Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00213

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00213

 

 

 

 

 

 

                                      Д.Мгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/03375 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мгийн хариуцагч Ө.Дт холбогдуулан гаргасан 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагч Ө.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ө.Д нь Д.Мтэй приус 30 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Ингээд 7 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг Ө.Дт шилжүүлсэн. Гэтэл Ө.Д автомашинаа шилжүүлж өгөөгүй тул өгсөн авснаа буцааж 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 17 500 000 төгрөгөөр приус 30 маркийн автомашиныг худалдаж аваад 07 дугаар сард Д.Мд худалдахаар түүний ээж н.Бандихүүтэй худалдах, худалдан авах талаар аман хэлбэрээр тохиролцсон. Уг машин банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсныг Д.М мэдэж байсан. Ө.Д нь "... 8 000 000 төгрөг өгчих. Үлдсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллагадаа өгөөд явчих..." гэж хэлсэн боловч "...Цалингийн зээлтэй, сард 730 000 төгрөг төлж чадахгүй..." гэж хэлсэн болохоор машины зээлийг төлөөд явахаар болсон. Тухайн үед паб, караоке ажиллуулдаг байсан. Ингээд машины зээлийг тухай бүрт нь төлж байгаад цар тахал гарснаас хойш эргэн төлөлт хийх боломжгүй болсон тул Д.Мд үлдэгдэл 7 000 000 төгрөгөө надад эсхүл банк бус санхүүгийн байгууллагад өгчих гэж хэлсэн боловч өгөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас автомашиныг хурааж авсан байдаг. н.Мядагсүрэн эгчийн аав нь өөрийн биеэр банк бус санхүүгийн байгууллагад очиж 2 000 000 төгрөг төлж машинаа буцааж авсан. Үүнээс хойш хорио тавигдахгүй байсаар дахин 2020 оны 07 сард машиныг хурааж авсан байсан. Тухайн үед надад өгөх мөнгөө банк бус санхүүгийн байгууллагадаа өгчих хүүг нь багасгая гэж хэлэхэд "... өмнө нь хураалгачихсан юм чинь наад машиныг чинь авахаа болилоо. Мөнгөө буцааж авъя, өөр машин авлаа..." гэж хэлсэн. Д.М эгчийн хувьд машиныг 1 жилийн хугацаанд унаж байсан ба тухайн хугацаанд ажил, гэрийн хооронд унасан гэдэг боловч ажил, гэрийн хооронд л унасан гэхэд маш их эвдрэл, гэмтэлтэй байсан. Д.Мд 1 жилийн хугацаанд машинаа хэрэглүүлсэн тул машины түрээсийг өдрийн 30 000 төгрөгөөр тооцож надад өгсөн мөнгөнд суутгаж авна. Иймд бидний хооронд ямар нэг тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч О.Ө.Дээс 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч О.Ө.Дээс 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Д, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон нутагт ажилтай байсан тул өөрийн ээж П.Тогоосүрэнд өөрийг нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байсан. Шүүх хуралдаан болох өдөр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон нутгаас ирсэн тул шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцсон. Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд оролцоогүй П.Тогоосүрэнг оролцсоноор бичсэн байна. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхлээ хэргийн бодит үйл баримт, хариуцагчийн татгалзал, нотлох баримтын үндэслэлийг анхаарч үзээгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл нь анх 15 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг эзэмшилдээ авсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс ББСБ машиныг хурааж авах хүртэл буюу 2020 оны 7 дугаар сар хүртэл эдэлж хэрэглэн, их хэмжээний эвдрэл гаргасан, энэ хугацаанд автомашиныг эдэлж хэрэглэсэн атлаа төлсөн мөнгийг буцаан авна гэж байгаа нь шударга бус юм. Хөрөнгийн үнэлгээний Кости эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/98 дугаар үнэлгээний тайланг нотлох баримтаар өгсөн бөгөөд шинжээч машины эвдрэл гэмтлийг тогтоож зах зээлийн үнийг 11 500 000 төгрөгөөр тогтоосон. Машиныг хүлээлгэн өгөх үе, буцаан авсан үеийн эвдрэл, гэмтэл дутуу зүйлсийн тухай фото зураг, машин өдрөөр түрээслүүлдэг байгууллагын үнийн мэдээллийг нотлох баримтаар өгсөн. Хариуцагчаас машин өдрөөр түрээслүүлдэг байгууллагын үнийн мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийн машиныг өөрийн эзэмшилд байлгаж унаж ашигласан 1 өдрийн үнийг 20 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулах талаар тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх тайлбар татгалзал, түүний үндэслэлийг анхаарахгүйгээр хохирлын талаар шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу. Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн тул энэ үндэслэлээр хохирлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тусд нь гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй байдлыг анхаарч үзээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид машины үлдэгдэл төлбөрийг төлж ББСБ-ын барьцаанаас чөлөөлүүлж авах хүсэлтийг тавьсан боловч нэхэмжлэгч машиныг эзэмшилдээ нэг жил орчим хугацаанд байлгаж их хэмжээний эвдрэл гэмтэл гаргасан учир уг эвдрэл гэмтлийг дахин засварлахгүй байх, нэгэнт машиныг 1 жил орчим ашигласан, үлдэх 5 000 000 төгрөгийг төлөхгүй байх зорилгоор нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч хариу тайлбартаа гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан байхад шүүх талууд гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч хариуцагчийг үлдэгдэл төлбөрөө төлж машиныг буцаан авах саналыг тавихад зөвшөөрөөгүй тул өөртөө буцаан авсан байдлыг шүүх гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон гэж буруу дүгнэсэн. Шүүх нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ө.Дт холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчаас приус 30 маркийн автомашиныг нь 15 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 10 500 000 төгрөг төлсөн боловч автомашинаа шилжүүлж өгөөгүй тул өгсөн авснаа буцаана” гэж тайлбарласан, харин хариуцагч “нэхэмжлэгч миний автомашиныг 1 жилийн хугацаанд унахдаа маш их эвдрэл гэмтэл үүсгэсэн. Өдрийн  30 000 төгрөгөөр машины түрээс тооцож өгсөн мөнгийг суутгаж авна” гэж татгалзаж байна.

Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Ричкапитал инвестмент ББСБ” ХХК-аас авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 14 240 000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авч, тоёота приус 30 маркийн автомашиныг худалдан авчээ. Улмаар уг автомашиныг 2019 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Д.Мд 15 000 000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь автомашины төлбөрт хариуцагчид 8 000 000 төгрөг, “Ричкапитал инвестмент ББСБ” ХХК-д 2 000 000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.  

Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын талаарх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, “үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх ба хуулийн дээрх агуулгаас үзэхэд талууд гэрээний зүйлийг харилцан буцаан өгөхдөө ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор автомашинд эвдрэл гэмтэл гарсан үеийн зах зээлийн үнэлгээг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх ба давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Тогоосүрэнг шүүх хуралдаанд оролцсон гэж тэмдэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/03375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

                  А.МӨНХЗУЛ