Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00859

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00859

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ... дүүрэг, ... дүгээр хороо, ....жийн ... дугаар байрны .... тоотод оршин суух *******, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух *******, ******* овогт *******гийн *******т холбогдох 10.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагважав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******, иргэн Ө.*******ийн “Зээлийн гэрээ”-тэй байсан “приус-30” маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, урьдчилгаанд 8.000.000 төгрөгийг шилжүүлж, хариуцагчийг гуйсаны дагуу зээл нь байсан банк бус санхүүгийн байгууллагад 2.000.000 төгрөгийг төлсөн.

Гэтэл Ө.******* “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу автомашинаа өгсөн боловч нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй учраас банк бус санхүүгийн байгууллага хариуцагчийг зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар машиныг буцаан авсан тул авсан өгснөө буцааж 10.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Дээрх мөнгөний 500.000 төгрөгөөр автомашинд аккумлъятор, сэлбэг авч тавьсаны үнэ, гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 17.500.000 төгрөгөөр “приус-30” маркийн автомашиныг худалдаж аваад тухайн оны 07 сард Д.*******д худалдахаар түүний ээж болох н.Бандихүүтэй амаар машиныг худалдах, худалдан авах талаар тохиролцсон.

Тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсныг Д.******* мэдэж байсан.

Миний хувьд “8.000.000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллагад төлөөд явахыг хэлсэн боловч цалингийн зээлтэй, сард 730.000 төгрөг төлж чадахгүй" гэсэн болохоор би машиныхаа зээлийг төлөөд явахаар болсон.

Энэ яриа болох үед би Төмөр замын цагдаагийн эсрэг талд байрлалтай “Гоё” паб болон “Граматик” караокег ажиллуулдаг байсан.

Ингээд машины зээлээ төлж байгаад миний бие өвдөн, урагшаа эмчилгээнд явж, цар тахал гарч, эргэн төлөлт хийх боломжгүй болоход Д.*******д үлдэгдэл 7.000.000 төгрөгийг төлөх эсхүл банк бус санхүүгийн байгууллагад өгчих гэж хэлсэн боловч өгөөгүйн улмаас банк бусаас машиныг 07 дугаар сард хурааж авсан.

Д.******* эгч банк бус санхүүгийн байгууллагад 2.000.000 төгрөг төлсөн үнэн.

Харин Д.******* эгч миний машиныг 1 жилийн хугацаанд унаж маш их эвдрэл, гэмтэлтэй болгоод худалдан авах зорилгогүй байсан нь түүний “би өөр машин авах болсон” гэх ярианаас мэдсэн. Би анх ямар машин өгсөн нь хэргийн баримтаас харагдана.

Иймээс миний машиныг 1 жилийн хугацаанд эдэлж, хэрэглээд, эвдрэл, гэмтэл гарсны мөнгийг нэхэхгүй.

Харин 1 жилийн хугацаанд машинаа эдлүүлсэний мөнгийг хэрэгт өгсөн баримтаар түрээсийн таксиний нэг өдрийн хөлс 70.000 төгрөг байгаа бөгөөд энэ үнийг бууруулаад өдрийн 30.000 төгрөгөөр тооцоход 10.950.000 төгрөг болж байгааг суутгуулахад бидний хооронд ямар нэг тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч О.*******т холбогдуулан 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бөгөөд хариуцагч үнийг харилцан тооцуулна зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

Талуудын тайлбараас үзэхэд, 2019 оны 07 дугаар сард Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт эрхийн зарчмаар, амаар нэхэмжлэгч О.*******ийн эзэмшлийн 14-64-УБО улсын дугаатай, “тоюута приус-30” суудлын автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 10.000.000 төгрөгийг шилжүүлэн, автомашиныг эзэмшилдээ авах, хариуцагч “Ричкапитал инвестмент ББСБ” ХХК-иас авсан зээлийг төлж дуусган барьцаанаас чөлөөлсний дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр тохирчээ.

 

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зохигчид 14-64-УБО улсын дугаатай, “тоюута приус-30” маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээлээ төлөөгүй үндэслэлээр суудлын автомашиныг буцаан авсан, автомашины урьдчилгаанд  10.000.000 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.

 

Харин хариуцагч Ө.******* шүүх хуралдаанд “нэхэмжлэгч миний автомашиныг 1 жилийн хугацаанд хэрэглэсний төлбөрийг төлөх ёстой. Энэ төлбөрийг би түрээсийн таксиний үнэ өдрийн 70.000 төгрөг байдаг юм байна. Үнийг бууруулаад өдрийн 30.000.000 төгрөгөөр бодоход нэхэмжлэлийн үнийн дүнтэй ойролцоо гарч байгаа тул харилцан тооцуулаад мөнгө төлөхгүй. харин машины эвдрэл гэмтлийн талаар шаардахгүй” гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй,

 

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол учирсан хохирлыг шаардах эрхгүй байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцоод, унаж явсан суудлын автомашиныг банк бус санхүүгийн байгууллага хураан авсанд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул өгсөн, авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзээд,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан нотлох баримтаа өөрөө цуглуулах, бүрдүүлэх, нотлох эрхийг шүүх нэхэмжлэгчид олгосон боловч хэрэгжүүлээгүй, 500.000 төгрөгийн сэлбэгийг автомашинд авч тавьсан болохоо баримтаар нотлож чадаагүй тул хэрэгсэхгүй болгож, 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.*******ээс 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА