хх 87 ар талд/

Нэхэмжлэгч химийн хорт бодисны хоруу чанараас шалтгаалж шүд үйрч унаж эхэлсэн тул 2021 онд металл бүрээс хийлгэсэн, төлбөрийг цувуулж төлсөн гэж, харин хариуцагч эмчлүүлэгчийн картад энэ тухай эмчийн бичсэн тэмдэглэгээ тусгагдаагүй байх тул шалтгаант холбоотой эсэх тодорхойгүй гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан амбулаториор үйлчлүүлэгсдийн картад шүд-тэй холбоотой тэмдэглэгээ тусгагдаагүй, баримтаар ирүүлсэн Ди И Жи Эф Ай Эм ХХК-иас шүдний эмчилгээний талаарх холбогдох баримт мөн хэрэгт авагдаагүй байна. Гэвч нэхэмжлэгчийн химийн хорт бодисны улмаас шүд үйрч эхэлсэн тухай тайлбарыг үгүйсгэх баримт авагдаагүй, хариуцагч энэ талаарх тайлбараа мөн баримтаар нотлоогүй. Иймд шүүх хариуцагч байгууллагын зүгээс урьд эмчилгээний зардал нэхэмжлэгчид олгож байгаагүй тухай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, химийн хордлогын хоруу чанар-аас шалтгаалж шүд гэмтэж болзошгүй үйл баримт, хэргийн бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж маргааны энэ тохиолдолд тухайн зардлын 50 хувийг /18.669.000 : 2 = 9.334.500/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8.Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 13.373.708 төгрөг /3.406.208+ 460.000+173.000+9.334.500/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

8.Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүргэж баримтад баталгаажуулжээ. /4хх 1/ Гэвч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан ШҮХгээс 13.373.708 /арван гурван сая гурван зуун далан гурван мянга долоон зуун найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71.677.584 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741.156 /452.671+288.485/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224.818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

Г.ЭНХЦЭЦЭГ

 

 


[1] 2005.03.23-ны 63 тогтоол, www.legalinfo.mn сайтад байршсан, ИХШХШТХ-ийн 40.4-т заасан үйл баримт

[2] үйл явдал болох үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтлав.