Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00535

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00535

 

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03521 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-д холбогдох

Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 12-р сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.У-ын сөрөг нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд Б.А-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- нь Та глобал капитал ББСБ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 32/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 дугаар байрны 80 тоот 2 өрөө байрыг барьцаалсан байдаг. Зээл авснаас хойш Б.У- нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр Б.У-ас 39 589 819 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Б.У- нь байраа төлбөрт тооцож өгөхөөр эвлэрэх санал гаргаж шилжүүлсэн. Үүний дагуу Та глобал капитал ББСБ нь уг орон сууцыг Н.Э-ын нэр дээр шилжүүлэхээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 26-нд Н.Э-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн ч төлбөр төлөгч нь 4 сарын дотор төлбөрөө төлөх, төлбөр төлсөн тохиолдолд байрыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байсан. Харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нь Б.У-ыг төлбөрөө төлөхийг хүлээсэн, нэгэнт төлбөр төлөгдөөгүй тул тохирсон хугацаа дууссаны дараа Б.У-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүний эхнэр Н.Номин-Эрдэнэ эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иймд Б.У-ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун Б.У-ыг дуудсан байдаг. ....Н.Э- бид хоёроор хүсэлт гаргуулна, одоо эвлэр, бич гэсэн. Миний өмчлөлийн 40 м.кв талбайтай 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд орох боломжгүй, хуучин үнэ багатай учир өөрт чинь 3 сарын хугацаа өгөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийг унш, ингэж бич .... гэж тулган шаардаж ... маш хурдан хэдхэн цагийн дотор миний өмчлөлийг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Та глобал капитал ББСБ ХХК-д 39 589 000 төгрөгийг Б.У- төлж барагдуулна. Уг хугацаанд тухайн байрыг худалдан борлуулах болон бусдад шилжүүлэх ажиллагааг хийхгүй. Гэтэл Б.У-ыг байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гардуулах үед маргаан бүхий байрыг Н.Э-ын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Иймд хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Та глобал капитал ББСБ ХХК-ийг төлөөлж Н.Э-той хийсэн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Бидний хувьд Б.У-ыг хууран мэхлэх замаар уг хэлцлийг байгуулсан гэж үзэж байгаа. Учир нь талууд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлбөрийг хэсэгчлэн төлье гэж тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албан тоот бичүүлж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг солиулж Н.Э-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Үүнээс харвал хууран мэхэлж, та нарт хугацаа олголоо гэх байдлаар эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- нь Та глобал капитал ББСБ ХХК-аас 30 сая төгрөг зээлсэн ба уг мөнгийг өөрөө ч ашиглаагүй найздаа зээлүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017 оны 12 сарын 25-ны өдөр дуудсан. Шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Н.Э- нар нь миний хууль зүйн мэдлэг дутуу өрөнд ороод байраа алдах гэж байгаа айдсыг минь ашиглаж хууран мэхэлж, үүнээс өөр гарц байхгүй, одоо эвлэр, танай байрыг албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй гэж тулган өмгөөлөгчтэй ярих шаардлагагүй хэмээн Н.Э-ын бичсэн 2 хүсэлтэд гарын үсэг зуруулсан. Мөн шийдвэр гүйцэтгэгч өөрөө хэлж байгаад надаар бас нэг хүсэлт бичүүлсэн болно. Тэгээд тэр бичгүүдээ хурдан нотариатаар батлуулаад ганцхан цагийн дотор миний өмчийг төлбөр авагч, шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгч нар нь хуйвалдан шилжүүлсэн. Би тухайн үед зээлээ төлж дуустал миний байры гТа глобал капитал ББСБ ХХК барьцаалж байна гэж ойлгосон. Гэтэл 2017 оны 12 сарын 26-ны өдөр Н.Э-ын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсныг нэхэмжлэл гардан авахдаа мэдсэн. Б.У- тухайн үед зээлээ төлж барагдуулна гэж л хэлцэлд гарын үсэг зурсан болохоос байраа шууд Н.Э-ын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй тул 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Н.Э- бидний хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагатаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 дугаар байрны 80 тоот 2 өрөө орон сууц нь Б.А-ийн эх Б.У-ын нэр дээр бүртгэлтэй байсан боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын өмч байна. Ийм учраас Б.У- нь гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг хүүхдийнхээ зөвшөөрөлгүй Н.Э-ын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн, улмаар орон сууцнаас Б.У-ыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Н.Э- нь Ү-2205050817 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 дугаар байрны, 80 тоот байрны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Б.У- тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах үед өмчлөх эрхийн гэрчилгээнд зөвхөн түүний нэр л бичигдсэн байсан. Тэгэхээр Б.У- тухайн орон сууцыг захиран, зарцуулах үедээ гуравдагч этгээд буюу тухайн үед насанд хүрээгүй байсан хүү Б.А-ээс зөвшөөрөл авах шаардлагагүй, тухайн байрыг захиран, зарцуулахдаа эсхүл зээлийн барьцаанд тавихдаа заавал хүүхдээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Иймд Б.У- нь төлбөрт тооцуулж хэлцэл хийсэн нь хуулийн дагуу болсон. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагат гаргасан тайлбартаа: Б.А-ийн хувьд тухайн үед насанд хүрээгүй байсан хэдий ч өнөөдөр насанд хүрсэн, нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн гишүүдийг ч орон сууцнаас албадан гаргуулах байдаг. Үүнээс харвал бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй тул хангаж зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.У-ыг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 дугаар байрны 80 тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Намжилын Эрдэнэ-Очир, түүний эрх залгамжлагч Г.Н-ийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Та глобал капитал ББСБ ХХК-ийг төлөөлж Н.Э-, төлбөр төлөгч Б.У- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.У-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт, 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2205050817 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 дугаар байрны 80 тоот сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль зөрчиж үүссэн болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэхүү хэрэг нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2 удаа Улсын Дээд шүүхээс 1 нэг удаа буцсан. Ингэхдээ давж заалдах шатны шүүхээс Н.Э- луу уг орон сууц юуг үндэслэж яаж хэзээ хэрхэн шилжсэн үйл баримтыг тодруулахаар буцааж байсан ба тухайн анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр ирж тухайн үед уг уйл баримтад дүгнэлт хийж холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. Гэвч анхан шатны шүүх энэ талаар дурдаагүй анхаарч үзээгүй. Хариуцагч Б.У- нь өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхийг зөрчиж улмаар Н.Э- хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан гэх боловч тухайн үеийн цаг хугацаанд маргаан бүхий орон сууцыг Б.У- нь дангаар өмчлөх эрхтэй байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд бодитоор шударгаар хандахыг хүсээгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадсангүй. Иймд анхан иятяы шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь Б.У-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Б.А- нь орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэнийг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Э- 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1021/ШЗ2020/15213 дугаар захирамжаар түүний эхнэр Г.Н-ийг эрх залгамжлагчаар сольсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн нэхэмжлэгчийг Г.Н-э гэж үзнэ. /2хх-ийн 37/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1261 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01298 дугаар тогтоолоор Б.У-ас 39 165 840 төгрөг гаргуулж ТА глобал капитал ББСБ ХХК-д олгож, хариуцагч сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД 86-р байрны 80 тоот 40 м.кв 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 18-25, 106-112/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.У- нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулах, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол ХД-86 дугаар байрны 80 тоотын 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар султган чөлөөлж өгөх, харин төлбөр авагч нь уг хугацааг дуустал орон сууцыг худалдан борлуулахгүй бөгөөд Б.У- нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцож, уг хэлцэл талуудын гарын үсгээр баталгаажжээ./хх-ийн 5/

Улмаар хариуцагч Б.У-ын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/09 тогтоол гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон ба уг ажиллагаанд хариуцагч Б.У- гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/31080 дугаартай албан бичгээр төлбөрт шилжүүлсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч ТА глобал капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ./хх-ийн 29/

ТА глобал капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н-э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/31080 дугаартай албан бичгийн дагуу орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, Н.Э-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрсөн албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17/64 тоот албан бичгээр олгосон /хх-ийн 78-91/ тул бүртгэлийн байгууллага орон сууцны өмчлөх эрхийг Н.Э-ын нэр дээр бүртгэсэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй, бүртгэл хүчин төгөлдөр байна. /хх-ийн 7, 95/

Хариуцагч Б.У- нь дээрх 2 өрөө сууцыг төлбөрт шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн, төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад анхан шатны шүүх хэлцлийн агуулгаас өөр агуулга бүхий гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр шилжээгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэл журмын дагуу шилжсэн байгааг анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, өмчлөх эрх шилжсэн эрх зүйн үндэслэлийн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагч нь дээрх тохиролцоог тулган бичүүлсэн, орон байраа алдах гэж байгаа айдсыг далимдуулан гарын үсэг зуруулсан, хууран мэхэлж, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар маргаж байгаа боловч уг тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н-э нь орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардэх эрхтэй, хариуцагч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдэгээ нотолж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

Гуравдагч этгээд Б.А- нь орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр Н.Э-т орон сууцны өмчлөх эрх шилжих үед Б.А- уг орон сууцны хамтран өмчлөгч байгаагүй болох нь УБЕГ-ын 2018 оны 7/3936 тоот лавлагаагаар тогтоогдож байхад шүүх түүнийг орон сууцны өмчлөх эрх шилжсэн үндэслэлийн талаар гуравдагч этгээдээс шаардах эрхтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 86 дугаар байрны 80 тоот 2 өрөө сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан эсэх талаар гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, гаргасан байлаа ч энэ нь энэ хэргийн маргааны зүйл биш байхад шүүх гэр бүлийн хамтран өмчлөх эрхийн талаар дүгнэх шаардлагагүй байсан.

Гуравдагч этгээд Б.А- ТА глобал капитал ББСБ ХХК, Б.У- нарын хоорондох зээлийн болон барьцааны гэрээний харилцаанд оролцоогүй, тэр тусмаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт, ТА глобал капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, дүрэм, Н.Э-ын Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээ зэргийг гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэл мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад огтхон ч нийцээгүй байна.

Б.А- 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах 2017 оны 12 дугаар сард 17 настай байсан тул түүнийг Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж үзэх бөгөөд мөн хуулийн 16.3-т нэрлэн зааснаас бусад хэлцлийг түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийдэг ба бие даан хэлцэл хийх тохиолдолд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/-ийн зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

Ийм учраас хариуцагч Б.У- нь дээрх 2 өрөө сууцыг өр төлбөртөө шилжүүлэхийг зөвшөөрч, төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоход түүний насанд хүрээгүй хүүхдийн эрх хамт хэрэгжсэн гэж үздэг болно.

Гэтэл анхан шатны шүүх орон сууцны өмчлөх эрх бусдын өмчлөлд шилжих үед насанд хүрээгүй, өөрийн эрх ашгийг хамгаалах чадваргүй байсан этгээд насанд хүрсний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрх үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03521 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд 86 дугаар байр 80 тоот 40 м.кв хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.У-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны өмчлөх эрх Н.Э-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд Б.А-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ..... хэвээр үлдээсүгэй гэснийг .... хэвээр үлдээж, хариуцагч Б.У-ас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-эд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ