Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/шш2023/00049

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00049

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ж.Б холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Хариуцагч Ж.Б  нь манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны 253 тоотод байрлах, 79,01 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг түрээсийн гэрээ хийхгүйгээр, хууль бусаар оршин сууж, эзэмшиж байна. Тус байрыг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Э  ХХК-иар дамжуулан Д.М  гэдэг хүн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс сарын 1.320.000 төгрөгөөр хөлсөлж байсан ба гэрээний хугацаа сунгагдаж, нийт 2 жил ашиглаж байсан. Ж.Б  2021 оны 1 дүгээр сараас хойш тус байранд оршин сууж байгаа ба манай зүгээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Гэтэл эрүүгийн журмаар асуудлаа шалгуулж байгаа гэх үндэслэлээр орон сууц чөлөөлж өгөхөөс татгалзаад байгаа. Тухайн эрүүгийн хэрэгт манай байгууллага иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар, хариуцагч Ж.Б  нь хохирогчоор тогтоогдсон байгаа боловч энэ нь энэхүү С  ХХК-ийн өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж болно гэсэн үг биш. Ж.Б  эс үйлдэхүй гаргаж, манай өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй, мөн тухайн орон сууцны ашиглалтын зардлыг ч төлөхгүй, манай компанийн нэр дээр зөндөө нэхэмжлэх ирдэг. Иймд энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Ж.Б хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлж, түүнийг эрэн сурвалжлуухад гаргасан зардал 70.200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Туул ван хотхоны 29 дүгээр байрны 253 тоот орон сууцыг миний бие 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Э.С, Э.Б Н.Б нартай гэрээ байгуулж худалдан авахаар тохирч, төлбөрийн урьдчилгааг Э.С  төлсөн, үлдэгдэл төлбөрийг нэг жилийн хугацаанд төлсөн бөгөөд энэхүү хугацаанд орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэсэн зүйл хэлсэн. Гэтэл эдгээр иргэд иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан байсан ба цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тус байрыг 117.470.000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 онд нийт Э.С , Э.Б нарт 142.470.000 төгрөгийг, 2020 онд 203.550.000 төгрөг, нийт 346.020.000 төгрөг төлсөн байдаг. Ингээд орон сууцны гэрчилгээ гаргуулахаар Туул ван хотхоны борлуулалтын албанаас Э.С  С  ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээтэй танилцахыг хүсэхэд Нууцтай холбоотой гэж хэлээд үзүүлэхээс татгалзсан. Ингээд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Монзууч хөрөнгө зуучлалын агентлаг буюу Эм Ар И Эм ХХК-иас бидэнд Э.С  түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул та нар байраа суллаж өг гэсэн шаардлага тавих болсон. Э.С асуухад 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор асуудлыг шийдвэрлэж өгнө. Санаа зоволтгүй гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанд иргэн Д.М гэх эмэгтэй манай байрны түрээсийн гэрээг Монзуучтай байгуулсан байсныг олж мэдсэн ба Д.М  нь тухайн түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаараа мэдэхгүй байсан. Одоо Э.С нарт холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа. Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани мөн хэргийн хариуцагчаар татагдсан байгаа. Энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах, бидний хохирлыг нөхөн төлөх хүртэл хугацаанд миний бие орон сууц чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 74.750 төгрөг төлсөн баримт, С ХХК-иас А.С-д олгосон итгэмжлэл, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монзууч үл хөдлөх хөрөнгө зуучлалын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Тооцоо нийлсэн тухай баримтын хуулбар, Э ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, мөн компанийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудас, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02080 дугаар шийдвэрийн хуулбар, 70.200 төгрөг төлсөн баримт, Ж.Б  оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ж.Б  гаргасан тодорхойлолт зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гаргасан өргөдлийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12/4-375 дугаар албан бичгийн хуулбар, түрээсийн гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, дансны хуулгууд /хх-32-46/ зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн гэрч Ц.У  шүүхэд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн баримтын хуулбар зэрэг баримт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 253 тоотод байрлах, 79,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү-2206084526 тоотод бүртгэгдсэн байх ба энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Ж.Б  нь Э.С нартай тохиролцон тухайн орон сууцыг худалдан авахаар 346.020.000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн баримтуудаас үзэхэд тус газрын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2110005540295 дугаар тогтоолоор Э.Солонгыг Ж.Б  346.020.000 төгрөгийг хүлээн авч, залилан мэхлэх гэм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Ж.Б тухайн хэрэгт хохирогчоор, мөн мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор С ХХК-ийг тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

4. Зохигчид шүүхэд нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хуулийн шаардлага хангасан баримтыг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгодог.

Гэтэл хариуцагч Ж.Б  ирүүлсэн төлбөр төлсөн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байх бөгөөд тухайн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нөгөө талаар, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан бөгөөд хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Хэдийгээр хариуцагч Ж.Б  нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 253 тоотод байрлах, 79,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2021 оны 1 дүгээр сараас хойш оршин сууж байгаа, төлбөрийг бүрэн төлсөн хэмээн маргах боловч түүний гаргасан хариу тайлбарын үндэслэл нь С  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, мөн талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэн болох талаар судлах, энэ талаарх лавлагааг зохих этгээдээс гаргуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлөх боломжтой байсан, мөн нэгэнт эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлоо тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад гэм буруутай этгээдээс гаргуулан авах нь зүйтэй болно.

6. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 253 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-20000000 дугаартай, 79,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Б  хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Ж.Б  эрэн сурвалжлуухад гарсан зардал 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б  74.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 253 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 79,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Б  хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Ж.Б эрэн сурвалжлуухад гарсан зардал 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С  ХХК-д олгосугай.

 

2. . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б  74.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА