Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03521

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03521

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүгийн 1-р хороонд оршин суух,  Б овогт Н-ийн Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороонд оршин суух, эрхэлсэн ажилгүй, , Б овогт Б-ийн У-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн,

 

Н.Э-т холбогдох 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.У-н сөрөг нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд Б.А-ийн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /үнэмлэх 0200/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б /үнэмлэх 0726/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь Т ББСБ ХХК-тай 2016 оны 5-р сарын 31-ний өдөр 32/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 86/2-р байрны 80 тоот 2 өрөө байрыг барьцаалсан байдаг. Зээл авснаас хойш Б.У нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр Б.У-с 39 589 819 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Б.У нь байраа төлбөрт тооцож өгөхөөр эвлэрэх санал гаргаж шилжүүлсэн. Үүний дагуу Т ББСБ нь уг орон сууцыг Н.Э-ын нэр дээр шилжүүлэхээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 2017 оны 12-р сарын 26-нд Н.Э-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн ч төлбөр төлөгч нь 4 сарын дотор төлбөрөө төлөх, төлбөр төлсөн тохиолдолд байрыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байсан. Харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нь Б.У-г төлбөрөө төлөхийг хүлээсэн, нэгэнт төлбөр төлөгдөөгүй тул тохирсон хугацаа дууссаны дараа Б.У-г орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүний эхнэр Н.Н эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иймд Б.У-ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2017 оны 12-р сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч И Б.У-г дуудсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь Б.У-д ...Та нар одоо эвлэр... гээд уг хэлцлийг байгуулсан гэдгийг Б.У анхнаасаа хэлж байсан. Б.У тухайн үед өмгөөлөгчтэйгөө ярилцмаар байна гэхэд ...өмгөөлөгчтэй яриад байх шаардлагагүй, энэ цаасыг аваад бич, танай орон сууцыг дуудлага худалдаагаар оруулах боломжгүй байна. Ийм учраас 3 сарын хугацаа авч өөрөө зарж борлуулан зээлээ төлөх, эсхүл тухайн хугацаанд хэсэгчлэн төлбөрийг төлж барагдуулж болно... гэх мэтээр хэлж уг хэлцлийг бичүүлсэн байдаг. Энэ хэлцэлд ...2018 оны 04 сарын 15-ны өдрийн дотор Т ББСБ ХХК-д 39 589 000 төгрөгийг Б.У төлж барагдуулна. Уг хугацаанд тухайн байрыг худалдан борлуулах болон бусдад шилжүүлэх ажиллагааг хийхгүй... гэж заасан. Гэтэл Б.У-ыг байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гардуулах үед маргаан бүхий байрыг Н.Э-ын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Иймд хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12-р сарын 25-ны өдөр Т ББСБ ХХК-г төлөөлж Н.Э-той хийсэн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Бидний хувьд Б.У-ыг хууран мэхлэх замаар уг хэлцлийг байгуулсан гэж үзэж байгаа. Учир нь талууд 2018 оны 04-р сарын 15-ны өдөр хүртэл төлбөрийг хэсэгчлэн төлье гэж тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12-р сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албан тоот бичүүлж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг солиулж Н.Э-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Үүнээс харвал хууран мэхэлж, та нарт хугацаа олголоо гэх байдлаар эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тул 2017 оны 12-р сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12-р сарын 25-ны хэлцлийг төөрөгдүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж ярьдаг. Гэтэл энэ хэлцлээс хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь маш тодорхой харагддаг. Б.У-ын хувьд өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгөөд, 4 сарын хугацаанд төлбөрөө төлнө, хэрэв төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд гомдол, санал гаргахгүй гэсэн агуулгатай байдаг. Б.У нь өмчлөх эрхийн гэрчилгээг Т ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхөө илэрхийлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн орон сууцыг Т ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй, харин Н.Э нэр дээр шилжүүлж авсан нь хууль бус гэж үздэг. Н.Э нь тухайн үед Т ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан. Банк бус санхүүгийн байгууллагын тухайд маргааны зүйл болох орон сууцны эзэмшигч нь өмчлөх эрхээ шилжүүлж өгөхөөр илэрхийлсэн тул өмчлөх эрхийн гэрчилгээг нь Н.Э-ын нэр дээр гаргуулах хүсэлтийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. Үүний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Э-ын нэр дээр гарсан. Хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бусаар шилжсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан талаар маргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Б.У-г ...ингэж бич, тэгж бич гэж дарамталж хэлцлийг бичүүлсэн гэдэг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил үргэлжилж байхад энэ талаарх баримтыг гаргаагүй, хэрэгт ийм баримт авагдаагүй. Тэгээд ч Б.У нас биед хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, өөрийнхөө бичиж байгаа зүйлийн үр дагаврыг ойлгох хүн. Уг хэлцэл нь хэн ч харсан хуулийн мэдлэг шаардагдахгүй, энгийн хүнд ойлгогдох хэлцэл байдаг. Үүнээс харвал хуулийн мэдлэггүйг далимдуулж төөрөгдүүлсэн, хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэсэн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагатаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Ү-2 дугаартай Баянгол дүүргийн 18-р хороо, орон сууц нь Б.А-ийн ээж Б.У-ын нэр дээр бүртгэлтэй байсан боловч Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын өмч байна. Ийм учраас Б.У нь гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг хүүхдийнхээ зөвшөөрөлгүй Н.Э-ын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн, улмаар орон сууцнаас Б.У-ыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Н.Э нь Ү-2 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 18-р хороо, байрны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагат гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө, миний эрх ашиг зөрчигдсөн, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх нэхэмжлэлийг бие даасан гуравдагч этгээдийн зүгээс гаргасан байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран, зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл авна гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Б.У тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах үед өмчлөх эрхийн гэрчилгээнд зөвхөн түүний нэр л бичигдсэн байсан. Үүнээс харвал зөвхөн нэг хүний өмч байсан, Б.У тухайн орон сууцыг захиран зарцуулахдаа өөр хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Энэ талаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Тэгэхээр Б.У тухайн орон сууцыг захиран, зарцуулах үедээ гуравдагч этгээд буюу тухайн үед насанд хүрээгүй байсан хүү Б.А-ээс зөвшөөрөл авах шаардлагагүй, тухайн байрыг захиран, зарцуулахдаа эсхүл зээлийн барьцаанд тавихдаа заавал хүүхдээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Иймд Б.У нь төлбөрт тооцуулж хэлцэл хийсэн нь хуулийн дагуу болсон. Гуравдагч этгээдийн хувьд Б.У-д холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан нэхэмжлэл гаргах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байгаа. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагат гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд бие даасан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Б.А-гийн хувьд тухайн үед насанд хүрээгүй байсан хэдий ч өнөөдөр насанд хүрсэн, нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн гишүүдийг ч орон сууцнаас албадан гаргуулах байдаг. Үүнээс харвал бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй тул хангаж зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э нь Б.У-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Н.Э-т холбогдох 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Б.А нь орон сууцны өмчлөх эрх Н.Эр-ын өмчлөлд хууль бусаар шилжсэнийг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н-ийн Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2020 оны 07-р сарын 07-ны өдөр нас барсан нь нас барсныг бүртгэсэн 0000 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон тул Г.Н-ийн хүсэлтээр түүнийг эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 1261 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01298 дугаар тогтоолоор Б.У-аас 39 165 840 төгрөг гаргуулж Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /1-р хавтас 18-25, 106-112/ болжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн 102/ШЗ2017/15766 тоо захирамж, 102/ГХ2017/01447 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн /1-р хавтас 103, 104/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч, төлбөр авагч нар 2017 оны 12-р сарын 25-ны өдөр хэлцэл хийж, хэлцлээр ...төлбөр төлөгч Б.У нь 2018 оны 4-р сарын 15 хүртэлх хугацаанд 39 589 819 төгрөгийг хэсэгчлэн болон бүрэн төлж барагдуулах, тогтоосон хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД 86-р байрны 80 тоот 40 м.кв 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар чөлөөлж өгөх үүрэг хүлээлээ. Т ББСБ ХХК нь орон сууцыг худалдан борлуулах үйлдлийг хугацаа дуустал хийхгүй бөгөөд Б.У нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцааж шилжүүлж өгөх-өөр /1-р хавтас 5/ тохирчээ.

 

Харин тухайн өдөр буюу 2017 оны 12-р сарын 25-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ...орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр Т ББСБ-т шилжүүлж өгч гүйцэтгэх хуудсыг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан /1-р хавтас 3, 6/, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай 18/129 тоот, 1/09 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол тус тус гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон /1-р хавтас 28, 104/ байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн 1/31080 тоот албан бичиг /1-р хавтас 29, 108/, Та глобал капитал ББСБ ХХК-ний 2017 оны 12-р сарын 28-ны өдрийн 17/66 тоот хүсэлт, 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 17/64 тоот албан бичиг /хх 90-91/, Н.Э-ын 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн хүсэлт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 113-114/ зэргийг үндэслэн тус сууцны өмчлөх эрх Б.У-аас Н.Э-т шилжиж, 2017 оны 12-р сарын 26-ны өдөр Н.Э-т өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээ олгогджээ. /хх 7, 117/

 

Хариуцагч нь орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...хэлцлээр 2018 оны 04 сарын 15-ны өдрийн дотор Т г ББСБ ХХК-д 39 589 000 төгрөгийг төлнө, энэ хугацаанд тухайн байрыг худалдан борлуулах болон бусдад шилжүүлэх ажиллагааг хийхгүй гэж тохирсон, Б.У-ыг байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гардуулах үед маргаан бүхий байрыг Н.Э-ын өмчлөлд шилжсэнийг мэдсэн гэж тайлбарлажээ.

 

Харин талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь төлбөр төлөгч 2018 оны 4-р сарын 15-ны дотор хэсэгчлэн болон бүрэн төлөх, энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд байрыг чөлөөлж өгөх, төлбөр авагч тухайн орон сууцыг захиран зарцуулахгүй байх, төлбөр төлөгдсөн тохиолдолд буцаан шилжүүлэх агуулгыг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Хэдийгээр төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй боловч хэлцлийн агуулгаас өөр агуулга бүхий ...орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр Т ББСБ ХХК-д шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, улмаар өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэлээ.

 

Эдгээр үндэслэлээр орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Тухайн хэлцлээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар төлбөрийг хэрхэн төлөх хугацаа тогтоосон, хугацаандаа төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөх, тогтоосон хугацаанд орон сууцыг захиран зарцуулахгүй байх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ үндэслэлээр хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан атлаа хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл-д тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь хоорондоо эрс зөрүүтэй байна.

 

Гагцхүү хүчин төгөлдөр хэлцлийн агуулга, үр дагаврыг тооцохгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, орон сууцыг Н.Э-ын өмчлөлд шилжүүлсэн нь маргаан үүсгэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...2017 оны 12-р сарын 25-ны хэлцлээс хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой харагддаг, ямар нэг байдлаар дарамталж хэлцлийг бичүүлсэн баримтгүй, хэлцэл хүчин төгөлдөр гэж маргасан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Бие даасан шаардлагын талаар:

 

Гуравдагч этгээд Б.А нь улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо,  сууц нь Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

 

Б.А нь Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т зааснаар ээж Б.У болон дүү нарын хамт амьдарч байгаа, түүний төрсөн хүүхдийн хувьд гэр бүлийн гишүүн байна. Б.А нь маргаж буй орон сууцыг бусдын өмчлөлд шилжих үед насанд хүрээгүй, өөрийн эрх ашгийг хамгаалах чадваргүй байсан боловч насанд хүрснээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, шаардлага гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 125-р зүйлийн 125.1-д зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөс бүрдэх ба Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 86 дугаар байрны 80 тоот 2 өрөө сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байжээ.

 

Гуравдагч этгээд нь шаардлагын үндэслэлээ ...гэрээ Т ББСБ болон Б.У нарын хооронд үүссэн байхад өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Э-ын нэр дээр шилжсэн, улмаар Б.У нь банк бус санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд хийгдсэн 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцэл нь хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцэл боловч хэлцлийн агуулгаас өөр агуулга бүхий ...орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр Т ББСБ ХХК-д шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн Б.У-ын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд шилжсэн нь тогтоогдсон.

 

Хэдийгээр Н.Э нь Т ББСБ ХХК-ний хувьцаа эзэмшигч болох нь тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, дүрэмд тусгагдсан /1-р хавтас 78-89/ боловч иргэний хувьд өмчлөх эрх бүртгэгджээ.

 

Улмаар өмчлөгч Н.Э нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ/RCC181105019-4 тоот зээлийн, ЗГ/RCC181105019-4-8 тоот барьцааны гэрээ байгуулж 24 500 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо,  сууцыг барьцаалан, аавынхаа эмчилгээний зардлын зориулалтаар /1-р хавтас 118-125/ зээлжээ.

 

Эдгээрээс дүгнэвэл, орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууран мэхлэх замаар хууль бусаар шилжсэн гэх гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Уянгыг Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 86-р байрны 80 тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Н-ын Э, түүний эрх залгамжлагч Г.Н-ийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т ББСБ ХХК-ийг төлөөлж Н.Э, төлбөр төлөгч Б.У нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.У-н сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт, 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2205050817 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо,  тоот сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль зөрчиж үүссэн болохыг тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА