Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00684

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Б-т холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б- нь манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны + тоотод байрлах, 79,01 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг түрээсийн гэрээ хийхгүйгээр, хууль бусаар оршин сууж, эзэмшиж байна. Тус байрыг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Э- ХХК-аар дамжуулан, М- гэдэг хүн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс сарын 1,320,000 төгрөгөөр хөлсөлж байсан ба гэрээний хугацаа сунгагдаж, нийт 2 жил ашигласан. Б- 2021 оны 01 дүгээр сараас хойш тус байранд оршин сууж байгаа ба манай зүгээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Гэтэл эрүүгийн журмаар асуудлаа шалгуулж байгаа гэх үндэслэлээр орон сууц чөлөөлж өгөхөөс татгалзсан. Тухайн эрүүгийн хэрэгт манай байгууллага иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар, хариуцагч Б- нь хохирогчоор тогтоогдсон байгаа боловч энэ нь С- ХХК-ийн өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж болно гэсэн үг биш. Б- эс үйлдэхүй гаргаж, манай өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй, мөн тухайн орон сууцны ашиглалтын зардлыг ч төлөхгүй, манай компанийн нэр дээр нэхэмжлэх ирдэг. Иймд энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Б-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлж, түүнийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь орон сууцыг 2018 оны 11 дүгээр сард Э.Солонго, Э.Болорчулуун, Н.Бодьсад нартай гэрээ байгуулж худалдан авахаар тохирч, төлбөрийн урьдчилгааг Э.Солонгод төлсөн, үлдэгдэл төлбөрийг нэг жилийн хугацаанд төлсөн бөгөөд энэхүү хугацаанд орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Гэтэл эдгээр иргэд иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан байсан ба цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тус байрыг 117,470,000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг төлсөн байдаг. Ингээд орон сууцны гэрчилгээ гаргуулахаар Туул ван хотхон-ы борлуулалтын албанаас Э.Солонго, С- ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээтэй танилцахыг хүсэхэд нууцтай холбоотой гэж хэлээд үзүүлэхээс татгалзсан. 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Монзууч хөрөнгө зуучлалын агентлаг буюу Э- ХХК-аас бидэнд Э.Солонго түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул та нар байраа суллаж өг гэсэн шаардлага тавих болсон. Э.Солонгоос асуухад 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанд иргэн М- гэх эмэгтэй манай байрны түрээсийн гэрээг Монзууч ХХК-тай байгуулсан байсныг олж мэдсэн ба М- нь тухайн түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаараа мэдэхгүй байсан. Одоо Э.Солонго нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа. Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани мөн хэргийн хариуцагчаар татагдсан байгаа. Энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах, бидний хохирлыг нөхөн төлөх хүртэл хугацаанд миний бие орон сууц чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны + тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206084526 дугаартай, 79,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Б-аас эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 74,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар надад шүүх хуралдааны товыг баталгаат шуудан, утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэгүй нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

4.а.Тус хэрэг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэгдэж байгаа талаар Төрийн орон сууцны корпораци ТӨХК-ийн харьяалалд байгаа орон сууцыг иргэдэд хөнгөлттэй үнээр урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдлийг нэг жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгээр гэрээг С- ХХК-ийн Э.Солонготой Хан-Уул дүүргийн 19-р хороо, Туул ван хотхон 29-р байр, + тоотод байрлах 79,1 м.кв орон сууц, автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар тохиролцож 2019 оны 01 сард орон сууц, автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээг байгуулж, нийт 346,020,000 төгрөгийг төлсөн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй удаан хугацаа өнгөрсөн тул С- ХХК-ийн Туул ван хотхоны борлуулалтын албанаас ул хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон тус компаний Э.Солонготой байгуулсан гэрээний тухай удаа дараа асууж тодруулсан боловч С- ХХК нь бид Э.Солонготой 2 талын нууцлалын гэрээтэй тул хариулах, мэдээлэл өгөх боломжгүй хэмээн гэрээг үзүүлэхээс татгалзсан. Иймээс залилуулсан захиалагчид 2021 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Э.Солонгод холбогдох эрүүгийн 210200100068 дугаартай хэрэг үүсгэж, 123 хохирогчтой, 11 тэрбум төгрөгийн хохирол бүхий энэхүү маргааны үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор нэхэмжлэгч С- ХХК-ийг иргэний хариуцагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний дээр үнэлэхээр хуульчилсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийн үйл баримт, маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар хэрэг үүсгэн шалгаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талын тайлбарын агуулга: Б- нь анхан шатны шүүх хуралдаанд хоцорч, завсарласны дараа хүрч ирсэн. Шүүх хуралдааны цагтаа орсны дараа Б- нь ирсэн бөгөөд хурлын товыг мэдэж байсан гэж гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах миний хажууд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэтэл Б- нь байнга хөдөө ажил дээрээ байна гэж хэлдэг. Б-ын ирэх хугацааг асууж байгаад ирэх хугацаанаас 1,2 хоногийн дараа шүүх хуралдааны товыг зарласан. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр анх нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаанд ирдэггүй. Оршин суух хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлэхээр уг хаягт байхгүй гэж мэдэгдэх хуудсыг авдаггүй. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0080 тоотоор хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирж тайлбараа гаргасан. Залилуулсан хүмүүсийн хэрэг нь эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэх үе шатанд явж байна. Тухайн хүмүүс нь н.Бодьсад, Э.Солонго, н.Болорчулуун нарт өөрсдөө мөнгө өгч залилуулсан тул манай байгууллагад хамааралгүй. Тухайн хэргийн дагуу гомдлоо гаргаж, хохирол, төлбөрөө нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийн хүрээнд өөрийн өмчлөлийг бусдын өмчлөлөөс шаардсан байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Мөн нууцлалын гэрээ байхгүй бөгөөд анх худалдаж авахдаа ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч С- ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байр, + тоот, 79,01 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 9-р тал/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С- ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм. Иймд нэхэмжлэгч С- ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.б.Хариуцагч татгалзалдаа маргаан бүхий орон сууцыг Э.Солонго болон түүний нөхөр Э.Болорчулуун нараас худалдан авч үнийг төлсөн, гэвч орон сууны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, мөн тус орон сууц нь түрээсийн орон сууц байсныг хожим мэдсэн, уг үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж тайлбарласан байна. /хх-ийн 22-24-р тал/

3.в.Хариуцагч Б- нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б- нь иргэн Э.Солонго, Э.Болорчулуун нартай хэлцэл хийх замаар орон сууцны эзэмшлийг олж авсан, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдалд нэхэмжлэгч С- ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

4.Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг зөрчсөн, мөн Э.Солонгод холбогдох хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж буй нөхцөл байдлыг анхаараагүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр заасан бөгөөд талууд дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-р тал/. Энэ хугацаанд талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, талуудын хэн алины хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнээс үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрхийг ижил тэнцүү олгосон гэж үзэхээр байна. /хх-ийн 18, 54-55-р тал/

4.б.Хэргийн 85 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст хариуцагч Б-ын 88004112 дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт заасан ... шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасныг зөрчөөгүй.

4.в.Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б- нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

4.г.Э.Солонгод холбогдох хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж буй нөхцөл байдлыг анхаараагүй гэх гомдлын тухайд Нийслэлийн прокурорын газраас Э.Солонго нарт холбогдох эрүүгийн хэргийн талаарх баримтуудыг ирүүлсэн хэдий ч уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хууль ёсны өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Хариуцагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсантай холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ