Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

2020                1              28                                      2020/ДШМ/131

 

 

Б.Б-ад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 1809034830962 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Баатарсүрэнгийн Б.Б-, 19.. оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ..........ажилтай, ам бүл 1, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

 2010 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2013  оны 5 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” төвд байрлах “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшиж эвдэн 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж, нийт 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлгах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Чимэддаваагийн “HTC” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж шилжүүлэн авч, 120.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биеэр эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын урьдчилан цагдан хоригдсон 229 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 26.884.900 төгрөг гаргуулж хохирогч Ч.Дуламсүрэн /РД: ХМ51072160/-д, 120.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Чимэддаваа /РД: ЗЕ90120300/-д тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100 айл дахь барилгын материалын захад байрлах “Бүрт” төвийн 1 давхарт үйл ажиллагаа эрхлэх “Сондор” гэрэлтүүлгийн дэлгүүрээр өдрийн 15 цагийн үед ажил хийж байсан айлын эзэн болох Мягмардорж болон түүний эхнэр Бэрцэцэг нартай хамт үйлчлүүлж, 560.000 төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Тус дэлгүүрт зарагдаж буй гэрлийн утас, билк, разетка, унтраалга болон бусад хэрэгслүүд нь тавцанд өрөөстэй ил зарагдаж байдаг. Нүдэн гэрэл болон хананы гэрэл, обжуурнууд нь хана болон таазаар битүү өрөөстэй байдаг. Худалдан авалт хийхдээ ихэнхи барааг үзэж, гар хүрч авсан. Тэгээд би Мягмардорж, Бэрцэцэг нартай хамт “Улаанбаатар” дээд сургуулийн баруун урд талд байрлах 64 дүгээр байрны 5 давхарт амьдрах Мягмардоржийнд очиж материалаа буулгаад тус айлд надад туслахаар ажиллаж байсан Сайнбаяр, Мөнхжин нартай ажлаа хийж байгаад шөнийн 03 цагийн үед унтаж амарсан байдаг. Тус айлд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр болтол засвар хийж, тэндээ байрлаж ажилладаг байсан.

            “Бүрт” төвийн 1 давхарт байрлах “Сондор” гэрэлтүүлгийн дэлгүүр мөн “Буянбилүүт” барьцаалан зээлдүүлэх газар нь нэг зааланд хамт үйл ажиллагаа эрхэлдэг. “Буянбилүүт” ломбарданд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө хулгай орсон байдаг. Гэтэл би хулгай орохын өмнөх өдөр тус “Сондор” дэлгүүрээр үйлчлүүлсэн. Намайг уг хулгайн гэмт хэргийг хийсэн гэж үзэж сэжигтнээр татаж, ялласан бөгөөд хулгайн гэмт хэрэг гарсан газарт намайг уг гэмт хэргийг хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Үүнд: камерын бичлэг болон гар хурууны хээ зэрэг бусад төрлийн ямарч нотлох баримт байхгүй. Ганц “Сондор” гэрэлтүүлгийн дэлгүүрийн зааланд байдаг ломбардны эсрэг талын буланд байрлах 170 см өндөртэй агааржуулагч төхөөрөмжний хажуу талаас илэрсэн гэх 1 ширхэг алганы хээн дээрээс үндэслэн уг хулгайн гэмт хэргийг хийсэн гэж үзэж, прокурор намайг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн ба хийгээгүй хэргийг минь хийсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ялласанд маш их гомдолтой байна.

Уг хэргийг анх 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, надад 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний бие тус шийтгэх тогтоолыг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “... уг хэргийг үйлдээгүй тул дахин шалгаж өгнө үү. ...” гэх гомдол гаргахад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болж, уг шүүх хурлыг шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нар дахин шүүн хэлэлцсэн. Тус магадлалд: “... Баатарсүрэн овогтой Б.Б-ын гаргасан гомдлын дагуу хэргийг бүхлээр хянан шийдвэрлэхэд шүүгдэгч Б.Б-ыг уг гэмт хэрэгт буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй. Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг няцаах, нотлох баримт байхгүй...”  гэж үзсэнээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхэд дахиад Б.Б- намайг уг хэргийг хийсэн гэх нотлох баримт байхгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийн газар очиж нөхөн үзлэг хийсэн. Нөхөн үзлэг хийж тус дэлгүүрийн худалдагч болон ажилчдаас мэдүүлэг авахад “манай дэлгүүрийг дотроос нь гаднаа цонхтой гэдгийг мэдэх боломжгүй...” гэх бөгөөд тус агааржуулагч төхөөрөмж нь сул бөгөөд тэнцвэр муутай. Дээшээ гарах болон доошоо буухдаа тулах юмуу татахад, тулж буухад унаж болохоор тэнцвэр муутай байдаг. Миний гэх алганы хээ нь дээш татах буюу доош тулж буухад үлдэх боломжгүй байдаг.

1. Б.Б- намайг тус хэргийг хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй;

2. Гэрчийн мэдүүлэг болон байцаалтыг авч хэлэлцээгүй;

3. Агааржуулагч төхөөрөмжнөөс надаас гадна 3 хүний алганы хээ илэрсэн байхад ганц намайг гэж үзсэнд;

4. Өөр объект дээрээс гарсан алганы хээ дээрээс үндэслэн ялласан, мөн хулгай орохын өмнөх өдөр тус дэлгүүрээр үйлчлүүлсэн байхад авч хэлэлцээгүй. Тус дэлгүүрээр үйлчлүүлсэн баримт бичиг байгаа. Худалдаа хийсэн өдрийн камерийн бичлэгийг шалгаагүй. Шалгасан бол худалдан авалт хийхдээ агааржуулагч төхөөрөмжид хүрсэн нь нотлогдох байсан. Гэтэл надад 4 сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үед тэр бичлэг устсан байсан. Учир нь 30 хоног хүртэл хадгалах хугацаатай гэсэн;

5.  Миний алганы хээ илэрсэн гэх агааржуулагч төхөөрөмж нь хулгай орсон ломбарданд биш харин Сондор” гэрэлтүүлгийн зааланд байрладаг. “Сондор” дэлгүүрт биш ломбарданд хулгай орсон байхад намайг сэжигтнээр татаж, бусад үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй ялласанд маш их гомдолтой байна.

Иймд та бүхэн хэргийг шинжлэн судалж, дараах байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийг цагаатгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирогч Ж.Чимэддаваад хохирлоо өгч хэргийг анхнаас нь хүлээн зөвшөөрсөн.

Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 гэх зүйлчлэлд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр талд “шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Мягмардорж, Бэрцэцэг нартай хамт явж тухайн дэлгүүрээс гэрэл худалдаж авсан гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад байдлаар тогтоогдоогүй” гэж дүгнээд, хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр илэрсэн Б.Б-ын хурууны хээний дардсаар гэм буруутай болох нь нотлогдсон гэж ялласан. Өмнө давж заалдах шатны шүүх хэргийг хянаад магадлалдаа хурууны хээний дардаснаас өөр баримтгүйгээр яллаж байгаа нь үндэслэлгүй байна гээд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хянан хэлэлцэхэд мөн л хавтас хэрэгт хурууны дардаснаас өөр гэм буруутайг нотлох баримт авагдаагүй байсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Б.Б- тухайн дэлгүүрээр үйлчлүүлсэн гэдэг боловч нотлогдоогүй” гэж дүгнэсэн. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 239-242 дугаар талд авагдсан гэрч Мягмардоржийн “Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Бэрцэцэгтэй хамт “Бүрд” худалдааны төвд байрлах гэрлийн бүрхүүлийн дэлгүүрээс эд зүйл худалдан авсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байдаг. Иймд шүүгдэгч Б.Б-ыг тусгайлан хамгаалсан худалдааны төвд нэвтэрч, түүн дотор байрлах барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч хулгай хийсэн гэдэг нь хурууны хээний дардаснаас өөр зүйлээр нотлогдохгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б- нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Урьд өдөр нь тухайн дэлгүүрт орж худалдан авалт хийсэн талаар шүүгдэгч мэдүүлдэг боловч тухайн үед хамт ажиллаж байсан Мөнхбаяр, Мөнхжин, Сайнбаяр гэх хүмүүс шүүгдэгч Б.Б-ын талаар мэдүүлэхдээ “Б.Б-тай хамт ажиллаж байсан. Өдрийн цагаар Б.Б- ажил хийдэггүй. Шөнө ажил хийнэ гээд үлддэг байсан. Өглөө ирэхээр олигтой ажил хийгээгүй байдаг. Өдрийн цагаар унтаж өнгөрүүлдэг” гэсэн байдаг. Гэмт хэрэг гарснаас хойш ажлаа хаяж алга болсон тул мөрдөгчөөс шүүгдэгч Б.Б-ыг эрэн сурвалжилж гэрийнх нь орон доороос олж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын гудамж дахь Бүрт төвийн Сондор гэрэлтүүлэг чимэглэлийн дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, уг дэлгүүр дотор оршин байрлах Буянбилүүт ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх ломбардны сейфийг хөшиж онгойлгон нэр бүхий 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүдийг бэлэн 1.200.000 төгрөгийн хамт хулгайлж, нийт 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 13-19/, хохирогч Ч.Дуламсүрэнгийн “Сондор дэлгүүрийн эзэн Зоригтхүү над руу залгаж ломбарданд чинь хулгай орсон байна гэж хэлсний дагуу ирэхэд сейфний хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан 26 хүний эд зүйлс алдагдсан байсан. Нийт 26.884.900 төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон. Би барьцаанд эд зүйл тавьсан иргэдийн хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо өөрийнхөө хохирлыг хулгай хийсэн хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1 хх 33, 38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 03/430 дугаартай дүгнэлтийн “хэргийн газраас бэхжүүлж авсан 7 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд ... гэсэн дугаараар бүртгэгдсэн Б.Б-ын зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэсэн хэсэг /1 хх 75/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийн “...Сондор гэрлийн дэлгүүр дотор баруун хананд байрлах вакум ... цонхны наад талын хана хийсэн хавтанг авч вакум цонхыг хэмжиж үзэхэд 160*140 см хэмжээтэй байх бөгөөд баруун тал 40*160 хэмжээтэй салхивч хэсэг байрлах ба уг салхивч хэсгээр хулгайч орж ирсэн гэх бөгөөд Б.Б- гарах, орох бүрэн боломжтой байна. Вакум цонхны гадна хаалт ришортик гарч, орох боломжтой байх бөгөөд эвдсэн хэсэг 44*70 хэмжээтэй байна. Вакум цонхоор орж ирсэн хүн хөргөх төхөөрөмж хэсэгт хүрэх боломжтой, боломжгүйг тогтоох боломжгүй байна. Уг хөргөх төхөөрөмж хулгайч орж ирэх хэсэгт байрлаж байна” /2 хх 156/ гэсэн хэсэг, Дамно ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /1 хх 103/, тухайн ломбарданд эд зүйлээ барьцаанд тавьсан талаар тус тус мэдүүлсэн гэрч Ж.Пүрэвдулам, Б.Тамира, М.Энхтуяа, Б.Бурмаа, С.Одгэрэл, Ч.Баянзул, Ж.Чимэддагва нарын мэдүүлэг /1 хх 51-75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул тэнгэр-2 хорооллын 57 VIP караокед хамт үйлчлүүлж байсан Ж.Чимэддаваагаас “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, HTC маркийн 120.000 үнэ бүхий гар утсыг залилан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь энэ хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Б-ын мэдүүлэг, хохирогч Ж.Чимэддаваагийн “Б.Б- гэх залуутай караокед уулзаж 1 цаг орчим дуулсан ба Б.Б- пиво захиалаад ирье гээд миний гар утсыг гуйхаар нь би өгөөд явуулсан чинь тэр чигээрээ алга болсон. Надаас гуйгаад утсаар ярих хэрэгтэй байна гээд байсан болохоор би итгээд гар утсаа өгсөн юм” гэсэн мэдүүлэг /1 хх 234/, тухайн гар утсыг 120.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээ /1 хх 22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хохирогч Ч.Дуламсүрэнгийн Буянбилүүт ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ын хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь “хулгайн гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгох” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Б-ын “би тухайн өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө айлын засварын ажил хийж байсан” гэх мэдүүлгийг нь хэргийн газраас илрүүлсэн хурууны хээ Б.Б-ынхтай тохирч байгааг тогтоосон криминалистикийн шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан няцаалт хийж, түүнийг хулгайн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг залилж хохирол учруулсан үйлдлийг дүгнэхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлолгүй хэт ерөнхийлөн дүгнэснийг зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/1001 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бусдыг эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “...хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ