Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2023/00456

 

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00456

 

 

Д.Ж ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж ийн хариуцагч У ХХК -д холбогдуулан гаргасан У ХХК -ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: У ХХК -ийн ажилтнууд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгой уурхайд байрлан ээлжийн хуваариар буюу 28 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарийн дагуу ажилладаг. Ажил олгогч нь 1 цагийн үндсэн цалинг ажилтнуудын 1 жилийн нийт үндсэн цалинг 2080 цагт хуваах байдлаар тооцсон. 2080 цагийг 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2,080 цаг гэж тооцоолж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл нэр томьёоны тайлбар хэсэгт 1 цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар 1 жилд нийт 15 хоног нийтээр амрах баярын өдөр тохиодог. Тухайн өдрүүдэд ажил олгогч ажилтнуудыг амраах үүрэгтэй бөгөөд амраагаагүй тохиолдолд цалин хөлсийг нэмэгдүүлж олгодог. Өөрөөр хэлбэл энэхүү 15 хоног нь 7 хоногийн Бямба, Ням гаригийн амралтын өдрүүдтэй адилхан заавал амраах өдөрт тооцогдох юм. Иймд ажилтны 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах бүх хоногуудыг хасч тооцох ёстой. Гэтэл ажил олгогч нь ийнхүү ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг тооцохгүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалттай нийцэхгүй байна. Улмаар 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсоноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүргэж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоход 1 цагийн үндсэн цалинг тооцох шаардлагатай байдаг ба ердийн ажлын цагийн хэмжээ их байх тусмаа 1 цагийн үндсэн цалингийн хэмжээ багасч байх тул ажилтны шударга цалин, хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд У ХХК -ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Компанийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 (Ажлын цагийн журам)-д заасан тооцоолол нь дараах үндэслэлээр Хөдөлмөрийн хууль тогтоомжид бүрэн нийцсэн хэмээн үзэж байна. Үүнд Хөдөлмөрийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанд олгох нэмэгдэл хөлс, Хөдөлмөрийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгохтой холбоотой зохицуулалтыг тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол (2006) (УДШ-ийн тайлбар)-ын 20 дугаар хэсэгт "Хөдөлмөрийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан "нийтээр амрах баярын өдөр ажилласан" болон 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан "долоо хоногийн амралтын өдөр ажилласан" гэдэгт ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ээлж амралтын өдөр таарахыг хамааруулахгүй" гэж заасан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар "тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл..." эрхлэгчийн хувьд ажилтныг нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл эрхэлж байгаа ажил олгогчид ээлжийн хуваарийн дагуу ажилладаг ажилтны ээлж нийтээр амрах баярын эсхүл долоо хоногийн амралтын өдөр таарвал тэрхүү өдрийг "ердийн ажлын өдөр"-т тооцох хуулийн зохицуулалттай.

Компани нь ОТ Төслийн талбайд тасралтгүй явагдаж буй (буюу 7 хоногийн өдөр бүр 24 цагийн турш үргэлжилдэг) барилгын үе шатны ажлыг хянах чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ОТ Төслийн талбайд ажилладаг компанийн ажилтнууд нь ажлын цагийн журмын 5.1-д заасны дагуу 4 долоо хоног ажиллаад, 2 долоо хоног амрах ээлжийн хуваариар ажилладаг. Иймд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг нийт ажлын цагаас хасаж тооцох шаардлага нь ээлжийн хуваариар ажилладаг ажилтанд хамаарахгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгагдсанаар тэдгээр өдрүүд нь "ердийн ажлын өдөр" хэмээн тооцогдоно. Түүнчлэн, Компани болон Компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хамтын гэрээний 3.1-д "... ОТ Төслийн үйл ажиллагаа, бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр ажиллана. Аливаа эргэлзээ үүсэхээс зайлсхийх зорилгоор Бямба, Ням гарагуудыг ердийн ажлын өдөрт тооцно..." гэж харилцан тохиролцсон. Иймээс ажилтны 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо 2080 цагаас тухайн жилд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь үндэслэлгүй тул ажлын цагийн журмын холбогдох заалт нь компанид аливаа ашигтай байдал бий болгоогүй төдийгүй Хөдөлмөрийн хуульд бүрэн нийцсэн, бөгөөд ажилтны эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Д.Ж ийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 101 дугаар зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК -ийн Мон стандарт үйл ажиллагааны 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт цагийн үндсэн цалин, ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан, жилийн стандарт ажлын цагийн тооцоо, дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасныг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагч У ХХК -д даалгах тухай нэхэмжлэгч Д.Ж ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд тус заалтад заавал учирсан хохирлоо арилгуулах шаардлага гаргаагүй. Харин журамд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэл гаргасан байхад шүүх шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсгийг товч танилцуулахдаа нэхэмжлэгчид хохирол учраагүй буюу хохирол учирсан тухай баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүй байна.

4.1. Хариуцагч У ХХК нь уртын ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалинг тооцохдоо 1 жилийн нийт үндсэн цалинг 2080 цагт хуваах байдлаар тооцдог. 2080 цагийг 7 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2080 цаг буюу жилд ажилтан ердийн 2080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон байна. Ийнхүү 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсоноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох, үр дагаварт хүргэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1, 109 дүгээр зүйлийн 109.4 болон хамтын гэрээ, МОН стандарт үйл ажиллагааны журам-621 журмын 5.3.1-д тус тус заасан зохицуулалтуудаас үзэхэд нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан. Харин ажил олгогч нь жилийн ердийн ажлын цагийг 2080 цаг гэж тооцохдоо 7 хоногуудын амралтын өдрүүдийг хассан боловч нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцоогүй алдаатай болсон буюу эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, тухайн жилд ажиллах ердийн ажлын цагт нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь хамаарахгүй буюу илүү цагт хамаарах тул ердийн ажлын 2080 тооцооноос хасаж тооцох учиртай.

4.2. Хамтын гэрээ болон МОН стандарт үйл ажиллагааны журам-621 журамд нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан бол үндсэн цалингаас бодож тооцсон цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгож байгаа нь ердийн ажлын цагт ажил олгогч оруулахгүй байгааг харуулна. Гэтэл анхан шатны шүүхэд хариуцагч нь тус журмын дагуу Д.Ж ийн 1 цагийн цалин хөлсийг жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнгээр бодож байгааг мэдүүлсэн буюу маргаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журамд ажилтны ердийн ажлын цагийг 2080 цагаар тооцохоор заасан нь эрхийг зөрчиж байна. Гэтэл ердийн ажлын 2080 цагаас нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцож болох эсэх тухай дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь 2020 цаг гэх ойлголт нь ажилтны 1 цагийн үндсэн цагийг тооцоход ашигладаг тоо юм. Нэхэмжлэгчийн маргаж буй тухайн ажилтан жилд заавал 2080 цаг ажиллах ёстой гэх ойлголт биш. Энэ нь холбогдох баримтаар нотлогдохгүй. Тухайн ээлжийн ажилтан уурхайд өдрийн 11 цаг ажиллавал 8 цагийг ердийн цалингаар, 3 цагийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгодог. Хэрэв баярын өдрөөр ажиллавал дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгодог буюу хуулийн дагуу олгодог. 2080 цагт үндэслэн дундаж цалин буурах, эсхүл нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдлийг олгохгүй тухай асуудал байхгүй. 2022 оны дотоод журамд шинээр оруулж, түүнээс үндэслэж ажилтнуудын цалин буурсан зүйл биш. Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан гэрээнд зааснаар 1 сарын үндсэн цалингаас 1 цагийн цалинг тооцоолох шаардлага үүсдэг. 2080 цагийг анхнаасаа ашигласан. 2080 цаг нь анх ажилтны үндсэн цалинг тооцоолж, хөдөлмөрийг гэрээнд ашигласан тооцоо юм. Д.Ж нь 1 цагийн цалинг 2022 оны дотоод журамд үндэслэж буураагүй. Тухайн үед анх гэрээ тохироход ямар байсан хэвээр байгаа. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль батлагдаж уртын ээлжийн хуваарь өөрчлөлт орсон. Өмнө нь Д.Ж 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсан. Одоо 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болсон. Үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлс буурсан. Цалин хөлс буурсан шалтгааныг Д.Ж 2080 цагаас болж байна гэж тайлбарласан. 1 цагийн хөлс хэвээр байгаа. Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан нь нийтээр амардаг баярын өдөр нь ердийн ажлын өдөрт тооцогддог. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйл болон түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 26 болон 33 дугаар тогтоолуудад тодорхой заасан. Мөн 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.9 дэх хэсэгт нийтээр амрах баярын өдөр ажиллавал ердийн өдрөөр тооцогдоно гэх агуулгаар заасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийтээр амрах баярын өдрийг ээлжээр ажиллах ажилтны ажилласан өдрөөс хасаж тооцохгүй гэсэн тодруулга өгсөн. Үүнд нэхэмжлэгч тал маргадаггүй. Уг тодруулгыг дагаж мөрдөх тухай оролцдог. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдсан. Хариуцагч У ХХК нь О ХХК -ийн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад Барилгын тухай хуульд зааснаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, У ХХК -ийн үйл ажиллагаа нь О ХХК -ийн төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулж, тасралтгүй үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэлд орно. Бүх хугацаанд нийтээр амрах өдөр цалингаа авсан. Цалингийн тооцооллоос хасах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч У ХХК -д холбогдуулан У ХХК -ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч У ХХК нь 2015 онд Ж ХХК нэртэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ж ХХК гэсэн оноосон нэрээ өөрчилж У ХХК болсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-52, 202/

4. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Ж нь У ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь тухайн журмын зохицуулалтын асуудлаар маргах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

5. Д.Ж нь У ХХК -ийн гүйцэтгэх захиралтай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил олгогч нь ажилтанд сард 2 удаа буюу сар бүрийн 15-ны өдөр болон сарын сүүлийн ажлын өдөр хувааж 4,000,000 төгрөгийн цалин олгохоор харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх24-36/

6. У ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 219/21 дугаар тушаалын 1.3-т МОН-СҮАЖ 621 ажлын цагийн журмыг баталсан байх ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Төслийн талбайн Монгол ажилтнуудын цалин бодолтын талаарх мэдээлэл гэх баримтаар ажилтнууд 2 долоо хоног ажиллаад /төслийн талбайд байрлан ажиллах/, 2 долоо хоног амардаг /бууж амрах/ ажлын хуваарьт шилжсэн нь Хөдөлмөрийн тухай /2021он/ хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

6.1. Хөдөлмөрийн дотоод журмын хавсралтын нэр томьёоны тайлбарт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалинг хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ, мөн илүү цагийн нэмэгдэл хөлс гэж ердийн ажлын өдөр эсхүл ажлын цагаас хэтрүүлэн илүү цагаар ажилласан болон нийтээр амрах баярын өдөр ажилласан бол нөхөж амраахын оронд олгох хөлс хэмээн тусгасан нь тухайн ажилтны 1 цагийн ажлын цалин хөлсийг тооцоход шаардагдах нэр томьёоны асуудал бөгөөд нэхэмжлэгчийн илүү цагаар болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд авах нэмэгдлийн асуудлыг зохицуулсан зохицуулалт биш байна. Уг зохицуулалтын хүрээнд ажилтны эрх зүйн байдал дордсон гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул У ХХК -ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8. Нэхэмжлэгч талын тайлбар, болон давж заалдах гомдлын үндэслэлдээ ...1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсоноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүрсэн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаарх үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажил олгогч нь жилийн ердийн ажлын цагийг 2080 цаг гэж тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцоогүй, нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцох ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч У ХХК нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа жилийн 4 улирал тасралтгүй явагддаг онцлогтой тул ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг бөгөөд хөдөлмөрийн дотоод журамдаа ажилтны ажиллах ээлж нь нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ердийн ажлын өдрөөр тооцохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалтаас шалтгаалан ажилтан нь бүх нийтээр амрах баярын өдөр ажилласантай холбогдуулан нэмэгдэл хөлс авах эрхээ алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.[Bs1] 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [Bs1]Цогтсайхан шүүгчээс асуугаад оруулбал оруулаад, хасвал хасчихаарай. Өөр саналгүй.