Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2082

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.У-д холбогдох

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У  нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №32/ЗГ тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан “Та Глобал капитал” ББСБ-аас бизнесийн зориулалттайгаар 5 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 30 000 000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж эргэн төлөлтийг хийхгүй байсан аргагүйн эрхэнд шүүхэд хандаж улмаар гурван шатны шүүхээр Б.У ас 39 589 819 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ХД-86/2 байрны 80 тоот хаягт байрлах 40 м.кв хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Гэвч Б.У  нь дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж уг орон сууцыг албадан борлуулах гэж байхад төлбөр төлөгч Б.У  нь уг орон сууцыг төлбөрт санал болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Та Глобал капитал” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ын нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож хаасан. Б.У  нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл уг орон сууцанд түр амьдарч байхаар хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийн дагуу дээрх хугацаанд амьдрах боломж олгосон боловч тогтсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөхөөс зайлсхийж, холбоо барих хэрэгслээ авахгүй очихоор хаалгаа тайлж өгөхгүй Н.Э-ын өмчийг хууль бусаар эзэмшиж байх тул аргагүйн эрхэнд дахин шүүхэд хандаж байна. Иймд Б.У-ийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ХД-86/2 байрны 80 тоот хаягт байрлах 40 м.кв хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, Б.У-г албадан гаргаж өгнө үү.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие хариуцагч Б.У  болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзсан. Ингээд Б.У  өөрөө зөвшөөрсөн тул зээлийг эргэн төлөх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, тохирсон хугацаанд зээлийг эргэн төлөхгүй бол орон сууцыг шилжүүлж авахыг талууд харилцан зөвшөөрсөн. Нотариат дээр хамтдаа очиж гэрээг байгуулсан. Б.У  нь өнөөдөр насанд хүрсэн, өөрийнхөө хийж, ярьж буй зүйлдээ бүрэн хариуцлага хүлээх чадвартай хүн. Хэн ч түүнийг хүчээр хүсэлт бичүүлж, хууран мэхлээгүй. Шүүх хуралдаан дээр ингэж худлаа ярьж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун намайг “өрөөндөө байж байгаарай” гэж хэлсэн. Ингээд өрөөнд нь нэхэмжлэгч Н.Э орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун нь бидэнд “одоо та хоёр эвлэр” гэж хэлсэн. Би түүнд “би өмгөөлөгчтэйгөө ярилцмаар байна” гэж хэлсэн боловч тэрээр “...өмгөөлөгчтэйгөө ярих цаг байхгүй, одоо цаас аваад бич. Миний өмчлөлийн орон сууц хуучин учир албадан дуудлага худалдаанд орох боломжгүй, 3 сарын хугацаа авч энэ хооронд өөрөө зарж борлуулна, хэсэг хэсгээр хуваан өгч болно” гэж бичүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийг унш гэж тулган шаардсан. Тэрээр мөн “...та хоёртой удаан зууралдмааргүй байна, наад бичсэн зүйлээ хурдан нотариатаар батлуулж ир, Н.Э та тушаах мөнгөө авчирсан уу” гэж асуусан. Ингээд үндсэндээ намайг хууль мэдэхгүйг далимдуулж, өмгөөлөгчтэйгөө ч ярилцах боломжийг олголгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдхэн цагийн дотор нэхэмжлэгч Н.Э-т шилжүүлсэн.

Би анх “Та глобал капитал” ББСБ-аас зээл авч өөрийн орон сууцыг барьцаалсан. Ингээд төлбөрийг төлж чадахгүй явсаар шүүхэд дуудагдсан. Шүүхэд намайг итгэмжлэлээр төлөөлж явсан өмгөөлөгч маань миний эрх ашгийг хамгаалж чадалгүй ялагдсан. Ингэж явсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие Н.Э болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзаж зээлийг эргэн төлөх хугацаа олгохыг хүссэн. Ингээд би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд зээлийг эргэн төлөх, төлөхгүй бол орон сууцыг нэхэмжлэгч шилжүүлж авахыг зөвшөөрсөн. Ингээд миний өмчлөлийн байрыг Н.Э-т шилжүүлсэн. Гэхдээ би энэхүү ажиллагаанд ямар нэг гомдол гаргаж амжаагүй. Би одоогоор төлбөрөө төлж чадахгүй байгаа боловч бусдаас зээлж авсан мөнгөө төлнө. Надад хугацаа хэрэгтэй. Харин би өөрийн орон байрыг чөлөөлж өгч чадахгүй. Нэхэмжлэгч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан нар нийлж намайг бараг хууран мэхэлж, хүчээр шахуу байрны нэрийг шилжүүлж өгөх талаарх тайлбарыг бичүүлж авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-н хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, хд-86 дугаар байрны 80 тоот хаягт байршилтай, 40 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, ХД-86 дугаар байрны 80 тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь хэдийгээр хариуцагч миний нэр дээр буюу зөвхөн би өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан боловч миний эрх зүйн мэдлэггүйг далимдуулан шүүхийн шийдвэр  гүйцэтгэгч, төлбөр авагч нарын хууль бус тулгасан, дарамтанд оруулсан үйлдлийн улмаас өмчлөгч эрхээ шилжүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан. Энэхүү орон сууц нь миний гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө бөгөөд би 3 хүүхдийн хамт амьдардаг. н.Баярхүүгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй, гэр бүлийн, хөрөнгийн маргаан шүүхийн шатанд явж байгаа. Миний хүүхдүүд болон нөхөр маань орон сууцаа барьцаалсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдээгүй бөгөөд шүүх хурал болохын өмнө миний хүү мэдэж, эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн хувиар хүү 18 настай Б.Ариунхишиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.У-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид өөрийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж маргажээ.

 

Талуудын маргааны зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ хд-86 дугаар байр, 80 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд хариуцагч Б.У  өмчлөгчийн хувиар эзэмшиж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарах маргааны үйл баримт тодорхой бус байна. Тодруулбал, хариуцагч Б.У-аас өмчлөх эрх хэрхэн шилжиж Н.Э өмчлөгч болсон нөхцөл байдал нь Б.У-г Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч мөн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой.

 

Мөн хариуцагч Б.У-аас дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Н.Э-т шилжих болсон үндэслэлийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт тооцож орон сууцыг шилжүүлсэн гэх тайлбарыг талууд гаргаж байгаа боловч хэргийн 29 дүгээр талд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “...Төлбөр төлөгч Б.У  нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050817 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ хд-86 дугаар байр, 80 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлтээ тус газарт ирүүлсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч “Та глобал капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр шинээр олгон, хариу ирүүлнэ үү” гэх өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/31080 тоотоор Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан байна. Үүнээс үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан худалдан борлогдоогүй барьцааны зүйлийг төлбөр төлөгчийн өр төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явагдсан байх боломжтой боловч хэрхэн Н.Э өмчлөгч болсон нь ойлгомжгүй байна.

 

Хэргийн 5 дахь талд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Б.У  нарын хооронд “Та глобал капитал ББСБ ХХК нь Б.У ас 39 589 819 төгрөгний авлагатай байсан. Дээрх төлбөрийн талаар хоёр тал эвлэрч 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлөгч Б.У  нь хэсэгчлэн болон бүрэн төлж барагдуулах бөгөөд тогтоосон хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ хд-86 дугаар байр, 80 тоот, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар суутган чөлөөлж өгөх үүрэг хүлээлээ. Та глобал капитал ББСБ ХХК-ийн зүгээс орон сууцыг худалдан борлуулах үйлдлийг хугацаа дуустал хийхгүй бөгөөд Б.У  нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцааж шилжүүлж өгнө” гэсэн хэлцэл 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тухай баримт байна. Энэхүү хэлцлийн агуулгаас үзвэл Н.Эт үл хөдлөх эд хөрөнгийг Та глобал капитал ББСБ ХХК-ийн өмнө хариуцагч Б.У-н хүлээсэн өр төлбөрт тооцож шилжүүлсэн агуулгатай бус, харин төлбөр төлөх тодорхой хугацаа зааж төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан борлуулах замаар үүргээ хангуулах барьцааны шинжтэй хэлцэл хийгджээ. Үүнээс гадна Н.Э Та глобал капитал ББСБ ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу авах авлагыг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль, ёсоор эсхүл хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө авсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн, Н.Э нь Та глобал капитал ББСБ ХХК-ийн хуулийн зөвлөх гэсэн баримт хэрэгт авагдсан байх боловч уг баримтаар нэхэмжлэгчийг Та глобал капитал ББСБ ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй. Дээрх байдлыг тодруулахгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ