| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2022/01253/И |
| Дугаар | 001/ХТ2023/00099 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/00099
“Ч” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00620 дугаар магадлалтай,
“Ч” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
“Э” ХХК-д холбогдох
88,209,403.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, өмгөөлөгч К нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К, хариуцагчийн төлөөлөгч Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ-аас хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 88,209,403.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 88,209,403.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ-т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 598,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00620 дугаар магадлалаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ттухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ-ын хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 88,209,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Дийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,997 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, өмгөөлөгч К нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШтХ-н 172 дугаар зүйлийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “хариуцагчийг барьж ашиглалтад оруулсан орон сууцыг цэвэр бохир усаар хангах, бохир ус татан зайлуулах, дулаан эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлсэн учир” гэрээний үүрэгт, талуудын хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн 88,209,403.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хэрэгт авагдсан, нэхэмжлэгч байгууллагын УБ гэрчилгээ, /нэхэмжлэгч цэвэр бус түгээх, бохир ус татан зайлуулах, дулаанаар хангах үйлчилгээ үзүүлэх эрхтэй/ Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл /уг журналд хариуцагч “Э” ХХК-ийн 2012 оноос хойш авч байсан үйлчилгээ дэлгэрэнгүй бичигдсэн, тооцооны үлдэгдлийн баталгаа, уг тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч, хариуцагч байгууллага хоорондоо тооцоо нийлэх замаар үйлдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 88,209,403 төгрөгийг харилцан баталгаажуулсан. 2020 онд/, шүүхэд гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусдад нотлох баримтуудаар нотолдог.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт, уг төлбөр манай компанид хамааралгүй, компанийн өмнөөс оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны төлбөрт өгсөн мөнгө, төгрөгийг 2013-2020 он хүртэлх хугацаанд Э, О, С нар хариуцаж төлбөр тооцоо хийж байсан гэж маргасан, /Эдгээр нэр дурдагдсан иргэд нь “Э” ХХК-ийн ажилчид болно. 1-р хавтаст хэргийн 29-30-р тал, 79-р тал “Э” ХХК-ийн НД-ын шимтгэл ногдуулалтын баримт/
Хариуцагчийн зүгээс 2022.11.18-ний өдөр шүүхэд гаргасан тайлбарт, нэхэмжлэгч талд эвлэрэх боломжтой, тодорхой үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэсэн бол “Э” ХХК-ийн захирал Д давж заалдах шатны шүүх хуралдаанд 39 сая төгрөг төлөх, эвлэрэх боломжтой гэж тус тус тайлбар гаргаж байсныг дурдах нь зүйтэй.
Энэхүү маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хоёр шатны шүүх дараах байдлаар иргэний хууль тогтоомжийг илт зөрүүтэй хэрэглэж, шийдвэр гаргасан болно.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.09-ний өдрийн 00161 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үндэслэл нь:
А. Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг хариуцагчид үзүүлсэн, харин хариуцагч нь үйлчилгээний төлбөрийг иргэдээс татан төвлөрүүлж, төлөх үйл ажиллагааг холбогдох ажилтнууддаа хариуцуулан ажиллаж байсан талаарх талууд үгүйсгээгүй болно.
Б. Үүнээс гадна талууд 2020.12.31-ний өдрийг дуустал хугацаанд дээрх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой өглөг, авлагыг барагдуулахаар харилцан тохиролцож, хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд Э ХХК нь 88,209,403 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулан, уг төлбөрийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож, энэ талаар тооцооны үлдэгдлийн баталгааг талууд үйлджээ гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ч” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэлдээ:
А. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон эрчим хүчний тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчжээ.
Б. Тухайлбал: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэж мөн Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн...,
В. ИХШХШтХ-н 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэжээ.
4.2. Давж заалдах шатны шүүхийн маргаан бүхий хэрэгт хийсэн энэхүү дүгнэлт нь:
А. Иргэний хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт буюу иргэний хуулийн 5.1 дүгээр зүйлд “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг мөн зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Б. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй үндэслэл буюу ИХШХШтХ-н 65.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэхдээ иргэний эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг өөр, өөрөөр тайлбарласан болно.
Тухайлбал: ИХШХШтХ-н 172 дугаар зүйлийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх үндэслэлд ...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл заалтыг эсхүл иргэний эрх зүйн онол, практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэснийг ойлгох бөгөөд дээрх маргаан бүхий иргэний хэрэгт давж заалдах шатны шүүх энэхүү иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, 2-т шүүхийн практикт, тогтсон ойлголтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг хяналтын журмаар хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж үзнэ.
4.3. Давж заалдах шатны шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэх хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ... Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх, иргэний эрх зүйн онол, практик хууль хэрэглээг илт зөрүүтэй хэрэглэсэн.
Тухайлбал: Иргэний хуулийн 5 дугаар зүйлд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх гэж мөн зүйлийн 5.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зохицуулжээ.
Харин иргэний хууль тогтоомж гэдэгт: Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж хуульчилснаас үзэхэд ХСУХАТ АтХууль тогтоомж нь иргэний хууль тогтоомжид хамаарахаар байна.
Иймээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийг хэрэглэхдээ иргэний хуулийн иргэний хууль тогтоомж буцаан хэрэглэх зарчим энд мөн үйлчлэх юм.
Угтаа бол Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж, мөн зүйлийн 5.2-т Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж тус тус хуульчилсан.
Энэ нь иргэний хууль тогтоомжийг зөвхөн шинээр баталсан хууль тогтоомжид буцаан хэрэглэхээр хуульчилснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх зарчмыг хатуу хуульчилсан императив шинжтэй хэм хэмжээ юм.
Тухайлбал: Давж заалдах шатны шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэх хуулийн хэм хэмжээг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэхдээ уг хуулийн зохицуулалт нь /Энэ хэсэгт 2022.12.09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ эсэхийг анхааралгүйгээр хуулийг хэрэглэсэн нь иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2022.03.25-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн хуулийн өөрчлөлт хийгдээгүй байсан.
Угтаа бол Зохицуулах хороо хангагч, хэрэглэгч хоорондын маргаанаа шийдвэрлүүлэх харилцаа хуульчлагдаагүй байсан бөгөөд Зохицуулах хороо нь өөрөө 2022.12.09-ний өдрийн хуулиар “Зохицуулах хороо” гэх шинэ статустай болж “тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй” байгууллага болсон. ХСУХАТАтХ-н 9 дүгээр зүйл.
Иймээс давж заалдах шатны шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2022-12-09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон зохицуулалтыг 2022.03.25-ны өдөр нэхэмжлэл гаргасан маргаан бүхий иргэний хэрэгт хэрэглэж шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн хууль буцаан хэрэглэх зарчмыг иргэний эрх зүйн онол, практикт тогтсон ойлголтоос илт зөрүүтэй хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дээрх иргэний хууль тогтоомжийг илт зөрүүтэй хэрэглэсэн шийдвэрийг хянаж өгөхийг хүсэж байна.
4.4. Давж заалдах шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхдээ мөн Улсын дээд шүүх болоод шүүхийн практикт тогтсон ойлголт, хууль хэрэглээг илт үгүйсгэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Тухайлбал: Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд ...Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд үүнийг практикт тодорхой болгох үүднээс Эрчим хүчний зохицуулах хороо 2018.09.16-ны өдөр дугаар 12 тоот “Журам шинэчлэн батлах” тухай тогтоол баталсан.
Уг тогтоолын хавсралтын 5.4-т Эрчим хүчний зохицуулах хороо, Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлд хянан шийдвэрлэх маргааны төрлийг тодорхой тусгасан бөгөөд тогтоолын 5.4.1-5.4.7-д дараах 7 төрлийн маргааныг Зохицуулах хороо маргаан бүхий өргөдөл, гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхээр заасан ба уг маргаануудад нь Эрчим хүчний чанар, тасалдлаас шалтгаалан үүсэн маргаан, Эрчим хүч түдгэлзүүлсэнтэй холбоотой хохирол учирсан маргаан, Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэх зэрэг маргаануудыг Зохицуулах хороо хянан шийдвэрлэхээр заасан.
Харин хангагч болон хэрэглэгч хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Эрчим хүчний Зохицуулах хороо хянан шийдвэрлэх чиг үүрэг хууль тогтоомжоор олгоогүй болно. Үүнийг ч гэсэн шүүхийн практикт хүлээн зөвшөөрч урд өмнө шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан “Б”ТӨХК болон “Б” ААТҮГ-н дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг УДШ урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй.
4.5. Харин давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-н 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг хийхдээ... Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх шаардлагаа “Зохицуулах хороонд” хандаж шийдвэрлүүлэх боломжтой эсэх? Зохицуулах хороо нь талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны шинжтэй гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боломжтой эсэх, энэ нь шүүх эрх мэдлийн чиг үүрэгт халдах эсэх? Зохицуулах хорооны гэрээний үүргийг хянасан шийдвэрийг шүүх хянах эсэх зэрэг Иргэний эрх зүйн ойлголт, тогтсон практикт огт нийцэхгүй дүгнэлт бөгөөд ИХШХШтХ-н 65.1.3-т ...хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх хуулийн заалтыг шүүх илт буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүх энэхүү хуулийг илт зөрүүтэй хэрэглэж, маргаан бүхий иргэний хэрэгт бүх нотлох баримтууд бүрдсэн, талууд шинэ нотлох баримт бүрдүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийн талаар маргаагүй байхад шүүх маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийг илт зөрүүтэй хэрэглэж, маргаан бүхий нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний шүүхэд мэдүүлэх эрх. зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Хуулиар харъяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ” гэх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчид цаг хугацаа, эдийн засаг, санхүүгийн хувьд асар их хор хохиролтой шийдвэр болсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШтХ-н 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь үлдээж, эсхүл хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, өмгөөлөгч К нарын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/00570 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан аж ахуй нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...“Ч” ОНӨААТҮГ нь 2012 оноос хойш “Э” ХХК-ийг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлж, тооцоо нийлсэн. Гэтэл “Э” ХХК нь дээрх төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөгийн өр үүссэн. Уг өрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан,
Хариуцагч “Э” ХХК тайлбартаа: “...“Э” ХХК нь 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж дуусгаад зохих журмын дагуу комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулан ашиглалтад оруулсан. Үүний дараа орон сууцнуудыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр иргэдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн тул “Ч” ОНӨААТҮГ нь тэдэнтэй гэрээ хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК нь хэрэглэгч биш юм. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй. Учир нь уг баримтад тооцоо нийлсэн гэх огноо тодорхойгүйгээс гадна, гарын үсэг зурсан Сүнжидмаа гэх хүн тус компанийн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш. Нөгөөтээгүүр гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулах учиртай байдаг. Түүнчлэн нэхэмжилж буй цэвэр, бохир усны төлбөрт халаалтын зардал багтсан байна. Усны тарифыг айл өрхөөр тооцож байснаа 2017-2019 онд аж ахуйн нэгжээр тооцсон байна. Энд үнийн зөрүү гарч ирэх бөгөөд бид илүү төлөлт хийсэн. Эцэст нь, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...зохигчид 2020.12.31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой өглөг, авлагыг барагдуулахаар харилцан тохиролцож, хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, “Э” ХХК нь 88,209,403.06 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулан, уг төлбөрийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож, энэ талаар Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлджээ. ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5, 13, 14, 20 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэв.
Түүнчлэн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын өөрчлөлт болон бусад төлбөрийг нэмж тооцсон гэх асуудлаар маргах боловч ...талууд тооцоо нийлэх үедээ энэ талаар хэлэлцэж залруулах, эсхүл холбогдох газарт нь гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах аргагүй юм...” гэсэн дүгнэлт хийсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ” гэж, 22.3-т “...22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж” болно гэсэн журамтай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ч” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцсэнгүй.
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлийг заасан байх бөгөөд 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн ...65.1.3-65.1.8, ...д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ, 22.3-т ...22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулжээ.
9.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1.2-т хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хангагч гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Хэдийгээр хэрэглэгч, хангагчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэхээр хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан боловч нэхэмжлэгчийн шаардлага нь Зохицуулах хорооны чиг үүрэгт шууд хамаарахгүй байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханджээ.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь зохицуулалтыг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгоно.
9.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд 2022.12.09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа “Зохицуулах зөвлөл”-ийг “Зохицуулах хороо” гэж нэр томъёоны өөрчлөлт оруулсан байх тул “...өмнө тус хуульд зохицуулаагүй байсан хэм хэмжээг буцаан хэрэглүүлэхээр шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн...” талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.
10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10.1. Нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөр 88,209,403.06 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...маргаж буй 77 дугаар байрны засвар үйлчилгээг “Э” ХХК хариуцан хийж, 2013 онд Улсын комисст хүлээлгэн өгч, комиссын акт дүгнэлтээр баталгаажуулан, ашиглалтад бүрэн оруулсан. Үүний дараа иргэдэд худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр тэдний эзэмшил, өмчлөлд шилжүүлж, орон сууцнууд компанийн өмчлөлөөс хасагдсан. ...нэхэмжлэгч нь манай компанийг тухайн байрны засвар үйлчилгээг хийж, ашиглалтанд оруулсан гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл байрыг хүлээж аваагүй, манай компанийг бүртгэлтэй байлгаж, айл өрх, оршин суугч, өмчлөгчидтэй ус, дулааны талаар гэрээ байгуулахгүй, тэдгээр айл өрхийн хэрэглэсэн ус, дулааны тооцоог аж ахуйн нэгжийн тарифаар өндөр дүнгээр тооцож, өр төлбөр үүсгэсэн тул зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
10.2. Хариуцагч “Э” ХХК нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Э” ХХК-ийн 60 айлын орон сууцны 77 дугаар байрны их засвар, шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэн, 2013.07.19-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисст хүлээлгэн өгснөөр барилгыг зориулалтын дагуу ашиглахад боломжтой гэж үзэн захиалагч “Э” ХХК-ийн мэдэлд, оршин суух зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ 2012 оноос тус орон сууцны цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлж ирсэн үйл баримт тогтоогджээ.
10.3. Нэхэмжлэгч нь цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг хариуцагчаас шаардсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч хуулийн 466.2-т зааснаар тооцооны үлдэгдлийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
10.4. Түүнчлэн одоо тус 60 айлын орон сууцанд 56 айл өрх амьдарч, нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай нэхэмжлэгч маргаагүй атлаа дээрх айл өрхийн хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийг албан байгууллагын тарифаар шаардаж байгааг шүүх хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Тухайлбал, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.14-т “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно гэж тодорхойлжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны 77 дугаар байранд амьдарч буй 56 айл өрх, 1 албан байгууллага дээрх үйлчилгээгээр үйлчлүүлсэн хэрэглэгч атал ямар үндэслэлээр “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан болох, улмаар “Э” ХХК тус барилгыг 2013 онд бүрэн засвар хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн байтал өнөөдрийг хүртэл мэргэжлийн байгууллага буюу хангагч хэрэглэгчтэй гэрээ байгуулаагүй үндэслэл шалтгаан, энд зохигчийн хэн буруутай болох талаар шүүх тодруулах байжээ.
Дээрх нөхцөл байдал тогтоогдсоны дараа нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа, холбогдох баримтын талаар дүгнэлт хийвэл зохино.
10.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч “Ч” ОНӨААТҮГ нь хэдийгээр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар боловч ажил үйлчилгээ үзүүлсний үр дүнд ашиг олдог, хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээд биш байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлийг тодруулаагүй, улмаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн эсэх талаар заагаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
11. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00620 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, өмгөөлөгч К нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД