Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00103

 

  Д.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00456 дугаар магадлалтай,

Д.Жийн нэхэмжлэлтэй

“У И” ХХК-д холбогдох

“У И” ХХК-ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Ж нь “У И” ХХК-д холбогдуулан “У И” ХХК-ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 101 дугаар зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг баримтлан У И ХХК-ийн Мон стандарт үйл ажиллагааны 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт цагийн үндсэн цалин, ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан, жилийн стандарт ажлын цагийн тооцоо, дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасныг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагч У И ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00456 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын гомдолдоо: ...шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт ...заасныг зөрчсөн гэж маргасан боловч энэхүү үйл баримт нотлогдоогүй... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар...нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэг цагийн цалин хөлс” гэж ажилтны жилийн үндсэн цалинг 2,080-д хуваасан дүнг хэлнэ...гэж ердийн ажлын өдөр эсхүл ажлын цагаас хэтрүүлэн илүү цагаар ажилласан болон нийтээр амрах баярын өдөр ажилласан бол нөхөж амраахын оронд олгох хөлс хэмээн тусгасан нь тухайн ажилтны 1 цагийн ажлын цалин хөлсийг тооцоход шаардагдах нэр томъёоны асуудал бөгөөд нэхэмжлэгчийн илүү цагаар болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд авах нэмэгдлийн асуудлыг зохицуулсан зохицуулалт биш байна. ...Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалтаас шалтгаалан ажилтан нь бүх нийтээр амрах баярын өдөр ажилласантай холбогдуулан нэмэгдэл хөлс авах эрхээ алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэжээ. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь аливаа нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс авахаар огт шаардаагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нийтээр амрах баярын нэмэгдэл авах эрх зөрчигдөөгүй, зөрчсөн тухай нотлоогүй гэх дүгнэлт өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг ойлгоогүй, илэрхий алдаатай дүгнэлт хийснийг харуулж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Мон-Стандарт үйл ажиллагааны журам-621 журмын 9 дүгээр зүйлд заасан “Цагийн үндсэн цалин гэж ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ” гэж тодорхойлсон заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан буюу ердийн ажлын цагийн үнэлгээг тооцохдоо ажилтны жилийн цалинг 2080-д хуваах нь буруу, тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцох ёстой гэсэн агуулга бүхий байдаг. Хариуцагч “У И” ХХК нь уртын ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалинг тооцохдоо 1 жилийн нийт үндсэн цалинг 2,080 цагт хуваах байдлаар тооцдог. 2,080 цагийг “7 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг” гэж тооцоод 52*40=2,080 цаг буюу жилд ажилтан ердийн 2,080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон байна. Товчоор хэлбэл ажил олгогчоос уртын ээлжийн ажилтан ажилтан нэг бүр жилийн бүх долоо хоног бүр ажиллах ёстой гэсэн логикт үндэслэж, жилийн 365 өдрөөс зөвхөн Бямба, Ням гаригуудыг хасаж тооцоод 2,080 цаг, ажлын 260 өдөр ажиллахаар тооцдог. Бямба, Ням гаригуудыг хасаж тооцож байгаа шиг, тухай жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь зүйтэй. Ажил олгогчоос нийтээр амрах баярын өдрүүдийг амралтын өдөр буюу илүү цагаар ажилласан болохыг дараах байдлаар үйлдлээрээ хүлээн зөвшөөрдөг. Үүнд: Талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний (g) хэсэгт “Монгол Улсын Нийтээр амрах баярын өдөр ажилласан Монгол ажилтанд үндсэн цалингаас бодож тооцсон цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж бодож олгоно” гэж заасан. Хариуцагчийн баталсан Мон-Стандарт үйл ажиллагааны журам-621 журмын 5 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно ” 5.4 дэх хэсэгт “Компани нь нийтээр амрах баярын өдрийн жагсаалтыг хуанлийн жил бүрийн эхэнд нийтэлнэ. Хэрэв тухайн өдөр нь ажлын өдөр таарвал компанийн бүх ажилтнууд нийтээр амрах баярын өдөр амрах эрхтэй” гэж тус тус заасан. (хх46-47 тал) Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, талуудын байгуулсан хамтын гэрээ болон ажил олгогчийн баталсан журмын дагуу нийтээр амрах баярын өдөр ажилласан бол ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байна. Харин ажил олгогч нь жилийн ердийн ажлын цагийг 2,080 цаг гэж тооцохдоо долоо хоногуудын амралтын өдрүүдийг хассан боловч нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцоогүй алдаатай болсон буюу эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж шүүхэд хандсан болно. Өөрөөр хэлбэл тухайн жилд ажиллах ердийн ажлын цагт нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь хамаарахгүй буюу илүү цагт хамаарах тул ердийн ажлын 2,080 тооцооноос хасаж тооцох учиртай. Гэтэл анхан шатны шүүхэд хариуцагч нь тус журмын дагуу Д.Ж-н нэг цагийн цалин хөлсийг жилийн үндсэн цалинг хөлсийг 2,080 хуваасан дүнгээр бодож байгааг мэдүүлсэн буюу эрх зүйн баримт бичгүүдийн зөрчлийн тухай нэхэмжлэл, гомдол гаргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны гол агуулга болсон ажилтны жилийн ердийн ажлын цаг хэд байх, түүний үнэлгээг хэрхэн тооцох вэ тухай ямар ч дүгнэлт хийгээгүй, нэмэгдэл авч буй эсэх тухай хамааралгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Харин хяналтын шатны шүүхээс ажил олгогч ажилтнуудыг нийтээр амрах баярын өдрүүдийг багтаасан жилд нийт 2,080 (сард 173.3 цаг) цаг ажиллах журам тогтоосон нь үндэслэлтэй эсэх, тус нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь 2,080 гэсэн ердийн ажлын цагийн бүртгэлд хамаарах эсэхэд дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсгийг хэрхэн ойлгох тухай дүгнэлт өгч, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлагатай байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00447 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг буюу шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж, хэрэгт байгаа баримтын хүрээнд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч “У И” ХХК-д холбогдуулан компанийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай Ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт “Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2080 цаг нь үндсэн цалин хөлс тооцоход л хэрэглэгддэг. Хөдөлмөрийн гэрээнд Д.Жийн нэг сарын цалинг 5,200,000 төгрөг гэж тохирсон. ...Жилд 2080 цаг гэдэг нь ...Д.Жийг 2080 цаг ажиллах ёстой, ажиллах юм бол цалинг нь өгнө гэсэн зохицуулалт биш. ...14 хоног ажиллахад өдрийн 8 цаг нь ердийн цаг, түүнээс илүү гарсан цагийг 1,5 дахин нэмээд цалинг нь бодож олгодог. Цалинг дутуу олгодог гэсэн асуудал огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ эсхүл ажилтны ур чадвар, үндсэн цаг бусад хэлбэрээр тооцно гэж заасан. Ажил олгогч нь хуульд нийцүүлж үндсэн цалинг яаж тооцож тогтоох нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Нэхэмжлэгчийн маргаж буй ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд нийтээр амрах баярын өдрүүдийг тооцох талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодруулга авахад: Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь жилийн 4 улирал тасралтгүй явагддаг онцлогтой учраас 7 хоногийн баярын өдөр нийтээр амрах баярын өдрүүдэд амрах боломжгүй. Ийнхүү салбарын үйл ажиллагааны онцлогт нийцсэн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд тусгасан учраас нийтээр амрах баярын өдрүүдийг ажилтны тухайн жилийн ажиллах өдрөөс хасч тооцохгүй гэж тайлбарласан-тай нийцэж байгаа...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус журамд заасныг хариуцагч компани хэрхэн зөрчиж, нэхэмжлэгч Д.Жөд олгогдвол зохих цалин хөлснөөс хичнээн төгрөг олгогдоогүй, хэрхэн хохирсон болохоо нэхэмжлэгч нотлоогүй, маргаж буй заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг зөрчөөгүй...” гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10. Анхан шатны шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцвэл, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар зохигч мэтгэлцэж чадаагүй, маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болно.

11. “У И” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 219/21 дугаар тушаалын 1.3-т МОН-СҮАЖ 621 ажлын цагийн журмыг баталж, 2022.01.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн, уг журмын 621 дугаартай Ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт “Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ” гэж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажилтны ажлын хуваарь, ажлын цагийг гэрээний хавсралт 1-ийн 2.5, 2.6 дахь хэсэгт заасан гэж, “У И” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл Нэр томьёоны тайлбар хэсэгт “Нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ” гэж тус тус тусгажээ.

12. Нэхэмжлэлийн зүйл нь нэг цагийн цалин хөлсний хэмжээг тогтоосон аргачлал нь ажилтны эрх ашгийг зөрчсөн эсэх үйл баримт байхад шүүх маргааны зүйл болоогүй асуудлыг буюу ажилтнууд 2 долоо хоног ажиллаад /төслийн талбайд байрлан ажиллах/, 2 долоо хоног амардаг /бууж амрах/ ажлын хуваарьт шилжсэн нь хууль зөрчөөгүй, уул уурхайн салбарын үйл ажиллагаа жилийн 4 улирал тасралтгүй явагддаг онцлогтой тул ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг бөгөөд хөдөлмөрийн дотоод журамдаа ажилтны ажиллах ээлж нь нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ердийн ажлын өдрөөр тооцохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэсэн дүгнэлт хийсэн нь оновчгүй болжээ.

“Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ” гэсэн заалт нь ажилтан илүү цагаар болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд авах нэмэгдлийн асуудлыг зохицуулаагүй боловч энэ аргачлал нь нэг цагийн цалин хөлсний хэмжээг үндэслэлтэй тогтоосон эсэх, улмаар нэмэгдэл болон нэмэгдэл хөлсний хэмжээнд нөлөөлөх хүчин зүйл мөн эсэхийг шүүх анхаараагүй, энэ асуудлаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлэх бөгөөд үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс орно. Ажилтанд нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоход дундаж цалин хөлсийг тодорхойлох ба дундаж хөлсийг сараар, өдрөөр, цагаар тогтоож болно. Харин ажил олгогч “У И” ХХК дундаж цалин хөлсийг тодорхойлох бус “цагийн үндсэн цалин”-г тогтоож байгаа нь ойлгомжгүй, ямар зорилготой, ямар үр дагавар бий болгож буйг шүүх тодруулаагүй, энэ талаар талууд мэтгэлцэж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байх учиртай.

Шүүх маргааны зүйлийг бүрэн тодруулаагүйн улмаас Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хэрэглэх эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Уг тушаалд зааснаар хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болох бөгөөд нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцохыг журамласан байх ба хариуцагчийн тогтоосон дээрх журам үүнд нийцэх эсэх, уг журам хамааралтай эсэхийг тодруулахаас гадна шинжээчийн дүгнэлт шаардлагатай эсэхийг зохигчоос тодруулах нь хууль зөрчихгүй.

13. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг буюу  “...ажил олгогч жилийн ердийн ажлын цагийг 2,080 цаг гэж тооцохдоо долоо хоногийн амралтын өдрүүдийг хасч тооцсон боловч нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцоогүй, ...шүүх жилийн ердийн ажлын цаг хэд байх, түүний үнэлгээг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийгээгүй, хуулийг хэрэглээгүй...” гэх гомдлыг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00456 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                             Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН