Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00106

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00684 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Бд холбогдох

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Мын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Б, түүний өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас хариуцагч Бд холбогдуулан ... орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар ... орон сууцыг хариуцагч Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Баас эрэн сурвалжлуухад гарсан зардал 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баас 74,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00684 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэг заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэхээр хуульчилсан боловч ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг баталгаат шуудан, утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдээгүй нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэг, шүүхийн шийдвэр хууль ёсны байдлыг шаардлагыг хангаагүй талаар.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Нэхэмжлэгч “С” ХХК нь иргэн Сор дамжуулан Т компанийн харъяалалд байгаа орон сууцыг иргэдэд хөнгөлттэй үнээр урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдлийг нэг жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр ... орон сууц, автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж, нийт 346,020,000 төгрөгийг төлсөн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн тул “С” ХХК-ийн ... хотхоны борлуулалтын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон тус компанийн Стой байгуулсан гэрээний тухай удаа дараа асууж тодруулсан боловч “С” ХХК нь бид Стой 2 талын нууцлалын гэрээтэй тул хариулах, мэдээлэл өгөх боломжгүй хэмээн гэрээг үзүүлэхээс удаа дараа татгалзаж байсан.

Иймээс залилуулсан захиалагчид 2021 оны 03 дугаар сард Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Сд холбогдох эрүүгийн 210200100068 дугаартай хэрэг үүсгэж, 123 хохирогчтой, 11 тэрбум төгрөгийн хохирол бүхий энэхүү маргааны үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор нэхэмжлэгч “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол иргэний хэрэг үүсгэхээс татгалзахаар зохицуулсан ба иргэний хэрэг үүссэний дараа дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай тул иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэргийг гомдол хязгаарлагдахгүй бүхэлд нь хянаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Мын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00620 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч Бт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...манай компанийн эзэмшлийн орон сууцыг хариуцагч Б нь түрээсийн гэрээ хийхгүйгээр хууль бусаар эзэмшиж, оршин сууж байна. Тус байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Э” ХХК-аар дамжуулан М гэдэг хүн 2019.01.14-ний өдрөөс хөлсөлж байсан ба гэрээний хугацаа сунгагдаж 2 жил ашигласан. Б 2021 оны 01-р сараас хойш тус байранд оршин сууж байгаа ба манай зүгээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч эрүүгийн журмаар асуудлаа шалгуулж байгаа гэх үндэслэлээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзсан. Иймд Бын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, түүнийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Б хариу тайлбартаа: “...маргаан бүхий орон сууцыг С болон түүний нөхөр Б нараас 2019 онд худалдан авч үнийг төлсөн, гэвч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, ...2021 оноос С нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байна, байрыг суллаж, хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьж, мэдэгдэх хуудас ирүүлсэн, энэ бүрт бид Сос лавлахад өмчлөх эрхийн гэрчилгээ удахгүй гарна, санаа зовох юмгүй гэдэг хариу өгдөг байсан, ...С нь залилах гэмт хэрэгт шалгагдаж, энэ хэрэгт “С” ХХК иргэний хариуцагчаар татагдсан байгаа тул Сд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь 2021.11.07-ны өдөр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, ...хариуцагч Б нь тус орон сууцанд 2021 оны 1 дүгээр сараас хойш оршин сууж байгаа, төлбөрийг бүрэн төлсөн хэмээн маргах боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, түүний гаргасан хариу тайлбарын үндэслэл нь “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, мөн зохигчийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.

...хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэн болох талаар судлах, энэ талаарх лавлагааг зохих этгээдээс гаргуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлөх боломжтой байсан, мөн нэгэнт эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлоо тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад гэм буруутай этгээдээс гаргуулан авах нь зүйтэй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар тус орон сууцыг хариуцагч Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас түүнийг эрэн сурвалжлуухад гарсан зардал 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Хариуцагч Б нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б нь иргэн С, Б нартай хэлцэл хийх замаар орон сууцны эзэмшлийг олж авсан, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдалд нэхэмжлэгч “С” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “С” ХХК нь тус орон сууцны өмчлөгчөөр 2021.11.07-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, ...Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар түүний өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм. Иймд нэхэмжлэгч “С” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, ...анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн нь баримтаар нотлогдсон тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй...” гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, ижил шийдвэр гаргасан боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

9. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хариуцагч тус орон сууцыг эзэмшиж байгаа өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, татгалзал, холбогдох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, маргаантай холбоотой үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, хэрэгт шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй байх бөгөөд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэлийн талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангаагүй гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

10.1. Хэргийн 9 дүгээр талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч “С” ХХК нь маргаж буй орон сууцны өмчлөгчөөр 2021.11.07-ны өдөр бүртгэгдсэн байх ба хариуцагчийг тус орон сууцыг худалдаж авсан гэх 2019 оны 01 дүгээр сард орон сууц хэний өмчлөл, эзэмшилд байсан нь тодорхойгүй ба шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Б нь 2019 оны 01 дүгээр сард Сос орон сууцыг худалдан авахаар тохирч, тухайн үедээ эзэмшилдээ авч, 2019 ондоо багтааж үнийг төлсөн болохоо холбогдох баримтаар нотолсон байхад ямар үндэслэлээр хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

10.2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.04.07-ны өдрийн 2110005540295 дугаартай Прокурорын тогтоолоор “...С нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ... хотхонд 79 м.кв байрыг 1,150,000 төгрөгөөр хямдхан зарна, урьдчилгаа 20 хувийг өгөөд үлдэгдэл төлбөрөө жилийн дотор барагдуулж болно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, иргэн Баас 346,020,000 төгрөгийг 2019.01.14-ний өдрөөс 2021.01.13-ны хооронд Хаан банкны дансаар цувуулан авч, бусдын хөрөнгийг залилсан нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, түүнчлэн С нарын гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг “С” ХХК гэж үзэн, Мөрдөгчийн тогтоолоор “С” ХХК-ийг 2022.03.15-ны өдөр иргэний хариуцагчаар тус тус татсан болох нь баримтаар нотлогджээ. /ХХ-76-77, 79/

Өөрөөр хэлбэл, “С” ХХК болон С нарын хамаарлыг зөв тодорхойлсноор хариуцагчийн Э.Солнготой байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй.

Иймд орон сууцыг бусдад худалдсан С, худалдах боломж олгосон нэхэмжлэгч “С” ХХК нь хоорондоо ямар хамааралтай болох, огт хамааралгүй гэж тайлбарлах боловч Стой байгуулсан гэрээ нь нууцлалын зэрэгтэй гээд үзүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, түүнчлэн С нь түрээсийн төлбөрөө өгөхгүй хугацаа хэтрүүлсэн талаарх тайлбараа нэхэмжлэгч “С” ХХК баримтаар нотлоогүй байхад энэ талаар шүүх тодруулалгүй орхигдуулжээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ, 77 дугаар зүйлийн 77.2-т ...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчийн утсаар мэдэгдсэн болохоо баримтжуулан хэрэгт хавсаргасан /хх-85/ байх тул хуралдааны товыг мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулжээ.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул “С ХХК-ийн нэхэмжлэлтэй Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

13. Дээр дурдсанчлан /тогтоолын 9, 10/ маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00684 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Мын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Баас 2023.05.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД