Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 120/2016/0022/з |
Дугаар | 365 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 365
“Ж о” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрхуяг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0409 дүгээр магадлалтай, “Ж о” ХХК-ний нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан “Ж о” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0409 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Мөнхзаяа миний бие “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0409 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтынн журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх “...уг ордын хүнд нөлөөлөх харьяаллын бүсэд “Шар хад” /Зүүн шар хад, шар хадны худаг гэх зэргээр зарим баримтуудад бичигддэг/-ны өвөлжөө хамаардаг ...” гэсэн нь хэрэгт авагдаагүй үйл баримт үндэслэж дүгнэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн маргаан бүхий газрыг шар хад гэдгийг гэрч Э.Доржсүрэнгийн мэдүүлэг нотолдог. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс тухайн маргаан бүхий газарт үзлэг хийхгүйгээр шийдвэрлэсэн нь харагдаж байна. Харин давхардуулж олгосон гэдгээ дарагдуулахын тул Гурвантэс сумын Засаг даргын захирамжид Зүүн шархад гэж нэрлэсэн байна.
Мөн анхан шатны шүүх “...тухайн өвөлжөөний газар харьяаллын бүсэд байгаа тохиолдолд талууд нөхөн төлбөр зэрэг бусад асуудлаа шийдвэрлэх нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэлээс үл хамаарах тул энд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, зүй ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “...харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” бүрэн эрхтэй буюу хуулиар хүлээсэн үүрэг нь юм. Гэтэл тус харьяаллын бүсэд үйл ажиллагаа явуулах уурхайн эдэлбэрын талбайд газар эзэмших эрх олгож байгаа нь компанийн үйл ажиллагаанд саад учруулсан төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах” эрхийг зөрчсөн үйлдэл юм. Ийм эрхийн давхардлын асуудал бий болоод байхад шүүхээс шалгахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, шинжээч томилж талуудын нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрхийн давхцал байгаа эсэх, түүнд хамаарал бүхий нотлох баримт болон, шинжээчийн дүгнэлт гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлээгүйг илтгэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0409 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ж о” ХХК нь Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт “Зангат уул-1” гэх газарт 43521.81 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутагт, “Зүүн шар хад” гэх газарт иргэн Б.М-т 1500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч “Ж о” ХХК-иас “... манай компанийн уурхайн эдэлбэрын талбайд газар эзэмших эрх олгосон ... нь хууль бус” гэж, хариуцагчаас “... иргэн Г.Цогтбаатар нь ... “Шар хад” гэх газарт малын саравчтай хашааг өмч хувьчлалаар худалдаж авсан, ... /түүний/ эхнэр Б.М-т ... газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг дутуу цуглуулж, зайлшгүй дүгнэвэл зохих зарим асуудлаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасангүй.
Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт болох “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамж”-аар иргэн Б.Мт газар эзэмшүүлэх эрх “шинээр” олгохдоо “Ж о” ХХК-нд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 2011 онд олгогдсон “уурхайн эдэлбэр” газарт давхцуулан олгосон хууль зүйн үндэслэлийг шүүх шалгах ёстой, энэ хүрээнд шүүхээс зайлшгүй нотлон тогтоовол зохих, хэргийн оролцогчдын маргаж буй “... “Шар хад” гэх газарт байгаа малын саравчтай хашаа” нь хаана байгаа, иргэн Б.М-т эзэмшүүлсэн “Зүүн шар хад” гэх газрын 1500 м.кв газар нь хаана байгаа, маргаан бүхий захиргааны актын “үндэслэл болсон” гэх, “тухайн газарт байгаа” гэх өвөлжөөг “хувьчилж авсан”-тай холбоотой албан ёсны баримтууд, газрын кадастрын зураг, газар эзэмшлийн хувийн хэрэг хэрэгт авагдаагүй, шүүх газрын давхцалыг шалгаж тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Энэ тохиолдолд, хяналтын шатны шүүхээс талуудын маргаж буй асуудлаар эцэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх “...уг ордын хүнд нөлөөлөх харьяаллын бүсэд “Шар хад” /Зүүн шар хад, шар хадны худаг гэх зэргээр зарим баримтуудад бичигддэг/-ны өвөлжөө хамаардаг ...” гэсэн нь хэрэгт авагдаагүй үйл баримт үндэслэж дүгнэсэн”, “...эрхийн давхардлын асуудал бий болоод байхад шүүхээс шалгахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0409 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж о” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА