Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00796

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00859 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мгийн хариуцагч Ө.Дт холбогдуулан гаргасан 10 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулан приус 30 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 8 000 000 төгрөгийг шилжүүлж, хариуцагчийг гуйсны дагуу банк бус санхүүгийн байгууллагад 2 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл Ө.Д худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашинаа өгсөн боловч нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй учраас банк бус санхүүгийн байгууллага хариуцагчийг зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар машиныг буцаан авсан. Иймд автомашинд аккумулятор, сэлбэг авсны үнэ 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 17 500 000 төгрөгөөр приус 30 маркийн автомашиныг худалдаж авж, тухайн оны 07 дугаар сард Д.Мд худалдахаар түүний ээж болох н.Бандихүүтэй амаар машиныг худалдах, худалдан авах талаар тохиролцсон. Тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсныг Д.М мэдэж байсан. Ингээд машины зээлээ төлж байгаад миний бие өвдөж, эмчилгээнд явж, цар тахал гарч, эргэн төлөлт хийх боломжгүй болоход Д.Мд үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөх эсхүл банк бус санхүүгийн байгууллагад өгчих гэж хэлсэн боловч өгөөгүйн улмаас банк бусаас машиныг 2020 оны 7 дугаар сард хурааж авсан. Д.М банк бус санхүүгийн байгууллагад 2 000 000 төгрөг төлсөн нь үнэн. Харин Д.М миний машиныг 1 жилийн хугацаанд унаж маш их эвдрэл, гэмтэлтэй болгосон ба уг мөнгийг нэхэхгүй. Харин 1 жилийн хугацаанд машинаа эдлүүлсний мөнгийг хэрэгт өгсөн баримтаар түрээсийн таксины нэг өдрийн хөлс 70 000 төгрөг байгаа бөгөөд энэ үнийг бууруулаад өдрийн 30 000 төгрөгөөр тооцоход 10 950 000 төгрөг болж байгааг суутгуулахад бидний хооронд ямар нэг тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Дээс 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 213 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөхдөө ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн эсэхийг тодруулах шаардлагатай, шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх магадлалыг биелүүлээгүй, магадлалд заасан нөхцөл байдлыг тодруулаагүй бөгөөд зөвхөн хариуцагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан явдалд учирсан хохирол шаардах эрхгүй, автомашиныг банк бус санхүүгийн байгууллага хураан авсан явдалд нэхэмжлэгч буруугүй гэж дараах байдлаар үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ анх машиныг хүлээж авахдаа 8 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрийг 2020 оны 6 дугаар сард төлж дуусгахаар харилцан тохиролцсон гэж тодорхой бичсэн. Банк бус санхүүгийн байгууллага зээлийн төлөлт доголдсон үндэслэлээр 2020 оны 03 дугаар сард машиныг хураан авахад нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлж машиныг өөртөө буцаан авсан. Энэ хугацаанд машин 10 хоног хураагдсан бөгөөд энэ үйл баримтыг анхан шатны шүүх нэхэмжлэгч тэр үеэс хойш машиныг аваагүй мэтээр дүгнэсэн. Банк бус санхүүгийн байгууллага зээлийн төлөлт доголдсон үндэслэлээр 2020 оны 07 дугаар сард машиныг хураан авахад хариуцагч нэхэмжлэгчээс үлдэх 5 000 000 төгрөгийг төлж машиныг авахыг санал болгоход машиныг авахгүй гэж татгалзан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч зээлийг төлж дуусган машиныг авсан. Хэрэв нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг тухайн үед төлж, машиныг авсан бол асуудал гарахгүй байсан бөгөөд машиныг хураан авах хүртэл өөрөө эзэмшиж, ашиглаж байсан хирнээ эвдрэл гэмтэлтэй болсон гэх үндэслэлээр машиныг авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Анхан шатны шүүхээс гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч буруугүй гэж буруу дүгнэсэн. Иймд шүүх магадлалыг биелүүлэхгүй буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдааны улмаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хоорондын харилцааг дүгнэж үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг боловч нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хөрөнгийн үнэлгээний Кости эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/98 дугаар үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан. Уг үнэлгээний тайлангаар машины эвдрэл гэмтлийг тогтоож зах зээлийн үнийг 11 500 000 төгрөгөөр үнийг тогтоосон. Мөн машиныг хүлээлгэн өгөх үеийн болон буцаан авсан үеийн эвдрэл, гэмтэл, дутуу зүйлсийн тухай фото зургийг болон машин өдрөөр түрээслүүлдэг байгууллагын үнийн мэдээллийг нотлох баримтаар гарган өгсөн. Хариуцагчаас машин өдрөөр түрээслүүлдэг байгууллагын үнийн мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийн машиныг өөрийн эзэмшилд байлгаж унаж ашигласан 335 хоногийг нэг өдрийн үнийг 30 000 төгрөгөөр тооцоход 10 050 000 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ө.Дт холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 7 дугаар сард Ө.Дийн эзэмшлийн 1464 УБО улсын дугаартай тоёота приус 30 маркийн суудлын автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 8 000 000 төгрөгийг хариуцагчид, 2 000 000 төгрөгийг Ричкапитал инвестмент ББСБ ХХК-д дээрх тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлснээр нийт 10 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй. Хариуцагч Ө.Д нь Ричкапитал инвестмент ББСБ ХХК-аас авсан зээлийг төлж дуусгаж, автомашиныг барьцаанаас чөлөөлсний дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 262.2 дөх хэсэгт заасан нөхцөлийн талаар зохигчид харилцан тохиролцсон бичгийн гэрээ байгуулаагүй байна.

 

Хариуцагч Ө.Д нь Ричкапитал инвестмент ББСБ ХХК-аас авсан зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс 2020 оны 7 дугаар сард Ричкапитал инвестмент ББСБ ХХК-аас нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон тээврийн хэрэгслийг хураан авч, үүнтэй холбоотойгоор талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэг үүснэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэлд 500 000 төгрөгийн сэлбэг авсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч нь шүүхээс тээврийн хэрэгслийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн эсэх талаар бүрэн тогтоогоогүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байх боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Тодруулбал маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үе болон хариуцагч буцаан авсан үеийн нөхцөл байдлыг нотолсон баримтыг талууд үйлдээгүй байх ба тээврийн хэрэгслийг муутгасан, чанар байдлыг дордуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн зураг нь хэдий үеийнх болох нь тодорхойгүй ба тухайн автомашины үнэлгээ тогтоосон Кости эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тайлан нь нэхэмжлэгчид автомашиныг шилжүүлсэн чанар байдалтай холбоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үед тухайн тээврийн хэрэгсэл чанар байдлын хувьд ямар байсан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.

 

Мөн хариуцагчаас тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байсан хугацаанд түрээсэлсэн бол нэг өдрийн 30 000 төгрөгөөр тооцоход, 10 050 000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Уг автомашиныг нэхэмжлэгч эзэмшиж байхдаа ашиг олсон, хариуцагч өмнө нь уг автомашиныг бусдад түрээсэлж орлого олдог байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч татгалзсан байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР