Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01480

 

2021 08 04 181/ШШ2021/01480

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Хилчин  дугаар гудамж, тоотод оршин суух, Д.Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Шангрила оффис . давхар ..тоотод байрлах У ХХК /РД:/-д холбогдох,

У ХХК-ийн МОН стандарт үйл ажиллагааны журам-621-ийн Ажлын цаг-ийн нэр томъёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б //, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г //, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Нэхэмжлэгч Д.Ж нь У ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл 1 цагийн цалин хөлсийг тодорхойлсон тодорхойлолт заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулан тогтоосон буюу Хөдөлмөрийн тухай хуультай нийцэхгүй болохыг тогтоож, тус заалтад Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн Ердийн ажлын цагийн тооцохдоо 2080 цагаас тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийн ажлын цагийг хасч тооцно гэсэн өөрчлөлт оруулахыг У ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулан авахаар шийдвэрлэсэн боловч У ХХК-иас ..Хөдөлмөрийн дотоод журам гэх ерөнхий нэр бүхий баримт бичиг компанид байдаггүй...маргаж буй асуудалд холбогдох ажилтнуудын ажлын цагийг МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621-аар зохицуулдаг.. гэсэн ба Уорли Инженеринг ХХК-ийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 Ажлын цаг-ийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс-гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заажээ.

Хариуцагч нь одоо ердийн ажлын цагийг тооцохдоо 2080-аар буюу тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохгүй байгаа ба ингэснээрээ ажил олгогч үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцон өгч өөрт ашигтай байдлыг бий болгож байна.

Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч У ХХК-ийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 Ажлын цаг-ийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс-гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай гэж тодруулж байна.

У ХХК нь О ХХК-тай байгуулсан гэрээний дагуу О төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уурхайн сайт дээр ажилладаг. Уурхайн ажлаас шалтгаалан ээлжийн хуваариар 28 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарийн дагуу ажилладаг бөгөөд ажлын цагийг нэгтгэн бодох журмыг баримтлан ажлын цагийн болон цалин хөлсний тооцоог хийдэг.

Ажлын цагийг нэгтгэн тооцдог учир ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын хувьд 1 цагийн үндсэн цалинг тооцохын тулд 1 жилийн нийт үндсэн цалинг тухайн жилд ажилтны ажиллах ёстой ердийн ажлын цагт хувааж тооцдог. Тухайн ажилтан 3000 цаг ажиллах юм бол 2080 цагаар тооцоод явдаг. Ажил олгогчийн дотоод журамд зааснаар ажил олгогч нь ажилтнуудын 1 жилийн ердийн ажлын цагийг 2080 цагаар тооцож байгаа бөгөөд ингэснээр 1 цагийн үндсэн цалинг ажилтнуудын 1 жилийн үндсэн цалинг 2080 цагт хуваах байдлаар тооцож байна. 2080 цагийг 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2080 цаг гэж тооцоолж байгаа. 2080 цагаас илүү ажиллах юм бол 2080 цагаас бага ажиллах юм бол ердийн цаг буюу нэмэлт хөлс байхгүй гээд явдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар 1 жилд нийт 15 хоног нийтээр амрах баярын өдөр тохиодог. Тухайн өдрүүдэд ажил олгогч ажилтнуудыг амраах үүрэгтэй бөгөөд амраагаагүй тохиолдолд цалин хөлсийг нэмэгдүүлж олгодог. Өөрөөр хэлбэл энэхүү 15 хоног нь 7 хоногийн бямба, ням гарагийн амралтын өдрүүдтэй адилхан заавал амраах өдөрт тооцогдох юм. Иймд ажилтны 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах бүх хоногуудыг хасч тооцох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл ажил олгогч нь ийнхүү ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг тооцдоггүй. Улмаар 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсоноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүргэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоход 1 цагийн үндсэн цалинг тооцох шаардлагатай байдаг ба ердийн ажлын цагийн хэмжээ их байх тусмаа 1 цагийн үндсэн цалингийн хэмжээ багасч байна.

 

Жишээ нь: 2020 онд 15 нийтээр амрах баярын өдрөөс 12 өдөр нь ажлын өдрүүдэд таарч байгаа бөгөөд 2020 оны нийт ажлын өдөр 260 (52*5=260) өдрөөс 12 өдрийг хасвал 248 өдөр болж байна. Иймд тухайн жилд нийт ажиллах ердийн ажлын цаг 248*8=1984 цаг болж байна. Үүнээс нэг сарын 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтны 1 цагийн цалинг 2080 цагаар тооцоход 1 цагийн цалин 5769 (1,000,000*12/2080) төгрөг, 1984 цагаар тооцвол 1 цагийн цалин 6048 төгрөг буюу цалингийн зөрүү 279 төгрөг болж тооцогдож байгаа тул нэхэмжлэгчийн шударгаар цалин, хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэж байна.      

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасан байдаг учраас бид шүүхэд хандсан.

Бидний ердийн ажлын цаг дэндүү ихээр бодогдоод байна гэдэг үндсэн маргаан байгаа. 2080 цаг бол ердийн ажлын цаг биш юм. Үүнийгээ хасах юм бол илүү бага ажлын цаг болно, тэгэхээр илүү цагийн мөнгөө авч чадахгүй эрх ашиг зөрчигдөж байна. Нэхэмжлэгчийн ард 100 гаруй ажилчид энэ журмаар ажиллаж байгаа. Хариуцагч талын хэлсэн ажлын цагийн тухайн журам 621-д зааснаар олгоно гэсэн заалт байгаа. Гэтэл 2080 цагаар иргэдийн ажлын цагаар өндөр бодохоор илүү цагийн мөнгө багаар тооцогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 73.2 дахь заалттай нийцэхгүй буюу хуульд заасан нөхцөлийг дордуулан тогтоосон гэж үзэж байгаа тул Уорли инженеринг ХХК-ийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 Ажлын цаг-ийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс-гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       

Д.Ж-н гаргаж байгаа нэхэмжлэл нь өөрт нь ганц хамааралтай асуудал биш. У ХХК-д 100 гаруй ажилчид ажиллаж байдаг, эдгээр хүмүүстэй хамааралтай асуудал юм. Ажлын цагийн журмын заалтыг энгийн хүн хараад миний эрх зөрчигдөж байна гээд харах боломжгүй. Бид судлаад Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан нөхцөлийг дордуулсан байна гэдгийг хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэл гаргаад ганц нэхэмжлэгчийн бус 100 гаруй хүний эрх ашиг яригдаж байгаа юм.

Хамтын маргаан гэдэг нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах саналтай холбоотой үүссэн маргааныг хэлнэ. Бид хуулийн дагуу ганцаарчилсан маргаан үүсгээд нэхэмжлэл гаргасан. Хамтын маргаан байна гээд татгалзах үндэслэлгүй байна. Ажилтны нэг цагийн ажлын үнэлгээг гаргах асуудал зөвхөн уул уурхайн компани юм уу, ээлжээр ажилладаг ажилтнуудад яригдах асуудал биш, Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх байгууллагад хамааралтай. Ажилтны үнэлгээг гаргахдаа тухайн нийтээр амрах баярын өдрийг хасаж тооцож нэг цагийн үнэлгээг гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Автоматаар 2080 цагийг гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлын цагийг нэгтгэн бодох журмын 6 дахь хэсэгт компани нь календарийн жил бүрийн эхэнд нийтээр амрах баярын өдрийн жагсаалтыг гаргана, компанид ажиллаж буй ажилтнууд нийтээр амрах баярын болон ажлын өдөр таарвал нэмэгдэл цалин хөлс авах хэрэгтэй гээд журамд заасан байгаа. Нийтээр амрах баярын өдрийг хасахгүйгээр шууд 2080 гэсэн цагийг гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасан нөхцөлийг дордуулж байна.

У ХХК бүх нийтээр амрах баярын өдрийг оруулаад 2080 гэсэн тооцоог гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид ажлын нэг өдрийг тооцохдоо буруу тооцоод байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2080 гэдгийг тооцож байгаа нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндсөн шийдвэрийг ажилтан мэдэх ёстой байсан гэж үзэхгүй байна. Эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс хойш нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал О ХХК-тай гэрээний үндсэн дээр  О төслийн барилгын ажил зөвлөх үйлчилгээ үзүүлээд ажилладаг. Компанийн ажилчид Оюу толгой төслөөс цалинждаг. Компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл журмыг баталж, мөрдүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МОН Стандарт үйл ажиллагааны журам 621 Ажлын цагийн журам-ыг баталж, мөрдүүлсээр ирсэн.

МОН Стандарт үйл ажиллагааны журам 621 Ажлын цагийн журам-д зааснаар 1 цагийн хөлсийг ээлжийн хуваариар ажиллах ажилтны бүтэн жилийн цагийг 2080 цагт хувааж нэг цагийн хөлсийг гаргаж ирэхээр зохицуулсан. Тухайн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл, 53 дугаар зүйлд илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан нэмэгдэл зэргийг тусгасан байдаг. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 20 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр ажиллах болон 53 дугаар зүйлд заасан долоо хоногийн амралтын өдөр ажиллана гэдгийг ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ээлж амралтын өдөр таарахыг хамааруулахгүй гэж тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл ээлжийн хуваариар ажилладаг ажилтны хувьд нийтээр амрах баярын өдөр мөн долоо хоногийн амралтын өдөр нь ердийн ажлын өдөр гэж тооцон зохицуулсан. Иймд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг нийт ажлын цагаас хасаж тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн зүгээс ажилтны цалин хөлсийг өөрөө олгодог, хэрвээ нийтээр болон баярын өдөр ажилтны цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгодог. Илүү цагийн цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгодог. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын үндсэн цалин 4,000,000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл, нийтээр амрах өдрийн нэмэгдлийг бүрэн олгож байсан. Д.Ж-ийн  ажлын тухай журамд заасан зохицуулалтаар ямар ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана гэж заасан байдаг. Д.Ж хувьд тухайн ажлын цагийн журам болон зохицуулалтаас хамаараад ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Д.Ж нь 2016 онд У ХХК-д ажилд орсон. Ажилд орсон цагаасаа тухайн журамд заасны дагуу цалин хөлсөө авч байсан. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлын цагийн журам болон компанийн дүрэм журамтай энэ талаар баримтад гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 жилд 15 өдөр нийтээр амрах баярын өдөр тооцогддог. Өөрөөр хэлбэл 1 жилийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдрүүдэд давхцаж буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох ёстой гэсэн зүйлийг яриад байна. Хөдөлмөрийн тухай хуульд 1 жилийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдрүүдэд давхцаж буй нийтээр амрах баярын өдрүүдэд хасаж тооцно гэсэн ийм зохицуулалт байхгүй. Ажлын цагийн нэгтгэн бодох журам, дундаж цалин хөлсийг бодох журамд энэ талаар зохицуулсан нэг ч өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ажлын цагийг нэгтгэн бодох журмыг дагаж мөрдөх үед нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52 болон 53 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг олгоно гэж байгаа. Нэхэмжлэгч тал 1,5 болон 2 дахин бодсон цалин авдаг гэдгээ үгүйсгэдэггүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны нэгтгэн бодох журам, дундаж цалин хөлсийг тодорхойлох журмыг үндэслээд хөдөлмөрийн дотоод журам боловсруулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 52 болон 53 дугаар зүйлд заасны дагуу 28 хоног ажиллах үед нь амралтын болон баярын өдрүүд таардаг. Энэ тохиолдолд цалинг 1,5 болон 2 дахин нөхөж олгодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажлаас халагдсан бол тушаал гардан авснаас хойш нэг сарын дотор бусад маргааны талаар гурван сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах ёстой. Үүний дараа иргэний хэрэг үүсэх эсэх талаар яригдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч одоо ажиллаж байгаа олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг харахаар хөдөлмөрлөх явцад гарсан маргааныг ганцаарчилсан маргаан, хамтын маргаан гэж ангилдаг. Хамтын гэрээ хэлэлцээрээр маргаж байвал хамтын маргаан, тэгэхээр ганцаарчилсан маргаан уу гэдэг асуудал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг маргааныг хамтын маргаан гэж үзэж байгаа юм уу? ганцаарчилсан маргаан гэж үзээд байгаа юм уу? Тодорхой хэлэхгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Тухайн цалин хөлс бодох дотоод журмыг Д.Ж нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан, энэ талаар хэргийн материалд нотлох баримтаар өгсөн байгаа. Гэтэл тусгай мэдлэг шаардлагатай гээд байна. Тусгай мэдлэг шаардлагатай гэдгийг хэн нотлох юм бэ? Магадгүй цалин хөлс, төлбөр тооцоотой асуудлыг өмгөөлөгч уншаад ойлгох боломжгүй, санхүү нягтлан бодогч нар уншаад ойлгоно. Гэтэл эрх зүйч хүн уншаад ойлгож байгаа тохиолдолд инженерүүд адилхан уншаад ойлгох боломжтой гэсэн үг. Энэ нь хууль зүйн тусгай мэдлэг шаарддаг асуудал биш юм. Д.Ждээд боловсролтой уншаад ойлгох боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгч, нэхэмжлэгчид уншаад ойлгох боломжтой, заавал тусгай мэдлэг шаардлагагүй. Хэрвээ тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл үүнийг нотолсон мэргэжлийн хэл шинжлэлийн дүгнэлт байх ёстой. Тийм учраас ямар ч үндэслэлгүй, бид ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, мөн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа бага цалин хөлс аваад байна гэдэг нь үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Шүүхийн тухай хуулинд зааснаар Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбарыг иргэн аж ахуй нэгжүүд дагаж мөрддөг. Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагдан ажилладаг ажилтан хамаарахгүй. Хууль ойлгомжгүй байвал Улсын Дээд Шүүх Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу тайлбарладаг. Тэгэхээр дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Нэхэмжлэлийн шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулсан гэж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зохицуулсан заалт байхгүй гээд хүлээн зөвшөөрдөг. Бид Хөдөлмөрийн дотоод журамдаа нийтээр ажиллах баярын өдөр байвал нэмэгдэл цалин хөлс авна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал 2080 гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн материалд тооцоолол байхгүй байна. Үндсэн цалин 4,000,000 төгрөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байж, тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тооцоолол Хөдөлмөрийн тухай хуулийн юуг зөрчсөн талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ярьсангүй. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.ЖУорли инженеринг ХХК-д мөрдөгдөж байгаа бүх дотоод журамтай танилцаад, цаашид ажиллахдаа энэхүү журмыг дагаж мөрдөнө гээд хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Үүнээс хойш гурван сарын хугацаа дууссан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Ж нь У ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг У ХХК-ийн МОН стандарт үйл ажиллагааны журам-621-ийн Ажлын цаг-ийн нэр томъёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай гэж тодруулсан. /хх91/

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч МОН стандарт үйл ажиллагааны журам-621 нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Д.Ж нь У ХХК-ийн Барилга хянагчийн албан тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 1 сарын 4,000,000 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцсон байна. /хх24-39/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч байгууллагын МОН стандарт үйл ажиллагааны журам-621-ийн Нэр томъёоны тайлбар хэсэгт Нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 цагт хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь уг журмын 6-д заасан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүргэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн Ердийн ажлын цагийг тооцохдоо 2080 цагаас тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийн ажлын цагийг хасч тооцно гэсэн өөрчлөлт оруулахыг даалгах гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл заасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн боловч шүүх хуулиар тогтоосон хугацааны дотор гаргасан гомдлыг хянан хэлэлцэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. заасантай нийцнэ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүх хүлээн авч шийдвэрлэх бөгөөд ийнхүү шүүхэд гомдол гаргах хугацааг нэг сар байхаар, харин бусад маргааныг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагын тогтолцоонд нэрлэн заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд хуулиар тогтоосон харъяаллын үндсэн дээр гурван сарын хугацаанд хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчлагджээ.

Нэхэмжлэгч Д.Ж Уорли инженеринг ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, МОН стандарт үйл ажиллагааны журам-621 журам нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, нэхэмжлэгч Д.Жнь хариуцагч байгууллагын дотоод журмуудтай 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, мөрдөн ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаажуулсан, дээрх журмын дагуу илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг 5 жилийн хугацаанд авсаар ирсэн байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарласан боловч эрхээ зөрчигдсөнийг хэзээ, хэрхэн мэдсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ж-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан Уорли инженеринг ХХК-ийн МОН стандарт үйл ажиллагааны журам-121-ийн Ажлын цаг-ийн нэр томъёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай Д.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ